мультимедиа хэрэглэгдэхүүн

мультимедиа хэрэглэгдэхүүн

2016-03-10

Сэтгэл судлалын судалгааны аргууд

Сэтгэл судлалын эмпирик судалгааны аргууд

                       


1. Шинжлэх ухааны судалгааны 
     арга зүйн үндсэн ойлголт

Шинжлэх ухаан

Шинжлэх ухаан гэж юу вэ гэдгийг тодорхойлохын тулд дараах зүйлсийг харгалзах хэрэгтэй[1]. Нэгдүгээрт, шинжлэх ухааны мэдлэг нь тусгайлан боловсруулсан ойлголт, хэллэгүүдээр томъёологдсон нотолгоо, баталгаа бүхий үндэслэл  дүгнэлтүүдийн цогцолбор тогтолцоо байдаг. Хоёрдугаарт, шинжлэх ухааны мэдлэг нь бодит байдлын юмс үзэгдлийн обьектив хууль, зүй тогтолуудыг илэрхийлдэг. Гуравдугаарт, шинжлэх ухааны мэдлэг нь хэн нэгэн хүний бодрол сэтгэмж бус, нийт хүн төрөлхтөний оюуны болон практик үйл ажиллагааны цогц үр дүн байдаг. Обьектив агуулгатай, баталгаа нотолгоо бүхий үндэслэлтэй, харилцан шүтэлцээ, уялдаа холбоо бүхий мэдлэгийн тогтолцоог бүтээх үйл ажиллагааны зохион байгуулалтын хэлбэрийг шинжлэх ухаан гэнэ.
Харин В.Н.Дружинин “шинжлэх ухаан бол — үнэний хэмжүүрт хариулт өгдөг бодит байдлын тухай шинэ мэдлэгийг буй болгодог хүний үйл ажиллагааны хүрээ мөн” гээд “шинжлэх ухааны мэдлэгийн ач холбогдол, үр ашиг нь түүний бодитой байдлыг илтгэнэ” гэжээ.
Үүнээс гадна “шинжлэх ухаан” гэдэг ойлголтыг өнөөдрийн үеийг хүртэл шинжлэх ухааны аргуудын тусламжтай олж авсан мэдлэгүүдийн цогц гэж тодорхойлж болно.
Шинжлэх ухаан нь[2]:
·         Бодит ертөнцийн хууль, зүй тогтлыг илрүүлдэг
·         Байгаль, нийгэм, хүний оюун санааны өнгөрсөн, өнөөг судлан юмс, үзэгдлийн хөгжлийн ирээдүйг урьдчилан хардаг
·         Мэдлэгийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлдэг
·         Шинэ арга, арга зүйг бүтээдэг
·         Бодит үнэнийг нээн илрүүлэхийг зорьдог
·         Мэдлэгийг дахин  үйлдвэрлэх  бэрхшээлтэй,  зөрчилтэй  үйл  ажиллагааг агуулдаг
·         Багаж хэрэгсэл болон хатуу нотолгоо, баталгаа шаарддаг
·         Бүтээсэн   мэдлэгийг  иж  бүрэн   тогтолцоонд  оруулах,   нарийвчлах  үйл ажиллагааг болон
·         Нийгмийн дэд хэсгүүд (шинжлэх ухаан, байгууллагууд, боловсон хүчин гэх мэт)-ийг бий болгон хөгжүүлэх үйл ажиллагааг,
·         Хүн төрөлхтний боловсрол, соёлын үйл ажиллагааны чухал, онцгой хэлбэр болох үйл явцыг агуулдаг.
Шинжлэх ухааны үйл ажиллагааны үр дүн нь текст, аливаа юмс үзэгдлийн бүтцийн схем, график хамаарал, томьёо зэрэг хэлбэрээр илэрхийлэгдэх тухайн үйл явц ба үзэгдлийг урьдаас тайлбарласан, бодит байдлыг тэмдэглэн бичсэн байдаг. Шинжлэх ухааны эрэл хайгуулын туйлын зорилго нь бодит байдлын хууль зүй тогтлыг нээн илрүүлж онолын тайлбарыг гаргах явдал юм.
Шинжлэх ухаан нь хүний үйл ажиллагааны үр дүн болоод мэдлэгийн системийнхээ хувьд төгс боловсронгуй, үнэн магадтай, системтэй чанарыг агуулдаг. Мөн шинжлэх ухаан нь хүний үйл ажиллагааныхаа хувьд юуны түрүүнд тодорхой арга аргачлалуудыг агуулдаг. Шинжлэх ухааны судалгааны арга нь оновчтой байдаг.
Судалгааны хэм хэмжээ гэж юу вэ? гэсэн асуултанд Т.Куны санал болгосон”ердийн шинжлэх ухаан” гэсэн ойлголтын тусламжтай хариулах боломжтой. Тэрээр шинжлэх ухааны 2 байдлыг ялгаж үзсэн: хувьсгалын үе, “ердийн шинжлэх ухааны” үе. “Ердийн шинжлэх ухаан” нь шинжлэх ухааны 1 эсвэл хэд хэдэн ололт дээр суурилан судалгаагаа явуулдаг. “Ердийн шинжлэх ухаан” гэдэг ойлголт нь “парадигм” гэдэг ойлголттой холбоотой байдаг. Парадигм — аливаа онол, хууль, тэдгээрийг практикт хэрэглэх арга барил, арга, багаж хэрэгсэл зэргийг багтаасан нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн эталон /эх хэмжүүр/, шинжлэх ухааны судалгааны жишээ юм. Энэ нь хуучин парадигмыг эвдэн шинээр солих, шинжлэх ухааны ээлжит хувьсгалын өмнөх үеийн өнөөдрийг хүртэл шинжлэх ухааны бүлэглэлийн хүлээн зөвшөөрөгдсөн шинжлэх ухааны үйл ажиллагааны дүрэм ба стандарт юм.
Парадигм боловсронгуй болох нь тухайн шинжлэх ухааны, эсвэл шинжлэх ухааны салбаруудын хөгжин боловсорч буйн шинж тэмдэг юм. Сэтгэл судлалын шинжлэх ухааны хувьд парадигмын асуудал нь В.Вундт ба түүний залгамжлагчдын ажилд тусгалаа олжээ. Сэтгэл судлалын шинжлэх ухаан 19-р зууны сүүл 20-р зууны эхэн үед ердийн шинжлэх ухааны туршилтаас үлгэр авч туршилтын аргын үндсэн шаардлагыг сэтгэл судлалын хөрсөнд тавьсан.
20-р зуунд шинжлэх ухааны арга зүйн хөгжилд К.Поппер, И.Лакатос, П.Фейерабенд, П.Холтон болон бусад философичид, эрдэмтэд хувь нэмрээ оруулсан байдаг. Тэд ердийн мэдлэгийг боловсронгуй болгоход болон судлаачийн бодит үйл ажиллагаанд анализ хийх аргыг үндэслэсэн. Тэдний ажил нь математик, физик, хими, биологи, психологи болон бусад суурь шинжлэх ухаануудын хөндөж байсан ердийн мэдлэгийн хувьсгалд томоохон нөлөө үзүүлсэн байна.
Ямарч онол нь цаг зуурын байдаг бөгөөд хэзээд ч нуран унах магадлалтай байдаг. Эндээс мэдлэгийн шинжлэх ухааны шалгуур нь: хэрвээ мэдлэг нь туршилтын шалгуурын үйл явцад няцаагдаж байгаад түүнийгээ хүлээн зөвшөөрч байвал шинжлэх ухаанч гэж үзэж болно гэж үзэж болох ба харин мэдлэг нь зохих ажиллагааны дүнд няцаагдаж болохооргүй бол түүнийг шинжлэх ухаанч гэж үзэж болохгүй.
Логикт үнэн зөв саналын үр дүн нь үнэн зөв байдаг бол хуурмаг санааны үр дүнд /мөрдлөгөд/ үнэн ба худал хуурмагийн аль аль нь байдаг. Ямарч онол нь санал болгосон төдий зүйл бөгөөд үүнийг туршилтаар няцааж болно. К.Поппер: “Бид юу ч мэдэхгүй, бид зөвхөн санал оруулж болно” гэсэн дүрмийг гаргаж ирсэн.
Шүүмжлэлт рационализмын талаас /Поппер болоод түүний залгамжлагчид өөрсдийн үзлээ ийнхүү тодорхойлсон/ туршилт — энэ нь үнэмшмээр таамаглалыг няцаах арга юм. Шүүмжлэлт рационализмын логикоос таамаглалыг шалгах орчин үеийн статистик шалгуур болон туршилтын төлөвлөгөө бий болсон.
Шинжлэх ухааны онолыг няцаах зарчмыг Поппер фальсификацийн зарчим гэж нэрэлсэн.


Шинжлэх ухааны судалгааны үйл явц нь дараах байдлаар зохион байгуулагддаг:
  1. Таамаглал дэвшүүлэх
  2. Судалгааг төлөвлөх
  3. Судалгааг явуулах
  4. Олж авсан мэдээ баримтуудад тайлбар хийх
  5. Таамаглалыг батлах буюу үгүйсгэх /няцаах/
  6. Хэрвээ няцаагдсан тохиолдолд — шинээр таамаглал дэвшүүлэх
Дээрх схемээс шинжлэх ухааны мэдлэгийг агуулсан шинжлэх ухааны судалгааны бүтэц нь хувьсах хэмжигдэхүүн бөгөөд харин арга нь констант болох нь харагдаж байна.
Эрдэмтэд шинжлэх ухааны бүлэглэлд ямар нэгэн санаа, итгэл үнэмшил, онолыг мөрдлөгө болгон нэгддэггүй харин шинэ мэдлэгийг олж авах тэрхүү цор ганц аргыг баримтлан нэгддэг.
Попперынхоор шинжлэх ухааны загвараас үүсэн гарсан арга нь шинэ мэдлэгийг өгдөггүй ба энэ нь зөвхөн хуучин мэдлэгийг няцаах, эсвэл асуудлыг дараагийн үед нээлттэй орхидог байна.
Шинэ мэдлэг нь шинжлэх ухааны таамаглалын хэлбэрээр, өрөөр хэлбэл баримтуудад олон талаас тайлбар хийх замаар таамаглал дэвшүүлэх хэлбэрээр бий болдог. Харин таамаглал дэвшүүлэх болон онолын ба бодит байдлын загварыг байгуулах гэдэг нь — бүтээлч, зөн билгийн үйл явц юм. Эдгээр нь шинжлэх ухааны туршилтын онолын хэлэлцүүлгийн гадна оршдог.
Энэ талаас тодорхойлбол туршилт нь ноттой бус таамаглалыг “ялгах”, шилэн сонгох, хянах арга төдий юм. Орчин үед арай өөр замаар: эмпирик — ажиглалтаар, харин онол нь зөн билгийн таамаглалыг оновчтой боловсруулах замаар явагддаг.
Шүүмжлэлт рационализм шинэ мэдлэг хаанаас бий болдогийг бус харин хуучин нь яаж устаж үгүй болдогийг заан тэмдэглэдэг. Энэ нь шинэ төрөл зүйлийн үүслийг тайлбарлаж чаддаггүй мөртлөө тэдгээрийн тогтонгишил ба устаж үгүй болох үйл явцыг маш сайн урьдчилан таамагладаг /прогноз/ эволюцийн нийллэг /синтетик/ онолтой их төстэй.




Судалгаа шинжилгээ

Шинжлэх ухааны зорилго бол үнэнд хүрэх, харин үнэнд хүрэх арга нь шинжлэх ухааны судалгаа шинжилгээ юм.
Шийдэл шаардсан тодорхой асуудлын мөн чанарыг тодорхойлох дэс дараатай, зохион байгууллаттай хүчин чармайлтыг судалгаа гэнэ[3].
Хүрээлэн буй орчноо танин мэдэх зохион байгуулалтгүй хэлбэрээс судалгаа шинжилгээний ялгаатай тал нь үйл ажиллагааны хэм хэмжээ буюу шинжлэх ухааны аргууд дээр үндэслэдэг. Түүний биелэлтэнд судалгааны зорилго болоод судалгааны аргадаа /методологи, метод, методика/ төвлөрч, бүрэн ухамсарлах, үр дүнг дахин сэргээхэд /ахиж үйлдэхэд/ судалгааг чиглүүлэх зэрэг нь чухал юм.

Шинжлэх ухааны судалгаа дараах чанарыг агуулдаг[4]. Үүнд:
·         Тодорхой зорилготой
·         Онол, арга зүйн үндэслэлтэй
·         Шалгаж, харьцуулж, дүгнэж, нотолж болохуйц
·         Нарийвчлал сайтай, алдаа бага
·         Үнэн бодитой
·         Үр дүн нь нийтлэг
·         Үр дүн нь эгэл бөгөөд үр өгөөжтэй
·         Логик зөрчилгүй байх
Хэдийгээр харьцангуй боловч эмпирик болоод онолын судалгаа нь ялгаатай байдаг. Ихэнх судалгаанууд нь онол — туршлагын /эмпирик/ шинжтэй байдаг. Ямар ч судалгаа нь дан ганцаараа /салангид/ явагддаггүй, харин бүхэл шинжлэх ухааны хөтөлбөрийн хүрээнд, эсвэл шинжлэх ухааны чиглэлийн хөгжлийн зорилтод явагддаг.
Судалгаа шинжилгээг тэдгээрийн шинжээр нь үндсэн ба хавсрага, 1 хэлэлцүүлэгт ба олон хэлэлцүүлэгт, аналитик ба иж бүрэн зэргээр ангилдаг [Дружинин В.Н. Экспериментальная психология.]:
  1. Үндсэн судалгаа нь мэдлэгийг хэрэглэх байдлаас бий болсон практик үр ашгийг үл тооцон бодит байдлыг танин мэдэхэд чиглэдэг.
  2. Хавсрага судалгаа нь тодорхой практик зорилтыг шийдвэрлэхэд ашиглах ёстой мэдлэгийг олж авах зорилготой байдаг.
  3. Нэг хэлэлцүүлэгт судалгаа нь тухайн нэг шинжлэх ухааны хүрээнд явагддаг.
  4. Олон хэлэлцүүлэгт судалгаа нь янз бүрийн салбарын мэргэжилтнүүдийн оролцоог шаарддаг бөгөөд хэд хэдэн шинжлэх ухааны салбар ухааны уулзвар дээр явагддаг. Энэ бүлэгт генетикийн судалгаа, инженерийн сэтгэц физиологийн салбарын судалгаа, мөн этнопсихологи ба социологийн уулзвар дахь судалгаанууд багтдаг. 
  5. Иж бүрэн судалгаа нь арга болон аргачлалуудын системийн тусламжтай явагддаг ба ингэхдээ эрдэмтэд судалж буй бодит байдлын ач холбогдолтой параметруудын /үзүүлэлтүүдийн/ хамгийн их /эсвэл хамгийн дээд/ боломжит хэмжээнд /тоо хэмжээнд/ хүрэхийг эрмэлздэг.
  6. Нэг хүчин зүйлт буюу аналитик судалгаа нь бодит байдлын илүү чухал гэж үзсэн 1 талыг илрүүлэхэд чиглэдэг.
Судалгаа шинжилгээний ажил нь хэд хэдэн үе шатаас бүрддэг. Үе шат бүр дээр тодорхой зорилтыг шийдвэрлэдэг. Судалгаа шинжилгээний ажил нь зорилт тавихаас эхэлдэг. Дараачийн шатанд эрдэмтэн хөндөгдөж буй асуудалтай холбоотой цугларсан мэдээллүүдэд анализ хийдэг. Энэхүү асуудал нь аль хэдийнээ шийдэгдчихсэн, эсвэл ижил төстэй судлагаануудад байдаг боловч эцсийн үр дүнд хүрээгүй байж болно. Хэрвээ эрдэмтэн урьд олж авсан үр дүнд эргэлзэж байгаа бол тэрээр өмнө нь судалж байсан хүний санал болгосон аргачлалаар судалгааг дахин явуулах ба дараа нь тухайн, эсвэл ижил төстэй зорилтыг шийдвэрлэхэд хэрэглэгддэг арга аргачлалуудад анализ хийдэг. Судалгааны илүү бүтээлч үе нь өвөрмөц аргачлалыг зохион бий болгох явдал юм. Шинжлэх ухааны салбарт шинэ шинэ аргачлалууд төрөн гарах нь шинэ чиглэл бий болох нэг нөхцөл болдог.
Дараагийн нэг чухал үе шат нь таамаглал бий болох /дэвшүүлэх/ явдал юм. Чухамдаа эдгээр таамаглалуудыг шалгах үүднээс шинжлэх ухааны төлөвлөгөө зохиогддог. Энэ нь өөртөө объектыг сонгох буюу туршилт явуулах, эсвэл ажиглалт явуулах бүлэг хүмүүсийг сонгох үйл явцыг багтаадаг. Судлах зүйлийг буюу судлах бодит байдлыг тодорхой болгоно. Судалгаа явагдах газар, цаг хугацааг сонгож, туршилтын үр дүнд саад учруулах нөлөөллүүдийг багасгахын тулд туршилт судалгааны дэг журмыг тодорхойлно.
Дараагийн шатанд судалгаа нь багцаалсан төлөвлөгөөний дагуу явагдана. Туршилтын явцад зорьсон санаанаасаа гажих явдал гардаг ба үүнд үр дүнд тайлбар хийх ба туршилгыг дахин давтах байдалд анхаарах шаардлагатай болдог.
Туршилтын үр дүнг гаргасны дараа олж авсан баримтуудад анализ хийдэг ба математик боловсруулалт хийж, тайлбар хийнэ, ерөнхийлэн дүгнэнэ. Анхны таамаглалыг үнэн эсэхийг шалгана. Шинэ баримтууд, эсвэл зүй тогтлыг томьёолоно. Энэ тохиолдолд онол нь эсвэл огт таарахгүй, тохирохгүй болж ирдэг, ба үүний үндсэн дээр онол нь шинэ дүгнэлт, эсвэл урьдчилсан тодорхойлолтыг хийдэг.
Судалгааг зорилгоор нь хэд хэдэн хэв шинжид хувааж болно. [Дружинин В.Н. Экспериментальная психология.]

1-рт. Эрэн хайх судалгаа. Энэ тохиолдолд судалгаа нь ижил төстэй аргаар урьд нь хэн ч шийдвэрлээгүй, эсвэл огт тавигдаагүй асуудлыг шийдвэрлэхийг оролддог. Иймэрхүү хэлбэрийн шинжлэх ухааны ажил нь бага судлагдсан салбарт зарчмын шинэ үр дүнг олж авахад чиглэдэг.

2-рт. Шүүмжлэлт судалгаа. Эдгээр нь ямар нэгэн онол, загвар, таамаглал, хуулийг няцаах зорилготой, эсвэл 2 таамаглалын чухам аль нь бодит байдлыг урьдчилан /оновчтойгоор/ тодорхойлж байгааг шалгах зорилготой хийгддэг. Ийм төрлийн судалгаа нь онолын ба туршилтын мэдлэгийн нөөц арвинтай салбарт явагддаг ба туршилтыг хэрэгжүүлэхэд тодорхой арга аргачлалыг сорьж үздэг.

3-рт. Шинжлэх ухааны ихэнх судалгаа нь нарийвчлан тодорхойлох шинжтэй явагддаг. Эдгээр судалгааны зорилго нь — онолын заан тэмдэглэсэн баримтууд ба эмпирик зүй тогтлын хил хязгаарыг тогтоох явдал юм. Энэ тохиолдолд судалгааны дээрх хэлбэрүүдтэй харьцуулахад судалгааны явагдах нөхцөл, объект, арга аргачлалууд өөрчлөгддөг. Мөн урьд нь олж авсан онолын мэдлэгт бодит байдлын аль хэсэг нь нэвтэрч буйг бүртгэж авдаг.

4-рт. Дахин давтан явагдах судалгаа. Энэхүү судалгааны зорилго нь — тухайн олж авсан үр дүнгийн бодитой, найдвартай, үнэн магадтай эсэхийг тодорхойлохын тулд туршилтыг дахин давтан явуулахад оршдог. Аливаа судалгааны үр дүн нь зохих мэдлэгийг эзэмшсэн өөр эрдэмтний ижил төстэй судалгааны явцад дахин давтагдах ёстой. Иймээс шинэ хэрэглүүр, зүй тогтлыг нээсний дараа мөн шинэ аргачлалыг бий болгосны дараа анхдагч нээлтийн үр дүнг шалгах зорилготой маш олон тооны судалгаанууд явагддаг. Дахин давтан явагдах судалгаа нь шинжлэх ухааны үндэс юм.





 2. Шинжлэх ухааны судалгааны 
     нийтлэг аргууд

Шинжлэх ухааны судалгааны арга гэж онолын болон практик зорилтуудыг шийдвэрлэхэд судлаачийн үйл ажиллагааг зохицуулан чиглүүлж байдаг гол үндсэн зарчим, түүнд тулгуурласан хэм хэмжээ, дүрэм горимыг хэлнэ. Судалгааны аливаа зорилтыг шийдвэрлэхэд судлагдахуун болж буй обьектын тухай урьдчилсан мэдлэг зайлшгүй шаардлагатай байдаг. Иймд шинжлэх ухааны судалгааны арга нь судалгааны обьектын хууль зүй тогтолын тухай ерөнхий мэдлэгт тулгуурладаг. Шинжлэх ухааны судалгааны арга нь судлаачийн хувийн бодрол сэтгэмжээс үүдэлтэй субъектив зохиомж бус, харин судалгааны объектын өөрийнх нь зүй тогтолыг харгалзан танин мэдэхүйн үйл ажиллагааг зохион байгуулж хэрэгжүүлэх зарчим, хэм хэмжээ байдаг[5].
Орчин үеийн шинжлэх ухааны аргуудыг онолын ба туршилтын гэж ангилдаг. Туршилтын үндсэн аргуудад: 1. ажиглалт, 2. туршилт, 3. хэмжилт. [Дружинин В.Н. Экспериментальная психология.]

Ажиглалт бол судалж буй объектдоо зорилго чиглэлтэй, зохион байгуулалттайгаар тодорхой хэмжээгээр төвлөрөн хүртэх үйл явц юм. Тухайн ажиглан төвлөрөлтийн үр дүн нь объектын зан үйлийг тодорхойлон тэмдэглэх явдал юм. Ажиглалтыг шууд, эсвэл баримтыг бүртгэх техникийн багаж төхөөрөмжийг ашиглан явуулж болно. Ажиглалтын тусламжтайгаар “ердийн” нөхцөлд үүсэж буй үзэгдлийг илрүүлж болох ба харин объектын үндсэн мөн чанарыг танин мэдэхийн тулд “ердийнхөөс” ялгаатай онцгой нөхцлийг бий болгох шаардлагатай. Түүнээс гадна судлаач шууд хүртэхүйгээс нуугдаж буй объектын мөн чанарыг танин мэдэхийн тулд түүнд нөлөөлөх боломжгүй.
Ажиглалтын аргын гол онцлог нь:
-       ажиглагч ба ажиглаж буй объектыг шууд холбодог
-       ажиглалт алагчлалгүй /сэтгэл хөдлөлийн байдлаас шалтгаалдаггүй/
-       дахин ажиглах /боломжгүй/ бэрхшээлтэй
Байгалийн шинжлэх ухаанд ажиглагч судалж буй үйл явц /үзэгдэл/-даа нөлөөлдөггүй. Харин Сэтгэл судлалын шинжлэх ухаанд ажиглагч ба ажиглалтын объектын харилцан нөлөөллийн асуудал байдаг. Хэрвээ судлуулагч өөрийг нь ажиглаж буйг мэдсэн тохиолдолд судлаач түүний зан байдалд нөлөөлдөг.
Ажиглалтын аргын хязгаарлагдмал байдал нь илүү боловсронгуй арга болох — туршилт ба хэмжилтийн аргыг бий болгоход хүргэсэн.

