мультимедиа хэрэглэгдэхүүн

мультимедиа хэрэглэгдэхүүн

2015-12-18

Шинэ үе

Нина.Ц. Дэлхийн боловсролын түүх 
/Нэн эртнээс өнөөг хүртэл/.-УБ.,2009


Тав. Шинэ үеийн эхний сургалт боловсролын тогтолцоо, үзэл баримтлал (XVII - XVIII зуун)


5.1. Френсис Беконий сургалтын арга, техник

XVII-XVIII зуунд Өрнөд Европ ба тэр үед хөл дээрээ босож ирсэн Хойд Америкийн улсуудад боловсрол, сургалтын байгууллагууд хүн төрөлхтөний түүхэнд түүхэн эргэлт болсон эдийн засаг, нийгмийн нөхцөл байдалд хөгжих болж хүн төрөлхтөний соёл иргэншлийн судалгааны хүрээнд энэ үеийг Шинэ үе хэмээн нэрийдэх болсон байна. Сурган хүмүүжүүлэх ухааны асуудлууд өөрөө шинжлэх ухаан-судалгааны обьект болон тогтсон байна. Шинээр төлөвшин тогтсон сурган хүмүүжүүлэх ухааны сэтгэлгээ энэ салбарыг судалгааны бие даасан салбар болгож, сурган хүмүүжүүлэх үйл явцын хуулиудыг томьёолох оролдлого хийж эхлэв. Бие хүний шинэ үзэл баримтлал нь хүрээлэн буй бодит байдлыг нэгэн бүхэл зүйлийнх нь хүрээнд танин мэддэг хүнийг төлөвшүүлэхэд чиглэх болов. Энэ үйл явц үргэлжилсээр XIX зуун гэхэд Шинэ үеийн сонгодог сурган хүмүүжүүлэх зүй, боловсролын тогтолцооны төлөвшил дууссан байна. Судалгааны хүрээнд хувь хүний шавхагдашгүй боломж, бололцоо, бие даасан шинж орж ирж, сургалт-хүмүүжлийн ажлын сэтгэл зүйн үндэслэл боловсрогдож эхлэв.  Энэхүү үйл явцыг эхлүүлэн хөгжүүлэгчдийн дотроос Английн философч Френсис Бекон буюу Веруламийн Бекон, Германий сурган хүмүүжүүлэгч Вольфганг Ратке нарын үйл ажиллагаа онцгой үүрэг гүйцэтгэдэг.

Френсис Бекон (1561-1626)
Френсис Бекон нь 1561 онд Английн Лондон хотноо мэндэлжээ. Түүний үндэслэсэн гүн ухааны тогтолцоонд идеализмийн оронд реализм тэргүүлэх байр эзэлж, догматизмын орыг критицизм хэмээх үзэл эзлэх болсон байна. Тэрээр танин мэдэхүйн туршилтын буюу эмпирик арга, техник нь сэтгэж танин мэдэхүйгээс давуутай хэмээн үзсэн. Үүнийхээ үндсэн дээр шинжлэх ухааны бүтцийг үндсээр нь өөрчлөх зорилт тавьсан байна.

Танин мэдэхүйн туршилтын буюу эмпирик арга, техник нь сэтгэж танин мэдэхүйгээс давуутай хэмээн үзсэн. Үүнийхээ үндсэн дээр шинжлэх ухааны бүтцийг үндсээр нь өөрчлөх зорилт тавьсан байна. Хүн байгалийн нэг хэсэг учраас танин мэдэхүй, ба хүмүүжил-сургалт байгалийн шинжтэй гэж үзсэн. Иймээс шинжлэх ухааныг схоластик ба шашны догматик сэтгэлгээнээс чөлөөлөх шаардлагатай. Шинжлэх ухааны хамгийн дээд зорилго бол аливаа зүйлсийн эцсийн нэгдэл, бүх шалтгааны ерөнхий шалтгааныг танин мэдэх явдал мөн. Иймд боловсролын зорилго бол нилээд хэмжээний мэдлэгтэй болоход бус харин мэдлэг эзэмших аргуудыг чадварлаг эзэмших явдал юм.                                                                                                                                           

Иймээс “Шинжлэх ухааны агуу их цагаадал” хэмээх суурь бүтээлдээ бүхий л шинжлэх ухааныг судлан үзсэн бол хоёр дахь том суурь бүтээл болох “Шинэ Органон” бүтээлдээ өөрийн үндэслэсэн шинэ шинжлэх ухааны үндсэн аргуудыг томьёолсон байна. Шинжлэх ухааныг өөрчлөх асуудал нь обьектив буюу шинжлэх ухааныг туршилт, байгалийн философид буцаан оруулах, субьектив буюу оюун ухаан, мэдрэхүйг аливаа төөрөгдсөн онолоос чөлөөлөх гэсэн хоёр үндсэн нөхцөлөөс хамаардаг. Эдгээр нөхцөлийг биелүүлсэнээр индукцийн аргаас өөр юу ч бус байгалийн шинжлэлийн хамгийн зөв аргыг олж авдаг байна. Аливааг зөв баримжаалснаас хүний бүх амжилт, ололт, шинжлэх ухааны хөгжилт хамаарна. Энэ аргын эхний зорилт бол тодорхой баримт, фактуудыг нэг мөр тогтоох бөгөөд ингэснээр шинжлэх ухааны элементар бүтцийг бүрдүүлдэг материалтай болдог. Үүний дараа зөв сонгон авсан индукцийн арга нэг баримтаас нөгөөд амархан шилжиж, адил баримтууд олон талаар хоорондоо харьцуулагдана. Энэхүү харьцуулалтаас байгаль өөрөө хөгжиж байдаг хамгийн ерөнхий үнэн зөв хууль, зарчим, аксиомууд гарч ирдэг.  Энэ бол байгалийн тухай мэдлэг олж авах гол түлхүүр хэмээн Бекон үзсэн байна. Баримт материалуудын туршилтын судалгаа нь шалтгааныг танин мэдэхэд хүргэнэ. Шалтгааны танин мэдэхүйд л аливаа үнэн мэдлэг нуугдаж байдаг байна. Иймд мэдлэгийн зорилго нь хүнээс байгалийг ноёрхох ноёрхолыг нэмэгдүүлэхэд оршдог. Үүнийхээ үндсэн дээр Ф.Бекон индуктив аргаа батлах зорилгоор янз бүрийн анги, бүлгүүдийн аливаа юмс, баримт, үзэгдлийн илрэл, дутагдал, ялгааны түвшний хүснэгтийг боловсруулсан байна. Тэрээр бүх шинжлэх ухааныг хүний оюун ухааны 3 чадвар болох ой тогтоолт-түүх, төсөөлөл-яруу найраг, оюун санаа-гүн ухаан гэсэн хэсгүүдэд тохируулан ангилжээ. Хүн байгалийн нэг хэсэг учраас танин мэдэхүй, ба хүмүүжил-сургалт байгалийн шинжтэй гэж үзсэн. Иймээс шинжлэх ухаан, боловсроллыг схоластик ба шашны догматик сэтгэлгээнээс чөлөөлөх шаардлагатай. Шинжлэх ухааны хамгийн дээд зорилго бол аливаа зүйлсийн эцсийн нэгдэл, бүх шалтгааны ерөнхий шалтгааныг танин мэдэх явдал мөн. Иймд боловсролын зорилго бол нилээд хэмжээний мэдлэгтэй болоход бус харин мэдлэг эзэмших аргуудыг чадварлаг эзэмших явдал юм.



