мультимедиа хэрэглэгдэхүүн

мультимедиа хэрэглэгдэхүүн

2015-11-24

Өөрийн хүмүүжил

Өөрийгөө хүмүүжүүлэхүйн тухай 

үндсэн ойлголт



Өөрийн биеийг зэмлэвэл явдлын дээд мөн
Явдал сэтгэл хоёр таарвал дээдийн таалал мөн
Д. Равжаа




Хүн өөрийгөө боловсронгуй болгон хөгжүүлэх хэд хэдэн хэлбэр байдаг. Үүнд :

  • Зохицон дасах. Энэ нь тогтсон горим, өдрийн дэглэм, гадны шаардлагатай өөрийгөө зохицуулан өөрчлөхийг хэлнэ.
  • Даган дуурайх. Энэ нь бусдын үзэл санаа, үйлдлийг яг даган хуулбарлах боловч, зан байдлын шинэ хэлбэр хүнд бий болгох, тодорхой эерэг чанарыг эзэмших боломж өгдгөөрөө өөрийгөө боловсронгуй болгох нэг хэлбэр юм. 
  • Өөрийгөө хүмүүжүүлэх. Энэ нь хүмүүжүүлэгчийн үүргийг өөртөө авч оюун санааныхаа ертөнцийг төгс төгөлдөр болгох дээд хэлбэр юм.   


Хүн өөрийгөө хүмүүжүүлэхгүйгээр өөрийгөө ч, бусдыг ч, амьдралын баяр баясгалан, зовлон бэрхшээлийг ч ухамсарлан ойлгож, энэ бүхэнд илүү ухаалаг хариу үйлдлийг үзүүлж үл чадна. Иймээс хүмүүжлийн ажлын хамгийн чухал хэсэг бол өөрийгөө хүмүүжүүлэх асуудал юм.


Өөрийгөө хүмүүжүүлэх гэдэг нь өөртөө байгаа сайн шинж чанарыг гүнзгийрүүлэн бататгаж, өөртөө байгаа муу талыг арилгах, багасгах, шинэ шинж чанар бий болгож, төлөвшүүлэх зорилгоор систем дэс дараатай ажиллахыг хэлнэ.

Хүн сэтгэл, зан төлөв, биеэ авч явах хэвшил дадлаа үйл ажиллагаагаараа болон зориуд төгөлдөржүүлэн сайжруулахыг өөрөө хүмүүжих гэх ба энэ нь бие хүний үндсэн шинжийн илрэл юм. Өөрөө хүмүүжих нь хүний сэтгэхүйн ба бие бялдрын хөгжлийг түргэсгэж, ёс суртахууны эерэг шинж чанаруудыг төлөвшүүлдгээс хүн авьяас билгээ төгөлдөржүүлэн хөгжүүлэх үндсэн нөхцөл болдог. Түүнчлэн хүн өөрчлөгдөн хөгжиж буй нийгмээ соргогоор мэдэрч, амьдралд өөрийн байр сууриа эзлэн, өөрийгөө нотлон харуулах нөхцөл нь болж байдаг.

Өөрийгөө хүмүүжүүлэх үйл ажиллагаа бол хүмүүжлийн ажлын үр дүн юм. Өөрөөр хэлбэл хүмүүжлээр өөрийгөө хүмүүжүүлэх зайлшгүй шаардлагтай гэдгийг ойлгох, өөрийгөө хүмүүжүүлэх арга барилд сурах явдал юм.


Хүн өөрөө хүмүүжихийн тулд юуны өмнө биеэ шинжих нь чухал. Хүн зан төлөв, сэтгэхүй, үйл ажиллагаагаа ажиглаж сайн ба сул талаа шинжин тодруулна. Тэгээд өөрөө хүмүүжихэд мөрдөх журам, хөтөлбөр, төлөвлөгөөгөө боловсруулан өөртэйгөө ажиллана. Энэ нь хүн бүрт өөр өөр байна.


