Нина.Ц. Дэлхийн боловсролын түүх
/Нэн эртнээс өнөөг хүртэл/.-УБ.,2009
Римийн төрт ёс тогтнож байсан эхний 2 зуунд боловсролын ямар тогтолцоо оршиж байсан талаар мэдээ түүхэнд үлдээгүй байна. Сургууль, сургалтын тухай анхны мэдээ МЭӨ 449 оны үед хамаарах бөгөөд залуу Вергиний өдөр бүр асрагчаа дагуулан сургуульд явж байсан тухай тэмдэглэгдэн үлджээ. Камилла хааны үед Италийн жижиг хотуудад баян иргэдийн хүүхдүүд суралцдаг сургууль ажиллаж байсан байна.
2. Эртний Рим
2.1. Эртний Рим дэхь сургалт, хүмүүжлийн тогтолцоо
Римийн төрт ёс тогтнож байсан эхний 2 зуунд боловсролын ямар тогтолцоо оршиж байсан талаар мэдээ түүхэнд үлдээгүй байна. Сургууль, сургалтын тухай анхны мэдээ МЭӨ 449 оны үед хамаарах бөгөөд залуу Вергиний өдөр бүр асрагчаа дагуулан сургуульд явж байсан тухай тэмдэглэгдэн үлджээ. Камилла хааны үед Италийн жижиг хотуудад баян иргэдийн хүүхдүүд суралцдаг сургууль ажиллаж байсан байна.
Тухайн үеийн римчүүдийн хүмүүжлийн тухай төсөөллийг өөрийн хүүг Катон хэрхэн
хүмүүжүүлж байсан тухай өгүүлсэн Плутархийн зохиолуудаас олж үзэж болно. Катонд
мэдлэг боловсролтой боол байсан бөгөөд тэрээр хүүхдүүдийг сургах үүрэгтэй
байсан боловч Катон түүнд өөрийн хүүгээ сургах ажиллагааг итгэж өгөөгүй байна.
Тэрээр хүүгээ хүмүүжүүлэх ажлыг өөртөө хүлээж, түүнийг бичиг үсэг, эрх зүйд
сурган биеийн тамираар хичээллүүлж байжээ. Тэрээр хүүдээ зориулж олон дэвтэр
дүүрэн зүйл бичжээ. Гэхдээ өөрийн үлгэр жишээгээр гүнзгий нөлөөлж байв. Тэр
жишээнд нь морь унах, зэвсэг хэрэглэх, тэмцэх, гол хэрхэн гатлах, халуу,
хүйтнийг хэрхэн тэсвэрлэх зэрэг орж байсан нь жинхэнэ рим хүн болон төлөвшихөд
шууд нөлөөлж байв. Хүмүүжлийн ийм практик тогтолцоо тэр үеийн язгууртан
римчүүдэд түгээмэл байжээ. Хэрэв тухайн хүүхэд эцэггүй байсан ч хүмүүжүүлж,
чиглүүлэх ахмад насны хэн нэгэн заавал олдоно. Хөвгүүд эцгийн бүрэн хяналтан
дор өсөж,
торнино.
Марк Туллий Цицерон (МЭӨ 106 - 43 он)
Уран илтгэгч, улс төрийн зүтгэлтэн, гүн ухаанч, сурган хүмүүжүүлэгч. Илтгэх
урлагийн тухай сурах бичиг бичсэн. “Илтгэх урлагийн тухайд” товхимолдоо
сургалтын явцад боловсрогдсон хурц ухаантай бүх талаар боловсорсон гүн
ухаантан-илтгэгчийн төгс дүрийн тухай зураглан үзүүлжээ. Хүмүүжлийн чин зорилго
бол төгс илтгэгч, үгийг урлан бүтээгч, нийгмийн зүтгэлтэнг төлөвшүүлэх явдал
гэж үзсэн. Хүний мөн чанарыг “хүнлэг энэрэнгүй чанар” гэсэн ойлголтоор
тодорхойлсон. Төгс хүн болохын тулд тасралтгүй боловсрол эзэмшиж, өөрийгөө
хөгжүүлж, нийтийн соёлыг эзэмших ёстой. Төгс бие хүний шинжид эвсэл, мэдрэмж,
эр зориг, дөлгөөн чанар, ухаалаг оюун, шударга ёс, нөхөрсөг шинж, нийгэмд
үйлчлэх хүслийг оруулсан ба хүний гол дутагдал бол эгоизм гэж үзжээ.
Хүүхдийн цэвэр ариун сэтгэл, гэмгүй занг гутаасан үйлдэл хатуу цээрлэл хүлээж
байв. Тухайлбал, хянагчийн үүрэг гүйцэтгэж байсан Катон өдрийн цагаар олон
хүний дэргэд охиныхоо хажууд эхнэрээ үнссэн хэмээн Манлийг сенатаас хөөж байв.