5.2. Вольфган Раткегийн шинэчлэл

Вольфганг Ратке (1571-1635)
Беконы судалгааны арга, техникийг бүтээлчээр ашиглаж, түүнийг сургалт-хүмүүжлийн ажилд хэрэглэсэн хүн бол Германий сурган хүмүүжүүлэгч Вольфган Ратке (Ратихий) юм. Тэрээр 1612 онд оршин тогтнож буй сургалтын тогтолцоог судалж, цаашид хэрхэн шинэчлэх талаар өөрийн санал бодлоо тусгасан “Дурсамж” хэмээх бүтээлээ хууль тогтоох байгууллага болох сеймд өргөн барьсанаар аливаа хичээлийг төрөлх хэл дээр орох санал нь дэмжигдсэн байна. 1614 онд Аугсбург хотын захиргааны урилгаар тэндэхийн сургуулиудыг өөрчлөн шинэчлэх зорилгоор уригдсан боловч, төдийлөн амжилтад хүрсэнгүй. Үүний дараа Веймарт латин хэлний багшаар ажиллах болжээ.

Тэрээр сургалтад байгалийн шинжлэлийг голлон үзэх талыг баримтлагч юм. Түүнийхээр багш хүн чөлөөтэй, энгийнээр хичээлээс хичээлд нэг хичээлийг нөгөөд ашиглах замаар сургалт явуулах ёстой. “Түгээмэл зөвлөмж” хэмээх номондоо ардчилсан чиг баримжаатай сургалтын байгууллагууд бий болгох санал тавьсан. Сургалтын үндсэн обьект бол бие хүний төлөвшил мөн. Сургалтад үзүүлэн таниулах материал ихээр ашиглаж, тодорхойгоос хийсвэрт шилжих аргыг өргөнөөр хэрэглэх нь чухал гэж үзсэн. Ингэхдээ дасгал ажлыг системтэйгээр ашиглаж, сургалтад хандсан хүүхдийн сонирхолыг аль болох ихээр дэмжих шаардлагатай гэжээ. Мөн төрөлх хэл дээр дуут дохионы аргыг хэрэглэхийг санал болгож байв. Түүний сургалтын тогтолцоонд оруулж ирсэн үндсэн аргууд дараах хэсгүүдэд хуваагддаг. Үүнд:
1. Хүмүүжлийн үйл явц дахь бүх зүйл байгалийн өөрийнх нь явц, хэм хэмжээний дагуу явагдана.
2. Мэдлэгийг бүгдийг нэг дор шууд бус харин аажмаар, илүү зүйлгүйгээр эзэмших ёстой.
3. Аливааг үргэлж давтах нь чухал. Учир нь бидний оюун санаанд давтсан зүйл удаан хадгалагддаг.
4. Бүх сургалт төрөлх хэл дээр явагдана.
5. Ямар нэг хүч хэрэглэхээс аль болох зайлхийх хэрэгтэй. Сурагч багшаасаа айх бус харин хүндлэх ёстой.
6. Ой тогтоолтод найдаад хэрэггүй. Нэг зүйлийг олон дахин давтсанаас уян хатан чанар, хурц ухаан алга болдог.
7. Сургалт бүх талаар нэгдмэл байна.
8. Багш эхлээд хичээлээ зааж, дараа нь тайлбарлах ба сурагч материалтай гүйцэд танилцтал хүлээцтэй хандах хэрэгтэй.
9. Багш хүн сурагчдаа аливааг өөрийн туршлагадаа тулгуурлан эхлээд хэсэг хэсгээр нь дараа нь бүхэл нэгдэлд нь тайлбарлана зэрэг ордог.

Вольфган Раткегийн сургалтад оруулж ирсэн энэ арга тухайн үеийнхээ тэргүүлэх олон сургуулиудад үр бүтээлтэй ашиглагдаж байсан бөгөөд түүний дараах үеийн олон сурган хүмүүжүүлэгчдийн гарын авлага болон ашиглагдсанаар сурган хүмүүжүүлэх ухааны төлөвшилтөд чухал хувь нэмэр болжээ.



5.3. Ян Амос Коменский орчин үеийн сурган хүмүүжүүлэх ухааныг
үндэслэгч болох нь


Ян Амос Коменский (1592-1670)

Шинэ үеийн эхний сурган хүмүүжүүлэгч, боловсролын онолчдын дотроос Чехийн сурган хүмүүжүүлэгч Ян Амос Коменский (1592-1670 он) онцгой байр эзэлдэг. Түүнийг албан ёсоор орчин үеийн сурган хүмүүжүүлэх ухааны эцэг хэмээн тооцдог билээ. Тэрээр өмнөх үеийн сурган хүмүүжүүлэгчид шийдэж чадаагүй асуудлуудыг цогцоор нь шийдэж, хүмүүжил, сургалтын обьектив зүй тогтлыг нээж, түүнийгээ боловсролын тогтолцоонд оруулж ирэх оролдлогыг анхлан хийсэн юм.  Я.А.Коменский Моравын Ривниц хотноо “Чехийн ахан дүүс” омгийн гишүүний гэр бүлд төрж, тэндээ бага боловсрол эзэмшин, цаашдаа хотын латин сургуулийг амжилттай дүүргэсэн байна. Боловсролыг Прагийн Карловын их сургууль, Гернборн, Гейдельбергийн их сургуулиудад эзэмшиж, латин сургуулийн захиралаар ажиллажээ. Католик сүм хийдийн зүгээс учруулсан дарамт шахалтын нөлөөгөөр эх орноо орхин олон газраар хэсүүчлэн амьдрах явцдаа сургалт-хүмүүжлийн асуудал хөндсөн хэд хэдэн ном бичсэн байна. Үүний эцэст сургалт-хүмүүжил, сургууль судлал, сурган хүмүүжүүлэх зүй, гэр бүлийн хүмүүжил зэрэг асуудлуудыг сенсуалист сурган хүмүүжүүлэх зарчмын үндсэн дээр цогцоор нь авч үзсэн “Агуу их дидактик” бүтээлээ хэвлүүлсэн нь түүний сурган хүмүүжүүлэх ухааны зарчмуудыг нэг мөр багтаасан суурь бүтээл болон түүхэнд орсон билээ.

