Сурган
хүмүүжүүлэх ухааны түүхэн
тойм
Хүн төрөлхтөнд хойч үеэ амьдрал, хөдөлмөрт бэлтгэж, өнгөрсөн үеэс хуримтлагдаж ирсэн үйлдвэрлэлийн арга, хөдөлмөрийн туршлага, оюун санааны баялгийг үеэс үед уламжлуулж, дамжуулахын зэрэгцээ тэдгээрийг арвижуулах, боловсруулах, хөгжүүлэх хэрэгцээ шаардлага зайлшгүй гарч ирдэг. СХУ нь эртний грекийн παιδαγωγική — хүмүүжүүлэх урлаг, буюу παῖς — хүүхэд и ἄγω — өсгөх — хүнийг сургах ба хүмүүжүүлэх ухаан гэсэн үг юм. Орчин үед энэ нь улам өргөн хүрээнд, тухайлбал зөвхөн хүүхдийг бус бас насанд хүрсэн хүмүүсийг сургах хүмүүжүүлэх утгатай болсон. Нийгмийн хөгжлийн янз бүрийн шатанд сурган хүмүүжүүлэх асуудал ялгаатай байсан.
Археологийн баримтуудаас үзэхэд анхны хүй нэгдлийн үед үр хүүхдээ асран халамжилж, тэднийг хоол хүнсээ олж бэлтгэх арга ажиллагаа, хувцас хунар, орон байраа бэлтгэхэд сургаж байсан ба энэхүү үйл явц нь гол төлөв амьдрал хөдөлмөрийн жирийн нөхцөлд ахмад үеэ даган дуурайх замаар явагдаж байсан байна. Энэ үед амьдралынхаа хэрэгцээт зүйлээ боловсруулах, бүтээх, багаж зэвсэг хэрэглэх явдал доод түвшинд байсан. Газар тариалан, мал аж ахуйн эхлэл төдий хөгжилтэй холбоотойгоор сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаа нь бүх нийтийн нарийн төвөгтэй үйл явц байсан. Хүүхдийн хөдөлмөрийн үйл ажиллагаа ба амьдралын туршлагыг даган дуурайх ба үлгэрлэн зааж зааварлах маягаар эзэмшүүлж байв. Улмаар хүй нэгдлийн гишүүдийн дундаас арай илүү туршлагатай нэгнээ хүүхдийг сургах, хүмүүжүүлэхээр тусгайлан ялгах болсон. Гэр бүл бий болсноор хамтын хүмүүжлийн зэрэгцээ гэр бүлийн хүмүүжил бий болсон.
Эртний Грек, Египет, Энэтхэг,
Хятад зэрэг соёл иргэншлүүдэд хүмүүжлийн үйл явцыг хэрэгжүүлэхийн тулд тусгай
сургалт – хүмүүжлийн байгууллагуудыг байгуулж байсан. Өөрөөр хэлбэл энэ үед
сургууль бий болсон боловч энд зөвхөн баян язгууртны болоод сурвалжит гаралтай
хүүхдүүд суралцаж байсан ба тэдэнд бичиг үсэг бус харин цэргийн урлагт түлхүү
суралцуулж байсан. Тухайлбал эртний Спартын сургуульд бие бялдарын өв тэгш
хүмүүжилтэй, дайн байлдааны арвин их туршлага, мэдлэгтэй, цэргийн хатуу сахилга
баттай хүмүүсийг бэлтгэхэд хамаг анхаарлаа зориулж байсан. Харин МЭӨ 6 – 5-р
зуунд Афины сургуулийн үеэс бичиг үсэг, шинжлэх ухааны мэдлэг олгодог болсон.
Афины сургуульд оюун ухааны ба гоо сайхны хүмүүжлийн систем боловсронгуй
болсон. Гоо зүйн хүмүүжлийг олгох явцад хөгжмийн зэмсгээр тоглох, ба дуулах
зэрэг ур чадваруудыг сургаж байсан. Боол эзэмшигчдийн хүүхдүүдийг жинхэнэ
ноёдын дүрд бэлтгэж байсан ба шинжлэх ухааны мэдлэгт гаргуун, урлагт
мэдрэмжтэй, засаг захиргааг болоод цэрэг армийг удирдан хөтлөх авьяас чадвартай
байсан боловч хөдөлмөрийн чадвар, дадал тийм ч сайн байгаагүй. Харин боолын
хүүхдүүдийг бүх төрлийн бие махбодын болоод үйлчлэх хөдөлмөрт сургаж бэлтгэж
байсан.
