мультимедиа хэрэглэгдэхүүн

мультимедиа хэрэглэгдэхүүн

2015-10-15

Эртний Грек

Нина.Ц. Дэлхийн боловсролын түүх 
/Нэн эртнээс өнөөг хүртэл/.-УБ.,2009



1. Эртний Грек


1.1. Афины хүмүүжил



Эртний Грект бүр анхнаасаа хүүхдийн хүмүүжилд ихээхэн анхаарал тавьж байв. Афин дахь хүмүүжлийн гол зорилго оюун ухаан, гоо зүй, бие бялдрын хөгжилтэй, биеийн гоо сайхныг ёс суртахууны сайн үйлтэй хослуулсан Афины чөлөөт нийгмийн хүнийг төлөвшүүлэхэд чиглэгдэж байжээ. Бүр МЭӨ Y зуун гэхэд Афины чөлөөт иргэдийн дунд бичиг үсэг мэддэггүй хүн алга байв. Энэ үед гэрийн сургалт сургууль уруу шилжиж, Хөвгүүд өөрийн “багшийн” (итгэлтэй боолуудын) хяналтан дор грамматист, кифарист, палестр сургуульд явах болов.


Грамматист сургуульд хөвгүүд эрдэм мэдлэгийг ивээн тэтгэгч охин тэнгэрийн хөргөн дор уншиж, бичиж, тоолж сурдаг байв. Сургуульд гол төлөв лааны тосон самбар болох диптих хэмээн нэрлэдэг ном шиг нээгддэг нэг талаар нь нугалсан холбоотой хоёр самбарыг ашиглаж байжээ. Энэ самбарын дотор талд лааны тос түрхээд түүн дээрээ төмөр саваагаар үсэг, тоо бичих ба түүнийгээ амархан арилгадаг байв. Бичиж дуусаад самбараа хоёр нугалан эвхэх нь хялбар байсан байна.





Диптих самбар

Энэ тохиолдолд самбарыг бичсэн зүйлээ хадгалах, мөн нуух зорилгоор ч ашиглана. Сургуульд аливаа зүйлийг сонсоод ойлгож сурах ба хэдийгээр өдөр дутмын хэлний баялагаас ялгаатай боловч тухайн үедээ грекүүдийн сүм, хийдийн хэл мэтээр хэрэглэж байсан алдарт туульч Гомерийн зохиолоос бүтэн бадгаар нь цээжлүүлж, уншуулдаг байв.

Гомерийн араас Гесиод ба Феогнидийн ёс суртахууны сургаалиуд, Солоний амьдралын түүх, Эзопийн зохиолуудыг мөн адил сурах бичгийн журмаар хэрэглэж байв. Энд мөн чулуугаар тоолж сургана. Арай хүндэвтэр арифметик үйлдлийг савх модоор ч гүйцэтгэдэг байв. Боловсролынх нь хөтөлбөрт чухал байр эзэлдэг нэг зүйл бол Грекийн хотуудын чөлөөт иргэд оролцдог шашны баярт бэлтгэх явдал байв. Энд хөвгүүдийг зан үйлийн дуу болон нийтээр дуулах дуу, гоцлол дуунд сургаж, хамтад нь ёслолын сүлд дуу дуулуулж сургана.

Кифарист сургуульд ятга ба кифар хөгжим тоглож сургадаг ба үүнийг тоглож чадахгүй хүнийг боловсролгүй хүн хэмээн тооцож байв. Энэхүү хөгжмийн аялгуунд хөвгүүд Паллад бурханыг магтан дуулсан афины хуучин сүлд дууллууд, Стесихор, Симонид нарын яруу найргаас дуулдаг. 12 наснаасаа эхлэн хүүхэд гимнастик хичээллэнэ. Энэ хичээлийг педотриб (үгчилбэл дасгалжуулагч хөвгүүн гэсэн үг) удирдан явуулна. Төр болон гэр бүлээс хөвгүүдийг авхаалжтай, хүчтэй, уян хатан байж, цэргийн эрдэмд эртнээс боловсрохыг ихэд чухалчилж байв. Педотрип нь хөвгүүдэд жад болон зээрэнцэг хэрхэн шидэхийг зааж, гүйлт, харайлтад сургаж, гимнастикийн төрөл бүрийн тэмцээнд бэлддэг. Спортын тэмцээнүүд энэ талын арга хэмжээнд зориулан байгуулсан байр буюу палистрад явагдана. Ихэнх хичээл флейт буюу бишгүүр хөгжмийн аянд явагддаг байв. Палестра нь жирийн нэг өрөө биш том хэмжээний баганат ордон бөгөөд тэнд өөрийн хөвгүүдийг харахаар эх, эцгүүд болон албаны хүмүүс олноор ирдэг байв. Чухам ийм байрнуудад Сократ зэрэг алдарт философчид өөрийн сургаалаа айлдаж байжээ. Хүмүүжлийн энэ гурван хэрэгсэл дээр нэмэгдээд дээрх гурвыг нэгтгэсэн хорей хэмээх сургалт явагдаж байсан бөгөөд үүнийг төгсөгчдийг түүхч Аристофан “палестрт сурч, дуунд суралцаж, урлагийг эзэмшигчид” хэмээн нэрлэж байв.