Тэрээр ухамсрыг нь баяжуулах үүднээс мэдрэгдэгч ертөнцийн юмс, үзэгдлүүдтэй хүүхдийг багаас нь танилцуулахын чухлыг юуны өмнө онцлон тэмдэглэсэн. Түүний хөгжлийн онол ёсоор бол байгальд болон түүнээс үүдэн хүмүүжилд ямар нэг үсрэлт байх ёсгүй. “Бүх зүйл өөрийн хөгжлийн дагуу явагдах ба хүчирхийлэл нь юмсын мөн чанарт үл тохирно” хэмээн тэмдэглэсэн байдаг. Дээрх зохиол нь сурган хүмүүжүүлэх үйл явцын зүй тогтлын тухай мэдлэгийг сурган хүмүүжүүлэх практикт ашиглах нь зайлшгүй болох тухай санаагаар нэвт шингэжээ. Учир нь сурган хүмүүжүүлэх практик туршлага нь бие хүн мэдлэг, чадвар олж авч, оюун санаа болон ёс суртахууны хувьд төгөлдөржих үйл явцыг хангадаг ажээ.

Нас барахаасаа 4 жилийн өмнө Я.А.Коменский өөрийн “Хүний үйл ажиллагааг засаж, сайжруулах тухай түгээмэл зөвлөмж” хэмээх суурь бүтээлийнхээ хэсгийг хэвлүүлж, энэ бүтээлдээ хүн төрөлхтөн энх тайван, хамтын ажиллагаанд нэгдэн тэмцэхийн зайлшгүйг цохон тэмдэглэсэн байна. Мөн энэ бүтээлдээ сурган хүмүүжүүлэх үзэл баримтлалаа томьёолон гаргажээ. Энэ нь бүх нийтийн ардын боловсрол, сургуулийн тогтолцооны ардчилал ба залгамж чанар, залуу үеийг хөдөлмөрт бэлтгэх, боловсролыг нийгмийн хэрэгцээнд ойртуулах, энэрэнгүй үзлийн үндсэн дээр ёс суртахууны хүмүүжил олгох зэрэг юм. Я.А.Коменскийн ертөнцийг үзэх үзэл бие биеэ ямар нэг хэмжээгээр үгүйсгэдэг үзэл санааны урсгалуудаас бүрддэг. Түүнд нь эртний философи, протестантизм, сэргэн мандлын үзэл санаа нэгэн зэрэг багтсан байдаг. Түүний хүнийг үзэх үзэл баримтлал нь дундад зууны үзэл баримтлалд шууд эсрэг юм. Я.А.Коменский хүн нэг бүр байгалийн төгс бүтээгдэхүүн мөн хэмээгээд бүх авьяас чадвараа хөгжүүлэх хүний түгээмэл эрхийг хамгаалан тэмцэж байв. Хүнийг нийгмийн тусын тулд үйлчлэх чадвар төлөвшүүлэх зорилготой хүмүүжил, боловсролд тэрээр асар их ач холбогдол өгчээ. Түүнийхээр танин мэдэхүй нь практик үйл ажиллагаанд үр ашиг авчирах ба иймээс нийгмийн бодит ашигт сургалт байхын зайлшгүйг цохон тэмдэглэжээ. Түүний хувьд хүүхдийн мэдрэхүйн эрхтэний тогтолцооны хөгжил чухал ач холбогдолтой ажээ.

Түүнийг албан ёсоор орчин үеийн сурган хүмүүжүүлэх ухааны эцэг хэмээн тооцдог билээ. Тэрээр өмнөх үеийн сурган хүмүүжүүлэгчид шийдэж чадаагүй асуудлуудыг цогцоор нь шийдэж, хүмүүжил, сургалтын обьектив зүй тогтлыг нээж, түүнийгээ боловсролын тогтолцоонд оруулж ирэх оролдлого хийсэн байна.  Сурган хүмүүжүүлэх үзэл баримтлалаа бүх нийтийн ардын боловсрол, сургуулийн тогтолцооны ардчилал ба залгамж чанар, залуу үеийг хөдөлмөрт бэлтгэх, боловсролыг нийгмийн хэрэгцээнд ойртуулах, энэрэнгүй үзлийн үндсэн дээр ёс суртахууны хүмүүжил олгох гэж томьёолсон.

Я.А.Коменский хүмүүжил дэхь байгальд тулгуурлах зарчмыг үндэслэсэн цөөн тоны сурган хүмүүжүүлэгчдийн нэг юм. Хүнд буй байгалийн зүйл бол өөрийн үйлдэлт, өөрөө хөдлөгч хүчийг эзэмдэх ба үүнээс үндэслэн суралцагчаас ертөнцийг эзэмших бие даасан шинж гарч ирдэг. Энэ санаагаа “Сургуулийн орооцолдооноос гарахуй нь” бүтээлдээ хөгжүүлжээ. Энэхүү зарчмын нотолгоо нь сурган хүмүүжүүлэх ухааны залгамж хөгжилд асар том үсрэлт болсон юм. Коменский нь сурган хүмүүжүүлэх үйл явцыг бүрдүүлэгч хэсэг болох суралцагчийн зориг хүсэл, үйл ажиллагаа, ухагдахууны тухай асуудлыг тунхаглажээ. Түүний “Агуу их дидактик” дахь сурган хүмүүжүүлэх тогтолцоо нь шашнаар дамжин олж авдаг далдын ертөнц, шинжлэх ухаанаар дамжуулан олж авдаг бодит ертөнц зэрэг хүүхдийн оюуны ертөнцийг эзэмдэх бүх зүйлийг тодорхой харуулсан  “Зургаар харуулсан үзүүлэн дэхь мэдрэгдэгч юмсын ертөнц” хэмээх номонд нь бүтээлчээр ашиглагджээ.  Энэ зохиолдоо хүмүүжил-сургалтын философи үндэслэл анх удаа тавигдсан төдийгүй мөн бие бялдар, оюун ухаан, ёс суртахуун, гоо сайхан, шашны хүмүүжлийн бүх тогтолцоог анхлан боловсруулсан байна. Мөн энэ бүтээлд арддчилсан, энэрэнгүй зарчим, байгальд тулгуурласан ардын, эмэгтэйчүүдийн боловсролын эхлэл анхлан хөндөгдөж, төрөлх хэлний сургалтын ач холбогдлыг өндөрт өргөжээ.