Мөн ямар нэг баяр ёслолын арга хэмжээний төгсгөлд агуу их хүмүүсийг магтсан
дууг нийтээрээ дуулдаг ба үүнд хүүхдүүд олноор оролцоно. Энэ нь эрүүл чийрэг
биетэй, хатуу чанд зантай, сахилга баттай, хуулийг сохроор дагаж мөрддөг болгон
хүмүүжүүлэх нэг арга байжээ. Ийм иргэдтэй байсан Рим асар хүчирхэгжиж, хүнд
бэрх цагт ч римчүүд зовлонг нэр төртэйгээр даван гарч чаджээ. Тухайлбал Пунийн
хоёрдугаар дайн римчүүдэд асар их гай, зовлон авчирсан боловч, энэ нь
римчүүдийн сэтгэлийн хатыг улам бүр чангалж өгсөн байна.
Гэхдээ хүмүүжлийн ийм тогтолцоо бас өөрийн гэх сул талыг ч харуулжээ. Практик
сонирхол амьдралын цорын ганц чиглүүлэгч дүрэм болсоноор оюун санааны сэтгэл
ханамжийн нарийн мэдрэмж тогтоох хүний нинжин сэтгэлийн төлөвшилтөд төдийлөн
нөлөө үзүүлсэнгүй. Үүний үр дүнд Римийн ном зохиолд гардагчлан дахин үйлчлэх
аргагүй болтолоо хөгширсөн боолоо зарахаар шийдсэн Катон, юу ч бодолгүйгээр
урлагийн үнэт бүтээлүүдийг Коринфэд шатааж буй Муммийн дүр жинхэнэ рим хүний
шинж болон тогтсон байна. Гэсэн хэдий ч ийм хатуу чанга сэтгэлийн үр хөврөлийн
оронд оюун ухааныг дээдэлсэн грекийн хүмүүжлийн нөлөө түрэн орж иржээ.
2.2. Бага боловсрол
Рим дэхь сургуулиудыг schola бус харин ludus хэмээн нэрлэдэг байсан ба ийм
маягийн сургууль нээх нь маш энгийн үзэгдэл байв. Хүссэн хүн бүр багш болж гар
урчуудын нэг адил гудамжны нэг өнцөгт лангуу тавиад л болно. Энэ тал дээр төр
ямар нэг нөлөө огт үзүүлэхгүй. Хүүгийн эцэг хэнд итгэж сургах вэ гэдгийг өөрөө
шийднэ. Ийм бага сургуулиудад уншиж, бичиж, тоолж сургадаг байв.
Бага сургуулийн багш ширээ сандалтай байхад л хичээлээ явуулах бололцоотой.
Нийгмийн доод анийнхан, боолоос чөлөөлөгдөгсдийн хүүхдүүд Ludi magister хэмээх
задгай талбайд хичээллэнэ. Гэр бүлийн хүрээнд litteratus буюу paedagogus хэмээн
нэрлэгдэх боол багшилна. Хэлний хичээлд сурагчид хэмнэлтэйгээр хэлэх ёстой
хуулийн ишлэлүүдийг цээжээр уншина. Бүр Цицерон хүүхэд ахуй насандаа Арван хоёр
хүснэгт хэмээх хуулиас цээжээр уншдаг байв.
Бичиг үсэг римчүүдийн дунд ихэд дэлгэрчээ. Хүүхдийг үе шаттайгаар уншиж
сургадаг байв. Хүүхэд эхлээд үсгээ цээжилнэ. Дараа нь түүнийгээ үеэр нийлүүлж
сураад бүхэл үг уншиж сурдаг. Эцэст нь өгүүлбэр уншиж сурдаг байна. Бичиж
сурахын тулд самбар хэрэглэнэ. Үүнийг хүүхэд гэртээ бэлтгэн авчирдаг байна.
Бичиж сургахын тулд хүүхдийн гарыг удирдан бичих буюу эсвэл багшийг яг дууриаж
бичиж сургана. Дараа нь хүүхдийг үг, өгүүлбэрийг хуулж бичихэд сургадаг байна.
Тоолоход бол нэг дээр нэмэх нэг тэнцүү хоёр гэх жишээгээр чанга дуугаар
сургана. Дараа нь хуруугаар, савх модоор үйлдэл хийж сургаад эцэст нь самбар
дээр бичүүлж сургадаг. Бага сургуулийн сургалтын ерөнхий дүр төрх эртний Римд
иймэрхүү янзаар явагдаж байв.
2.3. Дунд боловсрол
Дунд боловсролын сургалт грамматик хэмээн нэрлэгдэх сургуульд явагдана.
Долоон настайдаа бага сургуульд орсон хүүхэд 12-13 насандаа грамматикт шилжин
ордог. Грамматикын хичээлийн байр бага сургууль буюу ludus-аа бодвол илүү
тансаг байсан байна.
Дунд сургалтын хичээлийн байранд багшийн суух сандал ихээхэн онцлогтой.
Сathedra буюу багшийн суух түшлэгтэй сандал өндөр тавцан дээр байрладаг нь
ангийг бүхэлд нь харах бололцоог багшид өгдөг. Түүний дэргэд туслах нь суух ба
түүний суух сандал буюу sella түшлэггүй бөгөөд шалан дээр байрлана.