Эртний Грект ийм байрнуудад сургалт явуулна


16 наснаас эхлэн хөвгүүд өөрийн боловсролыг гимнасид үргэлжлүүлнэ. “Гимнас” гэсэн нэр нь эртний грекийн gymnos гэсэн үгнээс гаралтай бөгөөд “нүцгэн” гэсэн утгатай аж. Эртний Грект биеийн тамир ба гимнастикаар хичээллэхэд зориулсан байрыг гимнас хэмээн нэрлэж байв. Палестрад суралцаж дууссан 16-18 насны язгууртан хөвгүүд гимнасид суралцаж, ямар нэг тэмцээнд бэлтгэх буюу аливаа шинжлэх ухааныг гүнзгийрүүлэн судалдаг. Гимнасид байрладаг хамгийн уужим том байрыг эфебион хэмээн нэрлэдэг ба тэнд тамирчид бөх болон гар зодооноор хичээллэдэг. Удаан хугацаанд бэлтгэл хийсний дараа хөлс, хирээсээ салахын тулд халуун, хүйтэн усаар урьдчилан дүүргэсэн онгоц ашигладаг байв. Үүнийхээ дараа амрах зориулалтын тусгай өрөө бэлтгэсэн байдаг. 



Алдарт гүн ухаантнуудын байгуулсан Афины сургууль

Мөн тэндээ хөвгүүд багш нартайгаа маргах урлагаар хичээллэн том илтгэгч, гүн ухаантнууд тэдэнд зориулан лекц уншдаг. Зарим гимнасийн дэргэд илтгэх урлагийн ба гүн ухааны сургуулиуд ажилладаг ба тэдгээр нь өөрийн багш нараараа алдаршиж байв. Тухайлбал  МЭӨ IV зуунд гүн ухаантан Платон өөрийн Академиа байгуулжээ. Түүний сурагчид Акадёма баатрын нэрээр нэрлэгдсэн гимнасид цугларч байв. Мөн Афинаас холгүй газарт Аристотелийн байгуулсан Ликей (өнөөгийнхөөр Лицей) ажиллаж байсан бөгөөд түүний дэргэд мөн гимнас ажиллаж байв.



Пифагор (МЭӨ 580 - 500 он)


Пифагорын үзэж байгаагаар сургалт нь хүний нас зүйд тохирох ёстой ба (нас зүйн үечлэлийн гол үндэс нь цаг хугацааны 7 жилийн ангилал байв) ой тогтоолтыг хөгжүүлж, бэрхшээлийг бие даан даван туулах ажиллагаанд сургахад чиглэнэ. Тэрээр өдрийн дэглэмийг ухамсараа цэгцлэх зорилгоор өглөөний ганцаарчилсан зугаалга хийх, сүмд очиж ёс зүйд суралцах, ариутгах, гимнастик, өглөөний цай, нөхөдтэйгээ хамтран олсон мэдлэгээ баталгаажуулах, унших, багшаас суралцах хэмээн ангилжээ. Сургалт сайн дурынх бөгөөд сурагч ба багшийн харилцан сонирхолын үндсэн дээр явагдана. Ингэхгүйгээр үр дүнд хүрэхгүй. Багш сурах үйлийг хөнгөвчлөх ёсгүй хэмээн тэрээр сургажээ. 