Түүнийхээр сургалтын явцад дараах үндсэн зарчмуудыг баримтлах ёстой. Үүнд:
1. Мэдлэг эзэмшихийг өөрийн үүрэг болгосон хүнийг л сургах
2. Сургалтын явцад аливаа зүйлсийг хөндлөнгөөс танин мэдэх бус харин шууд, бодитойгоор танин мэдүүлэх
3. Мэдлэг шууд, бодитой байх
4. Шалтгаан үр дагаварын холбооны дагуу судалж буй бүх зүйлээ байгаагаар нь судлах
5. Аливаа зүйлийг эхлээд бүхэл хэлбэрээр дараа нь хэсэгчилэн авч үзэх
6. Бүхнийг, тэр ч бүү хэл маш жижиг эгэл хэсгийг хүртэл эзлэх байр, байдал, харилцан хамаарлын дагуу тогтолцоот байдалд оруулах
7. Нэгээс нөгөөд шилжихдээ нарийн дэс дарааг баримтлах
8. Нас, мэдлэгийн төвшнийг харгалзан суралцагчид ойлгогдох хүртэл аливаа хичээлийн гүнзгийрэлтийг түр хүлээх 
9. Мэдлэгийн тодорхой шинж илрэхэд нөлөөлдөг учир аливаа юмсын шинжүүдийн ялгаанд анхаарал хандуулах. Төрөлх шинж, хийсэн материал, хэрэглэх багаж зэрэг бүх нөхцөл байгаа цагт аливаа зүйлийг гүйцэтгэх урлаг цаашдаа зөв хэллэг, анхааралтай удирдлага, байнгын дасгалыг шаарддаг.
Үүний дараа дээрх 3 нөхцөл тус бүрт хамаарах дүрмийг боловсруулсан байна. Үүнд:
• Бүх зүйлийг яг байгаагаар нь судална
• Хэн нэг нь ямар нэг зүйл барьж авбал түүнд тэр зүйлд нь шингэсэн хэм хэмжээ шингэсэн байх ёстой.
• Аливаа багаж, хэрэгслийг үгээр бус үйл хөдлөлөөр сургах ёстой
• Аливаа дасгал хамгийн энгийнээс эхлэх ёстой
• Анхны дасгал хамгийн танил материалаас эхлэх ёстой
• Эхлээд бүх зүйл дүрээр илрэх ёстой ба түүний чөлөөт шинж үр дүнд нь илэрнэ
• Дүрүүд суралцагчид аливааг төгс эзэмшихэд хурдавчилсан байдлаар нөлөөлөх ёстой
• Сэтгэл татагдал дүрдээ аль болох ойр байх ёстой
• Алдааг дор нь засах ёстой зэрэг болно.

Харин ёс суртахууны үндсүүдийг Я.А.Коменский дараах байдлаар томьёолжээ. Үүнд:
1. Залуу үеийнхний оюун санаанд сайн үйлийг бага гэлтгүй суулгаж өгөх
2. Гэхдээ эхлээд хамгийн чухал зүйл болох сэргэг ухаан, даруу зан, шийдэмгий байдал, шударга ёсыг шингээнэ
3. Сэргэг ухааныг сайн сургалт өгнө
4. Даруу занг хооллох, хувцаслах, унтахдаа, сэргэг зан, хөдөлмөр, тоглоом, үйл хөдлөлөөсөө олдог
5. Шийдэмгий занг өөрийгөө эзэмших чадвараас олно
6. Шударга ёсыг доромжлол, худал хуурмаг, муухай зангаас татгалзсан цагт олдог
7. Сайн үйлийг муу муухай зүйл алга болохоос өмнө хөгжүүлэх ёстой
8. Сайн үйл үйл ажиллагааны явцад төлөвших ба үүнд хүний хувийн үлгэр, жишээ чухал
9. Оюун санааг хордуулагч нийгмийн бузар булай бүхнээс хүүхдийг хол байлгах хэрэгтэй
10. Аливаа муу муухай зүйлээс болгоомжлохын тулд хатуу чанд сахилга батыг үргэлж сахих зэрэг болно.

Байгальд тулгуурлан сэтгэнэ гэдэг нь Я.А.Коменскийнхээр хүмүүсийн байгалиас заяагдсан тэгш эрхийг хүлээн зөвшөөрч буй хэрэг ажээ. Хүн нэг бүр байгалиас адил заяагдсан байдаг учраас адил хэмжээгээр оюун санаа болон ёс суртахууны хүмүүжил эзэмших боломжтой бөгөөд энэ нь хүн төрөлхтөнд л хэрэгтэй зүйл юм. Ингэснээр хүн нэг бүрийн боловсрол эзэмших эрх адил байдаг. Гэхдээ Коменский хүний төрөлхийн бие даасан авьяас чадварыг үгүйсгээгүй байна. Тэрээр хүүхэд үйл ажиллагаанд тэмүүлэх тэмүүлэлтэй гэж үзэж байв. Иймд хүмүүжлийн зорилго хүүхэд мэдрэхүйн эрхтнийхээ тусламжтайгаар хүрээлэн буй юмс, үзэгдэлтэй танилцан, түүний илрэх дүрийг эзэмдэн, идэвхитэй үйл ажиллагаа явуулахад суралцах явдал юм.

Чехийн зураач Альфонса Мухийн “Ян Амос Коменский-Наарден дахь сүүлчийн өдрүүд” хэмээх зураг. Я.А.Коменский католик сүм хийдийн фанатуудын дайралтаас зугтаж байхдаа тухайн үеийн сургалт-хүмүүжлийн тогтолцоо л хүний зовлон зүдгүүр, уй гашууг буй болгож байна гэдгийг ухаарч энэ тогтолцоог үндсээр нь өөрчлөх шаардлагатайг ойлгосон гэх санааг энэ зурагт гаргажээ.

Байгальд тулгуурлан сэтгэх зарчим нь байгалийг шүтэн бишрэхтэй шууд холбоотой ба үүнийг боловсролын байгалиас заяагдсан арга гэж нэрлээд сурган хүмүүжүүлэх ухааны хуулиудыг байгалийн хуулиудтай зохицуулахын чухлыг тэмдэглэсэн байна. Энд Коменский эдгээр хуулиуд төлөвших 4 үе шатыг боловсруулжээ. Үүнд:
1. Автопи (бие даасан ажиглалт)
2. Автопракс (практик хэрэгжилт)
3. Автохрес (мэдлэг, чадвараа шинэ нөхцөлд ашиглах)
4. Автолекс (өөрийн үйл ажиллагааны үр дүнг бие даан илэрхийлэх) зэрэг орно.