Луций Анией Сенека (МЭӨ 4 - МЭ 65 он. )
Философч, илтгэгч. Түүнийхээр
хүмүүжлийн гол зорилго нь ёс суртахууны төгөлдөржилт ажээ. Байгаль болон
өөрийгөө эзэмшинэ гэдэг нь хүний ёс суртахууны төгөлдөржилтийн үндсэн хэрэгсэл
болох гүн ухааныг судлах явдал юм. Өөрийн ном бүтээлдээ хүний ёс суртахууны
төгөлдөржилтийн хөтөлбөрийг боловсруулсан байна. Үүнийг хэрэгжүүлэх үндсэн арга
нь хүнийг өөрийгөө хөдөлгөх болон бурханлаг чин хүсэлд хөтлөх явдал юм. Харин
үндсэн хэрэгсэл нь наминчилсан, сурталчилсан харилцан яриа ажээ. Хүмүүжлийн үйл
явцыг тодорхойлогч үндсэн ойлголт бол хэм хэмжээ мөн. Учир нь багш тогтсон хэм
хэмжээнээс гажих ёсгүй ба өөрийн байр байдлаараа түүнийг тогтоох ёстой. Хүний
мэдлэгийн дэвшлийн хязгааргүй боломжийн тухай үзлийг илэрхийлсэнээрээ боловсрол
дахь эмпирик чиглэлийн суурийг тавьсан.
Багш ихэвчлэн суугаагаараа ярих бөгөөд онцгой тохиолдолд босож зогсоод ярих
ёстой. Сурагчид мөн адил сууж хичээллэнэ. Тэд хичээл хариулах буюу ярихдаа л
босно. Тэд түшлэггүй вандан сандал дээр сууж, зарим үед хөлөө жижиг сандал дээр
тавина. Харин ширээ байдаггүй байв. Тэд өвдөг дээрээ самбараа тавиад бичнэ.
Хананд домог болон сонгодог яруу найргийн үйл явдлаас сэдэвлэсэн зургийг гантиг
болон гипсэн дээр зураад өлгөсөн байдаг. Тухайлбал Августыг сурч байх үед
Суллийн үеийн Илиадийн домгоос сэдэвлэсэн гантиг зураг бидний үе хүртэл
хадгалагдсан байдаг. Мөн Одиисейг дүрсэлсэн зураг ч хадгалагдсан байна.
Сурагчийн хэрэгсэл хүртэл онцлогтой байсан байна. Түүний дотор номоо хийх
зориулалттай модон цилиндр хайрцаг их үүрэгтэй. Энэ номнууд нь гар бичмэл
бөгөөд гарчгийг тусгай хуудсан дээр бичиж, бусдыг өөр хуудсан дээр бичсэн
байдаг. Ийм ном эхэндээ цөөн байсан бөгөөд ганц нэг номыг сурагчдад хэлж
бичүүлдэг байв. Иймэрхүү хэд хэдэн ном бидний үед хадгалагдан үлджээ.
Сурагчид аливаа зүйлийг самбар дээр бичнэ. Тэр самбар нь хоёр буюу гурван
давхар нимгэн хавтас бөгөөд дотор нь лааны тос нимгэхэн түрхсэн байдаг. Үзэгний
оронд савх хэрэглэх ба нэг үзүүр нь бичсээр байгаад маш шовх болсон байхад нөгөө
үзүүр нь бичсэн зүйлээ арилгасаар байгаад мохоо хэлбэртэй болсон байдаг байна.
Тэр үзгээ саванд хийж бүснээсээ зүүж явдаг. Ингэх нь зарим талаараа хутга
зүүсэн мэт харагдах ба онцгой тохиолдолд хутганы оронд ч хэрэглэдэг байв. Ийм
зэвсэг хүүхдийн гарт байх нь аюултай байсан учир түүнийг сүүлдээ жирийн ясаар
зарим тохиолдолд зааны ясаар хийх болов. Үүнээс гадна римчүүд янз бүрийн
папирус болон арьсан цаасыг хэрэглэж байсаны зэрэгцээ бэхийг өргөнөөр хэрэглэж
байв. Бичгийн хүмүүс бэхийн саваа бүсэндээ зүүж явах нь элбэг. Сэрэнгээ өөрийн
calamus буюу бидний мэдэх өдөн үзэгтэй адил хулсан үзгээ шүүрч авдаг тухайгаа
Гораций өөрийн зохиолд тэмдэглэсэн байдаг.
Ийнхүү самбар дээр хичээнгүйлэн бичих, хулсаар папирус болон арьсан цаасан дээр
бичих гэсэн бичлэгийн хоёр хэлбэр оршиж байв. Сургуульд голчлон самбар дээр
бичих ба түүхч Квинтилиан “бичсэн зүйлээ арилгахад амар байдаг тул самбар дээр
бичих нь илүү ашигтай” хэмээн тэмдэглэсэн байна. Тэрээр залуу хүмүүст нүд чинь
өвдөөгүй л бол арьсан дээр бичихээс аль болох зайлсхий гэж захиж байжээ.
Сургууль дахь сургалтын тухай дурьдсан сурвалж бичгүүдэд зөвхөн
самбарын тухай өгүүлсэн байдаг боловч хүүхдүүд бичлэгийн хоёр хэлбэрт хоёуланд
нь суралцаж байв.