Цаг өнгөрөх тусам гимнасийн байр улам том, уужим болж, түүнд зориулан дээвэртэй баганат байр баригдан өвөл ч гэсэн хичээллэх болов. Амралтын өрөө буюу экседрүүдийг урлагийн бүтээлээр чимэглэн, усан сан бүхий өрөөнүүдийг өнгөт хавтан, гантиг барималуудаар чимэглэх болжээ. Гимнасид энд тэндгүй гавшгай, хүчтэй тамирчдыг ивээн тэтгэгч Гермес бурханы хөргийг зална.




Пифагорын теоромыг баталсан эртний Грекийн бичвэр



Гераклит (МЭӨ 544 - 483 он)


Олон юм мэдсэнээр ухаан суухгүй хэмээн Гераклит үзэж байв. Түүнийхээр хүн суралцах чадвартай. Үнэнийг танин мэдэхийн тулд маш мэрийлттэй сурагч байх шаардлагатай. Танин мэдэхүйн хоёр үндсэн зэвсэг бол сэрэл (мэдрэхүйн эрхтэний тусламжтайгаар хүн хүрээлэн буй орчинтойгоо харьцаанд орж, сэтгэх аргад суралцдаг), оюун ухаан (түгээмэл танин мэдэхүй бол үнэний шалгуур бөгөөд түүнийг ойлгож сурах хэрэгтэй) юм. Мэдрэхүй бус харин оюун ухаан үзэгдлийн жинхэнэ гэрч мөн. Оюун ухааны ба ёс суртахууны хүмүүжил нэгдмэл үйл явц мөн хэмээн Гераклит үзэж байв. Түүнийхээр бие даан сэтгэх чадварын хөгжил ба байгальд нийцүүлэн ажиллаж сурах нь хамгийн чухал сургалт ажээ. Хүмүүжилдээ байгалийн хуулийг дагахыг уриалж байв.

Харин охидууд өөрийн эхийн дэргэд суралцах боловч, энэ шинжлэх ухаан нь нилээд нарийн төвөгтэйд тооцогдож байв. Тэдний хувьд аж ахуй хөтлөх аргад суралцахын зэрэгцээ гэр ахуйн анагаах ухаанд суралцах үүрэг ноогддог. Учир нь үр хүүхэд төдийгүй гэр бүлийн бүх гишүүдэд санаа тавих үүрэг гэрийн эзэгтэйн заавал сурах үүрэг байв. Тэдний хоёр дахь сургууль бол дээр дурьдсан хорей бөгөөд тэднийг бусдын нэг адил төрөлх бурхандаа үнэнчээр зүтгэхэд сургадаг. Охидууд зан үйлийн баярт бэлтгэгдэх зорилгоор заавал дуулж, бүжиглэж сурна. Тэд мөн утга зохиолтой ч танилцдаг байв. Бүр МЭӨ YII зууны үед Грекийн зарим нэг мужуудад охидуудад хөгжим, яруу найраг, дуу, бүжиг заадаг эмэгтэйчүүдийн сургууль ажиллаж байсныг түүхэнд тэмдэглэсэн байдаг.



Демокрит (МЭӨ 470/460 - 371 он)


Хүмүүжлийг хүүхдийн мөн чанартай холбон зохицуулахын зайлшгүйг илэрхийлж байв. Түүнийхээр байгаль ба хүмүүжил адил бөгөөд хүмүүжил нь хөдөлмөр, ёс суртахууны тасралтгүй үйлдэл, биеэ зөв авч явах тасралтгүй дасгалуудын үндсэн дээр хүнд хоёр дахь байгалийг бий болгодог. Хөдөлмөр нь хүмүүжлийн чухал нөхцөл учраас хөдөлмөрт хүчээр бус дасган сургах ёстой. Тэрээр өөрийгөө хөгжүүлэх үндсэн сэдэл тэмүүлэл нь хүүхдийн сониуч зан хэмээн үзжээ. Түүнийхээр сургалтад мэдлэгийн тоо чухал бус харин сэтгэлгээ, оюун ухааны хөгжил чухал байдаг. Ингэхэд гэр бүл, эцэг, эх их үүрэг гүйцэтгэнэ. 