Тэрээр өөрийн зохиол, бүтээлүүддээ тэр үеийн олонхи сургуулиуд нарийн тогтсон зорилго, хэрэгсэл байхгүй байгааг шүүмжлээд эдгээр хэрэгсэлүүд ямар ч тодорхой дүрэм, журамгүй хэрэглэгдэж байгааг тэмдэглэсэн байна. Эндээс тэр хүний мөн чанарт тулгуурласан шинэ арга болох байгалийн аргыг хэрэглэхийн зайлшгүйг тогтоожээ. Ингэсэн тохиолдолд сургууль-сургалтын зорилго өөрийн мөн чанарт нийцэх бөгөөд хүүхэд хүний байгалиас заяагдсан мөн чанарт тохирсон боловсролыг олж авах ажээ. Байгалиас заяагдсан хэрэгцээгээр үйл ажиллагаа явуулж буй сургуулиуд онол ба практик болон бүхий л ашигтай зүйлийг ашиглахад сургах нь чухал. Байгалийн арга бол бүхий л сайн зүйлийг судалж, энэхүү сайн зүйлээ хийх ёстой зүйлд сургадаг арга юм. Иймээс сургуулиуд сургалтын арга, хэрэгслээр сайтар хангагдах ёстой ажээ. Сургалтын явцад буюу ажиглалт, хэл яриа, практик явцад аливаа мэдлэгийн цорын ганц үндэс болох сайн үйлд хүүхдийг сургах ёстой. Энэхүү арга нь оюун санааг аливаа хэрэггүй зүйлсээс чөлөөлж, сурагчдад бага боловч, амьдралд зайлшгүй хэрэгтэй зүйлийг олгодог. Үүнээс гадна энэхүү арга механик шинжтэй байх бөгөөд өөрөөр хэлбэл хүүхэд яаж ч оролдсон заавал амжилтад хүрч байх энгийн зүйл байна гэсэн үг. Ер нь энэрэнгүй үзлийн сургалтад татагдан орсон хүүхэд тэндээсээ өөрөө өөрийгөө бүрэн эзэмдсэн жинхэнэ хүн болон гарах ёстой.

Тэрээр аливаа сургалтын үйл ажиллагааг ямар нэг машины эд ангийн механик бүтэцтэй харьцуулан үзэж, ингэхдээ энэ бүтцийн юунд нь анхаарал хандуулахыг заасан байна. Үүнд:
1. Тухайн машин заавал гүйцэтгэх ёстой зорилгогүй үйл
2. Тухайн машин гүйцэтгэх чадвартай арга, хэрэгсэл
3. Тухайн ажлын үр дүнг шууд гаргахын тулд дээрх арга, хэрэгслийг зохион байгуулж, хуваарилах арга эдгээр болно.

Үүнтэй нэгэн адил сурган хүмүүжүүлэх ухааны машины хувьд дараах зүйлийг тогтоох ёстой. Үүнд:
1. Нарийн чанд тогтоосон зорилго
2. Энэ зорилгод хүрэх нарийн боловсруулсан арга, хэрэгсэл
3. Зорилгодоо хүрэхийн тулд дээрх арга, хэрэгслийг ашиглах нарийн тогтсон журам эдгээр болно.
Энэхүү механик арга, хэрэгслийн нарийн тогтоосон зорилго дараах 3 зүйлээр илэрдэг. Үүнд:
• Мэдлэг
• Үйл ажиллагаа
• Хэл яриа орно.

Өөрөөр хэлбэл бүхнийг зөвөөр танин мэдэх, бүхнийг зөвөөр гүйцэтгэх чадвартай болох, сурсанаа бусдад ойлгомжтой тайлбарлах гэсэн үг юм. Механик арга нь судлах ёстой бүх зүйлийг амар аргаар, хурдан хугацаанд, үндэслэлтэйгээр судлахыг шаарддаг. Энэ зорилгод биднийг хүргэх арга хэрэгслийн мөн чанар нь бясалгах явцдаа бид өөртөө цэцэн мэргэнийг шинээр нээдэг 3 универсаль обьект буюу бурхан, ертөнц, хүн юм.

Биднийг боловсролд хүргэх 3 үндсэн тал бол оюун ухаан, зориг хүсэл, үйлдэлд хүргэх авьяас, чадвар мөн. Ийм боловсролд хүргэх арга хэрэгсэл бол мэдрэхүй, оюун ухаан, илэрхийлэл гэж Я.А.Коменский үзсэн. Өөрийн бүтээлүүддээ тэрээр зорилгодоо хүрэхийн тулд эдгээр арга хэрэгслийг ашиглах механизмийг авч үзсэн байна. Мөн маш бат бөх шинжийг олгох дидактик хуулиудыг томьёолжээ. Эдгээр хуулиуд гэвэл:
1. Тэр ихийг мэдэхийг хүсэж байна уу? Тэгвэл түүнд түүнд ихийг таниул, харин цөөн тооны зүйлээр бүү хуур.
2. Тэрээр нэгийг дуусгаад нөгөөг шаардах болно. Иймд түүнийг нэг дор олон зүйлээр бүү шах. Түүнд хэсэг хугацааны дараа шинэ зүйлийг таниул. Олон зүйлийг танин мэдэх тусам оюун ухаан баярладаг. Иймд ашигтай зүйлийг сэтгэлд нийцсэн зүйлтэй холбож өг.
3. Тэрээр үргэлж шинэ обьект шаардаад байна уу? Иймд тэрээр өөрт таалагдаагүй зүйлтэй учрахгүйн тулд түүнд үргэлж ямар нэг шинэ зүйл санал болгохыг хичээ.
4. Тэрээр өөрийн ажиглалтдаа аливаа зүйлийг зөвхөн ганц талаас нь бус харин гадаад, дотоод олон талаас нь бүхэл зүйл хэмээн судлахыг хүсдэг. Иймд түүнд эхлээд аливааг бүхлээр нь үзүүлээд дараа нь түүнийг гадаад, дотоод талаар нь хэсэгчилэн харуул.
5. Оюун ухааныхаа мэдэж буй зүйлийг хүн яг таг мэдэж авахыг хүсдэг учир аливаа нэг зүйл дээр алдаа гаргах нь түүнийг ухарч, няцахад хүргэдэг. Иймд түүнийг хуурах бус харин зөвхөн үнэнийг л санал  болго.
6. Тэрээр зөвхөн баттай үнэнд баясдаг ба эргэлзээ түүнийг санаагаар унагаадаг. Иймд түүнд ямар нэг эргэлзээтэй зүйл бүү санал болго. 
7. Оюун санаа зөвхөн үнэнээр батлагдсан зүйлийг л шаарддаг. Иймд түүнд ямар нэг баталгаат зүйл санал болгож байгаа бол энэ баталгаанд ямар нэг алдаа байх ёсгүйг анхаар.
8. Оюун ухаан зөвхөн маргаангүй зүйлийг шаарддаг учир түүний итгэдэг зүйлийг л санал болго.
9. Аливааг танин мэдэхэд оюун санаа аажмаар дээшилдэг учир тэрээр нэгдүгээрт, ямар нэг зүйл оршин байгааг мэдэж байх ёстой, хоёрдугаарт, өөрийн шалтгаанаар тэр юу вэ гэдгийг мэдэж байх ёстой, гуравдугаарт, өөрийн мэдлэгээ хэрхэн ашиглах вэ гэдгээ мэдэж байх ёстой.