Сурагч маш эрт босох ёстой. Тахиа дуугараас өмнө бүх Рим унтаж байхад хүүхдүүд
л хичээлдээ гүйлддэг байв гэж сурвалж бичигт тэмдэглэн үлдсэн байдаг. Цүнхийг
нь боол барьж явах ба язгууртан гаралтай хүүхдийн цүнхийг capsarius хэмээх
тусгай боол барьж явна. Сургуульдаа ирсэн хойно багштайгаа заавал мэндэлж,
суудалдаа суунгуут хичээл эхэлнэ. Хичээл хэдэн цаг үргэлжилдэг байсан нь
тодорхой бус боловч, сурагч өдрийн хоолондоо гэртээ ирээд буцаж сургуульдаа
явдаг хэмээн тэмдэглэсэн байдаг. Иймд өглөө, оройн хичээл 6 цаг үргэлжилдэг
байсан бололтой. Хичээл ихэвчлэн ангид багшийн нүдэн дээр явагдана. Гол хичээл
унших, яруу найргийг тайлбарлах, грек ба латин хэлээр бичих, цээжлэх явдал
байв. Crammaticus-т эхэндээ үргэлж латинаар ордог байсан ба грекийн утга
зохиолтой орчуулан танилцаж байв. Тухайлбал Гомерийн зохиолуудтай Ливий
Андроникын орчуулгаар, грекийн эмгэнэлт ба инээдэмт зохиолуудтай Плавт,
Теренцийн орчуулгаар танилцаж байжээ. Харин Римд грек хэлийг ихээр хэрэглэх
болсоноос үүдэн дээрх зохиолуудыг эх хэлээр нь судлах болов. Римийн эзэнт
гүрний үед сургуулиудад хэл, утга зохиол бүрээр дагнасан багш нар багшлах
болжээ. Тэд Гомер, Гесиод, Менандр, Эзоп нарыг грекээр уншиж, Ливий Андроник,
Энний, Нэвий, Пакувий, Акций, Афраний, Цецилий, Плавт, Теренцийг латинаар
уншина.
Түүхийн хичээлийг Тит Ливий, Саллюсти, Вергилий, Гораций, Овидий, Лукана,
Стаций нарын номоор үзнэ. Грек хэлийг ихэвчлэн латин хэлнээс өмнө сурдаг болсон
байна. Сурагч аль болох ихээр бичихийг хичээх ба бичсэнээ эргэж уншиж, давтана.
Гэхдээ түүний үүрэг тийм ч идэвхигүй байгаагүй. Түүний заавал биелүүлэх ёстой
даалгаварт анги дахь бичгийн ажил, шүлгийг яруу найраг болгох, яруу найргийн
хэсгийг янзлах, домог ба яруу найргийн сэдвээр жижиг өгүүллэг бичих зэрэг
багтдаг. Харин орчуулга грамматикын сургалтын төлөвлөгөөнд ордоггүй байв. Нэг
ангийн сурагчид нас, авьяасаараа дотроо хэд хэдэн бүлэгт хуваагдана. Энэ
бүлгийн ахлагчаар хамгийн сайн сурагч сонгогдоно. Тухайлбал Веррий Флакк гэдэг
багш хамгийн сайнаар шалгарсан сурагчдаа номоо бэлэглэдэг байсан нь өнөөгийн
сурагчийн урамшууллын эх гэлтэй.
Эртний Римийн сурган хүмүүжүүлэгч-зохиолчид Гесиод, Тит Ливий, Вергилий
Сургуулийн амралт 6 сараас 10 сар хүртэл үргэлжилнэ. Сургууль эхэлсэнээс хойш 2
сарын дараа Сатурналийн баярын үеэр болон өнөөгийн улаан өндөгний баяраар
амардаг байв. Мөн бүх урлагийг ивээн тэтгэгч Минервийн өдрүүдээр амарна. 9
хоноод 1 өдөр амрах ба эцэст нь шашны баяраар мөн амардаг байв. Сүүлд хийсэн
тооцоогоор МЭӨ I зуунд жилд 62 өдөр амарч байжээ. Гэхдээ тэр үед энэ өдрүүд яг
ч амралтын өдөр биш байв. Ихэвчлэн баяр таардаг тул олноор нийлж баясах, тоглох
нь цөөнгүй.
2.4. Дээд боловсрол
Грамматика сургууль төгссөний дараа хөвгүүд 16 орчим насандаа ритор хэмээх
дээд шатны сургуульд шилжин суралцдаг. Энэхүү ритор сургуулийн зорилго нь
сурагч багачуудыг улс төр болон хууль, эрх зүйн илтгэх урлагийн практик үйл
ажиллагаанд бэлтгэхэд чиглэгдэж байв. Үүнээс улбаалаад тэдний хэрэглэж буй
зохиол бүтээлүүд ямар нэг ерөнхий үзэл баримтлалыг хөгжүүлэхэд чиглэгддэгүй
байв. Тэднийг гол төлөв тодорхой гэмт хэрэг, муу үйлийн эсрэг ялын төлөвлөгөө
маягийн юм зохиож чанга дуугаар уншихад сургана. Тэд зарим үед хэн нэгэн нэрт
хүн болон баатар тэр ч бүү хэл ямар нэг бурханы нэрийн өмнөөс үг зохион
хэрэглэдэг байв. Тухайлбал, өөрийн тэргийг Фаэтонд өглөө хэмээн нарыг зүхэж буй
Юпитерийн үг, төрсөн хүүхдүүдээ золигт гаргасан Медейн хэлсэн үг, үр
хүүхдийнхээ хойноос гашуудаж буй Ниоба, Агамемноны эсрэг хурц ширүүн тэмцэж буй
Ахилл зэргийг дууриасан бичлэгүүд сурвалж бичигт тэмдэглэгдсэн байдаг.