Туршилтын арга нь бодит байдал дахь үзэгдлийг тусгайлан бий болгосон нөхцлийн тусламжтайгаар дахин бий болгож, үзэгдлүүдийн хоорондын ба гадаад нөхцлийн шалтгаант үрийн хамаарлыг илрүүлэх боломжтой юм.

Хэмжилтийн арга нь ердийн нөхцөлд ч явагддаг, бас зохиомлоор бий болгосон нөхцөлд ч явагддаг. Туршилтаас ялгаатай нь хэмжилтийн арга нь судлаач объектод нөлөөлөхийг эрмэлздэггүй, харин судлаачаас болоод хэмжилтийн аргачлалаас үл хамааран объектын яг “объектив” мөн чанарыг бүртгэж авдаг. Ажиглалтаас ялгаатай нь хэмжилтийн арга нь багаж хэрэгслийн тусламжтайгаар буюу хэмжилтийн хэрэгслийн тусламжтайгаар объектод харилцан нөлөөлдөг /үйлдэл үзүүлдэг/: объектын ердийн “зан үйл”-ийг хувиргах /өөрчлөх/ бус харин багаж хэрэгслээр бүртгэж, хяналт тавьдаг. Хэмжилтээр шалтгаант үрийн хамаарлыг илрүүлэх боломжгүй ч объектын янз бүрийн параметруудын түвшингүүдийн хоорондын холбоог илрүүлж болно. Энэ утгаараа хэмжилт нь корреляцийн судалгаа болж хувирдаг.
Сэтгэл зүйн хэмжилт нь бодит байдлын аль нэгэн параметрыг, бодит байдлын объектуудын ижил төсөө ба ялгааг хэмжсэн хэмжигдэхүүнүүдийг үнэлэх ба энэхүү үнэлэлтийг туршигдагч хийдэг. Энэхүү үнэлэлтийн үндсэн дээр судлаач туршигдагчийн субъектив бодит байдлын онцлогийг “хэмждэг”. Энэ утгаараа “сэтгэл зүйн хэмжилт” нь тухайн туршигдагчийн зорилт байдаг. Нөгөө утгаараа сэтгэл зүйн хэмжилтийг туршигдагчийн зан байдлын онцлогийг үнэлэхийн тулд судлаач хийдэг. Энэ бол судлаачийн зорилт /туршигдагчийн биш/.

Ажиглалт бол судлаачийн “идэвхгүй” арга юм. Хүмүүсийн зан байдлыг ажиглах, эсвэл зан байдлын параметруудыг хэмжих зэрэг нь бүгд “одоо ба энд” гэсэн мөн чанарт явагддаг. Бид шаардлагатай /тохиромжтой/ цаг үедээ ажиглалтыг дахин хийх боломжгүй ба болж буй үйл явцыг өөрийн хүсэл зоригоороо дахин давтан явуулж болохгүй. Харин туршилт нь бодит байдлыг судлах “идэвхтэй” арга юм. Судлаач байгальд асуулт тавиад зогсохгүй, уг асуултандаа хариулахыг түүнээс шаарддаг /албаддаг/. Ажиглалт ба хэмжилт нь “Яаж? Хэзээ? Ямар байдлаар?” гэсэн асуултанд хариулахыг оролддог бол туршилт нь “Яагаад?” гэсэн асуултанд хариулдаг.
Туршилт нь шалтгаант үрийн холбооны тухай туршилтын таамаглалыг шалгах зорилготойгоор тусгайлан бий болгож, удирдах боломжтой нөхцөлд судалгааг явуулахыг хэлнэ. Туршилтын явцад судлаач объектын зан байдлыг тогтмол ажиглаж, түүний байдлыг хэмждэг. Туршилтын үйл явцад ажиглалт ба хэмжилт нь багтдаг. Үүнээс гадна судлаач объектын байдлыг хэмжихийн тулд түүнд зорилго чиглэлтэйгээр, төлөвлөгөөтэйгээр нөлөөлдөг. Энэхүү үйл ажиллагааг туршилтын нөлөөлөл гэж нэрэлдэг.


Идэвхтэй
Идэвхгүй
Дам
Туршилт
Хэмжилт
Шууд
Ярилцлага
Ажиглалт

                                          


 3. Сэтгэл судлалын судалгааны 
     эмпирик аргууд

Сэтгэл судлалын судалгааны аргуудын ангилал

Доктор, профессор Г.Лодой шинжлэх ухааны судалгааны аргуудыг ангилах зарчим янз бүр байж болох боловч ерөнхийд нь гурван бүлэгт ангилж болно гэж үзсэн байна. Үүнд:
1. Шинжлэх ухааны танин мэдэхүйн ерөнхий аргууд. (ажиглалт, хэмжилт, загварчлал, формальчлал, хийсвэрлэл гэх мэт)
2. Логикийн ерөнхий аргууд (индукци, дедукци, аналоги, силлогизм гэх мэт.)
3. Шинжлэх ухааны тодорхой салбарт хэрэглэгдэх тусгай аргууд ( математик анализын арга, тэмдэгт атомын арга, анкетын болон сурвалжлагын арга гэх мэт)
Оросын алдарт сэтгэл зүйч Б. Г. Ананьевийн үзсэнээр сэтгэл судлалын судалгааны аргууд сэтгэл зүйн объектуудтай болон сэтгэл судлалын шинжлэх ухааны танин мэдэхүйн объектуудтай гүйцэтгэх үйлдлийн тогтолцоо байдаг ажээ.
Эмпирик аргуудыг сэтгэл судлалд хэрэглэх асуудал нь системийн хандлагын үүднээс тэдгээрийн сэтгэл судлалын аргуудын тогтолцоонд эзлэх байр суурийг тодорхойлохоос эхлэх учиртай. Үүнтэй уялдуулан судлаачид дараах үндсэн 5 түвшинг гол төлөв авч үздэг байна. [Дружинин В.Н. Экспериментальная психология.] Үүнд:

1.      Арга зүйн түвшин
2.      Арга зүйг арга барилд шилжүүлэх түвшин
3.      Аргын түвшин (туршилт, ажиглалт, асуулга гэх мэт)
4.      Судалгааны зохион байгуулалтын түвшин
5.      Боловсруулалтын арга зүйн хандлагын түвшин

      Аль ч түвшинд “арга” гэдэг нэр томъёо нь хэрэглэгддэг. Жишээ нь: психофизикт — дундаж алдааны арга, хязгаарын арга, психодиагностикт — проектив арга /2-р түвшин/,  психосемантикт — семантик /утга зүйн/ ялгааны алдаа /1-р түвшин/, хөгжлийн сэтгэл судлалд — психогенетикийн арга ба түүний янз бүрийн хэлбэрүүд — ихрүүдийн арга /4-р түвшин/ г.м.
Судалгааны үйл явцыг түвшинд хувааж ангилсан дээрх хандлага болгарын судлаач Г. Д. Пирьовын судалгааны “аргуудыг” 1) үндсэн аргууд (ажиглалт, туршилт, загварчлал гэх мэт), 2) арга зүйн үйлдлүүд  3) арга зүйн хандлага (генетикийн, сэтгэц физиологийн гэх мэт) байдлаар хуваасантай нилээд ойрхон байгаа юм.
         Оросын алдарт сэтгэл зүйч С. Л. Рубинштейн “Сэтгэл судлалын үндэс” суурь судалгааны бүтээлдээ сэтгэл судлалын судалгааны үндсэн аргад ажиглалт ба туршилтыг авч үзсэн байдаг. Ингэхээ ажиглалтыг гадаад болон дотоод өөрөөр хэлбэл өөрийн ажиглалт гэж ангилсан бий. Туршилтыг тэр үеэс лабораторын, энгийн, сурган-сэтгэл зүйн гэж ангилах болсон байна. Тэрээр мөн физиологийн туршилтын үндсэн хувилбарууд, тухайлбал, нөхцөлт рефлексийн арга, бичиг баримтыг судлах арга, анкет, асуулга гэх зэрэг олон аргыг сэтгэл судлалын судалгааны туслах аргад хамааруулсан байдаг.
            Сэтгэл судлалын судалгааны аргуудыг ангилах хоёрдахь давалгаа оросын алдарт сэтгэл зүйч Б. Г. Ананьевийн нэртэй салшгүй холбоотой юм. Болгарын судлаач Г. Д. Пирьов бие даасан судалгааны аргад ажиглалт, туршилт, загварчлал, сэтгэл зүйн тодорхойлолтыг хамааруулсан байна. Туслах аргад математик, график, биохимийн зэрэг аргуудыг нэрлэсэн байв. Тэрээр эдгээрээс гадна тусгай аргууд байдаг гээд түүнд генетикийн харьцуулах болон бусад аргуудыг хамааруулсан байна. Түүний санал болгосон ангиллаар бол ажиглалтын аргын дам хэлбэр нь анкет, асуулга, хүний үйл ажиллагааны үр дүнг судлах аргууд болж задардаг байна.
          Б. Г. Ананьев дээр ангиллыг эрс шүүмжилсэн байдаг. Тэрээр алдааг залруулах зорилгоор өөрийн ангиллыг санал болгожээ. Тэрээр сэтгэл судлалын судалгааны аргуудыг: 1) зохион байгуулалтын (үүнд дээр дурьдсан 4 ба 5 дахь түвшин хамаарна)  2) эмпирик аргууд   3) баримт мэдээллийг боловсуулах аргууд  4) тайлбарлах аргууд  хэмээн ангилжээ.
      Б. Г. Ананьев зохион байгуулалтын аргад харьцуулах, лонгитюд, цогц судалгааны аргуудыг хамааруулсан байна. Хоёрдахь бүлэг аргад ажиглалт, өөрийн ажиглалт, талбайн, ердийн, лабораторын туршилтууд, сэтгэц оношлогоо, хүний үйл ажиллагааны үр дүнг судлах, загварчлах, намтарын арга зэргийг хамааруулсан байв. Гуравдахь бүлэг аргад математик-статистик задлан шинжлэл, чанарын судалгааны аргуудыг хамааруулсан байна. Дөрөвдэх бүлэг аргад хувийн болон зүйлийн хөгжлийг судлах генетикийн аргууд, бүтцийн аргуудыг авч үзжээ.

   М. С. Роговин, Г. В. Залевский нар дээр дурьдсан судалгаануудыг харьцуулах замаар өөрсдийн ангиллыг дэвшүүлсэн байна. [Дружинин В.Н. Экспериментальная психология.] Тэдний үзэж байгаагаар арга гэдэг нь танин мэдэхүйн үйл явцад субъект болон объектийн хооронд үүсэх янз бүрийн харьцаа хамаарал байдаг ажээ. Тэд сэтгэл судлалын судалгааны аргуудыг дараах 6 хэсэгт хуваасан байна. Үүнд: 1) шинжлэх ухааны ялгаа төдийлөн гардаггүй зай орохгүй аргууд (субъект ба обкект энэ үед эсрэг тэсрэг ойлголт биш, оюуны үйлдэл болон шинжлэх ухааны аргууд ижил төстэй)   2) намтарын арга - шинжлэх ухааны болон сэтгэцийн танин мэдэхүйн цогц объектийг сонгох    3) ажиглалт- танин мэдэхүйн объект субъектийг ялган тодруулах  4) өөрийн ажиглалт – субъектийг өмнөх задлан ялгаллын дагуу объект болгон хувиргах   5) клиник – гадаад ажиглалтаас дотоод механизм шилжих асуудал тэргүүн зэрэгт тавигдана  6) туршилт танин мэдэхүйн субъектийн зүгээс идэвхтэй хэлбэрээр объектийг сөрөн зогсох үйл явц байх ба энэ үед субъектийн танин мэдэхүйн үүргийг онцгой харгалзан үзэх. гэжээ.
          Бусад шинжлэх ухаануудын нэг адилаар сэтгэл судлалын аргуудыг 3 бүлэг болгон хуваах боломжтой юм. [Дружинин В.Н. Экспериментальная психология.] Үүнд:
1. Эмпирик аргууд. Ийм судалгааны үед субъект объекттой гадаад бодит харилцан үйлчлэл хэрэгжүүлж байдаг.
2. Онолын аргууд.  Энэ нөхцөлд субъект объектийн талаарх оюун санааны загвартай буюу судлагдахуунтай харилцан үйлчилж байдаг.
3. Тайлбарлах, тодорхойлох аргууд. Энэ нөхцөлд “гадаад” байдлаар объектийн дүрс тэмдгээр илэрхийлэгдсэн дүр дүрслэлтэй (график, хүснэгт, загвар гэх мэт) харилцан үйлчилж байдаг.
Нэгдэх бүлэг аргуудыг судалгаанд хэрэглэх үед объектийн байдлыг субъектийн сэтгэл санааны байдал, ой тогтоолт, багаж хэрэгсэл, компьютер, үйл ажиллагааны үр дүнгийн тусламжтайгаар бүртгэн авах асуудал тулгарна.
Онолын судалгааны аргуудын тусламжтайгаар судалгаа явуулах үед үр дүн нь ердийн хэл яриа, дүрс-тэмдгийн, орон зай-загварын хэлбэрээр бий болно.
Тайлбарлан тодорхойлох  аргууд нь туршилтын болон онолын аргуудыг хэрэглэснээр олон янзын харилцан үйлчлэл үүсч үр дүн, гаргалгаанд хүрэхтэй холбоотой юм. Эмпирик судалгааны явцад цугларсан баримт мэдээлэлд нэг талаас судалгааг зохион байгуулахад баримталсан онол, загвар, хэсгээс ерөнхий рүү хандсан таамаглалын дагуу анхдагч боловсруулалт хийгдэх ёстой.
Нөгөө талаас эдгээр баримт мэдээллийг өрсөлдөгч үзэл баримтлалын ойлголтын дагуу таамаглал ба судалгааны үр дүн хэрхэн нийцэж байгааг нухацтай тайлбарлах хэрэгтэй болно. Тайлбар хийж байгаагийн эцсийн зорилго нь эмпирик баримт мэдээлэл таамаглалыг батлах юмуу үгүйсгэх боломжийг олгож байгаа баримт болж өгнө.
Сэтгэл судлалын онолын судалгааны аргуудад: 1) дедуктив арга буюу ерөнхийгөөс хэсэг рүү, хийсвэрээс бодитой руу хандах арга  2) индуктив арга буюу нэгжээс ерөнхий рүү хандах, баримт мэдээллийг баяжуулан нэгтгэх арга. Үүний үрээр индуктив таамаглал, зүй тогтол, ангилал, системчлэл хийгдэнэ.  3)  загварчлал буюу харьцуулах аргыг бодитой тодорхой болгох, нарийн төвөгтэй объектийн оронд энгийн юмуу судлахад хялбар объектийг  сонгох, нэгжээс нэгж рүү хандсан оюун дүгнэлт гаргах явдал юм.  Эдгээрийн дүнд объект, үйл явц, байдлын загвар бий болно.
Сэтгэл судлалын онолын судалгааны аргуудаас бясалгах замаар бий болдог сэтгэл зүйн мэдлэгийг тусад нь авч үзэх хэрэгтэй. Ийм сэтгэл судлал гүн ухааны сэтгэл судлалаас эхтэй байдаг. Бясалгалын үндсэн ялгаа нь шинжлэх ухааны баримт болон туршилтын зүй тогтолд суурилаагүй, бүх үндэслэл нь бие хүний хувийн мэдлэг туршлага (бодит байдлын талаар хувь хүний хийсвэр төсөөлөл, зөн билэг) болж байдаг явдал мөн.
Бясалгалын журмаар сэтгэл зүйч философчдын нэг адилаар өөрийн хувьд үнэн зөв гэсэн сэтгэцийн бодит байдлын талаар юмуу түүний нэг хэсэг болох бие хүний тухай онол, харилцаа, сэтгэхүй, бүтээл туурвил, хүртэхүйн тухай загвар гаргана. Бясалгалын үр дүнд рациональ болон рациональ бус мэдлэгийг багтаасан оюун санааны цогц шийдэл болох ямар нэг сургаал бий болно. Ийм сургаалыг туршилтын журмаар үгүйсгэх болон батлах асуудал бараг байдаггүй. Иймээс шинжлэх ухааны судалгааны арга зүйтэй төдийлөн танил биш хүмүүс үүнд итгэхэд амархан болж байгаа юм.
Сэтгэл судлалын судалгааны үед объект идэвхтэй юмуу идэвх султай байж болно. Хүн сэтгэл зүйн судалгааны үед туршигдагчаар оролцож байх үедээ харилцаа, танин мэдэхүй, үйл ажиллагааны субъект болж байдаг. Энэ талаар тэр судлаачтай ижил төстэй үүрэг гүйцэтгэнэ. Иймээс сэтгэл зүйн судалгааны эмпирик аргуудыг ангилахдаа ийм бодит нөхцөл байдлыг заавал харгалзан үзэх хэрэгтэй байдаг. [Дружинин В.Н. Экспериментальная психология.]
Сэтгэл судлалын бүхий л эмпирик аргуудыг хоёр хэмжүүрт орон зайд байрлуулах нь хамгийн тохиромжтой юм. Тэдгээрийн тэнхлэг нь сэтгэл судлалын судалгааны хоёр үндсэн онцлогийг төлөөлөх болно. Нэгдүрээрт, энэ нь судлаач болон туршилтанд оролцогчийн хооронд харилцан үйлчлэл явагдаж байгаа эсэх, эсвэл тэрхүү харилцан үйлчлэлийн эрчмийн тухай асуудал юм. Энэ бүхэн клиник туршилтын үед хамгийн өндөр, өөрийн ажиглалтын үед хамгийн бага байна. Учир нь судлаач туршигдагч хоёр нэг хүн байгаатай холбоотой юм. Хоёрдугаарт, үйлдлийн дэс дараалал, үе шатыг бодитой болон хийсвэрлэн авч үзэх асуудал үүснэ. Эдгээрийн туйл нь тест авах, хэмжих явдал болно. Мөн хүний зан үйлийг мэдрэмж, сэтгэлийн хөдөлгөөн, сэтгэл зовох зэрэг байдлаар дамжуулан судлах юмуу түүний үйлдлийг ойлгож тайлбарлах явдал мөн. Ийм тохиолдолд туршигчийн хувь хүний сэтгэл санааны дотоод мэдрэмж, хувийн туршлага, тайлбарлах аргууд нөлөөлдөг.


                    

Судлаач хэмжилт хийхдээ тоног төхөөрөмж, тест, багаж гэхчлэн олон хэрэгслийг ашиглаж болно. Сэтгэл судлалын судалгаанд ашиглагддаг эдгээр үндсэн хоёр аргыг өөр өөрөөр нэрлэх хэрэгтэй юм. Нэгдэх нь “хоёр субъект-нэг субъект” юмуу “гадаад яриа – дотоод яриа” гэсэн тэнхлэгийг үүсгэнэ. Хоёрдахь нь “гадаад” хэрэгсэл – “дотоод” хэрэгсэл буюу “хэмжилт-тайлбарлах” гэсэн тэнхлэгийг бүрдүүлдэг байна.
Эдгээр тэнхлэгээс бүрдсэн квадратад сэтгэл судлалын үндсэн эмпирик аргуудыг багтааж болох юм. (дээрх зургаас харна уу)
Сэтгэл судлалын туршилт энэ бүгдээс үзвэл туршигдагчтай харилцан үйлчлэхийн хамтаар түүний зан үйлийг бодитой үнэн зөв байдлаар бүртэн тэмдэглэх арга байдаг ажээ.



4. Сэтгэл судлалын туршилтын бус 
    судалгааны аргууд  

Ажиглалт 

Объектийн зан үйлийг зорилго чиглэлтэй, зохион байгуулалттай байдлаар хүртэн хүлээн авах бүртгэн тэмдэглэхийг ажиглалт гэнэ. [Дружинин В.Н. Экспериментальная психология.] Ажиглалт болон өөрийн ажиглалт нь сэтгэл судлалын судалгааны эртний аргууд юм.
Ажиглалт нь судлагдахууны бодит нөхцөл дэх илрэлийг мэдрэхүйн эрхтнээр дамжуулан хүлээн авч, тэмдэглэл хөтлөн, сонирхсон мэдээллээ цуглуулж, дүн шинжилгээ, дүгнэлт хийдэг үйл ажиллагаа юм[6].
Шинжлэх ухааны эмпирик судалгааны аргын хувьд ажиглалтыг XIX зууны сүүлчээс эхлэн маш өргөн хэрэглэх болов. Ялангуяа анагаахын, нийгмийн, хөгжлийн, хөдөлмөрийн, сурган хүмүүжүүлэх сэтгэл судлалын судалгаанд хамгийн их ашиглаж байгаа юм. Энэ нь хүний зан үйлийн ердийн шинж илрэлийг энгийн нөхцөлд бүртгэн судлах, туршигчийн идэвхтэй ороцлоо хүмүүсийн зан үйл ба орчны харилцан үйлчлэлийг судлахад эерэгээр нөлөөлөхгүй байх тохиолдолд өргөн хэрэглэгддэг арга юм. Үүнээс үзвэл ажиглалтын үед “гадаад” найдварт чанар тун чухал үүрэгтэй байдаг ажээ.
            Ажиглалтын аргын зорилго нь судалгааны объектын талаарх мэдээлэлийг ямар нэгэн материаллаг тээгчийн тусламжтайгаар объектив агуулгатайгаар хүлээн авахад оршино. Тийм мэдээлэл тээгч нь объектоос ажиглагч субъект рүү чиглэсэн байвал ажиглагчийн зүгээс объектод ямар нэгэн нөлөөлөл үзүүлэхгүйгээр тандан судлах боломж бүрдэнэ. Хэрэв объектыг ажиглахын тулд субъектын зүгээс мэдээлэл тээгчийг объект руу илгээх тохиолдол байдаг. Жишээлбэл, гэрэл, эсвэл долгионы тусламжтайгаар ажиглалт хийх аргууд байдаг[7].

Шинжлэх ухааны ажиглалт дараах шинж чанартай[8].
  •       Хариулт нь шууд ажиглагддаг. Тэгэхлээр хариулт нь бусад судалгааны арга шиг баримтад тулгуурладаггүй шууд л ажиглалтаас гардаг.
  •       Судалгааг газар дээр нь хийдэг. Баримт цуглуулах ажлыг судлаач өөрөө газар дээр нь ажиллан ажиглалтын тэмдэглэл хөтлөх эсвэл бичлэг хийдэг.
  •       Судалгаа   бодит   орчинд  хийгддэг. Бодит   нөхцөл   дэх   ажиглалт нь лабораторийн ажиглалтаас тухайн орчинд судлаач байсан байгаагүй үргэлж тохиолдож байдаг зүйлийг ажигладгаараа ялгаатай.
  •       Судлаачийн сэрэл, хүртэхүй, ой, туршлага ажиглалтад нөлөөлдөг. Системтэй болон оролцооны ажиглалтын үр дүнд судлаачийн оюун ухааны чанар, танин мэдэхүйн онцлог нөлөөлснөөр бодитой биш хийсвэр дүгнэлт гарч болдог учир энэ байдлыг боловсруулалт хийхдээ анхаарах шаардлагатай.