Түүнийхээр зориг, хүсэлд хамаарах дидактикийн дүрмүүд дараах байдлаар илэрдэг. Үүнд: 
1. Оюун ухаан үнэнийг шаарддаг бол зориг хүсэл сайн үйлийг шаардана.
2. Сайн зүйл их байх нь зориг хүслийг ихээр төрүүлэх ба бага байх нь зориг, хүсэл бага төрүүлдэг.
3. Хүнд агуу их ухаалаг чанар хэрэгтэй.
4. Зориг хүсэл бол цөөн тооны сайн зүйлээр дүүргэдэг сав бус харин ёроолгүй сав юм.
5. Зориг хүслийг нэг байранд нь байлгаад байвал буруу замаар орох ба нэг зүйлээр цэнэглээд байвал эсэргүүцэл үзүүлдэг.
6. Зориг хүсэл нь аливаа зүйлийг бүтнээр нь хүртсэн цагт сэтгэл ханамж авах учир хэсэгчилсэн зүйл гэж байх ёсгүй.
7. Зориг хүсэл жинхэнэ сайн үйлээс л сэтгэл ханамж авдаг болохоос хуурамч зүйлийг хүлээн авдаггүй.
8. Зориг хүсэл нь сайн үйлд аажмаар хүрдэг.

Үүнээс гадна Я.А.Коменский хүний цэцэн мэргэн чанарын 3 үе шатыг тогтоосон байна. Эдгээр үе шат гэвэл:
• Аливаа юмсын төсөөлөл, анализ, автопсийн тусламжтайгаар шийдэгддэг онол
• Дүр, синтез, автопракс шаарддаг практик
• Дүрэм, журам ба автохрес хамаардаг хэрэглээ эдгээр болно.

Ийнхүү Я.А.Коменскийн үзсэнээр сургалтын урлаг механик байдлаар явагдах ба түүний бүх бүрэлдэхүүн хэсгүүд өөр хоорондоо зохион байгуулалттай, үр дүн өгөгч холбоо, хамааралд оршдог байна. Гэхдээ ямар ч техникийн машин хүний оюун ухааныг орлож чадахгүй. Харин дидактикийн машин энэ бүхнийг орлож чадах ажээ. Тэрээр сургах үйл явц бодитой зүйлээс эхлэх ёстой гэдгийг байнга тэмдэглэж байв. Сайн үр дүнд хүрэхийн тулд хийж буй ажлынхаа мөн чанарыг сайтар ухаарсан байх ёстой.

Я.А.Коменскийн сурган хүмүүжүүлэх зүйн тулгын чулуу нь пансофизм буюу хүн төрөлхтөний соёл иргэншлийн хүрээнд олж авсан мэдлэгийг баяжуулах, эдгээр мэдлэгийг сургуулиудаар дамжуулан бүх хүмүүст төрөлх хэл дээр нь хүргэх асуудал мөн. Тэрээр хүн төрөлхтөнийг бүх нийтийн цэцэн мэргэнд хүргэж, жинхэнэ мэдлэг буюу пансофийгаар зэвсэглэхийг мөрөөдөж байв. “Хэн ухаалаг байна тэр хаана ч гэсэн хэрэгтэй бөгөөд аливаа санамсаргүй зүйлд үргэлж бэлтгэлтэй байдаг” хэмээн тэр бичсэн. Ингэснээрээ сайн үйл, бие даасан сэтгэлгээ, аливаа хөдөлмөрт хандсан авьяас, чадвар төлөвшүүлэхийг зорьж байв. Тэрээр сургалын үйл ажиллагаан дахь энэрэнгүй үзлийн тал дээр зогсож байв. Түүнийхээр “төгс төгөлдөр сургууль гэдэг нь хөдөлмөрийн талбарт үр ашигтай ажиллах үр дүнт сургалтаар хүмүүжсэн энэрэнгүй үзэлт хүмүүсийг бэлтгэх лаборатори мөн”.

Сургалтын хамгийн ерөнхий зорилт өөрөө өөрийгөө танин мэдэх, өөрийгөө удирдах, бурханд тэмүүлэх явдал мөн. Иймээс дидактикийн бүхий л тогтолцоо байгальд тулгуурлах, энэрэнгүй үзэл, ардчилалд суурилна. Тэрээр хүмүүжлийн насны ангилал ба тогтолцоог дараахь байдлаар боловсруулсан байна. Мөн энд ямар бүтээлдээ тухайн насны ангилалыг авч үзсэнийг харууллаа.Үүнд:
• 6 хүртэлх нас буюу бага нас. Гэр бүл дэхь хүмүүжил. “Гэр бүл дэхь хүмүүжлийн гарын авлага”
• 6-12 нас буюу төрөлх хэл дээрээ суралцах нас. “Зургаар үзүүлсэн мэдрэгдэгч ертөнц”.  Үзүүлэн таниулах аргыг ашиглана.
• 12-18 нас буюу идэр нас. Латин хэл дээр сургаж, практик үйл ажиллагаанд бэлтгэнэ. “Хэлэнд хандсан нээлттэй хаалга”.
• 18-24 нас буюу насанд хүрсэн үе. Академийн ба их сургуулийн сургалт зэргийг оруулж үзжээ.

Я.А.Коменский нь уламжлалт сургалтын тогтолцоог үндэслэгч бөгөөд анх удаа анги-танхимын сургалтын хүрээнд сургалтын агуулгыг сургалтын нэгж болох хичээл гэсэн нэгжид хуваан үзсэн хүн юм. Энэ үеэс эхэн сурган хүмүүжүүлэх зүйд хичээл хэмээх нэр томьёо баттай орж ирсэн байна.

Тэрээр хичээлийг чөлөөтэй байдлаар томьёолж, хичээлийн жилийн хугацааг анх тодорхойлжээ. Хичээлийн жилийн үргэлжлэх хугацааг тодорхой хэсгүүдээр хуваан ангид суралцах суралцагчдын тоог ойролцоогоор тооцоолсон нь мөн л сурган хүмүүжүүлэх зүй дэхь анхны оролдлого мөн. Тэрээр нэг ангид нэг насныхан суралцах ёстой гэж үзэж байв. Хичээл явуулах хамгийн гол зүйл бол зорилгоо зөв тодорхойлох явдал мөн. Иймээс хичээлийг дараахь зүйлээр юуны өмнө хангах ёстой. Үүнд:
1. Мэдлэг
2. Үйл ажиллагаа
3. Ярианы хөгжил

Ингэхдээ бага ангийн хичээл зөвхөн төрөлх хэл дээр явагдана.
Харин хичээлийн бүтцийг тэрээр:
• Зохион байгуулалтын үе
• Бодит ажиглалт
• Багшийн тайлбарлал
• Дасгал
• Гэрийн даалгавар гэж хуваан үзсэн байна.