Ритор сургуулийн сурагч
Зарим үед сурагчдад илүү өргөн хүрээний тухайлбал, лакедомын Венера бурхан
яагаад зэвсэг хэрэглэдэггүй вэ? гэх зэрэг ухаан сорьсон зохион бичлэг хийлгэнэ.
Гэхдээ риторын сурагчид зөвхөн зохион бичлэгээр хязгаарлагдахгүй. Тэд найз
нөхөд, багш нарынхаа өмнө болон албаны хүмүүсийн өмнө өөрийн зохион бичлэгээ
цээжээр уншиж гар, хөлөө хэрхэн хөдөлгөх, дуу хоолойгоо хэрхэн тохируулах
зэргээр зөвлөлгөө авдаг байв. Сайн илтгэсэн хүүхэд зохих урамшил хүртэх бөгөөд
зарим үед илтгэгчийг ирээдүйн Цицерон хэмээн магтах үе ч тохиолдоно.
Ритор сургуулийнханд грамматик сургуультай адил хичээл заах өөрийн гэх
мэргэшсэн төрлүүд байв. Грек ба латин хэлээр мэргэшсэн багш нар байсан нь зарим
талаар зөрчилд ч хүргэх болов. Хүмүүжлийн хуучин тогтолцооны талынхан грек
хэлээр хичээл орохыг дэмжиж байсан боловч, римчүүд өөрсдийн нэр нөлөө, хэл соёл
улам бүр хөгжиж байгааг мэдэрсэнээс латин хэлийг илүү өндөрт тавих болсон
байна. Энэ зөрчлийг шийдэх үүднээс МЭӨ 92 онд rhetores latini хэмээх
латин илтгэх урлагийг хорих хууль гарсан боловч, практик амьдрал дээр илтгэх урлаг
маш хүчтэй дэлгэрснээс түүнийг ямар ч хуулиар хориглох аргагүй болсон байна.
Залуучууд илтгэх урлагийг эзэмшихийн зэрэгцээ тодорхой шинжлэх ухааны
салбаруудыг ч судлах болов. Байгалийн болон математикийн шинжлэх ухаанууд
өөрийн нарийн, ухаан шаардсан шинжээрээ римчүүдийн практик оюун ухаанд ихэд
нийцэж байв. Гэсэн хэдий ч эдгээр шинжлэх ухааныг судлах нь нилээд доод түвшинд
байсан бололтой. Цицероний тэмдэглэсэнээр геометрийг гэхэд л хэмжих урлагтай
адилтган, геометрийн шинжлэх ухаан гэхээсээ газар хэмжих ухаан мэтээр
тайлбарлаж байжээ. Августын төр барьж байх үед геометр үздэг тусгай сургуулиуд
байсан боловч, тэдгээр нь дээрхийн адил геометрт хандаж байв. Мөн одон орны
шинжлэх ухаан жирийн амьдралын хүрээнд эргэлдэж, яруу найрагчид бүтээлдээ
дурьдсан хэмжээнд л ойлгогдож байв.
Яруу найргийн хичээл орж буй багш
Харин урлагийн төрлийн хичээлүүд римийн нийгэмд грекүүдийн нөлөөгөөр гүн
шингэсэн боловч, гоо сайхны энэхүү хөгжил удаан явагдаж, ямар нэг онцгой үр
дүнд хүргээгүй байна. Хэдийгээр Фабий Пиктор зэрэг язгууртан гаралтай нэрт уран
барималчид байсан боловч ерөнхийдөө уран барималч, зураачдыг жирийн гар
урчуудын хэмжээнд авч үзэж байв. Язгууртан Мессала өөрийн хүүг уран зурагт
сургасан нь хүү нь хэлгүй байсан бөгөөд уран зураг сонирхсоноор цаг нөхцөөх аргад
сургаж буй хэрэг байсныг түүхэнд тэмдэглэжээ. Дуу бүжгийг болохоор шашны сүлд
дуу, шашны зан үйлийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг хэмээн үзэж байв.
Залуу хүн сургуулиа төгсөн эр хүний хувцас хэрэглэх болсон үед эцэг нь хүүгээ
гол төлөв харийн оронд боловсролоо дээшлүүл хэмээн явуулдаг. Ихэвчлэн Афин,
Родос, Митилен, Пергам, Александр уруу явах ба тэнд нэрт багш нар хичээл ордог
байжээ. Харин зарим залуучууд ритор сургуулиа төгссөний дараа нийгмийн амьдралд
оролцоно. Үлдсэн хэсэг нь өөрийн аж ахуйдаа буцаж ирнэ.