Өөрийгөө хүмүүжүүлэх үйл ажиллагаа
Сурагч өөрийгөө хүмүүжүүлэхийн тулд:

1. Өөрийгөө хүмүүжүүлэхэд бэлтгэх:

1) Бусдыг танин мэдэх. Түүхэн гарамгай хүмүүс, алдартай эрдэмтэн, нийгэм, улс төрийн болон шашины зүтгэлтний намтар, түүхийг судлах. Хүмүүсийн амжилтанд хүрсэн замнал, амьдралын бэрхшээлийг хэрхэн даван туулсан, хийсэн зүйл, хүрсэн амжилт нь хүн төрөлхтний соёл иргэншилд ямар хувь нэмэр оруулсан талаар уншиж судлан анги хамт олонтойгоо ярилцах. Тухайн сэдвээр уран сайхны болон баримтат кино үзэж ярилцах, холбогдох ном зохиол унших, илтгэл тавих, өгүүлэл бичих зэрэг ажил хийж болно.

2) Өөрийгөө танин мэдэх. Өөрийн сонирхолынхоо хүрээнд ном зохиол унших, уран сайхны болон баримтат кино үзэх, сэтгүүл захиалах, сонирхолын клуб, дугуйланд хамрагдах, бясалгах хийх зэргээр өөрийгөө хөгжүүлж болно.

2. Өөрийн хүмүүжлийн үйл ажиллагааг зохион байгуулах:
  • Өөрийн хүмүүжлийн ажлын хөтөлбөр боловсруулах. Хөтөлбөр нь сурагчийн өөрийн хэтийн зорилго болон хүсэл мөрөөдөл, ирээдүйн төсөөлөлтэй салшгүй холбоотой юм. Энэ нь 3, 5, 10 жил, түүнээс урт удаан хугацаанд хэрэгжих хөтөлбөр байж болно. Үүнд сурагч өөрийн амьдралын хэтийн зорилгоо хэрхэн олж харж байгаа нь чухал бөгөөд зорилгоос гадна түүнд хүрэх зорилтуудаа тодорхойлсон байх нь чухал юм. 
  • Хөтөлбөрийн дагуу ойрын хугацааны төлөвлөгөө боловсруулах. Төлөвлөгөө бол хөтөлбөрийн дагуу бага хугацаанд хэрэгжүүлэх ажлууд юм. Хугацааны хувьд хэдэн сараар байхаас илүү долоо хоногоор ажлаа төлөвлөх нь ач холбогдолтой юм.  
  • Өөрийн дүрэм, зарчимтай болох. Энэ нь сурагчийн итгэл үнэмшил, ертөнцийг үзэх үзэлтэй холбоотой юм. Дүрэм олон байх шаардлагагүй. Амьдралдаа хэрэгжүүлэх 3 - 5 дүрэм байхад болно.
3. Өөрийн хүмүүжлийн арга хэрэглүүрийг ашиглах

· Өөрийгөө таньж мэдэх – “Миний хийж чаддаг зүйл, хийж чаддаггүй зүйл. Сайн ба муу тал”
· Өөрийгөө ухамсарлах – “Миний мэдрэмж, хүсэл сонирхол, итгэл үнэмшил”
· Өөрийгөө үнэлэх дүгнэх – “Би шийдэмгий, өөртөө итгэлтэй”, “Би өөртөө итгэлгүй, ичимхий”
· Өөрийгөө зэмлэх урамшуулах – “Би дэндүү залхуу”, “Ийм зүйл хийсэн нь миний зөв”
· Өөрийгөө итгүүлэх – “Би үүнийг хийж чадна”, “Би энэ салбарт амжилт гаргаж чадна”
· Өөрийгөө хянах – “Би ийм нөхцөлд биеэ барих хэрэгтэй”, “Би ингэж хэлж болохгүй”