Ажиглалтыг юуны өмнө систем дэс дараатай, систем дараалалгүй гэж ангилна. [Дружинин В.Н. Экспериментальная психология.] Систем дараалалгүй туршилт талбайн туршилтад болон угсаатны, хөгжлийн, нийгмийн сэтгэл судлалд өргөн хэрэглэгдэнэ. Ийм ажиглалт явуулж байгаа хүн үзэгдэл юмсыг маш нарийн бүртгэн бичих, учир шалтгааны хамаарлыг тогтоох нь гол биш хувь хүний болон бүлгийн зан үйлийн зарим нийтлэг дүр зургийг бүрдүүлэхэд чиглэдэг байна. Систем дэс дараалалтай ажиглалт явуулж байгаа судлаач тусгай хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу ажиллана. Судлаач бүртгэн авах ёстой зан үйлийн онцлогууд буюу хувьсах хэмжигдэхүүнүүдэд гол анхаарлаа хандуулна. Мөн гадаад орчны нөхцөлийг ангилж тогтоох хэрэгтэй болно. Систем дэс дараалалтай ажиглалт квазитуршилт юмуу харилцан хамаарлыг тогтоох судалгаатай ижил төстэй байна.
Ажиглалтыг “тасралтгүй” ба сонгон ажиглах гэж ангилна. Нэгдэх тохиолдолд судлаач болон бүлэг судлаач зан үйлийн бүхий ил байгаа, ажиглаж болох шинж илрэлүүдийг бүргтэн тэмдэглэх замаар ажиглалт явуулна. Хоёрдахь нөхцөлд ажиглалт явуулж байгаа хүн зан үйлийн зарим тодорхой шинж илрэл юмуу хэв шинжийг тусгайлан ажиглана. Тухайлбал, хэрцгий бүдүүлэг зан үйлийн илрэлийг юмуу эх хүүхэд хоёрын харилцан үйлчилж байгаа зан үйлийн хэлбэрүүдийг өдрийн турш ажиглах байж болно.
Ажиглалт шууд хэлбэрээр юмуу тусгай багаж төхөөрөмж, ажиглалтын үр дүнг тэмдэглэх дүрс бичлэгээр буулгах байдлаар явагдаж болно. Ийм хэлбэрийн ажиглалтанд дүрс бичлэг, гэрэл зураг, ажиглалтын тусгай карт ашиглах зэрэг хэлбэрүүд хамаарна.
Ажиглалтын үр дүнг тэр дор нь юмуу хэсэг хугацааны дараа бичиж тэмдэглэх боломжтой. Гэхдээ сүүлийн тохиолдолд ажиглагчийн ой тогтоолтын боломж зохих хэмжээнд бэлтгэгдсэн байх асуудал гарна. Ер нь энэ нөхцөлд ажиглалтын үр дүн “бодитой” эсэх тухай асуудал заавал дэвшигдэн гарч ирнэ. Ажиглалт явуулж байгаа хүний зан үйлийн асуудал онц чухал юм. Хувь хүн юмуу бүлэг хүмүүс хажуугаас нь ажиглалт явагдаж байгаа гэдгийг мэдвэл зан үйлийн хэвийн байдал нь зайлшгүй өөрчлөгдөнө. Тэрхүү ажиглалт явуулж байгаа хүн хүмүүст танил биш байх, нэр хүндтэй хүн байх, бусдын хүндэтгэлийг хүлээдэг хүн байх, мэргэжлийн бэлтгэл өндөртэй, аливаа асуудлыг бодитой тодорхойлж чадна гэсэн итгэл хүмүүст төрүүлдэг байх зэрэг нөхцөлд тэрхүү нөлөөлөл ба зан үйлийн өөрчлөлт өсөн нэмэгдэнэ.
Зарим нөхцөлд тухайлбал, “хаалттай бүлэг”-ийг (дээрэмчид, цэргийн анги, өсвөр насныхны бүлэг гэх мэт) судлах үед гадаад ажиглалт бараг боломжгүй байдаг. Ийм үед оролцооны ажиглалт явуулна. Үүний тулд ажиглагч бүлэгт элсч тэр бүлгийн гишүүдийн итгэлийг хүлээх замаар ажиглалт явуулах хэрэгтэй болно. Хувь хүнийг судлах үед жишээлбэл, ажиглалт явуулж байга хүн байнга ердийн нөхөрсөг харилцаа тогтоох, түүний итгэлийг олох хэрэгтэй байдаг.
Оролцооны ажиглалтын хоёр үндсэн хэлбэр байдаг. 1) ажиглалтын объект болж байгаа хүмүүс түүний зан байдлыг ажиглаж байгаа гэдгийг мэдэж байх. Энэ нь уулын оргилд авирч байгаа хүмүүс юмуу усан доогуурх аяллын гишүүд байж болно.  2) ажиглалтанд хамрагдаж байгаа хүмүүс энэ талаар мэдэхгүй байх. Энэ нь ердийн байдлаар тоглож наадаж байгаа хүүхдүүд байж болох ба энэ үед нэг хана нь Газеллын толь байж болох юм.
Ажиглалтын үр дүнд сэтгэл зүйчийн бие хүний шинж онцлог, мэргэжлийн ур чадвар онцгой нөлөөтэй. Нээлттэй ажиглалтын үед хэсэг хугцааны дараа хүмүүс сэтгэл зүйчид дасч нэг их гэрэвшихээ больж эхэлдэг. Энэ үед сэтгэл зүйч өөртөө хандах “онцгой” хандлагыг өдөөхгүй байх нь чухал. Харин далд ажиглалт явагдаж байгаа үед сэтгэл зүйчийг “илрүүлэх” нь судалгааны үр дүнд таагүй нөлөөлөөд зогсохгүй зан суртахуун, ёс зүйн асуудал үүсгэж болох талтай. Мөн хүмүүсийн зүгээс сэтгэл зүйчид хандах байдал ч өөрчлөгдөж болно.
Мөн оролцооны ажиглалтын нөхцөлд сэтгэл зүйч өөрийн гол зорилгыг нууж хаахаас гадна ажиглалт явуулж байгаа гэдгээ хэнд ч мэдэгдэхгүй ажиллах хэрэгтэй болдог нь  ёс зүйн асуудлыг зайлшгүй бий болгоно. Ийм учраас зарим сэтгэл зүйчид “хуурах арга”-аар хүмүүсийн зан үйлийн онцлогийг судлах нь онцгой үр дүн өгөхгүй хэмээн үздэг байна. Үүнд туршилтын үед хүмүүсийн анхаарлыг өөр зүйлд хандуулсан зааварчлага өгч тэднийг ямар нэг хэмжээгээр төөрөгдүүлдэг аргыг мөн хамааруулдаг байна.
Оролцооны ажиглалтыг улам боловсронгуй болгох зорилгоор түүний бүрэлдэхүүнд өөрийн ажиглалтыг оруулж болно. Энэ нь ялангуяа сургалт танин мэдэхүйн хамтын үйл ажиллагааны  нөхцөлд илүү үнэ цэнэтэй мэдээллийг олж авахад тустай юм.

Ажиглалтын аргын зохион байгуулалт, үйлдлийн дэс дараалал нь [Дружинин В.Н. Экспериментальная психология.]:

1.      ажиглалтын судлагдахуун (зан үйл), объект (хувь хүн юмуу бүлэг), нөхцөл байдлыг тодорхойлох;
2.      ажиглалтын арга эв дүй болон үр дүнг бүртгэн тэмдэглэх хувилбарыг сонгох;
3.      ажиглалтын төлөвлөгөө гаргаж бэлтгэх (нөхцөл байдал-объект-цаг хугацаа);
4.      ажиглалтын үр дүнг боловсруулах аргаа сонгох;
5.      цуглуулсан мэдээллийг эмхэлж цэгцлэх, боловсруулах, тайлбарлах;

Ажиглалтын үед судлагдахуун нь зан үйлийн аман ба аман бус шинж онцлогууд байж болно. Судлаач ажиглалтын үед:  1) ярих өгүүлэх байдал (ярианы агуулга, дэс дараалал, давтамж, үргэлжлэх хугацаа, эрчим гэх мэт); 2) хүмүүсийн их бие, нүүр царай, нүд, хөдөлгөөний илэрхийлэл, онцлог илрэл;  3) хүний үйл хөдлөл (байраа сэлгэх, биеийн харьцааны өөрчлөлт, орон зай, хурд, хөдөлгөөний чиглэл гэх мэт);  4) биеийн нөлөөлөх үйлдэл (гараа хүргэх, түлхэх, цохих, дарах, дамжуулах гэх мэт);
Ажиглалтын үр дүн объектив шинжтэй байхын зайлшгүй нөхцлүүдийн нэг нь тэрхүү үр дүн нь нэг хүний субъектив дүгнэлт биш, харин бусад ажиглагчын дүгнэлттэй адилхан байх явдал байдаг. Өөрөөр хэлбэл, ажиглалтын үр дүн ямар нэг бодгаль субъектын бодрол, төсөөлөл, онцлогоос үл хамаарах интерсубъектив чанартай байх ёстой. Олон ажиглагчид нэгэн ижил баримтыг тогтоож тодорхойлож байвал түүний үнэн байх магадлал их болдог. [Лодой.Г. Философи ба шинжлэх ухааны арга зүй.]
Ажиглалтын үр дүнг бүртгэн тэмдэглэж авах үед зан үйлийн илрэлүүдийг ангилан ялгах, хэмжигдэхүүнүүдийг зөв тодорхойлох асуудал тулгарна. Үүнээс гадна ажиглагч олон төрлийн зан үйлийн шинж илрэлийн дундаас өөрт хэрэгтэйг нь сонгон авах чадвартай байх нь чухал. Үүний тулд нэгийг нь нөгөөгөөс нь ялгаж сурах хэрэгтэй болно.
Үйлдлүүдийн найдварт чанарыг тодорхойлох явдал ажиглалтын үед хамгийн төвөгтэй зорилтын нэг байдаг. Судлаач субъектийн нөлөөлөл түүний хувийн зан үйлийн онцог мөн онцгой үүрэгтэй байдаг. Энэ үед аль болохоор хувь хүний хийсвэр үнэлгээнээс үл хамаарах дүрс бичлэг юмуу бусад төрлийн хэрэгслийг ашиглаж байх нь чухал юм. Гэхдээ хоёрдахь шатанд мэдээллийг боловсруулах, эмхэлж цэгцлэх, үр дүнг тайлбарлах үед хийсвэр үнэлгээ зайлшгүй болж эхэлнэ.
Ажиглалтын аргын үндсэн гол асуудлын нэг бол мэдээлэл, баримтуудын утгын тайлал хийж тайлбарлах зорилт байдаг. Ажиглалтын үр дүнг шууд шинжлэх ухааны баримт болгон үзэж болохгүй. Үүний шалтгаан нь: нэгдүгээрт, ажиглалтыг гүйцэтгэгч нь бодгаль субъект байдаг тул ажиглалтын мэдээлэлийг субъектив элементүүдээс "цэвэрлэх" шаардлагатай. Хоёрдугаарт, шинжлэх ухааны баримтууд ньердийн мэдрэхүй, хүртэхүйн илэрхийлэл бус, мэдрэхүйн төсөөлөлүүдийг онолын ойлголтуудад шилжүүлсэн илэрхийлэлүүд байдаг. Гуравдугаарт, ажиглалтын мэдээлэлүүдийг шалган нягталж, алдааны хэлбэлзлийг нь тогтоож стандарт нөхцлүүдийг тодорхойлсоны үр дүнд шинжлэх ухааны баримт тогтоодог зэрэг хүчин зүйлстэй холбоотой юм. Ямар нэгэн таамаглалыг нотлох, эсвэл няцаах үндэслэл болгохын тулд баримтанд онолын тайлбарлал хийх шаардлагатай юм. Шинжлэх ухааны баримт, мэдээлэлүүд удаан хугацааны туршид судалгааны эргэлтэнд орохгүй байснаа тэдгээрийн утгын тайлал хийж тайлбарлаж чадах онол гарч ирснээр шинжлэх ухааны эмпирик суурь мэдлэг болж хувирсан жишээ олон байдаг. [Лодой.Г. Философи ба шинжлэх ухааны арга зүй.]

                 Ажиглалтын аргын сул тал юу байдаг вэ?, тэдгээрийг судалгааны үед хэрхэн анхаарч ажиллах вэ? гэсэн асуулт байнга гардаг байна. Хамгийн эхэнд ажиглалт явуулж байгаа хүмүүсийн хувийн зан чанар, субъектив хандлагатай холбоотой алдаа олон гарахаар байгаа юм. Ялангуяа ажиглалт явуулж байгаа хүн өөрийн таамаглалыг батлахыг байдгаараа хичээх үед ийм төрлийн алдаа бүр ч олон гарах болно. Тэр ядарснаас болж шинээр бий болсон нөхцөл байдлыг анзаарахгүй юмуу түүнд ач холбогдол өгөхгүй байх, тэмдэглэх ёстой зүйлүүдээ орхигдуулах гэхчлэн олон төрлийн алдаа гаргаж байдаг. А. А. Ершов ажиглалтын үед дараах үндсэн алдаанууд гардаг хэмээн тэмдэглэсэн байна. [Дружинин В.Н. Экспериментальная психология.] Үүнд:
1. Гало-үр нөлөө. Ажиглагч ерөнхийд нь харж ажиглах үед зан үйлийн нарийн нандин хэсгүүд ажиглалтын гадна үлдэж, хүртэхүйн үйл явц энгийн өнгөн байдлаар явагдах хандлага ажиглагдана.
2.  Нааштай хандах үр нөлөө. Болж байгаа үйл явдалд цаг ямагт нааштай эерэг үнэлгээ өгөх хандлага давамгайлах.
3.  Голыг барих алдаа. Ажиглалт явуулж байгаа хүн зан үйлийн илрэлүүдэд дундач үнэлгээ өгөх гэдгээс үүсэх алдаанууд.
4. Харилцан хамаарлаас үүсэх алдаа.  Зан үйлийн нэг шинж илрэлийн үндсэнд өөр нэг шинжийг нь тодорхойлох гэдгээс гардаг алдаа. Тухайлбал, хэл ярианы хурдцыг ашиглан оюунлиг шинж чанарыг үнэлэхэд олон төрлийн алдаа гарч болох талтай.
5. Эсрэг тэсрэг байдлын алдаа. Ажиглалт явуулж байгаа хүн өөрийн хувийн зан чанарын эсрэг шинжүүдийг олж илрүүлэх зорилгоор ажиллах үед алдаа гарч болно.
6. Анхны сэтгэгдлийн алдаа. Хувь хүний талаарх анхны сэтгэгдэл янз бүрийн нөхцөлд хүчтэй сэтгэл хөдлөл үүсгэж болно. Тэр байдал нь цаашдын ажиглалт, зан үйлийн байдлыг хүртэн хүлээн авах, дүгнэх явцад нөлөөлөх талтай байдаг.
Гэхдээ хүмүүсийн зан үйлийн ердийн шинж илрэлийг тодорхой нөхцөл байдалд гаднын нөлөөлөлгүйгээр судлах, болж байгаа үйл явдлын талаар цогц төсөөлөл олж авах, хувь хүний зан үйлийг бүх талаас нь судлах хэрэгтэй үед ажиглалт өөр юугаар ч орлуулах аргагүй үнэ цэнэтэй арга юм.
               Ажиглалт бие даасан аргын хувьд ашиглагдахаас гадна туршилтын нэг хэсэг байдлаар хэрэглэгдэж болно. Туршилтын нөхцөлд туршилтанд оролцогчдын зан үйлийг зориудаар ажиглан тандах нь тэрхүү туршилтын үр дүнг баталгаажуулах, өөр олон төрлийн нэмэлт мэдээлэл олж авахад тусалдаг байна. Ийм ч учраас Ч. Дарвин, В. Гумбольт, И. П. Павлов, К. Лоренц зэрэг гайхалтай байгаль шинжээчид ажиглалтын аргыг шинжлэх судалгааны хамгийн гол үндсэн арга хэмээн үздэг байжээ.

Ажиглалтын давуу тал:
-       Баримтыг шууд цуглуулдаг
-       Баримт үндэслэл сайтай
-      Судлаач өөрөө судалгааны хэрэгсэл болдог
-       Судлаач бүр хэрэглэх боломжтой энгийн
-      Юмс, үзэгдлийг байгаа байдлаар нь тэмдэглэж авснаар их хэмжээний баримт цуглуулдаг
-      Баримт кодлогдон шууд дүн шинжилгээ хийхэд бэлэн болдог.

Ажиглалтын сул тал:
-      Судлаж буй үзэгдлийг өөрчлөн сайжруулахгүй, байгаа хэвээр нь үлдээдэг.
-       Нөхцөл байдлын болон үнэний талаарх магадлал багатай.
-      Бүх үйл ажиллагаанд оролцож ажиглахад хугацаа их шаарддаг
-      Баримт бусад мэдээллийг төлөөлөх чадвар сул



Ярилцлага

Байгалийн шинжлэлийн бусад шинжлэх ухаануудын хувьд харилцан ярианы аргаар судалгаа явуулах боломжгүй. Энэ утгаар харилцан яриа нь зан байдлын сэтгэл судлалын өвөрмөц арга юм. Хоёр хүн харилцан ярилцах явцад нэг нь нөгөөгийнхөө сэтгэцийн онцлогийг таньж мэдэх аргыг сэтгэл судлалд харилцан ярианы арга гэнэ. Сэтгэл судлалын янз бүрийн урсгалын төлөөлөгчид энэ аргыг судалгаандаа өргөн ашигладаг.
Ярилцлага нь судлаач оролцогчтой халз ярилцаж түүний үзэл бодол, хүсэл эрмэлзлэл, юмс, үзэгдлийн тухай хувийн санаа бодол, үнэлэлт, дүгнэлтийн талаар мэдээлэл цуглуулдаг шинжлэх ухааны судалгааны түгээмэл аргын нэг юм[9].
 Туршилтын эхэн шатанд харилцан яриа нэмэгдэл аргын үүргээр түүний бүтцэд орж ирэх ба туршигч судалгаанд оролцогчдод зааварчллага өгөх, үйл ажиллагааны сэдэл төрүүлэх болон төгсгөлийн шатанд туршилтын дараах сурвалжлага авах зэрэгт харилцан ярианы арга өргөн хэрэглэгдэнэ. Үүнээс гадна судлаачид клиник аргын нэг чухал хэсэг болох зорилго чиглэлтэй хийгдэх “нүүр тулж уулзах” эмнэл зүйн ярилцлагыг сурвалжлагын аргаас ялган үздэг байна. [Дружинин В.Н. Экспериментальная психология.]
Эмнэл зүйн ярилцлагыг заавал эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүнтэй явуулах албагүй. Ер нь харилцан ярианы арга нь бие хүнийг бүхэлд нь судлах, түүний амьдралын үйл явц, ухамсар, далд ухамсрын мөн чанар, хувийн өвөрмөц онцлогийн талаар иж бүрэн мэдээлэл олж авахад чиглэгддэг. Эмнэл зүйн ярилцлага тусгай төхөөрөмжөөр тоноглогдсон өрөөнд явагдана. Энэхүү арга зарим нөхцөлд сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэц засал, эмчилгээ болон сэтгэцийн дасгал сургуулилтын нэг хэсэг болж хувирдаг байна.
Сэтгэл судлалын янз бүрийн сургууль, урсгал бүхэн өөр өөрийн гэсэн эмнэл зүйн харилцан ярианы стратегийг хэрэглэдэг байна. Харилцан ярианы явцад бие хүний зан үйлийн онцлог болон шалтгааны талаар судлаач таамаглал дэвшүүлж шалган туршилт явуулна. Тэрээр өөрийн дэвшүүлсэн тодорхой таамаглалыг шалгахын тулд судалгаанд оролцогчдод даалгавар болон тест өгч болно. Энэ тохиолдолд эмнэл зүйн харилцан яриа туршилт болж хувирна.
Эмнэл зүйн харилцан ярианы үед бий болсон мэдээ баримтыг судлаач өөрөө юмуу түүний туслах нэгбүрчлэн бичиж тэмдэглэж байх ёстой. Үүнийг ихэвчлэн туршилтын дараахан ойдоо тогтоож хадгалсан зүйлсийг сэргээн санах байдлаар гүйцэтгэнэ. Шууд тэмдэглэж авах болон хэсэг хугацааны дараа бичиж тэмдэглэх хоёр аль аль нь өөр өөрийн гэсэн дутагдалтай. Хэрэв харилцан ярианы явцад тэмдэглэл хөтлөх юм бол бие биендээ итгэх нээлттэй, чөлөөтэй байдал алдагдаж болно. Ийм нөхцөлд нууцаар дүрс юмуу дуу авианы бичлэг хийж болох юм. Ахиад л энэ нь ёс зүйн асуудал үүсгэх болно. Хэсэг хугацааны дараа ойд хадгалагдсан ул мөрийг сэргээн санах байдлаар тэмдэглэл хөтлөх үед зарим мэдээлэл ор тас орхигдож болохоос гадна утга логикийн болон бусад төрлийн алдаа гарах магадлал өсч ирнэ. Судлаач туршилтанд оролцогчдын талаарх зарим мэдээллийг чухалчлан үзэх, үнэлэн дүгнэх оролдлого хийж болох ба энэ үед өөр бусад чухал мэдээлэл анхаарлын гадна үлдэх болно. Хэрэв мэдээллийг гараар бичиж тэмдэглэж байгаа бол үг хэллэгийг тусгай тэмдгээр орлуулж юуг ч орхихгүй байхад анхаарах хэрэгтэй юм.
Ярилцлагын арга нь [Жадамба.Б, Чимэдлхам. Ц. Судалгааны арга зүй.]:
·         Оролцогчдоос заавал зөвшөөрөл авдаг. Энэ нь судалгааны ёс зүйтэй холбоотой чухал зүйл. Ярилцлагын үед нууц бичлэг хийх, оролцогчтой нууцаар болон тохиолдлоор ярилцлага хийхээс зайлсхийх хэрэгтэй. Ярилцлага бол нээлттэй, судалгааны зорилгоор баримт цуглуулж буй үйл ажиллагаа бөгөөд оролцогчийн зевшөөрлийн үндсэн дээр хийгдэж буйг оролцогчид ойлгуулах нь зүйтэй.
·         Ярилцлагын үед яриаг тэмдэглэх, бичлэг хийх эсэх талаар оролцогчидтой тохиролцдог.
·         Судлаач ярилцлагыг хөтлөгч, зохион байгуулагч болдог. Оролцогчийн илэрхийлж буй бодол санаа, ойлголтыг болон ярилцах асуудлыг судлаач хянаж, чиглүүлж, үргэлжлүүлдэг.
·   Судлаачаас хүнтэй харьцах эв дүй, ур чадвар, дадлага, туршлага шаарддаг онцлогтой.
       Ярилцлага нь төлөвлөх, бэлтгэх, ярилцах, үр дүнг цэгцлэх гэсэн үе шаттай. Судлаач тухайн мэдээллийг ярилцлагын аргаар цуглуулахаар шийдвэрлэснийхээ дараа ярилцлагын төлөвлөлтийг хийдэг. Ярилцлагын төлөвлөлт нь ямар хүрээнд, ямар хүмүүстэй, хаана, хэзээ, ямар асуудлаар, хэдий хэмжээний хөрөнгө, хүн хүчний нөөцөд тулгуурлан, хэрхэн бэлтгэх, ямар үр дүнд хүрэх асуудлыг тодорхой болгодог. Төлөвлөлтийн шатанд судлаач сэдвээ нарийвчлан сонгож аваад [Жадамба.Б, Чимэдлхам. Ц. Судалгааны арга зүй.]:
      Зорилгоо тодорхойлох
      Хамрах хүрээг тогтоох буюу түүвэр хийх
      Оролцогчоос олж мэдэх асуудлаа тодорхойлж асуултаа бэлтгэх
      Ярилцах хүнээ сонгох
      Таамаглал дэвшүүлэх
      Ярилцлага авах таатай орчин бүрдүүлэх
      Оролцогчдын ярьсан зүйлийг    хэлсэн үгээр нь тэмдэглэж авах бэлтгэлээ хангах
      Тэмдэглэлээ судлаж дүгнэлт хийх ажлуудын арга, хэлбэр, хугацааг нарийвчлан тогтоож авдаг.
      Судлаач төлөвлөлтийнхөө дагуу бэлтгэл үе шатны судалгаанд оролцогчийг сонгох, зөвшөөрөл авах, ярилцлага хийх газрыг товлох, өөрийгөө болон тэмдэглэл хөтлөх, бичлэг хийх техник хэрэгслээ бэлтгэх ажлуудыг хийж гүйцэтгэдэг.
Судалгаанд оролцогчийг сонгох: Зарчмын хувьд судлаач оролцогчийг санамсаргүй түүврийн үндсэн дээр сонгож авах ёстой. Хэдийгээр тийм боловч практикт бэрхшээлтэй учирдаг. Ярилцлагад асуулгын аргыг бодвол цөөн тооны оролцогч хамрагддаг. Энэ нь оролцогчдыг санамсаргүй биш түүврийн аргаар сонгох бололцоотойг харуулж байгаа юм. Судалгааны баримтад задлан шинжилгээ хийж болохуйц, асуудлыг гүн гүнзгий судлан шинжлэх бололцоог хангахын тулд судлаач онцгой ажигч байдал, байр суурь, туршлагадаа үндэслэн оролцогчийг сонгохыг эрмэлздэг. Хэдийгээр энэ нь бэрхшээлтэй боловч нэг их хүнд хэцүү биш.
Зөвшөөрөл авах: Ярилцлага хийхийн өмнө судлаач ярилцагчийн
    ажлын газраас
    өөрөөс нь эсвэл асран хамгаалагчаас зөвшөөрөл авдаг.
Ярилцлага хийх газар: Ярилцлага хийх байрыг бэлтгэхээс өмнө оролцогчтой ярилцлагын үргэлжлэх хугацааг тохирно. Хугацаа нь 15', 30', 45', 60 минут байх нь тохиромжтой гэж үздэг. Бүлгийн ярилцлагын үед судлаач оролцогчид нүүр нүүрээ харж суухаар, ярилцлагын явцад сөрөг нөлөө үзүүлэхгүй, тохилог байр сонгох хэрэгтэй. Судлаач ярилцлагын явцыг ой тойндоо тогтоож авахыг хичээдэг. Гэвч хүний ой тоггоолт судалгааны найдваргүй хэрэгсэл. Иймээс ярилцлагын үед оролцогчийн хэлсэн зүйлийг тэмдэглэх, хуурцагт шингээж авах, бичлэг хийх нь зүйтзй байдаг.
Тэмдэглэл болон бичлэг хийхэд бэлтгэх: Цаас, үзэг харандаа, видео камер, бичлэг хийдэг магнитофон, аудео, видео хуурцаг бэлтгэн тэдгээрийн чанар, бүрэн бүтэн байдал, цахилгааны эх үүсвэр болон нөөц батарей байгаа эсэх зэргийг шалгана. Дуу болон дүрс бичлэгийн хэрэгсэл судалгааны баримтыг хадгалж үлддэг найдвартай хэрэгсэл мөн. Эдгээр нь ярилцлагын баримтад огтхон ч нөлөө үзүүлэхгүй боловч оролцогчдод дараах хоёр байдлаар нөлөө үзүүлдэг.
1.   Дуу бичлэг зөвхөн хүний яриаг дахин сонсож сэргээх боломжтой. Дүрс бичлэг ярилцлагын явцыг тодорхой хадгалж үлддэг. Гэвч камерын байрлалаас шалтгаалан явцын орон зайг бүхэлд нь бичдэггүй. Дүрс бичлэг нь ярилцагчийг биеэ барих байдалд оруулдаг, зардал их шаарддаг учраас ярилцлагын аргад нэг их өргөн хэрэглэдэггүй. Ярилцлагын үед бичлэг хийх ажилд саад тохиолдвол тэмдэглэл хийх боломжтой.
2.   Дуу болон дүрс бичлэгийн хэрэгсэл нь цэрвэх, айх, биеэ барих нөлөөг оролцогчдод үзүүлдэг. Иймээс бичлэгийн үйл явц хүний ярианд саад болохгүй, бичлэг хийж байгааг оролцогчид сануулахгүй байх нь зүйтэй.
Судлаачийн хувийн бэлтгэл: Судлаач ярилцлагад өөрийн зүгээс нөлөөлж болох сөрөг зүйлийг тодруулан түүний нөлөөг багасгах, арилгах арга замыг олох; тодорхой эв дүй, ур чадварын шаардлагыг хангах гэсэн зүйлээр хувийн бэлтгэлээ хангана.