Римийн эзэнт гүрний түүхийн төгсгөл хүртэл дээр дурьдсан сургалтын хөтөлбөр
хэрэгжиж байсныг түүхэнд тэмдэглэсэн боловч, цаг хугацааны эрхээр төрөөс зарим
талаар энэ үйл ажиллагаанд оролцох болжээ. Эзэн хаад зарим үед боловсролд
анхаарал хандуулах ч болов. Август төр барьж байх үедээ ордондоо сургууль
байгуулж, багш нарыг урамшуулж байв. Тиберий хаан багш нарын давхаргыг хөхүүлэн
дэмжиж, жирийн багшийг сенатын гишүүн болгож байв. Траян хаан гэхэд өвөрмөц
байгууллагын тусламжтайгаар 500 итали хүүхдэд боловсрол олгосон байна. Харин
Адриан хаан энэ санаачлагыг Италийн бүх мужуудад дэлгэрүүлж, олон сургууль
байгуулан багш нарыг төрөөс цалинжуулж байжээ. Тэрээр Атена хэмээн нэрлэгдэх
томоохон сургууль байгуулж, тэнд нь грек, латин илтгэгчид өөрийн үзэл бодлыг
тайлбарлаж байв. Антонии хааны үед илтгэгч, гүн ухаантан, багш, эмч нар янз
бүрийн татварын дарамтаас чөлөөлөгдөж, хот бүрт хүн амаас нь хамаарсан тоог
гаргасан байна. Тухайлбал, хамгийн бага хотуудад 5 эмч, 3 илтгэгч, 3 багш
татвараас чөлөөлөгдөнө гэх мэт. Сургууль ажиллуулах хөрөнгийг ихэвчлэн хотууд
гаргах ба эзэн хаадууд энд хандив оруулах нь элбэг.
Трир хот дахь ритор сургуулийн хичээлийн байр
176 онд Марк Аврелий Афин хотноо философийн 4 тэнхим, тод хэллэгийн 2
тэнхим, софистик философийн нэг тэнхим, практик ажлын нэг тэнхим ажиллуулахад
ихээхэн хөрөнгө зарцуулж байв. Мөн Александр Север хаан грамматик, илтгэх
урлаг, анагаах ухаан, математик, механикийн сургууль байгуулсан ба эх, эцэг нь
төлбөр төлөх чадваргүй ядуу айлын хүүхэд нэг жил үнэгүй сурах эрхээр хангагдаж
байжээ. Ийнхүү төрөөс ард түмний боловсролын хэрэгт оролцох нь ил тод болсон
байна. Юлиан хааны гаргасан нэг хуульд нийтийн боловсролын газарт багш томилох
асуудал эзэн хааны мэдэлд байна гэж заагаад хааны нэрийн өмнөөс хот болгоны захиргаа
энэ ажлыг гүйцэтгэхээр заасан байдаг. Ингэснээр Марсель, Бордо, Отен, Трир
зэрэг хотууд боловсрол, гэгээрлийн нэрд гарсан төвүүд болон хувирсан байна. Энэ
үед төр барьж байсан Грациан, Феодосий нар багш нарын цалингийн хэмжээ,
сургуульд байх тэнхимийн тоог тогтоож байв. 370 онд I Валентиний гаргасан
хуульд римийн сурагчдад тавих хяналтын тухай асуудал оржээ. Энэ хуулиар залуу
хүн бүр түүний төрсөн газрын магистрын бичиж баталгаажуулсан гэрчилгээтэй
байна. Энэ гэрчилгээнд түүний төрсөн он, нас, олж авсан боловсрол бичигдэхээс
гадна тэрээр өөрийн биеэр орон нутгийн удирдлага дээр ирж ямар ажил хийх, хаана
амьдрахаа мэдэгдэх үүрэг заагджээ. Үүнийг нь орон нутгийн захиргаа шалгаж
мэдээд хэрэв тэр хүн өмнө нь дутагдал гаргаж байсан бол орон нутагт нь буцаах
хүртэл арга хэмжээ авч байв. Залуус 20 нас хүртлээ нийслэлд амьдрах ба 20
хүрэнгүүт нийслэлийг орхиж явна. Римчүүд эмэгтэйчүүдийн хүмүүжил боловсролд их
анхаарч байв. Эмэгтэйчүүд утга зохиол, бичиг үсэг, илтгэх урлагтай заавал
танилцаж, дуулж, бүжиглэж сурахаас гадна зарим нэг нь газар зүй, геометр,
математик болон анагаах ухаанаар ч хичээллэж байв. Иймд эрдэм эзэмшсэн залуу
рим хүүхнийг “puella docta” буюу ухаант доктор хэмээн нэрлэх ч тохиолдол байв.
Сургууль төгссөний дараах болон
сургуульд сурч байх үеийн Рим
залуу
2.5. Римийн сургуулиуд дахь багш, сурагчийн харилцаа
Римийн сургуулиудад багш сурагчийн харилцаа ямар байсан тухай баримтыг нэрт
түүхч-сурган хүмүүжүүлэгч Квинтилиан “Илтгэгчийн хүмүүжлийн тухай”
номондоо тодорхой бичиж үлдээсэн байна.