Домог ярианд өгүүлсэнээр ийм сургуулиудын нэгийг алдарт яруу найрагч эмэгтэй Сапфо удирдаж байжээ. Түүний бичсэн шүлгүүдэд гоо сайхан, төгс төгөлдөрийн орчинд хүмүүжсэн өөрийн сурагч охидуудад зориулсан эелдэг яруу тунгалаг мөрүүд олонтоо тохиолддог. Өөрийн эхнэрээс нөхөр нь олон насаар ахмад байдаг Грекийн заншил ёсоор охидын боловсрол нөхөрт гарсанаар төгсгөл болдог ажээ. 

Афины боловсролын энэ тогтолцоонд сүүл үрүүгээ дээд боловсрол хэмээн хэлж болохуйц элемент агуулсан төрлүүд нэмэгдэх болжээ. Тухайлбал, биеийн болон оюуны сургалтыг хамтатгасан эфебии буюу 16 ба түүнээс дээш насны хөвгүүдийг ард түмний сонголтоор төрөөс тавьсан “софронист” ба “космет”-уудын хаяналтын дор сургах сургалт, түүний дараа математик, байгалийн ухаан, ялангуяа ёс зүй-улс төрийн ухааныг софистууд болон Платон, Антисфен, Аристотель зэрэг гүн ухаантнуудын удирдлага дор суралцах сургалт гарч ирсэн юм.



Сократ (МЭӨ 469 - 399 он)


Философийн мэдлэг хүний бие даасан шинж үрүү хандах болсон үеийн үзэл баримтлал болох Сократын сургаал нь хүн ба хүмүүнлэг үзлийн асуудал төлөвшин тогтохтой холбоотой. Түүнийхээр философийн зорилго “өөрөө өөрийгөө танин мэд” гэсэн сайн үйлийн үнэнийг танин мэдэх хувийн танин мэдэх шинжид оршино. Түүний сургаалийн мөн чанар хүний санаа бодлын ёс зүйн чанарт чиглэсэн философи юм. Ёс суртахуунт чанарын чин эрмэлзэл нь мэдлэг ба цэцэн мэргэнтэй адил сайн үйл билээ. Хүн биеэ муу авч явах нь түүний мэдлэггүйтэй холбоотой. Сайн үйл бүтээгч гэдэг нь сайн үйл ба алдар хүнд бүтээх тухай ойлголтоор нөхцөлдсөн бөгөөд хүнээс бие даан боловсруулсан чанар юм. Өөрийгөө танин мэдэхүй нь хамгийн дээд сайн үйл мөн. Багшийн эзэмшсэн урлаг бол ярилцлагыг чадварлаг хийж, үнэнийг эрэлхийлсэн асуудлыг ухаалаг тавих явдал ажээ. Тэрээр үнэнийг маргааны явцад танин мэднэ хэмээн үзсэн.  Хүн аливаад бодитойгоор дасан зохицох урьдач нөхцөл нь жинхэнэ үнэн тус авчрагч зан төлөвийн ёс суртахууны үндэс болох өөрийгөө танин мэдэхүй юм.  Сократын сурган хүмүүжүүлэх гол арга нь багш сурагчдаа үнэнийг буй болгоход туслахад оршдог ажээ. Мөн ярилцагчийнхаа хэт өөртөө итгэлтэй байдлыг алдагдуулж, түүнийг өөрийн амьдралын мөн чанарыг дотроо тунгаан бодоход хүргэх явдал юм. Өөрийн мэдлэггүйг ойлгосон сурагч бие даан сэтгэх үйл ажиллагаанд ордог. Иймээс боловсрол дахь бие хүний хөгжилд чиглэсэн хөгжигч, хүмүүнлэг хандлага, сургалтын эвристик аргын төлөвшил, ярилцлагын арга түүний нэртэй салшгүй холбоотой.



1.2. Спартын хүмүүжил


Спартын хүмүүжлийн үндсэн зорилго нь тэвчээртэй, зоригтой, дайснаа үл өрөвдөгч дайчин эрийг хүмүүжүүлэхэд оршино. Энэ нь тэдний хүмүүжил, сургалтын тогтолцооны зорилтыг тодорхойлдог байна. Хүмүүжлийн хатуу чанд тогтолцоо нь хөвгүүд хүчтэй, дуулгавартай, аймшиггүй болон төлөвшихөд чиглэгдэнэ. 