Ярилцлагын давуу тал:
-       Оролцогчийн санаа бодолд гүнзгий нэвтрэн орж өргөн хүрээтэй мэдээлэл авдаг
-       Ярилцлагын явцад оролцогч асуултыг хэрхэн хүлээн авч, хир зэрэг үнэн зөв хариулж буйг мэдрэх боломжтой
-       Мэдээллийн чанарыг ярилцлагын явцад мэдэж түүний үнэн магадтай байдлыг нягтлаж болдог
-       Ихэвчлэн тодорхойлох болон нээх судалгаанд хэрэглэдэг.
-       Өртөг ихтэй тоног төхөөрөмж, техник хэрэгсэл шаарддаггүй.
-       Цуглуулсан баримт бодитой, найдвартай.

Ярилцлагын сул тал:
-       Судлаачаас оролцогчтой ярилцах эв дүй, ур чадвар, дадлага туршлага, сэтгэл зүйн мэдлэг, бэлтгэлийг шаарддаг.
-       Цаг, хүч, хөдөлмөр, их зарцуулдаг.
-   Үр дүнг боловсруулахад харьцангүй их хүч зарцуулдаг.

Зорилго чиглэлтэй, зохион байгуулалттай явагдаж буй харилцан яриаг сурвалжлага гэнэ. [Дружинин В.Н. Экспериментальная психология.] Сурвалжлагын аргыг нийгмийн, бие хүний, хөдөлмөрийн сэтгэл судлалд өргөн ашиглана. Гэхдээ энэ аргыг хамгийн түгээмэл хэрэглэдэг мэдлэгийн салбар бол социологи юм. Энэ утгаар нь сурвалжлагын аргыг социологи болон нийгэм сэтгэл зүйн судалгаанд түлхүү ашигласаар иржээ.
Сурвалжлага нь гол төлөв “хуурамч харилцан яриа” болж хувирах ба энэ нь судлаач урьдаас нарийн бодож бэлтгэсэн төлөвлөгөөний дагуу ярилцах ёстой бөгөөд цаг ямагт яриагаа тэр чиглэлд хандуулах, асуух ёстой зүйлээ асууж аль болох үнэн зөв бодитой хариулт авах хэрэгтэй байдаг. Сурвалжлага үр дүнтэй байхын үндэс нь судлаачийн ярилцах, харилцагчдаа оновчтой асуулт тавьж, үг яриагаар нөлөөлөх ур чадвар юм.
Сурвалжлагын үед хамгийн чухал нь сурвалжлага авч байгаа хүн болон өгч байгаа хүмүүсийн хооронд итгэлцэл, харилцан ойлголцол бий болсон байх ёстой. Гэхдээ хэт ойр дотно харилцаанд шилжиж, байх ёстой сэтгэл зүйн орон зайг үгүйсгэж, дураараа авирлах байдалд хүрч хэрхэвч болохгүй юм. Судлаач сурвалжлагын үед үл оролцох байр суурь баримтлах хэрэгтэй юм. Энэ нь харилцан ярилцаж байгаа хүн, асуулт, хариултын алинд ч төв байр сууринаас хандаж, өөрийн хувийн дүгнэлт, үзэл бодлыг ил  гаргахгүй байх ёстой гэсэн үг юм. Сурвалжлагыг хэрхэн явуулах талаар маш олон төрлийн заавар зөвлөмж гарсан байдаг. Тэдгээрт хэрхэн сурвалжлагаа эхлэх, яаж харилцан ярилцагчаа илэн далангүй санал солилцоход хөтлөх, хэрхэн харилцан ойлголцол, нээлттэй байдлыг үүсгэх талаар ихэвчлэн бичдэг.
Нийгмийн сэтгэл судлалд сурвалжлагын аргыг асуулгын нэг хэлбэр хэмээн үздэг. Үүний хоёрдахь хэлбэр нь эчнээ асуулга, нээлттэй болон хаалттай анкетын арга юм. Түүнийг туршилтанд оролцогчид бие дааж бөглөх ёстой бөгөөд энэ үед туршигч ямар нэг байдлаар оролцох ёсгүй юм. Сэтгэл судлаачид сэтгэл зүйн судалгааны үед ийм эчнээ асуулгыг өргөн ашигладаг. Ф. Гальтон анкетийн аргыг анх удаа сэтгэл судлалын судалгаанд ашигласан байдаг. Оюуны хөгжлийн түвшинд удамшил болон орчин хэрхэн нөлөөлдөг болохыг судлах зорилгоор тэрээр тусгай анкет зохиож Их Британийн 100 гаруй том эрдэмтдийн дунд судалгаа явуулсан байна. Хожим нь анкетийг хөгжлийн сэтгэл судлал, бие хүний, нийгмийн сэтгэл судлалд өргөн ашиглах болов.
Гэхдээ анкетийг цэвэр сэтгэл судлалын арга гэхэд их төвөгтэй. Анкетийн аргын тусламжтайгаар цуглуулж буй мэдээлэл тунхаглалын шинжтэй байдаг учраас оролцогчид чин сэтгэлээсээ хариулт өгсөн байсан ч түүнийг бодитой, үнэн зөв гэж үзэхэд хэцүү юм. Хүмүүсийн хариултанд ухамсарлагдаагүй, далд ухамсрын шинжтэй тогтсон хандлага, сэдэл маш хүчтэй нөлөө үзүүлдэг. Иймээс анкетийн аргыг сэтгэл судлалын судалгаанд нэмэлт байдлаар ашиглагддаг сэтгэл судлалын бус арга хэмээн үздэг байна. Нийгэм сэтгэл зүйн шинжтэй судалгаа явуулахад анкетийн арга өргөн хэрэглэгддэг байна.



Асуулгын арга

      Асуулга нь судалгааны баримт цуглуулдаг түгээмэл аргынхаа хувьд төрөл бүрийн шинжлэх ухаанд хэрэглэгддэг. Аливаа юмс, үзэгдэл, үйл явцын талаар хүмүүсийн хувийн шинж чанартай холбоотой, судалгаанд зайлшгүй шаардлагатай хаяг, нас, хүйс, гэр бүлийн байдал, ам бүл, хүүхдийн тоо болон тэдний санаа бодол, хүсэл сонирхол, итгэл үнэмшил, амьдрал үйл ажиллагааны сэдэл шалтгаан зэрэг судлаачийн сонирхсон мэдээллийг цуглуулахад асуулгын арга тохиромжтой.
Асуулга нь аливаа үзэгдэл, юмс, үйл явцын тоо чанар, шалтгаан үр дагаврын учир холбогдлыг тогтооход чиглэгдсэн, тодорхой агуулга, бүтэц зохион байгуулалттай бичгийн хэлбэрээр урьдчилан бэлтгэсэн асуулт, хариултын цогц. Асуудлын хүрээнд сонирхох асуултуудыг тэдгээрийн хариултын бүх боломжтой хамт хүн бүрт өгч, ижил агуулгатай мэдээлэл цуглуулдаг судалгааны арга.
Асуулгын арга нь асуулгыг төлөвлөх, бэлтгэх, шалгах, авах, хариултыг боловсруулах үе шатыг агуулдаг. Үе шат нь хэн, хаана, хэзээ, юуг, ямар хугацаанд, ямар бэрхшээлийг, хир хөрөнгөнд багтаан явуулахыг тодорхойлдог.


Асуулгын үе шат, тайлбар. [Жадамба.Б, Чимэдлхам. Ц. Судалгааны арга зүй.[10]]
- Асуулгын аргаар цуглуулах баримт суурь болон хавсарга судалгааны алинд нь хэрэглэгдэхийг тодорхойлох
- Асуудлын судлагдсан байдлыг эргэн харж тодруулах
- Асуудлынхаа үндсэн асуулт буюу хувьсагчийг тодруулах
- Судалгааныхаа дэвшүүлсэн таамаглалыг сэргээж харах
- Үндсэн хувьсагчаа тодорхойлох
- Тодорхойлолтоо ашиглан хувьсагчийн элементүүдийг томъёолох
- Асуулгын асуултыг бэлтгэх
- Сорилын асуулга авах
- Сорилын асуулга болон баримтад задлан шинжилгээ хийх
- Задлан шинжилгээний дүнд тулгуурлан асуултыг сайжруулан боловсруулах
- Асуулгыг эцсийн хувилбараар боловсруулах
- Асуулгад хамрагдах судлах зүйлээ нарийвчлан тодруулах
- Асуулгаа авах буюу хэмжилт хийх
- Баримтаа задлан шинжилгээ хийхэд бэлтгэж цэгцлэх, кодлох
- Баримтыг компьютерт оруулах
- Баримтад задлан шинжилгээ хийх
- Үр дүнг гаргах
- Судалгааны бусад аргатай асуулгын баримтын үр дүн хэрхэн нийцэж буйд шинжилгээ хийх
- Асуулгын үр дүнд дүгнэлт хийх
- Үр дүнгийн онолын болон практик талыг тодруулах
- Цаашид судлах асуудал, асуултыг тодруулах

   Асуултыг дараах шаардлагыг хангасан байхаар боловсруулна. Асуулт нь[11]:
     ·         Судалгааны сэдвийн хүрээг бүрэн хамарсан, түүнд нийцсэн, ач холбогдол өгөхүйц
·        Давхардаагүй
      Судалгаанд оролцогчид уншиж танилцаад чөлөөтэй эргэцүүлэн бодож хариулахад хүндрэлгүй, ядрахааргүй хугацаатай (дээд тал нь 1 цаг)
·        Шууд уншаад ойлгогдохоор, хугацаа алдахгүй хариулахад бололцоотой
·        Тухайн асуулт, хариулт хуудас дамнаагүй, нэг нүүрэнд багтсан
·        Зураг, чимгийг аль нэг хоосон зайд байрлуулсан
·        Оролцогчдын нас, бие, сэтгэхүйн онцлогт тохирсон цаасны болон үсгийн хэв, хэмжээтэй
·         Хуудсуудыг дугаарласан
·         Цаасан дээрх асуулт, хариулт 4 талаасаа зохимжтой зайтай байхаас гадна цаасны баруун талд хариулт болон түүний кодыг багана болгон жагсаасан
·         Асуултууд судалгаанд оролцогчдын урмыг хугалахгүй, уур уцаарыг нь хүргэхгүй, тэдэнд түвэг учруулахгүй байх. Тодруулбал, асуултад дуртай хариулахуйц
·         Оролцогчийн онцлогт тохирсон ойлгомжтой энгийн үг, хэллэгтэй
·         Асуултад хүний өмнөөс хариулахгүй учраас хувь хүнтэй холбоотой, түүнд сонирхолтой асуулт оруулсан байх. Гэхдээ хувийн амьдрал руу гүнзгий хандсан асуултаас зайлсхийх
·         Удирдаж, захирсан өнгө аястай асуултгүй
·         Асуултандаа өөрөө хариулсан байж болохгүй. Жишээ нь: "Та засгийн газар яагаад муу ажиллаж байна гэж боддог вэ?" Энэ тохиолдолд судлаач засгийн газрын үйл ажиллагааг муу гэж өөрөө хариулсан
·         Асуултын үг хоёрдмол утгагүй, тодорхой санааг агуулсан
·         Асуултад хариулж болох бүх боломжийг багтаасан байх. Эцэст нь "бусад" гэж  нээлттэй хариулт нэмсэн
·         Асуулгыг цэгцтэй, ойлгомжтой, зохион байгуулалттай бичсэн
·         Утга санаа бүрэн төгс бус, итгэлгүй, баталгаагүй асуултгүй. Жишээ нь: "Энэ хичээлийн жилд та хэдэн удаа экскурс хичээл зохион байгуулсан бэ?" гэсэн асуултад зарим багш экскурс хичээл зохион байгуулдаггүй байж болох тул "Та экскурс хичээл зохион байгуулдаг уу?" хэмээн асууж "Хэрвээ зохион байгуулдаг бол та энэ хичээлийн жилд хэдэн удаа экскурс хичээл зохион байгуулсан бэ?" гэж асууж болно.
·         Асуултуудыг агуулгаар нь ангилан бүлэглэсэн, гарчигласан байх шаардлагыг хангасан байна.

    Судалгаанд оролцогчийг нэгэн хэв маягийн асуултаар залхаахгүй, анхаарлыг нь сарниулахгүй, хурдан хугацаанд асуултад хариулах боломж олгохын тулд асуултын хэлбэрийг оновчтой хослуулах нь зүйтэй байдаг. Асуулт нь нээлттэй, хаалттай, хагас нээлттэй гэсэн хэлбэртэй байдаг.
        Нээлттэй асуулт гэдэг нь хариулт нь бичигдээгүй буюу хариултаа өгүүлбэрээр бичиж хариулах асуултууд. Нээлттэй асуултын давуу тал нь тухайн асуултаар асуулгад оролцогчийн үзэл бодол, санаа, учир шалтгааныг илүү дэлгэрэнгүй олж мэддэг. Сул тал нь дүн шинжилгээ хийхэд цаг их зарцуулдаг.
         Асуулгын хуудсанд хариултын бүх боломж тавигдсан асуултыг хаалттай асуулт гэдэг. Хаалттай асуултын давуу тал нь судалгаанд оролцогчдын хариулт нэг хэмжээстэй учир түүнд тоон аргаар дүн шинжилгээ хийх боломжтой. Энэ нь тоон баримтын эх үүсвэр болдог.
Сул тал нь судалгаанд оролцогчдын юмс, үзэгдлийн тухай санаа бодол нь үнэн зөв, бодитой эсэх нь эргэлзээтэй, судалгаанд оролцогчдын үзэл бодлоо илэрхийлэх боломжийг хаадаг байна.
Тухайн асуултын боломжтой зарим хариултыг нь өгөөд бусдыг нь оролцогчоор бичүүлэхээр орхисон асуултыг хагас нээлттэй асуулт гэдэг.

Асуулгын давуу тал:
-       Тархуу оршин суудаг олон хүнийг хамарсан өргөн хүрээтэй судалгааг харьцангуй богино хугацаанд явуулж их хэмжээний мэдээлэл цуглуулдаг.
-       Зохион байгуулахад болон баримтыг боловсруулахад харьцангуй хялбар, зардал багатай.
-       Судалгаанд оролцогчоос зөвшөөрөл авах, тохиролцох талаар ярилцлагын болон бусад аргаас илүү боломжтой.
-       Судалгаанд оролцогчдоос адил хариулт авдаг. Судлаач хүн бүртэй тулж ажиллахгүй.
-       Асуулгын аргаар цуглуулсан баримтад дүн шинжилгээ хийхэд харьцангуй хялбар.

Асуулгын сул тал:
-       Асуулга нь зөвхен судлаачийн санаа бодолд тулгуурладаг
-       Хариулт өгч буй хүн үнэн сэтгэлээсээ хариулсан эсвэл үл тоомсорлох байдлаар хариулсан эсэхэд дүн шинжилгээ хийх шаардпагатай болдог.
-   Судалгаанд оролцогчдын хариулт харьцангуй хязгаарлагдмал.


“Архивын арга”  

Судлаач туршилтанд оролцогчдын зан үйлийн бодит илрэлийг хэмжихгүй, ажиглахгүйгээр өдрийн тэмдэглэл, бичиг баримт, архивын баримтууд, хөдөлмөр, танин мэдэхүй, сургалт, бүтээлч үйл ажиллагааны үр дүн зэргийг нь задлан шинжлэх замаар судалгаа явуулахыг “архивын арга” хэмээн америкийн шинжлэх ухааны ном зохиолд нэрлэдэг байна. Оросын судлаачид энэ аргыг гол төлөв хүний үйл ажиллагааны үр дүнг задлан шинжлэх арга хэмээн нэрлэдэг байна. [Дружинин В.Н. Экспериментальная психология.]

Энэхүү аргад хэрэглэгддэг эх үүсвэрийн төрөл:
  • Ном, эрдэм шинжилгээний өгүүлэл, тайлан
  • Вэб хуудас, интернет
  • Сонин, сэтгүүл
  • Дуу болон дүрс бичлэг
  • Захидал, санамж бичиг
  • Өдрийн тэмдэглэл
  • Засаг, төрийн шийдвэр, холбогдох баримт бичиг
  • Албан ёсны статистик
  • Дотоод гадаадын төслийн баримт бичиг, тайлан зэрэг болно.


