мультимедиа хэрэглэгдэхүүн

мультимедиа хэрэглэгдэхүүн

2015-10-26

Багшийн сурган хүмүүжүүлэх 
ур чадвар
           


Багш хүн өөрийн ажил хөдөлмөр, үйл ажиллагааныхаа явцад сурган хүмүүжүүлэх ур чадвар, авьяасыг олж авдаг. 


Сурган хүмүүжүүлэх ур чадвар гэдэг нь багшийн хувийн шинж чанар ба мэдлэг, чадвар, дадлын нийлбэрийг хэлнэ.



Сурган хүмүүжүүлэх ур чадвар сайн байх нөхцөл нь:
-       мэдлэг сайн байх
-       заах арга сайн байх
-       хүүхэд, сурагчид болоод хамт олныг зохион байгуулж, судалж, төлөвшүүлж чаддаг байх
-       хүн бүрт таарах тохирох аргыг сонгож хэрэглэдэг байх
-       өөрийн хувийн онцлогийг ажил хөдөлмөртөө ашиглаж чаддаг байх
-    ямар нэг ажлыг урьдаас бэлтгэж, төлөвлөж, тодорхой үр дүн гаргадаг чадвартай байх зэрэг болно. 

Багшийн сурган хүмүүжүүлэх 
        ур чадварын бүрдэл



1. Багшийн хувийн шинж чанар. 

Багш хүн өндөр ухамсартай, ёс суртахууны дээд чанарыг эзэмшсэн, соёлтой, боловсролтой, мэдлэг чадвартай байх ёстой.

Мөн үүнд:

·         Мэргэжлийн мэдлэг, заах арга сайтай байх
·         Хүүхдэд хайртай байх
·         Ухуулан таниулах чадвар сайтай байх
·         Шалган зааварлах чадвар сайтай байх
·         Зохион байгуулах чадвар сайтай байх
·         Захиран удирдах чадвар сайтай байх
·         Санаачлагатай, хариуцлагатай байх


2. Багшийн мэдрэхүйн чадвар. 

Сурган хүмүүжүүлэх ажилд сайн, судлан шинжлэх чадвартай, анхаарлын шинжүүд сайн хөгжсөн, сурагчдын сэтгэл зүйг мэддэг, ойлгодог, өргөн мэдлэгтэй.

3. Сургах чадвар. 

Хэл яриа хурц тод, заадаг хичээлээ сайн мэддэг, заах арга эзэмшсэн, сургалтын технологи мэддэг. Багш өөрөө танин мэдэхүйн чадвар сайтай, өргөн мэдлэгтэй байх ёстой. Сурагчдыг сайн идэвхжүүлэн сэдэлжүүлдэг байх хэрэгтэй.
Танин мэдэхүйн идэвхийг хөдөлгөгч хүч бол сэдэл юм. Багшийн үйл ажиллагаа нь сурагчдын танин мэдэх идэвхийг өрнүүлэхэд чиглэгдэх ёстой. Хичээлээр сурагчдыг идэвхжүүлэхэд сурагчид өөрийн үзэл бодлыг илэрхийлэх боломжийг олгох, маргаан хэлэлцүүлэгт татан оролцуулах, асуудал шийдвэрлэхэд оролцуулах, сул, идэвхгүй сурагчдад анхаарал хандуулах, сурагчдын өөрийн үнэлэмжийг дээшлүүлэх хэрэгтэй.

4. Ажил төлөвлөх ба биелүүлэх чадвар. 

Бүтээлч сэтгэхүйтэй, ажлын хуваарилалт сайн, сурагчдын бие хүний хөгжлийг урьдчилан хардаг, сурган хүмүүжүүлэх ажлын үр дүнг урьдчилан тооцоолж чаддаг.

5. Анги хамт олныг нягтруулах чадвар. 

Сурагчидтай байнгын дотны холбоотой, сурагчдын хамт олныг зохион байгуулж чаддаг, сурагчдын нас, бие, сэтгэцийн онцлогийг харгалздаг, анги хамт олны бодол санааг хүлээн авч чаддаг, харилцааны арга хэлбэрийг нөхцөл байдалд тохируулан хэрэглэдэг.

6. Судлан шинжлэх чадвар. 

Сурган хүмүүжүүлэх судалгаа шинжилгээний ажлын арга барил эзэмшсэн, сурагчдыг таньж чаддаг, сурагчийн хамт олныг судлах арга барил эзэмшсэн, өөрийн ажлын туршлага, үр дүн, арга барилд шүүмжлэлтэй ханддаг, өөрийгөө жолоодох чадвартай.


7. Зохион байгуулах чадвар. 

Сурагчдыг идэвхжүүлэх арга барил эзэмшсэн, үүрэг даалгаварыг зөв хуваарилдаг, удирдан чиглүүлэх чадвартай, өөртөө болон бусдад өндөр шаардлага тавьдаг, уян хатан, шийдэмгий, хувийн хариуцлага, дэг журам сайтай, сургалтыг оновчтой, зөв зохион байгуулдаг, нэр хүндтэй.