Марк Фабий Квинтилиан (42 г. - ок. 118 г. )
“Илтгэгчийн хүмүүжлийн тухай” хэмээх 12 боть номондоо тухайн үеийн
грек-римийн гүн ухаан, сурган хүмүүжүүлэх ном бүтээлийг нэгтгэн дүгнэж, мөн
илтгэх урлагийн сургуулийн багш болох өөрийн туршлагаа ч оруулжээ. Энэхүү ажил
сургуулийн практик үйл ажиллагаатай нягт холбоотой ажил болсон юм. Тэрээр
хүмүүжлийн үүрэг, хүүхдийн хүч, авьяаст итгэх итгэлийг өндөр үнэлж, сурагчийн
мөн чанарт ихээхэн анхаарч байв. Хүмүүжил, сургалтын зорилго нь нийгмийн
зүтгэлтнийг бэлтгэхэд оршино. Тэрээр багшид тавигдах шаардлагад боловсрол
эзэмшсэн түвшин, хүүхдийг хайрлах хайр, тэдэнд болгоомжтой, анхааралтай хандах
хандлага, хүүхдийг судлах, биеэ барих чадвар, шагнал, шийтгэлд ухаалаг хандах
зэргийг оруулж үзжээ. Багш аливаа тодорхойлолтод догматик бус харин чөлөөтэй,
бүтээлч хандахыг уриалж байв. Хүүхдийн хэл ярианы хөгжил, зөв дуудлагад ихээхэн
анхаарч байсан. Үүний тулд хүүхдэд зөв үлгэр үзүүлэх асрагч олж, хөгжим, яруу
найрагт багаас нь сургах ажээ. Түүний бүтээлүүд сэргэн мандлын үеийн сурган
хүмүүжүүлэх үзэл баримтлалд томоохон нөлөө үзүүлсэн юм.
“…Багш юуны өмнө сурагчдаа эцэг шиг нь хандаж сурах хэрэгтэй, тэрээр юуны өмнө
өөрийгөө үр хүүхдээ итгэн үлдээсэн газар хэмээн харж сурах хэрэгтэй, багш
өөртөө болон бусдад байгаа нүглийг үл тэвчигч байх ёстой; түүний хатуу чанга
арга барилд хар муу санаа байх ёсгүй, төлөв даруу зан нь хайнга байдалд
хүрэхээс болгоомжилно, хар муу санаа үзэн ядалтад хүргэдэг бол төлөв даруу зан
хайнга байдалд хүргэдэг. Багш сайн ба үнэнч чанарын тухай байнга ярих ёстой.
Учир нь итгүүлэх тусам шийтгэл багасдаг, ямар ч тохиолдолд уур уцаараа барих ба
засаж болох зүйлийг харахгүй өнгөрч болохгүй. Хичээл заахдаа энгийн, хөдөлмөрч,
идэвхитэй бай. Багш асуултад идэвхитэй хариулах ба юм асуудаггүй сурагчаас өөрөө
сайн асуу. Өөрийн шавь нарын хийсэн үйлийг сайшаахдаа хэтрүүлж, дутуудуулж
болохгүй. Хэтрүүлбэл шавиа хийсэн зүйлдээ сонирхол буурахад хүргэдэг бол
дутагдуулбал онгироо занд хүргэнэ. Шавийнхаа алдааг засахдаа багш хатуу чанга
зэмлэл, хараалаас зайлсхий. Учир нь өөрийг нь үзэн ядсан байдлаар хараавал
олонхи сурагч сурах сонирхолгүй болдог. Харин өдөр бүр шавийнхаа сэтгэлд
шингэсэн зүйл ярих хэрэгтэй. Номонд сайн үйлийн талаар их бичдэг боловч, амьд
үг ялангуяа багшийн үг шиг хүчтэй жишээ байхгүй. Бид хайрладаг зүйлдээ хүрэхийн
тулд хэрхэн тэмүүлдэгийг үгээр хэлэхийн аргагүй. Зөвшөөрсөнөө илэрхийлэхийн
тулд сурагч суудлаасаа босон харайж болохгүй. Залуус өөрийн сэтгэлийн хөдлөлөө
даруухан илэрхийлэх ёстой. Ингэснээр шавь зөвхөн багшийн санал бодлоос хамааралтай
болж, багшийн зөвшөөрсөн хариултыг л сайн боллоо гэж үзэх болно.
Сонсож байгаа, ярьж байгаа сурагч багшийн нүд үрүү эгцлэн харах ёстой.
Ингэснээр багш шавиа магтах уу, зэмлэх үү гэдгээ шийдэх боломжтой болно.
Ингэснээр нэг хэсэг нь сайн бичиж сурах ба нөгөөдүүл нь түүнийг үнэлж сурна.
Ингэх нь сурагчдад бахархал төрүүлдэг. Багш хүртэл өөрөө аливааг анхааралтай
сонсож, биеэ барих ёстой. Багш сурагчдаа бус харин сурагч багшдаа таалагдахын
тулд хичээх ёстой. Харин хэлсэн бүрийг нь магтаад байх нь одоо их хортой болоод
байна. Ингэх нь зохимжгүй бөгөөд хэт хиймэл санагдана...” хэмээн бичжээ.