“Архивын аргыг” зорилго, ашиглах арга барилын талаас нь хэд хэдэн чиглэлд ангилна.
Бие хүний сэтгэл судлал, бүтээлийн сэтгэл зүй, түүхэн сэтгэл зүйн чиглэлийн судалгаанд намтарын аргыг өргөн ашиглана. Энэ үед нэг болон бүлэг хүмүүсийн амьдралын замналын онцлогийг сэтгэл зүйн талаас нарийвчлан судалдаг байна.
“Архивын арга”-ын өөр нэг хувилбар нь контент задлан шинжлэлийн арга юм. Энэ нь бичиг баримтыг судлах, задлан шинжлэх хамгийн сайн боловсрогдсон, нарийн тодорхой аргын нэг юм. Энэ аргын онцлог нь судлаач агуулгын нэгжийг ялган авч тэр дагууд бүх мэдээллийг шинжилдэг. [Дружинин В.Н. Экспериментальная психология.] Энэхүү аргыг зөвхөн сэтгэл судлалд төдийгүй нийгмийн судлалын олон шинжлэх ухаанд ашиглана. Ялангуяа улс төрийн сэтгэл судлал, зар сурталчилгаа, харилцааны сэтгэл судлалд өргөн ашигладаг байна. Г. Лассуэл, Ч. Осгуд, Б. Берельсон нар “Контент-задлан шинжлэлийг харилцааны судалгаанд ашиглах нь”  нэг сэдэвт суурь судалгааны бүтээлдээ анх энэ аргын талаар авч үзсэн байдаг. Сэдвийг контент задлан шинжлэлийн аргаар судлах жишиг нэгж нь: 1) үг (нэр томъёо, тэмдэг),  2) сэтгэмж буюу утга санаа,  3) сэдэв,  4) оролцогч,  5) зохиогч,  6) иж бүрэн мэдээ. Гэхдээ нэгж бүрийг түүнийг багтаасан ерөнхий бүтцийн хэмжээнд авч үздэг байна.
Контент-задлан шинжлэлийн мэдээ баримтыг боловсруулах хэд хэдэн арга бий. [Дружинин В.Н. Экспериментальная психология.] Тэдгээрээс хамгийн энгийн нь сэдэвт тухайн нэгжийн давтамж ямар байхыг тооцоолон гаргах арга юм. Судлаач ямарваа нэг нэгж янз бүрийн сэдвийн хувьд ямар давтамжтай байх болон тэр нь мэдээний эхнээс төгсгөл хүртэл хэрхэн өөрчлөгдөхийг харьцуулан үзэж болно. Энэ үед “тогтворгүй коэффициент”-ийг бодож, нэгж тус бүрийн “хувийн жин”-г тооцдог байна.
Хоёрдахь хэв шинжийн задлан шинжлэл нь сэдвийн контент задлан шинжлэлийн хамт үүсэх торыг байгуулах явдал юм. Тухайлбал, янз бүрийн мэдээнд А болон В нэгжийн үл хамаарах давтамж ямар байгааг бүртгэн гаргаж болно. Мөн хамтын уулзалтын нөхцөлт буюу онолын магадлалыг тооцож   P(AB)= P (A)x P (B)-г гаргаж болно. Дараа нь энэ хоёр нэгж нэг мэдээнд хамтран бий болохыг бүртгэнэ. Хоёр нэгжийн нэг дорх үүслийн эмпирик давтамжийг тэдгээрийн үүслийн талаарх онолын буюу нөхцөлт магадлалтай харьцуулах замаар тэдгээр нь сэдэвт тохиолдлын юмуу тохиолдлын бус замаар бий болсныг тогтоож болно.
Мөн янз бүрийн нэгжийн тохиолдлын эмпирик торыг онолын тортой харьцуулж болох юм. Энэ аргыг анх Осгуд санал болгосон ба харилцаа ба суртал ухуулгын сэтгэл зүйд өргөн ашигладаг байна.
Контент задлан шинжлэлийн аргыг үүнээс гадна прожект сорил болон харилцан ярианы үр дүнг боловсруулахад ашиглана. Контент задлан шинжлэл маш нарийн, нүсэр арга ажиллагаа шаарддаг ч судлаачийн зүгээс судалгаанд оролцогчдын зан үйлд  нөлөөлөх боломжгүй, бүх мэдээ баримтыг дахин дахин шалган магадалдаг, түүхэн баримт бичгүүдийг харьцуулан судлах боломжтой гэхчлэн олон давуу талтай.
Сүүлийн жилүүдэд сэтгэц хэл шинжлэл эрчистэй хөгжиж байгаа, ЭТБМ-ын тусламжтайгаар асар их мэдээллийг хурдан хугацаанд задлан шинжлэх арга бий болсон зэрэгтэй уялдан контент задлан шинжлэл “хоёрдахь амьсгаа” авах болов. Ер нь энэ аргаар мэдээллийг олон талаас нягт нарийн задлан шинжлэх нь судалгааны эцсийн үр дүнд сайнаар нөлөөлж, өөр олон асуудлыг шийдэх юмуу шийдэх арга замыг эрж хайхад тусалдаг байх юм.
Хүний үйл ажиллагааны үр дүнг судлах арга түүхэн сэтгэл судлал, хүн судлал, уран бүтээлийн сэтгэл зүйн судалгаанд өргөн ашиглагдана. Хүний үйл ажиллагааны нэг онцгой төрөл болсон уран бүтээлийн сэтгэл зүйг судлахад энэ арга онцгой үүрэг гүйцэтгэнэ. Учир нь уран бүтээлийн үйл явц, үр дүнг сэтгэл зүйн талаас задлан шинжлэх нь онцгой нарийн арга ажиллагаа байгаад зогсохгүй дахин давтагдашгүй нөхцөл, онцлогийг хамруулан судлахыг шаарддаг байна.
Хүний үйл ажиллагааны үр дүнг задлан шинжлэх аргын тусламжтайгаар эмчилгээний сэтгэл зүй, шизо, сэтгэцийн эмгэг гэх зэрэг чиглэлээр асар их үнэ цэнэтэй мэдээллийг олж авах боломжтой юм. Ийм төрлийн өвчтэй хүмүүсийн үйл ажиллагааны үр дүн, бүтээлч тал нь ихээхэн өөрчлөгдөж, бичсэн зүйл, зурсан зураг, гүйцэтгэсэн хуулбар зэрэг нь олон янзын өвөрмөц онцлогтой болсон байдаг.
Өвчтөний үйл ажиллагааны үр дүнг мэдрэл сэтгэцийн талаас задлан шинжлэхийн нэг бодитой үлгэр дууриал нь А. Р. Луриягийн “Алдагдсан болон буцаж ирсэн ертөнц” хэмээх бүтээл юм. Тэрхүү бүтээлийг их тархины зүүн тал бөмбөлгийн гуравдагч талбайн аль нэг хэсэг нь гэмтсэн хүмүүсийн өдрийн тэмдэглэл, зурсан зургийг задлан шинжлэх тайлбарлах замаар бичсэн ажээ.

Буулгах сорил нь нэг талаас сэтгэц хэмжилт нөгөө талаас хүний үйл ажиллагааны үр дүнг задлан шинжлэх аргын “дундач” шинжтэй өвөрмөц арга юм. Буулгах сорилын ямар ч арга аливаа нэг сорилын адил бүх үйлдлийг урьдаас нарийн зааж тодорхойлсон байдаг онцлогтой. Судалгаанд оролцогчдод эхлээд зураг зурах, зургийг ашиглан өгүүлэл зохиох, дутуу орхисон өгүүлбэрийг гүйцээх гэх зэрэг тодорхой даалгавар гүйцэтгэх заавар өгөгдөнө. Энэ үед туршилт явуулж байгаа хүн тэдний үйлдлийг дэс дараатай даалгавар зааж өгөх, харилцан ярилцах гэх зэргээр удирдан чиглүүлж байдаг. Гэвч уламжлалт сорилтой харьцуулахад буулгах сорилын үед бүх анхаарал хүний үйл ажиллагааны үр дүнг сэтгэл зүйн талаас задлан шинжлэх, жишин харьцуулахад онцгой ач холбогдол өгч ажилладаг байна. Л. Фрэнкийн 1939 онд санал болгосон ангиллаар бол хүний үйл ажиллагааны үр дүнг судлахад чиглэсэн буулгах сорилуудад “Гэр орны зураг”, Гудинаф ба Маховерын санал болгосон “Хүний биеийн дүрс”, “Модны зураг” гэх зэрэг цөөн сорилыг хамааруулах боломжтой юм. Тэдгээрээс гадна ер нь аливаа нэг буулгах сорилын үр дүнг тайлбарлах үед хүний үйл ажиллагааны үр дүнг задлан шинжлэх аргыг ямар нэг хэмжээгээр ашигладаг байх юм. Ийм сорилуудын тоонд ТАТ, Розенцвейгийн сорил, “бэхний толбо”, бичгийн хэвийг задлан шинжлэх гэх зэрэг сорилуудыг хамааруулж болно. Бүх төрлийн буулгах сорил дараах нийтлэг шинж тэмдгүүдтэй байдаг. Үүнд: 
1).  ашиглаж байгаа материал, өгөгдөж байгаа заавар тодорхой биш шинжтэй байх
2). Олон янзын хариулт өгөхөд “нээлттэй”, туршилтанд оролцогчдын ямар ч хариултыг хүлээн авах байдал
3).  найрсаг уур амьсгал бүрдсэн, туршигчийн зүгээс үнэлгээ өгөх харьцаа хандлага гаргадаггүй
4).  сэтгэцийн чиг үүргийг биш харин нийгмийн орчин дахь бие хүний хөгжлийн чиглэл, харилцааг судалдаг
Эдгээр онцлогууд буулгах сорилыг бүтээлч чадварын сорилуудтай нилээд адил төстэй болгож байгаа юм. Үүний нэг баталгаа нь Роршах анх “бэхний толбо” сорилоо хүний сэтгэцийн авъяас билэгийн нэг болох дүрслэн бодохуйн онцлогийг судлахад зориулж зохиосон явдал юм. Оросын эрдэмтэн Е. Т. Соколова “Бие хүний судалгааны буулгах сорилууд” гэсэн бүтээлдээ тэдгээрийн шинж онцлогийг тусгайлан авч үзсэн байдаг.

Энэ аргын давуу тaл:
-       Их хэмжээний баримт цуглуулах бололцоотой
-       Зардал бага гарган их мэдээлэл цуглуулж ашигтай үр дүнд хүрэх
-       Баримт нь тогтмол байж байдаг

Сул тaл:
-       Баримтын эх үүсвэр хоёрдогч байдаг
-       Баримтын нарийвчлал, алдааны хязгаарын нөлөөг тогтооход бэрхшээлтэй
-       Нийгэм, улс төрийн нөлөөллөөс болж үр дүнгийн бодит байдал өөрчлөгдөх боломжтой.


Харьцуулалтын арга

Нийгэм, хүмүүнлэгийн болон байгаль, техникийн юмс, үзэгдлийг янз бүрийн нөхцөл, тохиолдол, хөгжлийн болон соёл иргэншлийн үе шатны хувьд түүхийн, арга зүйн, онолын талаас нь харьцуулан үр дүнг гаргахыг харьцуулалтын арга гэдэг.[12] Асуудлыг чухам ямар чиглэл, салбар, шинж чанараар харьцуулан судлаж байгаагаар нь онолын, техникийн, боловсролын, хуулийн, түүхийн, өөрчлөлтийн харьцуулалтын арга гэж нэрлэдэг. Харьцуулалтын арга нь судалгааны асуудлыг харьцуулахаар төлөвлөсөн шинжийн нь дагуу янз бүрийн тохиолдолд жишин баримт цуглуулж, задлан шинжилж, нэгтгэн дүгнэж, үр дүнг гаргадаг.
Харьцуулалтын арга нь судлаач бүр хэрэглэдэг, судалгааны бусад аргын хөгжил, шинэчлэл, хэрэглэх хүрээ, хязгаарыг өргөтгөдөг, судалгааны чанар үр дүнд бодит үнэлгээ өгдөг, судлаачдын хоорондын хамтын ажиллагаа, харилцаа холбоог тогтоодог онцлогтой.
Шинжлэх ухаан, техник, технологи, мэдээллийн үсрэнгүй хөгжлийн өнөө үед харьцуулалтын арга маш их хурдацтайгаар хөгжиж, өөрчлөгдөж, шинэчлэгдэн боловсронгуй болж байна. Энэ нь шинжлэх ухааны бүтэц, чиглэл, салбар, судалгааны арга, арга зүйг үндсээр нь шинэчилдэг.
Энэ арга нь нээх, тодорхойлох, тайлбарлах судалгаанд хэрэглэгддэг. Ихэвчлэн тодорхойлох судалгаанд хэрэглэгддэг.

Харьцуулалтын аргын давуу тал:
-       Үр дүн найдвартай, үнэн бодитой байдаг
-       Судалгааны олон арга хослон хэрэглэдэг
-   Судлаачийн судалгаа хийх чадвар, дадлыг хөгжүүлдэг

Харьцуулалтын аргын сул тал:
-       Их хэмжээний мэдээлэл, цаг хугацаа шаарддаг
-       Мэдээллийн орчин үеийн техник, технологи хэрэглэхийг шаарддаг
-       Судлаачаас олон улсын ба дэлхий нийтийн 2-3 болон түүнээс дээш хэл мэддэг байхыг шаарддаг



 5. Сэтгэл зүйн туршилт

      Сэтгэл зүйн туршилт нь туршигчийн зүгээс туршилтанд оролцогчдын сэтгэцийн онцлогийг судлах зорилгоор зохион байгуулдаг харилцан, хамтын үйл ажиллагаа юм. /В.Н.Дружинин/
Энэхүү харилцан хамтын үйл ажиллагааны бүхий л үе шатыг зохион байгуулж, зохицуулах үндсэн арга зам нь харилцаа байдаг.
Судалгаанд оролцогчид туршигчтай анх уулзаж туршилтанд хэрхэн оролцох талаар заавар зөвлөмж авах үедээ өөр өөрсдийн гэсэн амьдралын чиг шугам, зорилго, сэдэл тэмүүлэлтэй ирдэг. Үүнээс гадна туршигчийн зан үйлийн онцлог, судалгааны арга барил, харилцааны ур чадвар туршилтын эцсийн үр дүнд зохих хэмжээгээр нөлөөлнө.
Туршилтын нөхцөл байдал эцсийн үр дүнд нөлөөлдөг гэдгийг сэтгэл судлаачид бараг бүгдээрээ хүлээн зөвшөөрдөг.
Туршилтанд оролцогчдын зан үйлд зарим өөрчлөлт гарах бөгөөд тэдгээр нь туршилтын үр дүнд нөлөөлөх хүчин зүйлүүдийг нөхцөлдүүлдэг байна. Үүнд нэлээд түгээмэл тохиолддог нь: “Плацебогийн эффект”, “Хотторны эффект”, “Аудиторын эффект” г.м. [Дружинин В.Н. Экспериментальная психология.]
  • Плацебогийн эффектийг анх анагаахын салбарынхан гаргаж ирсэн. Энэ нь туршигдагч бэлдмэл юмуу эсвэл эмчийн үйлдэл нь өөрсдийнх нь эрүүл мэндэд тус дөхөмтэй гэж үзсэний үндсэн дээр биеийн байдал нь эрс дээшлэх үзэгдэл юм. Энэхүү эффект нь итгэн үнэмших, эсвэл өөрийгөө итгүүлэн үнэмшүүлэх механизмын үндсэн дээр явагддаг байна.
  • Хотторны эффект нэгэн үйлдвэрт явуулсан нийгэм сэтгэл зүйн судалгааны явцад илэрсэн. Сэтгэл зүйчдийн явуулж буй туршилтанд оролцохдоо туршигдагчид энэхүү үйл явцад оролцож байгаа нь зөвхөн түүнд анхаарал хандуулж байгаа мэт үздэг. Туршилтанд оролцогчид туршигчийн хүсэн хүлээж байгаа байдлаар биеэ авч явдаг. Хотторны эффектээс урьдчилан сэргийлэхийн тулд туршигдагчдад туршилтын таамаглалыг хэлж өгөхгүй байх, эсвэл буруу / худал /ортогональ/ таамаглал хэлэх, мөн зааврыг аль болох хайхрамжгүй хөг аялгуугаар уншиж өгөх зэрэг аргыг хэрэглэж болно.
  • Нийгмийн фасилитаци /нэмэгдүүлэх/ буюу аудиторын эффектийг Р.Зайонц анх илрүүлсэн. Дурын гадны ажиглагч, тухайлбал туршигч, эсвэл ассистент /туслагч/-ийн нөлөөгөөр аливаа нэгэн ажлыг гүйцэтгэгч хүний зан байдал өөрчлөгддөг байна. Энэхүү эффект нь тэмцээнд оролцогч тамирчинд илүү тод илэрдэг байна. Дасгалжуулагч болон хөгжөөн дэмжигчдээсээ шалтгаалж тамирчдын амжилт /үр дүн/ янз бүр байж болно. Туршилт судалгааны явцад хөндлөнгийн, эсвэл туршилт судалгаанд хамтран оролцогчдын нөөлөөгөөр туршигдагчийн үр дүнгийн үзүүлэлт буурдаг хандлагыг Зайонц ажиглажээ. Харин туршилт судалгаанд туршигдагч өөрийн хүч чармайлтын дагуу оролцвол туршилтын үр дүн дээшлэх хандлагатай байдаг. Туршилт судалгааны дараа доорх зүйлс ажиглагдсан:
      1. Энэхүү нөлөөлөл нь дурын ажиглагчид бус харин туршигдагчдад илүү хамаатай үнэлэлт өгч чадахуйц ажиглагчтай тохиолдолд үүсдэг байна. Хэр зэрэг чухал хамаатай байна төдий хэмжээгээр энэхүү эффект нь үүсдэг байна.
      2. Өгөгдсөн үүрэг даалгавар хэр зэрэг хүнд байна төдий хэмжээгээр нөлөөлөл нь их байна. Шинэ чадвар, дадал, оюун ухааны чадвар нэмэгдэх тусам нөлөөлөл их байдаг /нөгөө талаар үр ашигтай байдал нь багасдаг/. Харин эсрэгээрээ буюу энгийн, хуучин перцептив болон сенсомоторный /мэдрэхүйн хөдлөл зүйн/ дадал хөнгөхөн бий болж, ач холбогдол бүхий ажиглагчийн дэргэд тэдгээрийг биелүүлэх үр ашиг дээшилдэг.
      3. Тэмцээн ба хамтын үйл ажиллагааны явцад ажиглагчдын тоо ихэсхэд эффектийн хүч ихэсдэг.
      4. Оюун ухааны хүч чадал шаардсан шинэ, хүнд даалгаварыг биелүүлэх үед “түгшүүртэй” туршигдагч тогтонги сэтгэл хөдлөл бүхий бие хүнийг бодвол  илүү бэрхшээлтэй хүндрэлтэй байдаг.
      5. “Зайонцын эффект”-ийн нөлөөлөл нь Йеркс—Додсоны идэвхжүүлэх өдүүлбэрийн /оптимума активаци/ хуульд сайн тодорхойлогдсон байдаг. Гадаад ажиглагч /туршигч/-ийн дэргэд туршигдагчийн сэдэлжүүлэлт өсдөг / дээшилдэг. Энэ нь эсвэл үр ашгийг нэмэгдүүлэх, эсвэл “урьдач сэдэлжүүлэлт” болж үйл ажиллагааны үйл ажиллагааны тэсрэлтийг бий болгодог.


Туршигдагч туршилтын явцад туршигчтай харилцах үед үүсэх сэдэлжүүлэлтээс туршилтанд оролцогчдын сэдэлжүүлэлтийг ялган авч үздэг.
Туршилт судалгааны явцад туршигдагчаас янз бүрийн сэдлүүд үүсдэг. М.Т.Орны ажигласнаар туршигдагчийн үндсэн сэдэл нь нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн байдалд эрмэлзэх, сайн байхыг хүсэх, туршигчийн дэвшүүлсэн таамаглалыг батлахын тулд биеэ авч явах, туршигчид туслахыг хүсдэг. Бас өөр нэг хандлага ажиглагддаг нь туршигдагч туршигчид илүү өндөр үнэлэгдэх хариултыг өгдөг явдал юм.
Мөн “муу туршигдагчид” гэж нэрлэгдэх туршигдагчид байдаг. Тэд туршигчтай болон туршилт судалгааны явцтай дайсагнасан байдлаар харьцаж туршигчийн дэвшүүлсэн таамаглалыг эвдэх бүхий л боломжтой зүйлсийг хийдэг.
Насанд хүрсэн туршигдагчдын ажиглагдсан нэг онцлог бол тэд өөрсдийн таамаг сэжигийг өгөх бус харин зааврыг яг тэр чигээр нь деталь бүрээр гүйцэтгэхийг эрмэлздэг байна. Энэ нь туршигдагч бие хүний сэтгэл зүйн боловсорсон /хөгжин төлөвшсөн/ байдлаас хамаардаг байна.
Л.Б.Кристиансены үзлээр бол туршилтын үе дэх туршигдагчийн бүхийл зан байдлыг нэг л чухал сэдлийн хүрээнд тайлбарлах ба энэ нь эерэг саморепрезентацид эрмэлзэх буюу өөрийн нүдээр илүү сайн харагдахыг эрмэлзэх явдал юм. Туршилт судалгаанд оролцож буй насанд хүрсэн туршигдагч /туршилтын нөхцөл байдалд орсон/ өөрийгөө туршилтын нөхцөл байдалд зохицуулан авч явдаг боловч “нүүрээ улайлгахгүй байх” гэсэн эрмэлзлэлийг давхар агуулдаг. Тэрээр ярилцлагын явцад туршигчийн тайлбар заавар, мөн туршилтын явцад туршигчтай харилцах онцлогийг тооцох, судалгаа явагдах нөхцөл, туршигчийн бие хүний өвөрмөц онцлог шинжийг харгалзаж туршилт болон түүний зорилгод анхаардаг. Энэ бүгдийн үндсэн дээр туршигдагч туршилтын нөхцөл байдалд зохицсон “дотоод” загварыг бий болгодог. Хэрвээ туршилтын зорилгыг сольсныг туршигдагч мэдвэл “хууран мэхлэх” арга үр ашиггүй болно. Заавар өгөх явцад туршигдагчдын зан байдал болон тэднийг хуурах оролдлого хийж буйг мэдвэл /сэжиг төрвөл/ туршигдагч туршигчийн үйл ажиллагаанд биеэ барьж цааргалах, түүний нөлөөллийг эсэргүйцэх зэрэг хандлага гаргадаг. Үүнийгээ тэд тайлбарлахдаа хүсэл зоригоос нь ангид хүнийг хуурах нь шудрага бус гэдэг.
Үүний сацуу туршилтын нөхцөл нь ердийн бус бөгөөд бодгалийн урьдын туршлагаас ялгаатай учир туршилт саморепрезентацийн сэдлийг идэвхжүүлдэг.
Хэрвээ туршигдагч туршилтын явцад түүний зан байдлыг бодгалийн хувьд тодруулсан гэж үзвэл саморепрезентацийн сэдэл нь хүчтэй болдог ба өөрөөр хэлбэл түүний үйлдэл нь туршилтын үйл явцын нөлөөллийн үр дүн бус харин бодит зорилго, мэдрэмж, итгэл үнэмшил, чадвар зэргийн үндсэн дээр илэрч явагддаг. Хэрвээ туршигдагч туршилтын явц дахь түүний зан байдал даалгаварын нөхцөл, агуулга, туршигчтай харилцах байдлаас шалтгаална гэж үзвэл түүний зан байдалд саморепрезентацийн сэдэл бий болохгүй.
Л.Б.Кристиансен бол туршилтын явцад саморепрезентацийн нөлөөллийн асуудлыг судалсан мэргэжилтэн бөгөөд тэрээр өөрийн болоод өөр бусад туршилт судалгааны үндсэн дээр: саморепрезентацийн сэдэл нь түүний явагдах нөхцөл юмуу туршилтын үр дүнд нөлөөлөх түүний нөлөөллийн чиглэл зэргээр тодорхойлогддоггүй учир түүнийг хянах нь их төвөгтэй байдаг гэсэн дүгнэлт хийсэн.
Туршилтын үр дүнд туршигдагч бие хүний болон харилцааны эффектийн нөлөөллүүдийг хянахын тулд хэд хэдэн тусгай аргууд байдаг. Тухайлбал:

1. “Сохор Плацебо” буюу “давхар сохор туршлага” арга. Розенталийн эффектийг /Пигмалионы эффект/ хянадаг. Хяналтын ба туршилтын ижил бүлгээс бүрдэнэ. Туршилтын процедур аль аль тохиолдолд давтагддаг. Туршигч чухамдаа аль бүлэг “тэг” үйлдэл хийж буй, аль нь нарийн түвэгтэй үйл хийж байгааг мэдэхгүй. Туршилт туршигчийн бус харин аль бүлэг бодит үйлдэл хийж буйг болон туршилт судалгааны жинхэнэ таамаглалыг үл мэдэх туршилтанд урьж оролцуулж буй ассистентийн /туслагч/ хяналтан доор явагддаг.
Психофармаколог Х.К.Бичер туршилтын энэхүү аргын тусламжтайгаар өвдөх мэдрэмжид мэдээ алдуулах эмийн нөлөөллийг судалсан. “Сохор Плацебо”-ийн схемээр хийсэн судалгаандаа тэрээр тухайн хянагч бүлгийг тухайн туршилтын бүлгээс ялгаж чадахгүй байсан.
“Давхар сохор туршлага”-ыг Розенталийн болоод Хотторны эффектууд хянадаг.