Дундад зууны үед шашины ноёрхолын
улмаас шашин сүм хийдийн сургууль голлож эхэлсэн. Энэ үеийн сургуулиуд хатуу
чанд дэг журамтай шашины мэдлэгээс бусад мэдлэгийг үгүйсгэж байсан бөгөөд
хүмүүжлийн ажлын агуулга нь зөвхөн шашины итгэл үнэмшил дээр тогтож байсан.
Сэргэн мандалтын үеэс эхлэлтэй
үйлдвэрлэл, техник технологи, шинжлэх ухаан хөгжиж эхэлснээр боловсрол олгох
байгууллагууд ихэссэн.
Нийгмийн амьдралын нэг томоохон
үүрэг бол хүмүүжил бөгөөд энэ
нь зөвхөн үйлдвэрлэлийн хөгжилтэй холбоотой бус бас түүхийн янз бүрийн үед
үүсэн хөгжсөн сурган хүмүүжүүлэх үзэл санааны үр дүн юм. Хэрвээ хүмүүжил нь хүн
төрөлхтний нийгмийн хөгжлийн явцад үүсэн бий болсон нийгмийн онцгой үүрэг бол
сурган хүмүүжүүлэх ухаан харьцангуй хожуу үед бие даасан шинжлэх ухаан болсон.
Хүмүүжил нь нийгмийн амьдралд зайлшгүй чухал үүрэг гүйцэтгэж, хойч үеийг
амьдралд бэлтгэх асуудалд илүү нухацтай хандах хэрэгцээ шаардлага гарч тусгай
байгууллагууд төрөн гарсан үеэс эхлэн сурган хүмүүжүүлэх шинжлэх ухааны үзэл
санаа хэлбэржиж эхэлсэн.
Хүмүүжлийн тухай анхны үзэл
санаа, онол – туршлага эртний Грекийн философийн хүрээнд боловсорсон. Эртний
Грекийн философийн систем нь амьдралын утга учир, хүний оршихуйн зорилго,
нийгэмд эзлэх хүний байр суурь ба үүрэг, өөрийн үүрэг зорилтыг амьдралдаа
хэрэгжүүлэхэд бэлтгэх зэрэг асуудлыг авч үзэж байсан. Сократ (МЭӨ469-399),
Платон (МЭӨ427-347), Аристотель (МЭӨ384-322), Демокрит (МЭӨ460-370) зэрэг
философичдын бүтээлээс хүний хүмүүжил, бие хүний хөгжил, нийгэмд эзлэх түүний
байр суурийг тодорхойлохтой холбоотой асуудлыг маш оновчтой авч үзсэнийг харж
болно. Эртний Римийн сурган хүмүүжүүлэх үзэл санаа Марк Квинтилианы (35 – 96 оны
орчим амьдарч байсан) ажилд тодорхой хэмжээгээр тусгалаа олсон. Харин дундад
зууны үед шашины хатуу үзэл санааны хүрээнд сурган хүмүүжүүлэх санаа хөгжиж
байсан боловч Витторино да Фельтре (1378 - 1446), Франсуа Рабле (1483-1533)
нарын гуманист сурган хүмүүжүүлэгчид ч бас байсан. Энэ үеийн сүм хийдийн
хүмүүжлийг хатуу эсэргүйцэж, түүний эсрэг грек – ромийн шилдэг уламжлалыг
тусгасан хүмүүжлийн хүмүүнлэгийн шинэ хандлагыг дэвшүүлсэн хүн бол Голландын
Эразм Роттердамский (1469-1536) юм.
Хэдийгээр сурган хүмүүжүүлэх үзэл
санаа бүр эрт үеэс үүсэн хөгжсөн боловч энэ нь харьцангуй хожуу үед бие даасан
шинжлэх ухаан болсон хэмээн дээр тэмдэглэсэн билээ. Энэхүү үйл явц нь Чехийн
алдарт сурган хүмүүжүүлэгч Ян Амос Коменскийтэй (1592-1670) салшгүй холбоотой.