Я.А.Коменский “цэцэн мэргэн ба энэрэнгүй үзлийн сургуулийн” тухай мөрөөдөж байв. Тэр сургуульдаа сайхан амьдарч эх орондоо ихийг авчирах чадвартай хүмүүсийг бэлтгэх болно. “Дараагийн зуунд бид ямар хүн бэлтгэж өгнө тэр зуун тийм л өнгө төрхтэй байна” хэмээн тэр бичиж байв. Ингэснээр тэрээр сургалтын шинэ тогтолцоонд тулгуурласан сургууль байгуулжээ. Түүний байгуулсан сургууль охид, хөвгүүд, баян, ядуу хэнд ч болов нээлттэй байв. Тэр сургуульдаа өөрийн анхлан томьёолсон анги-танхимын тогтолцоог нэвтрүүлжээ. Түүний сургууль 7 ангитай байж, насны хувьд адил багачууд нэг ангид хичээллэж байв. Эхний 3 ангид гадаад мэдрэмж хөгжүүлэх хичээл орох бол дараагийн 3 ангид аливааг ойлгох ойлголтыг сайжруулах хичээл орно. Харин сүүлчийн ангид бурханд хандах оюун ухааныг төлөвшүүлдэг байна. Анги бүр тусгай танхимд багшаар хичээл заалгана. Анги бүрт зориулан сурагчид мэдлэгийг амар хялбараар эзэмших сургалтын төлөвлөгөө боловсруулжээ.

Хичээл 6 цагаас илүү хичээллэхгүй бөгөөд дотроо хэсэг хугацаанд завсарлана. Өдрийн эхний хагаст сурагчид оюун ухаан, сэтгэлгээ, ой тогтоолтоо хөгжүүлж, хоёрдахь хагаст гар, хоолой, биеийн хэв маяг, үйл хөдлөлөө хөгжүүлнэ. Хичээл бүрийн дараа завсарлага авна. Өглөө ба өдрийн хоолны дараа 1 цаг зугаалж, баясна. Өдрийн ажлын дараа 8 цаг гэхэд унтаж, амрах ёстой. 7 хоногт хоёр удаа үдийн хоолны дараа хувийн бэлтгэлээ базаана. Христийн мэндэлсэн өдөр, улаан өндөгний баяр, Троицийн өдрүүдээр 2 долоо хоног амарна. Мөн усан үзэм хураах зорилгоор 1 сар хичээл завсарлана. Хүүхдүүд зөвхөн ангид хичээллэх ба гэрийн даалгавар гэж өгдөггүй. Тухайн үедээ Коменскийг хүүхдүүдэд дэндүү их чөлөөтэй байдал олгож байна хэмээн шүүмжилж байсан боловч, тэрээр сурагчдад “аливаа нэг зүйлийг өөрийн үзэмжээр шийдэх” цаг хугацаа хэрэгтэй гэж үзэж байв. Үүнээс гадна түүний үзэж байгаагаар сурагчид хичээлээс гадуур аливааг өнгөц гүйцэтгэдэг бөгөөд залуу хүний зан ийм л байдаг хэмээжээ. Иймд аливааг чанаргүй хийснээс хийгээгүй нь дээр гэсэн зарчим баримталж байжээ. Ангид хичээл явуулахын тулд ном, сурах бичиг хэрэгтэйг харгалзан ийм сурах бичгийг өөрөө зохиож байв.

Сурган хүмүүжүүлэх зүйд оруулсан хувь нэмрээрээ хөшөө, дурсгалаа босгуулсан багш
Ийнхүү Я.А.Коменскийн сурган хүмүүжүүлэх зүйд оруулж ирсэн шинэ санаа, арга зүйн тусламжтайгаар өнөөдөр бидний ярьж заншсан анги-танхимын тогтолцоо анхлан буй болсон бөгөөд хүн төрөлхтөн одоог хүртэл үүнээс илүү үр ашигтай сургалтын тогтолцоог бодож олоогүй л байгаа билээ.  



5.4. Жон Локк ба мэдрэхүйд тулгуурласан сургалт


Жон Локк (1632 - 1704)
Английн гүн ухаантан, сурган хүмүүжүүлэгч Жон Локк хүмүүжлийн шинэ үзэл санаа ба залуу үеийн сургалтын хөгжилд томоохон үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн нэг юм. Тэрээр 60 хүрсэн насандаа “Хүмүүжлийн тухай бодролууд” хэмээх бүтээлээ туурвижээ. Хүмүүжил, сургалтын тухай Жон Локкын үзэл баримтлал түүний философийн үзэл баримтлал болон язгууртны хүүхдүүдийг гэрээр сургаж байх явцдаа хийсэн ажиглалтын үр дүнд төлөвшсөн байна. Тэрээр бие хүний хөгжлийн хүчин зүйл, хүмүүжлийн хүчин зүйлс, сургалтын зорилго, зорилт, агуулга, сургалтын арга зэрэг сурган хүмүүжүүлэх зүйн тодорхой асуудлуудад өөрийн гэх байр сууринаас хандаж байв. Түүнийхээр хүний мэдлэг нь мэдрэхүйн гадаад туршлагын үр дагавар ажээ.

Локкын онол ёсоор хүнд төрөлхийн санаа болон төсөөлөл гэж байхгүй. “Олонхи хүн сэтгэл санаа анхнаасаа энэ ертөнцөд ирэхдээ авч ирсэн төрөлхийн санаа байдаг хэмээн үздэг. Ингэхдээ бүх хүнд тэр нь адил утгатай гэж үздэг байна. Гэхдээ энэ бол алдаатай бодол юм. Үнэн хэрэгтээ онолд ч тэр, практикт ч тэр бүгд адилхан хүлээн зөвшөөрдөг тийм зүйл гэж байхгүй. Хэрэв санаа төрөлхийн юм бол хүн бүхнийг балчир наснаасаа эхлэн мэддэг байх ёстой. Аливааг ухааран бодохгүйгээр хэн ч гэсэн бүхний эхлэл болсон ухамсарт хүрч чадахгүй. Танин мэдэхүйн анхдагч сэрэл аливаа зүйлийн мөн чанар биш бөгөөд ерөнхий үндэслэлүүд зөвхөн хэсэгчилсэн сэтгэгдэл л юм. Энэхүү хэсэгчилсэн сэтгэгдэл нь хүний ухамсарт хамааралгүй хоосон орой зайг бий болгодог. Үүнээс үндэслээд тэдгээр нь төрөлхийн бус харин туршлагаар олж авсан зүйл юм. Энэ туршлага хоёрдмол шинжтэй. Нэг бол тэдгээр нь мэдрэхүйн эрхтэн болох сэрлээр дамжин юмсын гадаад өнгөн талыг танин мэдсэнээр гарч ирдэг, эсвэл бидний сэтгэл санааны дотоод үйл ажиллагаа болох рефлексээр дамжин буй болдог” хэмээн өөрийн философийн үзэл баримтлалын үндсийг тодорхойлжээ. Тэр өөрийн үзэл баримтлалын мөн чанарыг “өмнө нь бидний мэдэхүйд байгаагүй зүйл бидний оюун ухаанд байна гэж үгүй, байгалиас заяагдсан бидний оюун ухаан, санаа бодол хоосон орон зай, юу ч бичигдээгүй цагаан цаас мөн, бүх ойлголт, санаа зөвхөн туршлагаас л үүдэлтэй” хэмээн тодорхойлсон байна.