2. Хуурах арга. Туршигдагчдыг зорилго чиглэлтэйгээр төөрөгдүүлэх явдалд үндэслэдэг. Зарим судлаачид энэ аргыг хүлээн зөвшөөрдөггүй.
Туршигч үндсэн зорилго, таамаглалаасаа ялгаатай хуурамч зорилго, таамаглалыг бий болгоно. Хуурамч зорилго, таамаглалыг туршигч туршигдагчдад хэлж өгнө. Хуурамч таамаглалын агуулга нь туршилтын шинж чанараас хамаарах байдлыг өөрчилдөг бөгөөд үүнд энгийн, эсвэл нарийн түвэгтэй онолын таамаглалыг дэвшүүлж болно.
Хуурах аргын боломжтой хувилбар нь туршилтын таамаглал, зорилгыг зүгээр л нуун далдалдаг. Ийм тохиолдолд туршигдагч хувилбарыг өөрөө бодож боловсруулах бөгөөд ийм хуурамч таамаглалын нөлөөгөөр үл хянагдах хувьсагчийн нөлөөг арилгахын тулд туршигдагчийн фантазийг илрүүлж /олж мэдэж/ болно. Иймэрхүү байдлаар туршигдагчдаас таамаглалын ямар нэгэн хувилбарыг санал болгохыг хүсдэг.

3. “Нууц” туршилтын арга. “Ердийн” туршилтыг явуулах үед судалгааны энэ аргыг хэрэглэдэг. Туршигдагч туршигдагчийн хувиар туршилт судалгаанд оролцож буйгаа үл мэдэх ба энэ нь туршигдагчийн ердийн амьдралын нөхцөлд явагдана. “Нууц” туршилтын аргад хууран мэхлэх аргын нарийн түвэгтэй үйл /манипуляци/ явагдах ба туршигдагч туршилтанд оролцохдоо өөрөө мэдэлгүйгээр хэдийнээ хууртагдсан байдаг учраас түүнд туршилтын зорилго, таамаглалын тухай хуурамч мэдээллийг өгөх шаардлагагүй болсноороо ялгаатай байдаг. Энэ тохиолдолд хууран мэхлэх аргаасаа илүүтэйгээр ёс зүйн асуудлыг хөндсөн байдаг ба бид туршигдагчийг татан оруулахдаа /албадлагын үед ч гэсэн/ тэрээр бусдаар бүрэн хянагдаж манипуляцийн объект болно гэсэн үг юм. Үүний хамгийн том аюул нь зарим нэг туршигчийн зүгээс гарах шудрага бус явдал юм. Энэ загварыг гол төлөв нийгмийн сэтгэл судлалд хэрэглэдэг. Мөн хүүхдийн сэтгэл судлал, хөгжлийн сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх сэтгэл судлалд хэрэглэдэг.

4. Хамаарах үзүүлэлтийн үл хамаарах хэмжигдэхүүний арга. Энэ аргыг практикт хэрэглэхэд төвөгтэй байдаг учраас тэр болгон хэрэглээд байдаггүй /ховор хэрэглэдэг/. Туршилт ердийн төлөвлөгөөгөөр явагддаг боловч нөлөөллийн эффектийг туршилтын явцад хэмждэггүй, харин түүнээс гадна хэмждэг. Тухайлбал туршигдагчийн сургалт, хөдөлмөрийн үйл ажиллагааг хянах г.м.

5. Туршигдагчийн байр байдлын ойлголтыг хянах. Энд М.Т.Орны дэвшүүлсэн постэксперименталь /туршилтын дараах/ асуулгын схемийг гол төлөв хэрэглэдэг. Мөн түүнчлэн туршигдагч туршилт, туршигчтай харилцах байдал, туршигдагч туршилтын зорилго, зааврыг ойлгон хүлээж авсан байдал зэрэгт хяналт тавьж харгалзах хэрэгтэй болдог.




Сэтгэл зүйн туршилтын зохион байгуулалт.

Сэтгэл судлалын туршилтанд юуны өмнө олон төрлийн эмпирик аргуудыг ашиглана. Тэдгээрийг судалгаанд ашиглахдаа эн түрүүнд ерөнхий шинжлэх ухааны шалгууруудыг дагаж баримтлах хэрэгтэй юм.
Эмпирик аргуудыг идэвхтэй болон идэвхгүй хэмээн ангилна. Идэвхтэй аргад лабораторын туршилт болон түүний олон төрлийн хувилбарууд, квазитуршилт хамаарна. Идэвхгүй аргад ажиглалт, эмнэл зүйн арга, үйл ажиллагааны үр дүнг судлах арга, хэмжилт, хамаарлын судалгаа, мэдээлэл цуглуулах арга, “архивын арга” хамаарна. Нэгдэх аргуудыг ашигласан нөхцөлд сэтгэл зүйчид объектод идэвхтэй нөлөөлөх замаар сэтгэцийн үзэгдэл, үйл явцыг өдөөж илрэн гарахад түлхэц өгч ажилладаг. Харин хоёрдахь бүлгийн аргуудыг ашиглах нөхцөлд зүй ёсоороо явагдаж байгаа үйл явцыг бүртгэх, гаднаас нь судлах хэрэгтэй болно. Гэхдээ аль ч нөхцөлд судлаач объекттой шууд харьцах юмуу эсвэл сорил, асуулга зэрэг зарим хэрэгслийг ашиглах хэрэгтэй болно. Туршигч туршилтанд оролцогчдод мөн шууд нөлөөлөл үзүүлэх, тэдэнтэй нүүр тулж уулзаж ярилцахаас гадна тусгай зориулалтын газар, өөрөө хэлбэл, лабораторын нөхцөлд тэдний үйл ажиллагааг техник хэрэгслүүд, судалгааны төхөөрөмжүүд, янз бүрийн даалгаварын  тусламжтайгаар зохион байгуулах хэрэгтэй болно. Үүний дараа сэтгэл судлалын аргуудын “хэмжилт”-ийн хоёрдахь үе шат эхэлнэ.
Судлаач сэтгэл зүйн судалгаанд байгалийн шинжлэлийн болон “ухаарах аргууд”-ыг ашиглаж туршигдагчийн зан үйл, сэтгэл санааны дотоод ертөнцийг шууд танин мэдэхийг хичээж байгаа нөхцөлд өөрийн хийсвэр төсөөллийн тусламжтайгаар туршигдагчийн сэтгэцийн онцлогийг загварчлан буулгахад илүүтэй ач холбогдол өгч ажилладаг байна.


Туршигч
Туршигдагч
Даалгавар гүйцэтгэх
Ердийн зан үйл
Үйл явцад нөлөөлөл үзүүлэх
Туршилт
Харилцан яриа, асуулга
Болж буй үйл явдлыг яг тэр чигээр нь бүртгэн тэмдэглэх
Хэмжилт
Ажиглалт

Сэтгэл судлалын ийм аргууд олон талаар “хэрэгсэл-шууд харилцаа” гэсэн хэмжилтийн аргуудыг санагдуулж байгаа юм. Ажиглалтын арга дүрс бичлэг, дуу хураагч болон бусад техник хэрэгслүүдийг ашигласан нөхцөлд мөн хэрэгслийн шинжтэй болж хувирна. Гэхдээ харьцаа хамаарлыг хэмжилтийн судалгаатай харьцуулахад туршигдагч хэрэгслүүдтэй харилцан үйлчлэх хэсэг нь байхгүйгээрээ онцлог байгаа юм.
Туршилтын үед туршигдагч даалгаврыг идэвхтэй гүйцэтгэх ба ажиглалт, асуулга явуулах үед түүний өмнө ямар нэг шинэ зорилтууд тавигдахгүй учраас зан үйл нь ердийн хэвийн байдлаар илэрч гардаг байна.
Өөр нэг чухал шалгуур нь судалгааны зохион байгуулалтыг хоёр үндсэн хэсэгт хуваадаг байх юм. Энэ нь уг арга төгс төгөлдөг судалгааны шалгуурт нийцэж байгаа эсэхийг хянах шалгуур ба түүнийг орчин үеийн судалгааны арга зүйн талаас хэрхэн үнэлж болох тухай асуудал юм.
Чухамхүү ийм шалгуурын үндсэнд судалгааны зохион байгуулалтын аргуудыг ангилж үздэг байна.

1. Туршилт, системтэй ажиглалт ба хамаарлыг судалгаа. Эдгээр судалгааны аргуудын гол онцлог нь судлаач үндсэн хувьсах хэмжигдэхүүнүүдийн хоорондох учир шалтгааны болон хамааралт байдлыг гадаад хэмжигдэхүүнийг хянах байдлаар тогтоохыг оролддог явдал юм. Үүний тулд туршигч судалгаанд оролцогчдыг зорилго чиглэлтэй нарийн нягт сонгон авахаас гадна өөрийн үйлдлүүдийг тодорхой эрэмбэ дараалалтайгаар төлөвлөдөг байна.

2. Ердийн туршилт, ажиглалт, харилцан яриа, эмнэл зүйн аргууд, тодорхой тохиолдлыг судлах арга гэх мэт. Эдгээр аргууд хүний зан үйлийн онцлог шинжүүдийг тодорхойлоход ашиглагдана. Мөн эмпирик баяжуулалтын эх сурвалж болох, хэсгээс ерөнхий рүү хандсан таамаглал дэвшүүлэх замаар цаашид онолын судалгаа хийх, шүүмжлэлт туршилтын явцад шалган магадлах боломжийг бүрдүүлж өгдөг байна. Үл хамаарах, хамаарах, гадаад гэсэн хувьсах хэмжигдэхүүнүүдийг хянах аргыг систем дэс дараатай хэрэглэхгүй боловч ажиглалтын көрт, дүрс бичлэг, дуу авиа буулгах хэрэгсэл, сорил гэх мэт нарийн техник хэрэгслүүдийг ашиглах боломжтой юм.

3. Квазиэксперимент. Энэ нь хэмжигдэхүүнүүдийг хянах хатуу хяналттай аргууд болон ердийн аргуудын “завсрын” шинжтэй байдгаараа онцлогтой. Энэхүү аргыг систем дэс дараатай аргатай зарим судлаачид адилтган үзсэн байдаг. Гэхдээ систем дэс дараатай ажиглалтын нөхцөлд туршигч туршилтанд оролцогчдын зан үйлд нөлөөлөл үзүүлдэггүй болохыг санах ёстой. Ердийн тушилтын нөхцөлд явагддаг нөлөөллүүдийг туршигчаас хамаарахгүй байдлаар ялган судалж болох талтай. Гэхдээ тэдгээр нөлөөлөл явагддаг байдлаараа ердийн замаар хийгдэх нь ойлгомжтой. Ийм нөхцөлд бид ажиглалт ба туршилтын “завсрын” аргыг ашиглаж байна гэсэн үг. Квазиарга гэдэг нь төгс төгөлдөр судалгааны шаардлагуудыг бүрэн хэмжээгээр хэрэгжүүлэх боломжгүй судалгааны аргуудыг хамааруулдаг байна. Харин тэр цоорхойг квазитуршилтын онцгой төлөвлөлтийг ашиглах замаар зарим талаар нөхөн гүйцээх боломжтой гэж үздэг байна.
Уламжлалт ойлголтоор туршилтыг туршилтын бус аргуудтай эсрэг тэсрэг байдлаар авч үздэг байсан. Ялангуяа тэр аргуудыг туршилтын аргатай харьцуулж, юу юу нь туршилтын шаардлагыг хангаж чадахгүй байгааг голлон анхаардаг байв. Эндээс судалгаа гэдэг бол бүхий л тохиолдолд бүрэн төгс туршилтын хэмжээнд очиж байж л эцсийн дүндээ шаардлага хангах эсэх нь харагдана гэсэн логик урган гардаг байна.

Тухайлбал, Ф. Дж. МакГиган туршилтын аргыг:

1)      сонгодог эмнэл зүйн арга
2)      ердийн ажиглалт
3)      асуулга
4)      архивын арга
5)      хамаарлын судалгааны арга
6)      квазитуршилт

гэсэн аргуудын эсрэг сөргүүлэн тавьсан байдаг.

М. В. Мэтлин туршилтын аргыг:

1)      Талбайн судалгаа, талбайн туршилттай ойролцоо ердийн ажиглалтын арга
2)      Асуулга (servey methods)
3)      Хамаарлын судалгаа
4)      Архивын арга
5)      Тодорхой тохиолдлыг судлах арга (case-study method, case-history technique)

зэрэг аргуудын эсрэг сөргүүлэн тавьсан байгаа юм. П. К. Кобзи туршилтын аргыг сөргүүлэх байдлаар хамаарлын судалгааны арга, асуулга, талбайн ажиглалт, талбайн туршилт зэрэг туршилтын өмнөх аргуудыг авч үзсэн байгаа юм.
Сэтгэл судлалын туршилт судалгаа бусад аргуудаас туршигч үл хамаарах хэмжигдэхүүнүүдийг идэвхтэй өөрчлөн хувиргах байдлаар ялгагдана. Гэтэл бусад аргуудын хувьд үл хамаарах хэмжигдэхүүнүүдийг сонгон авах түвшингийн асуудал л яригддаг байх юм. Туршилтын судалгааны энгийн хувилбар нь заавал үндсэн ба хяналтын бүлгийг бүрдүүлсэн байх явдал юм. Гэтэл туршилтын бус аргуудад бүх бүлгүүд адилхан байдаг учраас тэдгээрийг шууд өөр хооронд харьцуулан судлах боломжтой байдаг байна.
Хэлбэрийн талаас туршилтын судалгааны хэд хэдэн хэв шинжийг тодорхойлох боломжтой юм. Ингэхдээ эрэл хайгуулын буюу судалгааны, батлах хэлбэрийн туршилтуудыг эн түрүүнд авч үзнэ. Тэдгээрийн ялгаа нь асуудлыг боловсруулсан түвшин, үл хамаарах ба хамаарах хэмжигдэхүүнүүдийн талаарх мэдлэгийн ашиглалтаас хамаарна.
Эрэл хайгуулын шинжтэй туршилт үл хамаарах ба хамаарах хэмжигдэхүүнүүдийн хооронд хамаарал байгаа эсэх нь мэдэгдэхгүй байгаа нөхцөлд хийгддэг байх юм. Ийм учраас эрэл хайгуулын туршилт А болон В гэсэн хэмжигдэхүүнүүдийн хооронд учир шалтгааны хамаарал байж болох эсэх тухай таамаглалыг шалгах зорилгоор хийгддэг хэмээн үзэж болно.
Судалгааны алгоритм нь:

1)      А ба В хоёрын хоорондох учир шалтгааны хамаарлын талаар чанарын таамаглал дэвшүүлж гаргах
2)      Эрэл хайгуулын шинжтэй туршилт явуулах
3)      Таамаглал батлагдсан нөхцөлд чанарын өөр таамаглал дэвшүүлж шинээр эрэл хайгуулын туршилт явуулна. Хэрэв энэ тохиолдолд чанарын таамаглал батлагдах юм бол тоон чиг үүргийн таамаглал дэвшүүлэх хэрэгтэй болно.
4)      Шалган магадлах туршилт явуулна.
5)   Эхэнд дэвшүүлсэн хэмжигдэхүүнүүдийн хооронд учир шалтгааны хамаарал байх эсэх тухай таамаглалыг хүлээн авах юмуу үгүйсгэх

    Сэтгэл судлалын судалгааны практикт туршилтын янз бүрийн нөхцөлд “шүүмжлэлт туршилт”, “нислэгийн судалгаа”, “нислэгийн туршилт”, “талбайн туршилт”, “ердийн туршилт” гэх мэт олон  хувилбаруудыг ашигладаг байна. Шүүмжлэлт туршилт нэгэн зэрэг бүхий л боломжтой таамаглалуудыг шалган магадлах боломжийг бүрдүүлж өгнө. Хэрэв тэдгээрийн аль нэг нь батлагдвал бусад нь үгүйсгэгдсэн хэмээн үзнэ. Сэтгэл зүйн шүүмжлэлт туршилт явуулах нь маш нарийн төлөвлөж бэлтгэхээс гадна шинжлэх ухааны онол маш сайн боловсрогдсон байхыг шаардана. Сэтгэл судлалд ерөнхийгөөс хэсэг рүү хандсан загвар голлодог болохоор эмпирик судалгааны нөхцөлд судлаачид шүүмжлэлт туршилтыг бараг ашигладаггүй гэхэд болох юм.

“Нислэгийн судалгаа” хэмээх ойлголт үндсэн таамаглал болон судалгааны төлөвлөгөөг шалган үзэхэд чиглэсэн анхны юмуу хэд хэдэн дараалсан туршилтыг хамаардаг байна. Ялангуяа маш томоохон судалгааны өмнө дараа нь шаардлагагүй зүйлд цаг хугацаа, хөрөнгө зарахгүй байхын тулд “нислэг” хийдэг байх юм. Нислэгийн судалгаа цөөн тооны түүвэр дээр, хураангуйлсан байдлаар, гадаад хүчин зүйлүүдийг нарийн хянах гэхгүйгээр явуулах боловч олон асуудлын оновчтой шийдлийг олоход тусалдаг байна. Энэхүү судалгааны дүнд бий болсон мэдээ баримтын магадлал тийм өндөр биш байдаг ч таамаглал дэвшүүлэх, судалгааны төлөвлөлт, хувьсах хэмжигдэхүүнүүдийг хянах талаар гарч болох томоохон алдаанаас зайлсхийх боломжийг бүрдүүлдэг сайн талтай юм. Мөн нислэгийн судалгааны явцад “эрэл хайгуулын бүсийг” багасгах, таамаглалтыг илүү тодорхой болгох, судалгааны арга зүйг боловсронгуй болгох боломж гардаг байх юм.
   
Талбайн судалгаа өдөр тутмын бодит хэмжигдэхүүнүүдийн хоорондох холбоо хамаарлыг, тухайлбал, бүлгийн доторх тухайн гишүүний байр суурь болон тоглоомын үед түүний бусадтай холбоо харилцаа тогтоох байдлын хоорондох хамаарлыг судлахад чиглэдэг байна. Талбайн судалгаа мөн чанарын хувьд квазитуршилтын нэг хэлбэр юм. Яагаад гэвэл ийм туршилтын үед гадаад хэмжигдэхүүнүүдийг нарийн хянах, бүлгийг сонгон авч түүний дотор туршилтанд оролцогчдыг хуваарилан байрлуулах, үл хамаарах хэмжигдэхүүнүүдийг зохицуулах, хамаарах хэмжигдэхүүнүүдийг нарийн бүртгэн тэмдэглэх бололцоогүй байдаг. Гэвч зарим тодорхой нөхцөлд ердийн буюу талбайн туршилт шинжлэх ухааны мэдээлэл олж авах ганц боломжтой арга болж хувирах нь бий. Ялангуяа нийгмийн, хөдөлмөрийн, хөгжлийн, этологи, эмнэлгийн зэрэг сэтгэл судлалын салбар ухаануудад талбайн туршилт өргөн хэрэглэгддэг байх юм.
Ердийн туршилтын мэргэжилтнүүд лабораторын туршилт зохиомол учраас зан үйлийн жинхэнэ шинэ илрэлийн тухай үнэн зөв мэдээлэл олж авахад хүндрэлтэй байдаг хэмээн үздэг. Энэ нь хүнийг өдөр тутмын амьдралын нөхцөл орчноос нь салгаж судалдаг явдлаас эхтэй ажээ. Хэдий тийм боловч талбайн туршилтын үед судалгааны үр дүнд сөргөөр нөлөөлдөг, харгалзан үзэхэд төвөгтэй хүчин зүйлүүд бүр олноороо гарч ирдэг байх юм. Иймээс сэтгэл зүйчид талбайн туршилтыг урьдаас нарийн төлөвлөх, түүнийг зохион байгуулах үе шат, дэс дараалал нь олон талаар лабораторын туршилттай ижил байхыг чухалчлах болов. Мөн талбайн судалгааны үед олж авсан баримт мэдээллийг дахин давтан шалгах, хэмжигдэхүүнүүдийн хоорондын хамаарлыг илүү нарийн харьцуулан үзэх асуудалд анхаарах болов.
 Сэтгэл зүйн туршилт хэд хэдэн үе шаттай явагдана. Тэдгээрийн зарим нь ямар ч нөхцөлд өөрчлөгдөх ёсгүй байдаг бол заримыг нь хааяа орхигдуулах юмуу өөр бусадтай нь нэгтгэх боломжтой юм. Гэхдээ туршилтын үе шатуудыг дэс дарааллаар нь гүйцэтгэх хэрэгтэй.
  
Сэтгэл зүйн туршилтын үе шатууд ямар байх ёстой вэ?

1. Аливаа судалгаа сэдвээ сонгохоос эхэлнэ. Сэдэв юуны өмнө судалгааны хүрээг тодорхойлж, судлагдахуун, объект, аргуудыг сонгох боломж олгоно. Гэхдээ судалгааны эхний үе шат нь асуудлаа зөв тодорхойлох явдал байдаг. Судлаач орчин үеийн сэтгэл судлалын ямар мэдлэг шаардлага хангахгүй байгаа болон яагаад ийм байгаа талаар тодорхой төсөөлөлтэй байх ёстой. Үүнд мэдлэгийг цоорхой болон хүний зан үйлийн тухай онолууд ямар асуудлаар эсрэг тэсрэг юмуу өөр өөр тайлбар өгч байгааг нарийн тодорхойлох хэрэгтэй болно. Эмпирик судалгааг дараах үндсэн гурван нөхцөлд явуулна.
§  ямар нэг үзэгдлийн талаарх таамаглалыг шалгах
§  үзэгдлүүдийн хоорондох холбоо хамаарлын талаарх таамаглалыг шалгах
§  А ба В үзэгдлийн хооронд учир шалтгааны хамаарал байгаа тухай таамаглалтыг шалгах

 Ер нь туршилт үзэгдлийн учир шалтгааны холбоог нээн илрүүлэхийн тулд хийгддэг байх юм. Сэтгэл санаа тайван тогтвортой биш болохын үндсэн учир шалтгаан юунд байдаг вэ? 6-7 насны хүүхдүүд сургуульд элссэн эхний үед яагаад сэтгэл санааны хувьд сандарч хэвийн биш байдалд ордог вэ? гэсэн асуулт гарч байгаа юм. Үүний талаарх анхдагч таамаглалууд нь сурах үйл ажиллагаанд сайн бэлтгэгдээгүй, сурах анхдагч чадвар дадал төлөвшөөгүй, зориудын шинж чанаруудын хөгжил хангалттай биш, оюуны хөгжил сул, сурагчийн хамт олны дотор өөрийн байр суурийг эзлэхэд нөлөөлөгч нийгэм сэтгэл зүйн хүчин зүйлүүд гэх мэт олон хувилбар байж болох үндэстэй. Эдгээр таамаглалууд цөмөөрөө үндэслэлтэй мэт санагдавч тус бүрийг нь туршилтаар шалган магадлах хэрэгтэй болно.
   