2.6. Римийн сургуулиуд дахь шийтгэлийн хэлбэрүүд
Даруу зан багш нарын дунд ягштал хэвшсэн зүйл бас биш байв. Тэд хүн юм
хойно биеэ барилгүй уурлаж, хатуу чанга үг хэлэх нь элбэг. Уур уцаар хичээл бүр
дээр давтагддаг байв. Цицероний ихэд хүндэтгэдэг байсан эрдэм оюунт Денис гэдэг
багш сурагчидтайгаа эелдэг харьцдаг боловч, өөрийн хүү, дүү нартайгаа
хичээллэхдээ жинхэнэ уур уцаарыг гаргадаг байсан хэмээн тэмдэглэгджээ. Мэдээж
хэрэг эх, эцэг даруу, төлөв багш нарт дуртай боловч, хатуу чанга шаардлагатай
багш римийн нийгэмд ихэд эрэлт, хэрэгцээтэй байв. Үүний зэрэгцээ багшийн уур
уцаар өөрийн гэх учир шалтгаантай байдаг. Тэр биеэ барилгүй уурласан бол өөрийн
ажилдаа үнэн зүрхнээсээ хандаж байна гэсэн үг юм. Цицерон “багш сайн, авьяаслаг
байх тусам хичээл дээрээ уур уцаар ихтэй байдаг. Тэрээр өөрийн амар, хялбар
ойлгосон зүйлийг шавь нь ойлгож өгөхгүй байхад уур нь хүрэх нь гарцаагүй”
хэмээн тэмдэглэсэн.
Харин багшийн уур зөвхөн үгээр илэрдэггүй байв. Үг хэл нь бодит ажилд шилжих нь
амархан. Эртний Римийн түүхч том Плинигийн тэмдэглэсэнээр ой тогтоолт чихний
доод талд байрлах ба багш юм ойлгохгүй байгаа шавийнхаа чихний дор цохих нь
элбэг байв. Тэдний мэдэлд сурган хүмүүжүүлэх өөр ширүүн арга байсныг ч
тэмдэглэх хэрэгтэй. Багшийн хэрэглэх дуртай нэг “зэвсэг” нь ферула хэмээх шугам
байжээ. Римчүүдийн ойлголтоор шугам ба сургууль хоёр салшгүй ойлголт юм. Яруу
найрагч Ювенал энэ ойлголтыг зохиол бүтээлдээ хүртэл хэрэглэж, “Шугам барьсан
багшаасаа эмээсэн Ахиллес нутгийнхаа уулан дээр гараад дууг улам чанга дуулав”
хэмээн шүлэглэжээ. Ферула нь заагуур модны үүрэг гүйцэтгэх ба идэвхигүй байдал
гаргасан сурагч уруу шууд чиглэнэ. Гэм хийсэн сурагч алгаа тэнийлгэн шугамаар
гар дээрээ цохиулдаг байв.
Бүр хүнд дутагдал гаргасан сурагчид суран бүсний амт үзүүлнэ. Мэдээж төмөр
саваа хэрэглэхийг хориглож байв. Геркуланумын сургуульд дутагдал гаргасан
сурагчийг хэрхэн ташуурдаж байгаа зураг хадгалагдан үлджээ. Дутагдал гаргагчийн
мөрнөөс хэн нэг нь барьж нөгөө нь хөлнөөс нь барьсан байдаг. Бусад нь тэднийг
дуугүй хараад зогсож байна. Ташуур барьсан багш хажууд нь залхаахаар зогсож
байна. Зодуулсан сурагч өвдсөндөө хашгирч байгаа нь тод харагддаг. Зарим үед
багш сурагчийнхаа хөлнөөс нэг гараараа толгойг нь уруу харуулан бариад нөгөө
гараараа зодож буй зураг ч байдаг.
Ер нь Римийн сургуулиуд хатуу чанга, хагас цэргийн зохион байгуулалттай байв.
Зарим үед үүнийг эсэргүүцсэн дуу хоолой гарч байсан боловч, сургалтын ийм
уламжлалт арга амь бөхтэй оршсоор байжээ. Энэ аргыг бага сургууль төдийгүй
бидний өнөөгийн ойлголтоорх дунд сургуульд ч хэрэглэж байв. Ювенал илтгэх
урлагийн тухай ном бүтээлээ туурвиж байх үедээ ч ферулагийн дор гараа тавьж өгч
байснаа дурссан байдаг. Алдарт Орбилий багш яруу найрагч Горацийтай хэрхэн
хатуу чанга харьцаж байсныг тэрээр тэмдэглэсэн байдаг. Римийн эзэнт гүрний
төгсгөл үед төр барьж байсан Ариун Августин хаан грек хэл сургахын тулд хэрхэн
зодуур амссанаа дурсдаг байжээ.
Ийнхүү ташуурын хүмүүжил римийн эзэнт гүрний туршид сургуулиудад тогтсон хэвшил
мэт үйлчилсээр байв. Римийн нийгмийн давхаргынхан ч үүнд янз бүрээр хандаж
байсан юм.