Платоны академи




Платон (МЭӨ 427 - 347 он)


Сократын шавь болох Платон нь бүх бодитой зүйлсийн үндэс болох мөнхийн санааны тухай сургаалыг боловсруулсан юм. Тэрээр төрийн үндэс бол нийтийн сайн үйл хэмээн үзэж байв. Боловсролын зорилго нь дээрх үзлийг хэрэгжүүлэхэд төрд зайлшгүй хэрэгтэй тийм чанаруудыг нийгмийн гишүүдэд төлөвшүүлэх явдал ажээ. Иймд боловсрол нь хүнийг субьектив, хувийн сонирхолоос хөндийрүүлж, нийтийн эрх ашигт зохицоход сургах үүрэгтэй. Тэрээр гэр бүлийн хүмүүжлийг хэт үгүйсгэж үзсэн байна. Тэрээр гэр бүл зохиохыг төрөөс хянаж, хүүхдийг төрийн мэдлийн хүмүүжүүлэх газруудад нийтээр нь хооллож, 3-6 насанд нь тусгай хүмүүжүүлэгч хүмүүжүүлж, 7 наснаас нэгдсэн төрийн сургуулиудад сургах ёстой хэмээн үзэж байв. Боловсролыг төрийн хяналтын дор явуулна. Түүний удирдаж байсан Академид математик, диалектик, одон орон, байгаль шинжлэл үзэж үүнийгээ зааж сургахад ярилцлага, маргаан, харилцан яриа зэрэг янз бүрийн аргуудыг хэрэглэж байв. Мөнхийн санаа бол бие хүний төлөвшилтөд дотоодоос нь нөлөөлөх хүчирхэг зэвсэг ажээ. Хүүхдийг багаас нь бодол санаанд нь төгс төгөлдөр ертөнцийн тухай мэдлэг төлөвшихөд хүргэх сайхан ба сайн үйлийн хүрээлэлд өсгөх ёстой.

Спартад хүүхэд хүмүүжүүлэх нь иргэн хүний нийгмийн нэг чухал үүрэг бөгөөд энэ үйл ажиллагаа төрийн мэдэлд байв. Тухайлбал, гурван хүү төрүүлсэн Спартын иргэн харуулын албанаас чөлөөлөгдөж, таван хүү төрүүлсэн хүн аливаа үүрэгт ажлаас бүрэн чөлөөлөгдөх жишээтэй. Хүүгээ хүмүүжүүлэх нь эцгийн хүсэл зоригоос төдийлөн хамаарахгүй. Тэрээр хүүгээ ахмад хүмүүс хүүхэд хүмүүжүүлэхийн тулд тусгайлан байрладаг “лесхэд” аваачдаг. Хэрэв хүүхэд эрүүл чийрэг болох нь тогтоогдвол эцэгт нь буцааж өгөх ба тэгэхдээ эцэгт нь бага хэмжээний газар ч өгдөг байна. Харин сул биетэй болон оюун ухаан хомсдолтой хүүхэд гаргуундаа хаягдах хувь тохионо.



Эрдэмтэн, дайчин хоёр Спартын бэлэг тэмдэг болж байв


Хүүхэд хүмүүжүүлэгч тусгай хүн байх ба тэрээр хүүхдийг багаас нь өлгийдөхгүй. Харин бүх биеийг нь үргэлж чөлөөтэй байлгаж, их идүүлэхгүй, хоолонд шуналтахгүй, харанхуйгаас болон ганцаараа үлдэхээс айхгүй, зөрүүдлэхгүй, уйлахгүй байхад сургадаг. Долоон нас дөнгөж хүрэнгүүт хөвгүүдийг цуглуулж, “агел” хэмээн нэрлэгддэг бүлгүүдэд хуваарилна. Тэд хамтдаа амьдарч, хооллож, тоглож өөрөөр хэлбэл цагийг үргэлж хамтдаа өнгөрүүлдэг байна. Аливааг бусдаасаа түрүүлж ойлгодог, гимнастик илүү сайн хийдэг хүүхдийг агелийн ахлагчаар томилно. Бусад нь түүнээс суралцах ёстой ба түүний үгийг ягштал биелүүлж, гаргасан шийтгэлийг нь үг дуугүй биелүүлнэ. Учир нь сургууль бол дуулгавартай байхад сургадаг газар ажээ. Ахмадууд хүүхдүүдийн тоглохыг алсаас ажиглаж, тэдний дунд яс хаян зодолдуулж, хэн нь хэн бэ гэдгийг тогтоодог байв.