    2. Асуудлыг анхны хэлбэрээр дэвшүүлэн гаргасны дараа шинжлэх ухааны ном зохиолуудтай ажиллах хэрэгтэй болно. Судлаач бусад сэтгэл судлаачдын явуулсан туршилтын ажлуудын үр дүн, баримт мэдээллүүдтэй танилцана. Орчин үеийн судлаачид компьютерийн суурь мэдээлэл, Интернет, Relcom болон номын сан, мэргэжлийн сэтгүүлүүдийг ашигладаг байна. Эхлээд суурь ойлголтыг авч үзнэ. Үүнийг сэтгэл судлалын болон бусад тайлбар толиудаас эрж хайна. Тэнд тухайн асуудлаар гарсан үндсэн ном зохиол, зохиогчдын тухай мэдээлэл олж болно. Дараагийн үе шат нь сэдвийн дагуу уншиж судлах ном зохиолуудын нэрсийг гаргана. Үүнд номын сангийн сэдэвчилсэн бүртгэлийг ашиглана. Сэдвийн талаарх анхдагч мэдээллийг рефератив сэтгүүлүүдээс олж авч болно. Орос хэл дээр ийм сэтгүүл нь “ВИНИТИ, - Раздел О.4. II. Психология” юм. Англи хэл дээр нэр хүндтэй сэтгүүл олон байдаг ч Америкийн сэтгэл судлалын нийгэмлэгийн “Psychological Abstract” юм. Энэ сэтгүүлд англи хэл дээрх сэтгэл судлалын сэтгүүлүүдэд гарч байгаа бараг бүх өгүүллийн хураангуйг хэвлэдэг байна. Ингэж гол гол ном өгүүллийг цаг хугацааны дарааллаар олж авсны дараа тэдгээр ном, сэтгүүл, эмхэтгэл, нэг сэдэвт зохиол зэргийг уншиж танилцах замаар анхдагч төсөөлөл бий болно.
            Мэргэжлийн ном зохиолуудтай танилцсанаар шинэ таамаглал дэвшүүлэх, шинээр төлөвлөлт хийгдэх боломжтой болно.  Зарим тохиолдолд төлөвлөсөн туршилтаасаа татгалзах явдал байдаг. Яагаад гэвэл шинжлэх ухааны ном зохиолуудтай гүн гүнзгий танилцсанаар уг асуудал их сайн судлагдсан болохыг мэдэх юмуу судлах асуудал ба арга зүйн хооронд байгаа зөрөөг даван туулах боломжгүй гэсэн шалтгаанаар татгалзах нь бий. Бидний судлахыг зорьж байгаа асуудлыг бусад хүмүүс аль эрт судлаад ямар нэг эргэлзээтэй зүйл үлдээгүй байх ч тохиолдол байдаг.

3. Энэхүү үе шатанд таамаглалыг бүр оновчтой болгож, хувьсах хэмжигдэхүүнүүдийг тодорхойлно. Анхны байдлаар асуудлыг дэвшүүлэх нь хариултын хувилбаруудыг ямар нэг байдлаар тодорхойлж өгдөг. Тухайлбал, орчин ба удамшлын аль нь оюуны ерөнхий хөгжилд илүү хүчтэй нөлөөлдөг вэ? гэсэн асуулт судалгааны хүрээг мэдэгдэхүйц багасгаж, олон төрлийн ерөнхий дүгнэлтээс хөндийрөх боломжийг олгодог байна. Үүнтэй адилхан ямар задлан ялгагч хүүхдийн сэтгэцийн хөгжлийн анхдагч үе шатанд сэрэхүйн  мэдээллийг нэгтгэх чиг үүргийг гүйцэтгэдэг вэ? гэсэн асуулт дэвшигдэх юм бол нэг бол задлан ялгагчдыг судлах, эсвэл энд ийм боломж байхгүй гэсэн хариулт өгөх боломж гарч ирэхээр байгаа юм.
Туршилтын таамаглал онолынхтой харьцуулахад “Хэрэв … бол …”  гэх хэлбэрийн гадаад шинж тэмдгийг илэрхийлсэн хэллэгээр томъёологдсон байдаг. Түүнээс гадна тэрхүү таамаглалүйлдлийн дараалал нь мөш оновчтой, тодорхой хоёрдмол утгагүйгээр бичигдсэн байх учиртай. Энэ нь “хэрэв А юм бол В…”  гэсэн таамаглалын А ба В гэсэн хэмжигдэхүүнүүд туршилтын явцад бүрэн хяналтанд байх ёстой юм. Эндээс А нь туршигчийн зүгээс удирдагдаж байдаг бол В нь туршилтын явцад шууд байдлаар юмуу тоног төхөөрөмжийн тусламжтайгаар бүртгэгдэн хянагдах учиртай. Хувьсах хэмжигдэхүүнүүдийг туршилтын ухагдахуунуудаар тэмдэглэж,  үйлдлийн нарийн дараалалд хамааруулах нь таамаглал бодитой, тодорхой болсныг харуулдаг байна. Ингэж туршилтын судалгааны судлагдахуун тодорхой болж сэтгэцийн аль хэсэгт туршилтын журмаар нөлөөлөл үзүүлэх, юуг бүртгэн тэмдэглэх асуудал ойлгомжтой болно гэсэн үг. Сэтгэцийн бодит илрэл туршилтын үед цаг ямагт “завсрын хэмжигдэхүүн” болж хувирдаг онцлогтой.
Сэтгэл судлаач сэтгэцийн бодит шинж илрэлийг биш харин туршилтанд оролцогчдын сэтгэцэд нөлөөлж буй нөхцөл байдлын гадаад хэмжигдэхүүнийг удирдан чиглүүлдэг байна. Тэр үл хамаарах хэмжигдэхүүнийг бүртгэхдээ “хувьсах хэмжигдэхүүн” ба зан үйлийн хэмжигдэхүүний хооронд сэтгэц зохицуулалтын буюу чиг үүргийн холбоо хамаарал байдаг гэдгийг үндэслэдэг байх юм. Энэ бол бүх л сэтгэл зүйн туршилтын судалгааны үед урьдчилсан байдлаар баримталдаг үндсэн ерөнхий таамаглал юм.
Шинжлэх ухааны судалгааг хүнд суртлын зарчимд захируулж, шинэлэг тал, ач холбогдол, практик ач холбогдол, “зорилго”, “зорилт” гэх зэрэг маш олон зүйлийг тодорхойлох ёстой гэдэг нь жинхэнэ ёсоор шинжлэх ухааны туршилт зохион байгуулах, асуудлыг судлахад шууд хамааралгүй юм.
            Үл хамаарах, хамаарах, завсрын хэмжигдэхүүнүүдээс гадна хамаарах хэмжигдэхүүнд нөлөөлж болох гадаад хэмжигдэхүүнүүдийг тодорхойлж, үйлдлийн нарийн дараалалд оруулж бэлтгэх ёстой байдаг.

4. Судлаач судалгааны хэрэглүүрийг сонгож авснаар: а) үл хамаарах хэмжигдэхүүнүүдийг зохицуулах;  б) хамаарах хэмжигдэхүүнүүдийг бүртгэн тэмдэглэх боломжтой болох юм. Энэ бол судалгааны тодорхой аргууд, сэтгэл зүйн туршилтын хэрэгслийг  бэлтгэх гэсэн үг. Үүнээс гадна туршилтын нөхцөл (байр, нөхцөл байдал, цаг хугацаа гэх мэт) гадаад хэмжигдэхүүнүүдийн нөлөөллийг нарийн тооцсон байх, эсвэл хамаарах хэмжигдэхүүнд нөлөөлөх нөлөөлөл тогтмол шинжтэй байхаар зохицуулах хэрэгтэй болно.
            Туршигч ямар аргыг сонгон авах болон туршилтыг хэрхэн зохион байгуулахаас ашиглах багаж төхөөрөмж, нэмэлт хэрэгслийн хэрэгцээ хамаарна. Олон хүчин зүйлээс хамаарах болон үл хамаарах нь судалгааны дараах тодорхой аргуудаас шалтгаална. Үүнд:

            а) “Нуусан дүрсүүд” сорил
           б)  “Иш - хүрээ” буюу “Чагт - хүрээ” аргууд
в)  “Иш – налуу өрөө) арга гэх мэт.

Нэгдэх тохиолдолд судлаач ажилдаа харандаа, Виткин-Годшальдтын сорилын хуудас, секундомер ашиглана. Хоёрдахь удаад компьютерийн тусламжтайгаар судалгааны бүхий л явцыг автоматчилах нь тустай. Судалгаанд ашиглах материалуудыг дэлгэцэнд харуулж, судалгаанд оролцогчдын үйлдлийг джойстикийн тусламжтайгаар бүртгэнэ. Гуравдахь тохиолдолд туршилтыг дүрс бичлэгийн тусгай тоног төхөөрөмж хэрэгтэй байдаг.
Сэтгэл зүйн судалгаанд маш олон янзын багаж төхөөрөмж ашиглана. Тэр дундаас нилээд өргөн ашиглагддаг нь сэтгэц физиологийн багаж төхөөрөмжүүд юм. Судалгаанд оролцогчдод хэрээс хэтэрсэн их ачаалал үүсгэхээр олон сорилтой ажиллуулахаас болгоомжлох хэрэгтэй.
Манай оронд сэтгэл судлалын туршилтын багаж төхөөрөмж үйлдвэрлэдэггүйгээс гадна туршилтын лабораторын жишиг (стандарт) байхгүй байсаар байгаа юм. Сорилын судалгааны аргууд, тэдгээрийг монголын нөхцөлд тохируулан ажилладаг болгох, сорилуудын шинжлэх ухаан, арга зүйн үндэслэлийг нарийн боловсруулах асуудал мөн л урсгалын байдалтай, шаардлага хангахгүй хэмжээнд явсаар иржээ. Сэтгэл зүйн судалгаанд заримдаа биофизикийн болон сэтгэц физиологийн судалгааны багаж төхөөрөмжүүдийг ашиглах нь бий.

5. Туршилтын судалгааны төлөвлөлт нь бүх ажлын үндсэн гол хэсэг юм. Үүнээс хамгийн чухал нь хамаарах хэмжигдэхүүнд нөлөөлж болох гадаад хэмжигдэхүүнүүдийг тодорхойлох асуудал байдаг. Төлөвлөлтийн үндсэн зорилго нь гадаад ба дотоод тохироц чанарыг хангах явдал юм. Мэргэжилтнүүд гадаад хэмжигдэхүүнүүдийг хянах талаар маш олон төрлийн арыг санал болгосон байдаг. Бид энэ талаар дараа тодорхой авч үзэх юм.
Судалгааны дараагийн алхам нь туршилтын төлөвлөгөө гаргах, сонголт хийх явдал байдаг. Ямар төлөвлөгөө илүү сайн байдаг вэ? Энэ асуултанд бодитой хариулт өгөхийн тулд эхлээд ямар таамаглал дэвшигдсэн, туршилтын явцад хичнээн тооны гадаад хэмжигдэхүүнийг хянах хэрэгтэй, туршилт явуулахад нөхцөл байдал хэр зэрэг нааштай байгаа зэргийг харах хэрэгтэй. Цаг хугацаа, нөөц хязгаарлагдмал байдгаас гадна аль болох энгийн төлөвлөгөөгөөр ажиллах нь чухал байдаг. Хэд хэдэн үл хамаарах хэмжигдэхүүнийг удирдах юмуу олон тооны нэмэлт хэмжигдэхүүнийг бүртгэх шаардлагатай нөхцөлд илүү нарийн нүсэр төлөвлөгөө гаргах хэрэгтэй болно.
Судлаач туршилтыг зөвхөн нэг оролцогчтой явуулж болох юм. Энэ тохиолдолд туршигч юуны өмнө нэг хүнтэй туршилт явуулахад ашигладаг төлөвлөгөөнөөс  (single-subject research) нэгийг нь сонгох хэрэгтэй болно. Хэрэв судлаач бүлэг хүмүүстэй ажиллаж байгаа бол туршилтын ба хяналтын бүлэг бүхий хэд хэдэн төлөвлөгөө гаргах шаардлагатай юм. Эдгээрээс хамгийн энгийн хувилбар нь үндсэн ба хяналтын бүлгээс бүрдсэн туршилтын төлөвлөгөө байдаг. Хэрэв илүү нарийн олон талтай хяналт шаардлагатай бол хэд хэдэн бүлэгт зориулсан төлөвлөгөө гаргана.
Сэтгэл судлалын туршилтанд өргөн ашиглагддаг өөр нэг хувилбар бол хүчин зүйлийн төлөвлөгөө юм. Тэдгээрийг нэг хамаарах хэмжигдэхүүнд хоёр юмуу хэд хэдэн үл хамаарах хэмжигдэхүүн хэрхэн нөлөөлөхийг тодорхойлох үед хэрэглэнэ. Тэр үед үл хамаарах хэмжигдэхүүнүүд хэд хэдэн түвшний эрчимтэй байж болох юм. Хүчин зүйлийн хамгийн энгийн төлөвлөгөөний хэв шинж болох 2х2 буюу 2х2х2 нь эхнийхэд хоёр, дараагийнхад гурван үл хамаарах хэмжигдэхүүнийг хоёр түвшинд авч үзэх хэрэгтэйг харуулж байгаа юм.
Эдгээрээс гадна туршилтын илүү нарийн төвөгтэй төлөвлөгөө бий. Хоёр хувьсах хэмжигдэхүүний хамаарлыг судлахад зориулагдсан төлөвлөгөөг үйл явцын талаас нь ангилах хувилбарыг Д. Кембелл анх дэвшүүлжээ. Үүний үндсэн хэсэг нь хоёр бүлгийг урьдчилсан байдлаар сорил-нөлөөлөл-сорил гэсэн дарааллаар судлах ба хоёр бүлгийг урьдчилж сорил авахгүйгээр ангилах-нөлөөлөл-сорил дарааллаар судалгаанд хамааруулах явдал юм. Энэ хоёр төлөвлөгөөг нэгтгэснээр дундач төлөвлөгөө үүсэх ба түүнийг жинхэнэ туршилтын төлөвлөгөө хэмээн нэрлэдэг байх юм.
Хэрэв жинхэнэ туршилтын төлөвлөгөөг хэрэгжүүлэх нөхцөл бүрдээгүй юмуу ийм шаардлага байхгүй бол судлаач квази туршилтын нэг хувилбарыг сонгон хэрэглэдэг байна.

6. Судалгаанд оролцогчдыг сонгон авах, бүлгүүдэд хуваарилах нь туршилтын төлөвлөгөөний дагуу хийгдэнэ. Сэтгэл зүйн тодорхой туршилтын оролцогч байж болох бүх хүнийг ерөнхий бүрэлдэхүүн буюу хамрагдах боломжтой хүмүүс гэнэ. Судалгаанд хамрагдаж байгаа хүмүүс буюу амьтдыг түүвэр гэнэ. Туршилтын түүврийн бүрэлдэхүүн заавал загварчлагдсан, ерөнхий бүрэлдэхүүнийг төлөөлөх боломжтой байх учиртай. Учир нь туршилтын эцсийн дүгнэлт зөвхөн түүврийн хэмжээнд биш харин бүх хамрагдах боломжтой хүмүүсийн хэмжээнд яригддаг байна.
            Хамрагдах боломжтой хүмүүсийн дундаас гарах түүвэр судалгааны зорилгоос ихээхэн шалтгаална. Сэтгэц генетикийн мэргэжилтэн туршилтанд оролцогчоор нэг ба олон өндгөн эсээс гарсан ихрүүд, тэдгээрийн эцэг эх, өвөө эмээг сонгодог бол анагаахын сэтгэл зүйч стрессийн дараах гэмтлийн шинж тэмдэг бүхий хүмүүсийн түрэмгий зан үйлийг судлахын тулд дайнд оролцсон хүмүүсийг сонгон авч болох юм. Үйлдлийн даган сургалтын зүй тогтлыг судлах гэж буй сэтгэл зүйч эхлээд хулгана дээр туршилтаа явуулах боломжтой байдаг.
            Судалгаанд хамрагдах боломжтой хүмүүс нас, хүйс, нийгмийн байдал, боловсролын түвшин, эрүүл мэндийн байдал зэргээрээ харилцан адилгүй байх нь ойлгомжтой. Түүнээс гадна тэд нар оюуны хөгжлийн түвшин, мэдрэлийн үйл, түрэмгий зан гэх мэт олон талын сэтгэцийн хувийн өвөрмөц онцлогуудтай байдаг. Түүвэр ерөнхий бүрэлэхүүнийг төлөөлж байхын тулд хамрагдаж болох бүх хүмүүст нэг адил оролцох боломжийг бүрдүүлсэн байх нь чухал. Үүнийг бодит байдал дээр хангах арга нь хамрагдаж болох бүх хүнд дэс дугаар өгч дараа нь туршилтанд хамрагдах бүлгийн гишүүний тоогоор тохиолдлын журмаар туршилтанд оролцогчдыг сонгох ёстой. Ийм нөхцөлд бид үндсэн гурван бүлгийг бүрдүүлнэ. Үүнд: а) бүх ерөнхий бүрэлдэхүүн;  б) зэрэглэл тогтоон бүлэглэж тэр дундаас оролцогчдыг сонгох;   в) туршилтын зэрэглэсэн түүвэр.
            Түүврийг бүрдүүлэх нэг үндсэн шаардлага нь төлөөлөл зөв байх асуудал юм. Энэ нь түүвэр тооны болон чанарын талаас ерөнхий бүрэлдэхүүн, оролцох боломжтой хүмүүсийн үндсэн хэв шинжийг төлөөлдөг байх явдал юм. Тэрчлэн туршилтанд оролцогчид туршилтын болон хяналтын бүлгүүдэд зөв хуваарилагдаж, харьцаа оновчтой болсон байх нь чухал. Түүврийг оновчтой хийх олон янзын арга байдаг бөгөөд бид тэр талаар дараагийн бүлгүүдэд тодорхой авч үзэх болно.
            Түүнээс гадна туршилтыг зохион байгуулагч янз бүрийн туршилтын нөхцөлд  ажиллах бүлгүүдийг хуваахдаа үйл ажиллагааны дэс дараалал, харилцан хамаарлыг нэг адил харгалзах, гарч болох үр нөлөөг хяналтанд байлгах боломжийг тооцох учиртай юм.
            
              7. Туршилт зохион байгуулах нь судалгааны хамгийн хариуцлагатай ажлын нэг бөгөөд туршигчаас зохих мэдлэг, чадвараас гадна туршилт явуулах авъяас билэгийг шаарддаг онцлогтой. Туршилтын төлөвлөлт маш нарийн сайн хийгдсэн байлаа ч туршилтын явцад гарсан алдаанаас болж үр дүнгүй болох талтай юм. Туршилтын явцад судлаач судалгаанд оролцогчидтой харилцан үйлчлэх, зааврыг танилцуулах, шаардлагатай бол сургалт зохион байгуулах хэрэгтэй болно. Тэр зорилтууд, гадаад нөхцөл зэрэг үл хамаарах хэмжигдэхүүнүүдийг хувирган өөрчилж, туршилтанд оролцогчдын зан үйлийн  байдлыг өөрөө юмуу туслахуудынхаа оролцоотойгоор нэгбүрчлэн бүртгэн тэмдэглэнэ.
            Туршилт явагдаж дууссаны дараа тэрээр оролцогчдыг асууж, туршилтын дараах сурвалжлаг явуулдаг байна. Энэ бүгдээс үзвэл туршилт явуулах үндсэн үе шатууд нь:
            а)  Туршилтын бэлтгэл хангах.  Туршигч судалгааны байр, багаж, тоног, төхөөрөмжийг бэлтгэнэ. Хэрэв боломжтой бол туршилтын явцыг илүү оновчтой зөв зохион байгуулахын тулд хэд хэдэн удаа тандах туршлага явуулна. Энэ үед туршилтын зааврыг боловсруулах, оновчтой зөв болгох асуудал их чухал юм. Заавар богино хэмжээний, утга төгс, тус бүр нь 11-ээс илүүгүй үгнээс бүрдэх ёстой. Зааварт догол мөрийг ашиглан утгат хэсэг бүрийг илүү ойлгомжтой тод болгож өгнө. Зааврыг олон дахин уншиж ойгомжтой, хоёрдмол утгагүй, оночвтой болсон эсэхийг нь шалгаж нягтална. Мөн 5-10 хүн дээр туршиж ямар болсныг нь тодорхойлох шаардлагатай.
б)  Зааварлах ба сэдэл төрүүлэх. Зааврын нэг чухал хэсэг  нь оролцогчдод сэдэл төрүүлэх явдал байдаг. Зааварт заавал сэдэл төрүүлэх хэсэг байх ёстой. Юуны өмнө туршилтанд оролцсоноор ямар боломж нээгдэж байгааг оролцогч сайтар мэдэх нь чухал. Энэ нь мөнгөн урамшуулал, түүний авъяас, ур чадвар, оюуны болон бие хүний хөгжлийн тухай мэдээлэл байж болох юм. Туршилтын нөхцөл ихэнх оролцогчдын хувьд шинэ, нэмэлт ачаалал үүсгэх учраас оролцогч сандарч, анхаарал нь сарних байдал үүсч болно. Түүнээс гадна зааврыг хүлээн авах, ойлгож ухаарах хурд тухайн хүний танин мэдэхүйн авъяас билэг, бие хүний шинж чанар, авир араншин, хэлний мэдлэг зэргээс хамаарч байдаг. Иймээс оролцогчид зааврыг зөв ойлгосон эсэхийг шалгах зорилгоор давтах хэрэгцээ гарч болно. Гэхдээ хэт өргөн хүрээнд тайлбарлах, илүү зүйл хийх ёсгүй.
в)  Туршилт явуулах. Эхлээд оролцогчдын эрүүл мэнд хэвийн, чин сэтгэлээсээ оролцохыг хүсч байгааг магадалж итгэсэн байх нь чухал.  Туршигчийн өмнө туршилт явуулах дэс дарааллыг нарийн тодорхой заасан удирдамж байх ёстой. Туршигчаас гадна түүнд туслах ажилтан байх нь чухал. Тэр бүх туслах ажлыг гүйцэтгэнэ. Туслах туршилтанд оролцогчдын хариултыг нэгбүрчлэн бичиж тэмдэглэнэ. Оролцогчдын үйл хөдлөл, зан байдлыг ерөнхийд нь ажиглаж, туршилтын удирдамжаас гадуур болж буй бүхий л үйл явдлыг тэмдэглэх үүрэгтэй байдаг. Хэрэв компьютер ашиглаж туршилт явагдаж байгаа бол туршигч ба түүний туслахын анхаарал жижиг зүйлд төвлөрөх шаардлагагүй болж олон үйлдлийг автоматаар гүйцэтгэх боломжтой болно. Ийм нөхцөлд туршилтын бүхий л үйл явцыг компьютерт оруулж, тусгай хүснэгтийг бөглөх байдлаар ажиллана.
Ямар ч нөхцөлд туршилтын явцад оролцогчдын зан байдал, онцгой өвөрмөц хариу үйлдлийн талаар нарийн тэмдэглэл хөтлөх шаардлагатай. Туршилтын төгсгөлд сурвалжлага авна. Оролцогчдоос тодорхой асуултанд хариулт авсны дараа тэдэнд чин сэтгэлээсээ баяр талархал илэрхийлэх шаардлагатай.

8. Статистик боловсруулалтын арыг сонгох ба боловсруулалт хийж дүр дүнг тайлбарлах. Мэдээ баримтыг боловсруулах аргыг гол төлөв таамаглал дэвшүүлэх юмуу туршилтын төлөвлөлтийн шатанд сонгоно. Туршилтын таамаглал статистик таамаглал болж хувирна. Туршилтын судалгааны статистик таамаглалын хэв шинж харьцангуй цөөн. Үүнд:

            а) хоёр ба түүнээс дээш тооны бүлгийн ижил ба төстэй талууд
б) үл хамаарах хэмжигдэхүүнүүдийн харилцан үйлчлэл
в)  үл хамаарах ба хамаарах хэмжигдэхүүнүүдийн статистик
       хамаарлын тухай
г)  нуугдмал хэмжигдэхүүний бүтцийн тухай (энэ хэсэг хамаарлыг
      тогтоох судалгааны хувьд яригдана)
            Статистик үнэлгээ нь туршилтын ба хяналтын бүлгийн төсөөтэй ба ялгаатай үр дүнгийн үнэн магадтайн тухай мэдээллийг өгдөг.
            