Түүний “Аугаа их Дидактик” гэсэн гол бүтээл бол сурган хүмүүжүүлэх ухааны анхны
бүтээл гэж зүй ёсоор тооцогддог ба тус бүтээлдээ тэрээр хүүхэд бүрийг хамарсан
өргөн хүрээний боловсролын үүрэг, ач холбогдлыг тэмдэглэж, сургалтын агуулгыг
тодорхойлж, сургалтын арга ба зохион байгуулах хэлбэрийг авч үзсэн байдаг.
Я.А.Коменскийн санал болгосон сургалт ба хүмүүжлийн зарчим, арга, хэлбэр (жишээ
нь, анги — хичээлийн систем) зэрэг нь сурган хүмүүжүүлэх ухааны алтан сан
хөмрөгт орсон.
Английн философич Джон Локк
(1632-1704) “Хүмүүжлийн тухай бодол” хэмээх бүтээлдээ цэвэр Англи маягийн
хүмүүжлийн уламжлалыг авч үзсэн байдаг. Харин 18-р зууны Францын их сэтгэгчид
болох Ж.Ж.Руссо (1712-1778), Гельвеций (1715-1771), Дидро (1713-1784) нар
хүмүүжлийн үүргийг өндрөөр үнэлж, энэ нь нийгмийн боловсролд маш чухал
хэрэгцээтэй зүйл юм гэдгийг онцлон тэмдэглэснээрээ сурган хүмүүжүүлэх ухааны
цаашдын хөгжилд үнэтэй түлхэц болсон.
Сурган хүмүүжүүлэх ухааны цаашдын
хөгжилд Швейцарийн нэрт сурган хүмүүжүүлэгч Иоганн Генрих Песталоцци (1746 -
1827) өөрийн сурган хүмүүлэх үйл ажиллагааны практик туршлага томоохон хувь
нэмэр оруулсан ба түүний сурган хүмүүжүүлэх ардчилсан үзэл санааг Германы
сурган хүмүүжүүлэгч Фридрих Адольф Вильгельм Дистервег (1790 - 1866)
үргэлжлүүлэн хөгжүүлж байсан бөгөөд сургуулийн багшлах боловсон хүчнийг бэлтгэх
талаар анхаарч ажиллаж байсных нь хувьд түүнийг багшийн багш хэмээн нэрлэж
байсан.
Оросын нэрт сурган
хүүмүүжүүлэгчид болох В.Г.Белинский (1811 - 1848), А.И.Герцен (1812 - 1870),
Н.Г.Чернишевский (1828 - 1889) ба Н.А.Добролюбов (1836-1861) нар сурган
хүмүүжүүлэх шинжлэх ухааны хөгжилд өөр өөрсдийн хувь нэмэр оруулсан. Мөн сурган
хүмүүжүүлэх онол ба сургалт, хүмүүжлийн үйл явцыг зохион байгуулах асуудлыг
Л.Н.Толстой (1828-1910) нэлээд сонирхож тариачдын хүүхдүүдийг сургах сургууль
байгуулан ажиллуулж, хэд хэдэн сурах бичиг, тэр дундаа хүүхдэд зориулсан
“Цагаан толгой” ба арифметикийн сурах бичгийг өөрөө зохиосон байдаг.
Константин Дмитриевич Ушинскийн
(1824-1870) “Хүн хүмүүжлийн хэрэгсэл болох нь”, “Төрөлх хэл”, “Хүүхдийн ертөнц”
зэрэг бүтээлүүд нь сурган хүмүүжүүлэх ухаанд томоохон байр суурь эзэлдэг.
Орос улсад Зөвлөлт засаг тогтсоноос
хойш зөвлөлтийн сургуулиудын үүсэл хөгжил, багш сурган хүмүүжүүлэгчдийн
төлөвшихөд Н.К.Крупская (1869-1939), А.В.Луначарский (1875-1933), А.С.Макаренко
(1888-1939), М.И.Калинин (1875-1946), В.А.Сухомлинский (1918-1970) нарын
оруулсан хувь нэмрийг дурьдаж болно.