Антисфен (МЭӨ 435 - 370 он)

Киникийн сургуулиудыг үндэслэгч. Хүмүүжлийн үндсэн хэрэгсэл бол багшийн үзүүлэх үлгэр жишээ хэмээн үзэж байсан. Хүний сайн сайхан гэдэг бол түүний хөдөлмөрийн үр дүн учраас хөдөлмөрөөс олж авсан сэтгэл ханамжаараа баясах ёстой гэсэн байна. Хүүхэд хүндрэл бэрхшээлийг даван туулахад суралцах ёстой. Иймээс хүмүүжлийн нэг чухал зорилт аливаад хатаагдаж, эрс тууштай занд суралцаж, зовлон бэрхшээлийг даван туулж, эд хөрөнгөнөөс зайлсхийхэд оршино.  Түүний үзэж байгаагаар сургуулийн үндсэн зорилго сайн үйлд сургаж, зориг тэмүүлэлээр хүмүүжүүлэх явдал юм. Сайн үйлийн шалгуур нь мэдлэггүй байх явдал бус харин сурагчдын өөрсдийн үйл хөдлөл. Иймд тэднийг гимнастикийн төрөл бүрийн дасгалаар хүмүүжүүлнэ. Амьдрал дахь гол хүмүүжүүлэгч, удирдагч нь хүний оюун ухаан учир хүний ухааны хөгжил тэргүүн зэрэгт тавигдана хэмээн үзсэн.






Ксенофонт (МЭӨ 430 - 355 он)


Сократын шавь, “Кирийн хүмүүжил” хэмээх удирдагчийн боловсрол, хүмүүжлийн тухай сурган хүмүүжүүлэх ухааны ном бичсэн. Сургалтад яриа, маргааны урлагийн гүйцэтгэх үүргийг өндрөөр үнэлж, аливаа зүйлийг харьцуулж, дүгнэж сурах нь мэдлэг эзэмших үндсэн арга хэмээн үзсэн. Нийгэмд хэрэгтэй төгс иргэнийг төлөвшүүлэхийн тулд боловсролын тогтолцоог төрийн мэдэлд байлгах хэрэгтэй хэмээн үзэж байв. Төгс хүнийг бага наснаас нь сургуулиар бэлтгэнэ. Тэр эргээд төрд үйлчлэх ёстой. Бие бялдрын хүмүүжлээс гадна оюун ухааны хүмүүжил чухал нөлөөтэй. Хүүхэд бол гэр бүлийн бүтээгдэхүүн бус төрийн бүтээгдэхүүн юм. Тэднийг төрд үйлчилж сургах нь боловсролын хамгийн том зорилт болдог. Хүүхэд философ боловсрол хир зэрэг гүнзгий авна төр тэр хэмжээгээр хүчтэй байна гэж үзсэн.

Уншиж, бичихэд зайлшгүй суралцах ба хүмүүжлийн бусад хэрэгслүүд үг дуугүй захирагдах, тэвчээртэй байх, ялж сурахад  чиглэдэг байна. Жил өнгөрөх тусам тэдний хүмүүжлийн арга хэрэгсэл улам чангарах ба үсийг нь хусч, хөл нүцгэн явуулж, нүцгэнээр хамтдаа тоглож сургах болжээ. 13 наснаас эхлэн бүх хувцасаа тайлж, жилдээ ганц удаа хувцас авах болдог. Тэдний арьс наранд түлэгдсэн эв хавгүй байв. Тэд халуун усанд ордоггүй, жилд ганц хоёр удаа л хирнээсээ сална. Тэд модны мөчрөөр хийсэн дэвсгэр дээр унтах ба энэ дэвсгэрээ Эврот голын эргээс түүсэн модноос нүцгэн гараараа бэлтгэдэг байв. Өвөл “зарааны хөл” хэмээх ургамлаар хийсэн хувцсыг доод хэсгээ халхлах зорилгоор өмсөнө. Энэ ургамлыг дулаацуулах чанартайг нь тооцон дэвсгэртээ мөн адил зулна. Хүүхэд наснаасаа өнгөрөөд жил болсон залуусыг “иренүүд” хэмээн нэрлэх ба 20 настай ирен өөрийн удирдлагад байгаа багачуудыг удирдан бүхнийг бэлтгэнэ. Арай томхон хөвгүүдээр түлээ мод бэлтгүүлж, багачуудаар хүнсний ногоо бэлтгүүлнэ.