Үүнийхээ үндсэн дээр Ж.Локк хүмүүжлийн зорилго бол ёс суртахууны хувьд хүмүүжсэн, бие бялдар, оюун ухааны талаар хөгжсөн жентльмен төлөвшүүлэх явдал гэж үзжээ.

Тэрээр эрүүл биед саруул ухаан гэсэн зарчмыг баримтлагч юм. Түүнийхээр бие бялдрыг оюун санаанд тохируулах хамгийн чухал ариун цэвэр бол аль болох их цэвэр агаар, биеийн хөдөлгөөн, бөх нойр бөгөөд аливаа архи, дарс, хурц зүйлээс татгалзаж, эм бага хэрэглэж, хөл, толгойгоо хөлрөхөөс хамгаалах явдал юм. Оюун санааны хувьд хүүхдүүд бие даасан, ухаант биет болон хүмүүжих ёстой. Иймд хүүхдийг өөрийгөө эзэмдэх, өөрийгөө төлөвшүүлэхэд чиглүүлэх ёстой. Мөн эелдэг зан, зөв хөдөлгөөн, сайхан хүмүүжил, сайн нэр хүнд зэрэг практик оюун ухааны боловсрол ч чухал хэрэгтэй.

Тэрээр өөрийн үеийн хүүхэд, багачуудыг жинхэнэ утгаар нь эрүүл чийрэг, төрийн хар хүн болгохыг хүсэж байв. Ингэхийн тулд хүмүүжилд үлгэр жишээ нэн чухал гэж үзжээ. Тэрээр багшид тавих шаардлагыг эерэг шинж, даруу зан, хүүхдийг хайрлах хайр, хичээнгүй зүтгэл, ухаалаг сэтгэлгээ, латин хэлний мэдлэг, шинжлэх ухааны танин мэдэхүйг эзэмдэх, сайн хүний нэр төр хэмээн томьёолжээ. “Нийгэмд хэн бусдаар хайрлагдахыг хүсэж байна тэр хүн өөрийн үйл хөдлөлдөө зөвхөн хүч чадал, хатуу чанд байдлыг төдийгүй мөн уян хатан зохицолыг агуулж байх ёстой” хэмээн Локк үзсэн байна. Түүнийхээр биеэ сайн сайхан авч явах нь хүнийг өөрийг нь чимж, түүнийг аливаа нийгмийн хамгийн сэтгэл булаам гишүүн болох “жентльмен” болгодог ажээ. Ийнхүү Ж.Локкын бие бялдар, оюун санааны хувьд төгс боловсорсон төрийн хар хүнийг нэрлэсэн жентльмен хэмээх нэр томьёо мөн л бидний өнөө үеийг хүртэл анхны утга учраараа хэрэглэгдсээр ирсэн байна.

Ж.Локк нь хүмүүжлийг:
1. Бие бялдрын хүмүүжил
2. Ёс зүй-суртахууны хүмүүжил
3. Оюун ухааны хүмүүжил
4. Хөдөлмөрийн хүмүүжил хэмээн ангилсан.

Хүмүүжлийг бүрдүүлэгч хэсэг бүр хоорондоо харилцан уялдаатай. Гэхдээ оюун ухааны хүмүүжил зан төлөв төлөвшихөд, ёс суртахууны хүмүүжил өөрийн хүслээ хязгаарлах зориг эрмэлзэл, чадвар төлөвшүүлэхэд чиглэх гэх мэт үүрэгтэй. Зориг хүсэл саад бэрхшээлийг даван туулах үед хөгжих ба иймээс хүүхдийн гэнэн сониуч зан, үнэн сэтгэлийн мэдлэгт тэмүүлсэн тэмүүллийг аль болох хангах хэрэгтэй гэжээ. Тэр ч бүү хэл хүүхдэд сургах ёстой зүйлийг анхнаас нь заавал гүйцэтгэх зүйл хэмээн бодох хэрэггүй. Гол нь суралцагч өөрөө хүсэх нь чухал бөгөөд энэ бол сэдэл, тэмүүллийн илрэл юм. Сургалтад аль болох бие даасан байдлыг эрхэмлэнэ. Дээрх аргуудад үндэслэн заавал үзэх хичээлийн тоонд Ж.Локк латин хэл,  франц хэл, арифметик, газар зүй, түүх, бүжиг, сэлэмдэх урлаг, үйлдвэрлэл, гүн ухаан, шашин, зураг, гар урлал, хөгжим, нийгэмд биеэ авч явах дадал зэрэг хичээлийг оруулжээ. Тэрээр хүмүүжил, сургалтад маш их анхаарал тавьж байсан юм. “Бидний уулзсан хүмүүсийн арван хүн дутмын ес нь хүмүүжлийн тусламжтайгаар хэн нь хэн бэ гэдэг нь төлөвшинө” хэмээн тэр бичсэн байдаг. Түүнийхээр хүмүүжил нь хүмүүсийн хоорондын асар их ялгааг буй болгодог байна.

Ж.Локкын үзэж байгаагаар сургалт гэдэг нь бие хүний нийгмийн ба ёс суртахууны тулгуурыг төлөвшүүлэх үйл явц ажээ. Тэрээр “бодит ертөнц дэхь ажил хэрэгч ажиллагаанд зориулагдсан” сургалтын практик чиглэлийн талаар их бичиж байв. Түүнийхээр сургууль-боловсролын нийгмийн шалтгаант чанарын зайлшгүйг онцлон тэмдэглэсэн байна. Иймээс тэр сургалтын янз бүрийн хэв маяг болох дээд зиндааныханд зориулагдсан жентльмений бүрэн хүмүүжил, бага орлоготой айлын хүүхдийг хөдөлмөр, шашны сургалтад хязгаартай хамруулах зэрэг хэв маягийг санаачилжээ.