Аристотель (МЭӨ 384/3-322/1 он)


Платоны шавь, Македоны Александрийн хүмүүжүүлэгч, нэрт философч. Аристотелийн бүтээлүүд тэр үеийн мэдлэгийн бүхий л салбарыг хамарч байв. Төрийн боловсролын бодлогыг дэмжиж байсан боловч, гэр бүл дэхь хүмүүжлийг үгүйсгээгүй. Гэр бүлийн ба нийгмийн боловсрол нь ерөнхий ба нэгжийн харилцан хамаарлаар зохицуулагдана. Түүнийхээр хүн бол нийгмийн ба улс төрийн амьтан юм. Тэрээр мөнхийн санааны тухай Платоны үзлийг шүүмжилж, хүүхдийн оюун ухаан төрөх үедээ “цэвэр самбар” мэт байдаг хэмээн үзсэн байна. Хүмүүжлийн гол зорилт хүүхдэд асар олон салбараас мэдлэгийн гол үндсийг өгч тэднийг бие даан сэтгэхэд сургах явдал ажээ. Хүмүүжлийн зорилго залуу үеийнхнийг сайн үйлд сургах явдал мөн. Хүмүүжүүлэгч юуны өмнө ургамлын (хооллох, үржих), амьтны (мэдрэх, сэрэх), оюун ухааны (сэтгэх, танин мэдэх) гэсэн янз бүрийн үүрэг бүхий 3 хэсгийг багтаасан оюун санааг хүүхдэд төлөвшүүлэх ёстой. Санаа бодлын дээрх 3 төрөлд тохирох хүмүүжлийн 3 төрөл нь бие бялдрын, оюун ухааны, ёс зүйн хүмүүжил юм. Хүмүүжлийн хүчин зүйл бол гадаад ертөнц, хүнд шингэсэн нөөц бололцоог хөгжүүлэгч дотоод хүч, нийгэмд хэрэгтэй чиглэлийн зорилготой хүмүүжүүлэх ажээ. Харин сургалтын үе шат гэвэл бичиж, уншиж, тоолох чадвар эзэмших, бие бялдрыг төгөлдөржүүлэх, гоо сайхны хөгжил болно. Боловсрол дахь биеийн хөдөлмөрийг боолын хөдөлмөр хэмээн үгүйсгэж байв. Түүний сургалтын аргад өдөөх, жишээ үзүүлэх, сэтгэл хангамж үүсгэх дасгал сургуулилт ордог.  

Тэдний олж ирсэн бүхэн хулгайн зүйл байдаг байв. Үүнийгээ янз бүрийн аргаар гүйцэтгэнэ. Баригдсан хөвгүүнийг овсгоогүй хулгайч хэмээн ташуурддаг.

Тэднийг бүр багаас нь сайн, муу зүйлийг ялгаж сургах ба бусад хүнийг үнэлж, цэгнэхэд сургадаг байна. Аливаа хариултад тухайн хариултын шалтгаан, баталгааг товч хэлбэрээр заавал багтаана. Хариулагч анхааралгүй байвал ирен дунд хуруугаараа няслана. Харин энэ үед хүмүүжлийн арга, хэрэгсэл нилээд сулрах ба хөвгүүдийг үсээ ургуулж, зэвсэг зүүж, хувцас өмсөхийг зөвшөөрдөг. Маш хурц ярьж, тулалдаанд шийдэмгий орсон хөвгүүнийг сайшаана. Бусад талаараа тэдгээр хүүхдүүдийн амьдрал төдий л хүнд биш бөгөөд учир нь тэднээс хүмүүжлээс гадуур зүйл нэг их шаарддаггүй. Иймд тэд аливаа аялал, аян дайныг бараг л амралт мэтээр хүлээн авдаг байна.

Төрөөс хөвгүүдийг ингэж хүмүүжүүлэх хүмүүжил 18-20 насанд дуусах ба энэ үед хөвгүүд цэргийн эрдэмд суралцаж, гүн ухааны болон бусад сургуульд суралцаж амжсан байдаг. Спартын хүмүүжлийн аргын хатуу чанга, харгис шинжийг янз бүрээр хүлээн авдаг. Тэдний тэсвэр, тэвчээртэй байдал товч тодорхой ухаан үргэлж магтагддаг боловч, харгис, хэрцгий чанар, цэргийн эрдэмд хэт улайрсанаас оюун ухааны болон уран сайхны хүмүүжлийн тал дээрээ доголдох болсон нь гоо сайхан ба сайн үйлыг хамтад нь хөгжүүлэгч “калогат” үзэл ноёрхсон бусад полис хотуудын зүгээс хурц шүүмжлэлд өртөж байжээ.



1.3. Эллинизмийн үе (МЭӨ 3 - 1 он)



Македоны Александр нас барсан үеэс (МЭӨ 323 он) эхлэн эртний Грек Римийн эзэнт улсын мэдэлд орох хүртэлх үеийг эллинизмийн үе хэмээн нэрлэдэг. Энэ үеийн хүмүүжлийн үндсэн үзэл баримтлал бие даасан, хэнээс ч үл хамаарах, хүчтэй цэцэн мэргэн бие хүнийг төлөвшүүлэх явдал байв. Энэ үед сургалтын төрийн байгууллагууд Грект олноор байгуулагдах болжээ. Чөлөөт иргэдэд зориулагдсан энгийн боловсролыг 7-12 насны хүүхдүүд эзэмшинэ. Илүү гүнзгий сургалтыг утга зохиол, яруу найргын урлаг судлах хэлний сургуулиудад олдог байв. Гимнасид хичээл гол төлөв утга зохиол, философ, хөгжмийн тухай ярилцлага өрнүүлж, газар зүй, математик, илтгэх урлагт сургаж байв.



Эпикур (МЭӨ 341 - 270 он)

Демокритийн атомист үзлийг үргэлжлүүлэгч, мэдрэхүйд мэдрэгдсэн зүйлс үнэн бөгөөд танин мэдэхүй дэхь буруу тайлбарууд алдаанд хүргэдэг хэмээн үздэг сенсуалист үзлийг үндэслэгчдийн нэг. Сургалтын зорилго нь хүнийг зөвөөр сэтгэхэд оршино хэмээн үзсэн. Хүн хувь заяаныхаа тоглоом бус харин хувь заяагаа өөрөө шийдэгч юм. Ингэхэд түүнд болж буй үйл явцын хуулиудын мэдлэг туслах ба түүний үндсэн дээр тэрээр хийж буй үйлийнхээ зорилгыг чөлөөтэй сонгож, амьдралаа зөвөөр зохицуулдаг. Зайлшгүй нөхцөлийн хүрээнд хүн эрх чөлөө, аз жаргалд хүрэх замаа олно. Байгалийн хуульд захирагдаж, аливаа шаардлага зохистой бол түүнийг биелүүлж, хортой бол эрс шийдэмгий дарахад хүүхдийг сургах ёстой хэмээн үзжээ. Хүний аз жаргалын шалгуур бол сэтгэл ханамжийн мэдрэмж бөгөөд сэтгэл ханамж буй болгох нь сайн үйл юм. Харин зовлон зүдгүүр бий болох нь муу үйл ажээ. “Сэтгэл баясал бол эцсийн зорилго хэмээн ярихдаа бид мэдрэмжээсээ олж авсан баясалыг ярьж байгаа бус харин бие бялдрын зовлон, сэтгэлийн шаналалаас чөлөөлөгдөж буйг ойлгодог” хэмээн тэр өгүүлсэн байна. Аз жаргал, эрх чөлөөнд танин мэдэхүйгээр дамжин хүрнэ. Түүний сурагчид сургуульдаа гүн ухаан судалж, түүнээсээ асар их таашаал авч байжээ. Учир нь түүний сургаал нийгмийн гишүүн болох хүнд хандах шинэ хандлагад үндэслэж байв.