    9. Үр дүнгийн тайлбар хийж, дүгнэлт гаргах нь судалгааг төгсгөдөг. Туршилтын судалгааны дүн нь хувьсагчдын шалтгаант хамаарлын тухай таамаглалыг нотлох юмуу үгүйсгэх /няцаах/ явдал байдаг.
            
      10. Судалгааны эцсийн бүтээгдэхүүн нь шинжлэх ухааны тайлан, илтгэл, өгүүлэл, 1 сэдэвт бүтээл болон шинжлэх ухааны сэтгүүлийн редакцид бичсэн захидал г.м. байж болно.



Туршилтын хувьсах хэмжигдэхүүнүүд ба 
тэдгээрийг хянах асуудал 

            Туршигч А болон В гэсэн хоёр болон түүнээс олон үзэгдлийн учир шалтгааны хамаарлын талаарх шалгаж тодорхойлно. “Учир шалтгаан” гэдэг ойлголт шинжлэх ухааны хамгийн нарийн төвөгтэй ойлголтын нэг юм. Хоёр үзэгдлийн хоорондох учир шалтгааны хамаарлын талаар хэд хэдэн эмпирик шинж тэмдэг бий гэж үздэг. Нэгдэх шинж тэмдэг нь шалтгаан ба үр дагаврын хоорондох хугацаа ба шалтгаан үр дагаврыг төрүүлэх байдал юм. Хэрэв судлаач туршилтын журмаар нөлөөлөл үзүүлсний дараа ийм нөлөөлөлд хамрагдаагүй ижил төрлийн объекттой харьцуулахад судалгааны объектын байдалд өөрчлөлт гарах юм бол тэрээр энэхүү нөлөөлөл өөрчлөлтийн шалтгаан болж өглөө хэмээн үзэх үндэслэл гарч ирнэ. Нөлөөлөл ба объектуудыг харьцуулах хоёр ийм дүгнэлтийн зайлшгүй нөхцөл болж өгдөг байна. Яагаад гэвэл өмнө нь болсон үйл явдал бүхэн заавал үзэгдлийн шалтгаан болж чаддаггүй.
            Шувууд халуун орондоо буцсаны дараа нэг сар болоод цас орсон бол тэр хоёр үзэгдэл учир шалтгааны холбоотой байна хэмээн үзэх үндэс алга. Хоөрдахь шинж тэмдэг нь хоёр хувьсах хэмжигдэхүүний хооронд статистик хамаарал (учир шалтгаан ба үр дагаврын хооронд) байх явдал мөн. Нэг хувьсах хэмжигдэхүүний хэмжээг өөрчлөхөд нөгөө нь дагаж өөрчлөгддөг байх ёстой. Өөрөөр хэлбэл хувьсах хэмжигдэхүүнүүдийн хооронд аман оюунлиг чанар ба сурлагын амжилтынхтай адил шугаман эсвэл, идэвхжилийн түвшин ба даган сургалтын үр нөлөөг харуулдаг Йеркс-Додсоны хуулийн нэг адил шугаман бус хамаарал байх ёстой.
Хамаарал байгаа нь учир шалтгааны талаар дүгнэлт гаргахад бүрэн хангалттай нөхцөл болж чадахгүй яагаад гэвэл холбоос тохиолдлын шинжтэй юмуу гуравдахь хувьсах хэмжигдэхүүнээр нөхцөлдсөн байж болно.
Гуравдахь шинж тэмдэг нь туршилтын эрэмбийн талаас A ба B-гийн хоорондох холбоог өөрөөр тайлбарлах  боломжгүй нөхцөлд учир шалтгааны хамаарлыг бүртгэх байдлаар илэрнэ. Гэхдээ учир шалтгааны хамаарлаас бусад В-гийн хувьд өөр ямар ч үзэгдэл үүсэхгүй гэдэг нь баталгаатай байх ёстой.
Хоёр үзэгдлийн талаарх туршилтын таамаглалыг шалгахдаа туршигч эхлээд байж болох шалтгааныг загварчлана. Шалтгаан нь туршилтын нөлөөлөл хэлбэрээр, үр дагавар нь объектийн байдал өөрчлөгдөх хувилбараар гарах ба эдгээрийг ямар нэг хэмжилтийн арга хэрэгслийн тусламжтайгаар бүртгэн тэмдэглэх учиртай. Туршилтын нөлөөлөл үл хамаарах хэмжигдэхүүнийг өөрчлөх зорилгоор явагдах ба тэр нь хамаарах хэмжигдэхүүн өөрчлөгдөх шууд шалтгаан болж өгнө. Тухайлбал, туршигч туршилтанд оролцогчид сэрлийн доод заагийн ойролцоо хүчтэй дуу авиаг дараа дараалан сонсгох замаар түүний сэтгэл санааны байдлыг өөрчлөх нөлөөлөл үзүүлж байдаг бөгөөд энэ үед оролцогч нэг бол дохиог сонсоно, эсвэл сонсохгүй байх болно. Энэ байдалтай холбоотойгоор “тийм, үгүй”, эсвэл “сонсож байна, сонсохгүй байна” гэх юмуу үйлдэл хөдөлгөөний шинжтэй хариу үйлдэл үзүүлэх болно.
Туршилтын нөхцөлийн гадаад (бусад) хэмжигдэхүүнүүдийг туршигч заавал хяналтдаа байлгах ёстой. Гадаад хэмжигдэхүүн гэдэгт:
1)      байнга өөр хоорондоо холилдсоны улмаас баталгаатай бус мэдээ баримт гарч ирэхэд хүргэдэг дагуул шинжтэй  хэмжигдэхүүнүүд; 
2)      учир шалтгаан болон үр дагаврын хоорондын хамаарлыг тодорхойлоход мэдэгдэхүйц үүрэг гүйцэтгэж болох нэмэлт хэмжигдэхүүнүүд тус тус хамаарна.
Тодорхой таамаглалыг шалгах үед нэмэлт хэмжигдэхүүний судалж байгаа бодит байдлын түвшинд нийцсэн байх нь чухал. Тухайлбал, шууд ба шууд бус ой тогтоолтын түвшинг судлах үед нэг ижил насны хүүхдүүдийг сонгон авах хэрэгтэй болно. Энэ нөхцөлд нас нэмэлт хэмжигдэхүүн болж өгнө. Хэрэв ерөнхий таамаглалыг шалгаж байгаа бол янз бүрийн түвшний нэмэлт хэмжигдэхүүн өөрөөр хэлбэл, янз бүрийн насны хүүхдүүд тэрхүү туршилтанд оролцох боломжтой юм. Туршилтанд онцгой чухал үүрэгтэй нэмэлт хэмжигдэхүүнийг “түлхүүр” хэмжигдэхүүн гэнэ. Хүчин зүйлийн туршилтын үед хоёрдахь гол хэмжигдэхүүн болж өгч байгаа хэмжигдэхүүнийг хяналтын хэмжигдэхүүн гэнэ.
Туршилтын мөн чанар нь туршигч үл хамаарах хэмжигдэхүүнийг янз бүрээр өөрчилж, хамаарах хэмжигдэхүүн энэ үед хэрхэн яаж өөрчлөгдөхийг бүртгэн авч гадаад (дайвар) хэмжигдэхүүнийг хяналтдаа байлгахад оршино.
Судлаачид чанарын (“ойртуулах асуулт эсвэл ийм асуулт дэмжлэг байхгүй”), тооны (мөнгөн урамшууллын хэмжээ) янз бүрийн үл хамаарах хэмжигдэхүүнийг ашигладаг байна.
Хамаарах хэмжигдэхүүний дундаас суурь хэмжигдэхүүнийг ялган гаргана. Суурь хэмжигдэхүүн гэдэг нь үл хамаарах хэмжигдэхүүний нөлөөлөл ирж байдаг тэр ганц хэмжигдэхүүн байдаг. Асуудлын гол нь сэтгэл зүйн туршилт явуулахад ямар төрлийн хамаарах, үл хамаарах, гадаад хэмжигдэхүүнүүд оролцож байдаг вэ? гэдэг асуудлыг тодорхой болгох явдал байдаг.


Үл хамаарах хувьсагч

Туршигч туршилтын явцад зөвхөн үл хамаарах хувьсагчийг өөрчлөн хувиргах учиртай. Ийм нөхцөл хангагдаж байх юм бол цэвэр туршилт гэнэ. Гэхдээ туршилтын явцад туршигч нэг хэмжигдэхүүнийг өөрчлөх замаар өөр хэд хэдэн хэмжигдэхүүний хэвийн харьцаа хамаарлыг шинэчилж байдаг. Тэрхүү өөрчлөлтүүд туршигчийн үйлдэл ба хоёр хэмжигдэхүүний хоорондын холбоо хамаарлаас шалтгаалж болно. Тухайлбал, хөдөлгөөний энгийн дадал төлөвшүүлэх туршилтын үед туршигч алдаа гаргасан туршилтанд оролцогчийг цахилгаан гүйдлээр цохиулж шийтгэдэг. Энэхүү шийтгэл туршилтанд оролцогчийн зохих хариу үйлдлийг бататгах төдийгүй бас түүнд нөхцөл байдалтай хамааралтай түгшүүр төрүүлж байдаг. Тэр нь алдааг нэмэгдүүлж дадал үүсэх хурдыг сааруулах байдлаар туршилтын үр дүнд сөргөөр нөлөөлдөг байх юм.
Туршилтын судалгааны үндсэн асуудал нь үл хамаарах хувьсагчийг ялгаж, бусад хувьсагчдаас түүнийг тусгаарлах явдал байдаг. Сэтгэл зүйн судалгааны нөхцөлд үл хамаарах хувьсагчийн үүргийг:
1)      даалгаврын шинж чанар
2)      нөхцөл байдлын онцлог (гадаад нөхцөл)
3)      туршилтанд оролцогчдын удирдан чиглүүлж болох онцлог шинжүүд (сэтгэцийн байдал)
Энэхүү сүүлийн хувьсагчийг гол төлөв “бие махбодийн хувьсах хэмжигдэхүүн” хэмээн нэрлэдэг байна. Зарим нөхцөлд дөрөвдэх хэв шинжийн хувьсах хэмжигдэхүүн буюу туршилтанд оролцогчдын тогтворт шинж чанар (оюунлиг чанар, нас, хүйс, гэх мэт) гэсэн хэмжигдэхүүнийг авч үздэг. Гэхдээ үүнийг судлаачид нэмэлт хувьсагчид хамааруулдаг байна. Учир нь тэдгээрт нөлөөлөх боломжгүй байдаг ба туршилтын ба хяналтын бүлгийг бүрдүүлэхэд тэдгээрийг зөвхөн харгалзах боломжтой байдаг.
Даалгаврын шинж чанарыг туршигч янз бүрээр өөрчлөн хувиргах боломжтой байдаг. Сонгодог бихевиоризмд туршигч цочроолын шинж чанарыг (stimulus variables) өөрчилж болно хэмээн үзсээр ирсэн.  Гэтэл туршигчид үүнээс гадна өөр олон боломж бий. Туршигч даалгавар, цочроол, хариултын хувилбарууд (аман ба аман бус хэлбэрийн), үнэлгээний шалгуур гэх зэрэг олон зүйлийг өөрчлөн хувиргаж болох юм. Тэр туршилтын зааварчлагыг засварлах замаар туршилтанд оролцогч туршилтын явцад хүрэх ёстой үр дүн, зорилгыг өөрчлөх боломжтой. Туршигч туршилтын үед оролцогчид ашиглаж даалгавар гүйцэтгэдэг хэрэгслүүдийг мөн өөрчлөх, тэдний өмнө илүү олон сорилт бэрхшээл бий болгож чадна. Тэр даалгавар гүйцэтгэх үед туршилтын нөхцөл хэлбэрээр илэрдэг сайшаал шийтгэлийг мөн өөрчлөн хувиргаж болно.
Нөхцөл байдлын онцлог гэдэгт туршилтанд оролцогчдын гүйцэтгэж байгаа туршилтын даалгаврын бүтцэд шууд хамаардаггүй хэмжигдэхүүнүүдийг авч үзнэ. Энэ нь өрөө тасалгааны халуун хүйтэн, тавилга, гаднын ажиглагч гэх мэт олон зүйлд хамаарна.
Нийгмийн хүч оруулах нөлөөллийг судлах туршилтыг дараах загвараар зохион байгуулжээ. Туршилтанд оролцогчид сэрэхүйн үйлдлийн болон оюуны үйлдлийн даалгавар өгчээ. Тэр даалгаврыг эхлээд ганцаараа гүйцэтгэж байсан бол дараа нь бусад хүмүүсийн хажууд гүйцэтгэх хэрэгтэй болж байв. Гэхдээ тэрхүү туршилтын дараалал янз бүрийн туршилтын нөхцөлд өөрчлөгдөж байжээ. Ийм нөхцөлд туршилтанд оролцогчдын гүйцэтгэх даалгавар өөрчлөгдөхгүй хэвээрээ байсан ба гагцхүү туршилтын гадаад нөхцөл л өөрчлөгдөж байв.
Туршигч ийм нөхцөлд юу юуг өөрчлөн хувиргах боломжтой вэ? Нэгд, энэ нь багаж төхөөрөмжийн байрлал, өрөө тасалгааны засал, гэрэлтүүлэг, дуу чимээ, дулаан хүйтэн, тавилга, хананы өнгө, туршилтын цаг хугацаа (хоногийн аль цагт явуулах, үргэлжлэх хугацаа гэх мэт) физик хэмжүүрүүдийг өөрчлөхөд хамаарна. Энэ утгаар нөхцөл байдлын фикик хэмжүүр бүхэн  цочроол биш юм.
Хоёрт, энэ нь нийгэм сэтгэл зүйн хэмжүүрүүд юм. Үүнд ганцааранг нь тусгаарлах, туршигчийн дэргэд байлгаж даалгавар гүйцэтгүүлэх, бүлгээр ажиллуулах гэх мэт.
Гуравт, энэ нь туршилтанд оролцогчийн харилцаа, харилцан үйлчлэлийн онцлог туршигчтай харилцан хамтран ажиллах байдал юм.
Сүүлийн жилүүдэд гадаад хэмжигдэхүүнүүдий нөхцөлийг өөрчлөн хувиргах замаар явагдах туршилт ихээхэн өргөжиж байна хэмээн судлаачид үздэг.
“Зохион байгуулалтын”  өөрчлөлт буюу туршилтанд оролцогчдын удирдах боломжгүй шинж чанаруудад биеийн, биологийн, сэтгэл зүйн, нийгэм-сэтгэл зүйн, нийгмийн шинж чанарууд хамаардаг. Хэдийгээр тэдгээрийг “хувьсах хэмжигдэхүүн” гэж үзсээр ирсэн ч тэдгээрийн ихэнх нь тогтмол шинжтэй, амьдарлын явцад бараг өөрчлөгдөн хувирдаггүй байна. Сэтгэл зүйн ялгаварын болон газар зүйн бусад тогтмол хэмжүүрүүдийг зан үйлд нөлөөлөх нөлөөллийн талаас нь хамаарлын судалгаагаар судална. Гэтэл сэтгэл судлалын ихэнх сурах бичигт тухайлбал, М. Мэтлины номд эдгээр хэмжигдэхүүнийг үл хамаарах хэмжигдэхүүн гэж үзсэн байгаа юм.


Хамаарах хувьсагч
           
            Сэтгэл судлал нь туршигдагчийн зан байдалд ач холбогдол өгдөг, иймээс хамаарах хувьсагч вербаль ба вербаль бус зан байдлын үзүүлэлтүүдийг бүртгэж авдаг. Үүнд, жишээ нь лабиринтаар дамжиж буй хархны гаргасан алдааны тоо, эротик кино үзэж байх үеийн туршигдагчийн нүүрний /мимика/ хувирал өөрчлөлттэй холбоотой зорилтыг шийдвэрлэх үед зарцуулсан хугацаа, дууны цочроолд хөдөлгөөнтэй хариу үйлдэл үзүүлэх хугацаа г.м.
            Зан байдлын үзүүлэлтийг сонгох /бүртгэх/ байдал нь туршилтын анхдагч таамаглалыг тодорхойлдог. Судлаач үүнийг дээд зэргээр тодорхой болгох шаардлагатай бөгөөд өөрөөр хэлбэл хамаарах хувьсагчийг туршилтын явцад бүртгэж авах бололцоотой байх ёстой.
            Зан байдлын үзүүлэлтийг хэлбэр—үйлийн ба агуулгын гэж ангилж болно. Хэлбэр—үйлийн /орон зай—цаг хугацааны/ үзүүлэлтүүд нь багаж хэрэгсэлд хөнгөхөн бүртгэгддэг. Эдгээр үзүүлэлтийн жишээ нь:
  1. Нарийвчлал /нарийн нягт/. Ихэнхдээ бүртгэгддэг үзүүлэлт. Сэтгэл судлалын туршилтанд туршигдагчийн өмнө тавигддаг ихэнх зорилт нь тодорхой амжилтанд хүрэх явдал байдаг учир нарийвчлал болон үүний эсрэг үзүүлэлт болох жишээ нь үйлдлийн алдаа зэрэг нь зан байдлын хамгийн чухал бүртгэгддэг үзүүлэлт юм.
  2. Далд байдал /латентность/. Сэтгэцийн үйл явцууд нь гадаад ажиглагчид үл анзаарагдам байдлаар явагддаг. Цочроол үзүүлэх агшнаас хариултыг сонгох хүртэлх хугацааг нуугдмал үе гэж нэрэлдэг. Зарим тохиолдолд энэхүү нуугдмал /далд/ үе нь үйл явцын жишээ нь бодлогын зорилтыг шийдвэрлэх үед чухал тодорхойлогч болдог.
  3. Гүйцэтгэлийн үргэлжлэх хугацаа ба хурд. Энэ нь гүйцэтгэх үйлдлийн тодорхойлогч юм. Үйлдлийг сонгох ба түүнийг хэрэгжүүлж дуусах хүртэлх энэ хоорондын хугацааг үйлдлийн хурд гэдэг.
  4. Үйлдлийн эрчим /темп/ эсвэл давтамж. Ялангуяа зан байдлын энгийн хэлбэрийг судлахад чухал шинж болдог.
  5. Бүтээц. Гүйцэтгэлийн үе дэхь үйлдлийн гүйцэтгэх чанар буюу алдааны тооны харьцаа. Сургалтын процесс, танин мэдэхүйн процесс, шийдвэр гаргах процесс зэргийг судлах үед чухал тодорхойлогч болдог.
            Зан байдлын агуулгын үзүүлэлт нь зан байдлын хэлбэрийг эсвэл ердийн хэлний нэр томьёонд, эсвэл тухайн туршилт явагдаж буй тэрхүү онолын нэр томьёонд оруулж бүлэглэхэд хэрэгтэй байдаг.
            Зан байдлын янз бүрийн хэлбэрүүдийг танин мэдэх ажил нь тусгайлан бэлтгэгдсэн туршигч, эсвэл ажиглагчийн хэрэг юм. Үүнд багагүй туршлага хэрэг болдог.
            Зан байдлын чанарын онцлогийг тэмдэглэх асуудлыг а) ажиглагчийг сургах ба ажиглалтын карт /баримт/-ыг боловсруулах, б) зан байдлын хэлбэр—үйлийн шинжийг тестийн тусламжтайгаар хэмжих замаар шийдвэрлэдэг.
            Хамаарах хувьсагч нь найдвартай ба тохироц чанарыг агуулсан байх ёстой. Хувьсагчийн найдвартай байдал нь туршилтын хугацааны турш туршилтын нөхцөл өөрчлөгдөхөд түүний бүртгэл /бүртгэгдсэн байдал/ тогтмол байх явдал юм. Хамаарах хувьсагчийн тохироц чанар нь зөвхөн туршилтын нөхцлийн бодитой тодорхой байдал ба тодорхой таамаглалд зохицсон байдлаар тодорхойлогддог.
            Хамаарах хувьсагчийн 3 хэлбэрийг ялгаж болно: 1. нэгэн зэрэг илрэх хувьсагч, 2. олон хэмжээний хувьсагч, 3. үндсэн суурь хувьсагч. 1-р тохиолдолд зөвхөн 1 үзүүлэлтийг бүртгэн авах ба чухамдаа энэ нь хамаарах хувьсагчдын илрэл гэж тооцогдоно. Жишээ нь мэдрэхүйн энгийн хариу үйлдлийн хугацааг судлах г.м. 2-р тохиолдолд хамаарах хувьсагч нь олон хэмжээний байна. Жишээ нь оюун ухааны хөгжлийн түвшний бүтээлтэй байдал нь зорилтыг шийдвэрлэх хугацаа, түүний чанар, шийдвэрлэх зорилтын хүндрэлтэй байдал зэргээр илэрдэг. Эдгээр үзүүлэлтүүд нь үл хамаарах байдлаар тэмдэглэгдэж болно. 3-р тохиололд, олон хэмжээний хамаарах хувьсагчийн тусгаар үзүүлэлтүүдийн хоорондын харьцаа илэрхий болох /байх/ үед үзүүлэлтүүд аргументын хувиар, харин хамаарах хувьсагч өөрөө функцийн хувиар байж болно. Жишээ нь: Агрессын түвшний суурь хэмжилт — F(a) нь түүний тусгаар илрэлүүдийн, тухайлбал мимик, пантомимик, хараал тавих, зодох /гар хүрэх/ г.м.  илрэлүүдийн функц байдлаар тодорхойлогддог.

F(a)= f (a1 , a2 , . . . , an );

            Хамаарах хувьсагчийн бас нэг чухал шинж чанар байдаг нь үл хамаарах хувьсагчийн өөрчлөлтөнд мэдрэмжтэй байх явдал юм. Үл хамаарах хувьсагчийн үйлчлэл нь хамаарах хувьсагчид нөлөөлдөг. Хэрвээ үл хамаарах хувьсагчийн үйлчлэлд хамаарах хувьсагч өөрчлөгдөхгүй байвал үл хамаарах хувьсагчийн харьцаанд хамаарах хувьсагч мэдрэмжгүй байна гэсэн үг. Хамаарах хувьсагчийн мэдрэмжгүй байдлын 2 илрэл байдаг: “дээд эффект”, “доод эффект”. 1 дэхь тохиолдол нь тухайн тавигдсан зорилтын гүйцэтгэх түвшин үл хамаарах хувьсагчийн бүхийл түвшнээс хамагаагүй дээш байхаар тийм энгийн байх үед тохиолддог. 2 дахь эффект нь эсрэгээрээ буюу тухайн зорилтын гүйцэтгэх түвшин үл хамаарах хувьсагчийн бүхийл түвшнээс доогуур — тийм нарийн түвэгтэй байхад илэрдэг.
            Хамаарах хувьсагчийг тэмдэглэдэг 2 үндсэн арга байдаг. Эхнийх нь гол төлөв 1 туршигдагч оролцож буй туршилтын үед хэрэглэгддэг. Хамаарах хувьсагчийн өөрчлөлт нь үл хамаарах хувьсагчийн түвшин өөрчлөгдөхөд дагалдан туршилтын явцад бүртгэгддэг. Жишээ нь: Сургалтын үйл явцыг турших туршлтын үр дүнг тэмдэглэх.  Буруу сургалт нь өөртөө тренд буюу сорилын тооноос хамааран зорилтыг амжилттай гүйцэтгэх байдлын өөрчлөлтийн сонгодог хэлбэрийг багцаалдаг. Иймэрхүү баримтыг боловсруулахад трендийг задлан шинжлэх статистик хэрэгслийг хэрэглэдэг. Үл хамаарах хувьсагчийн түвшин өөрчлөгдөх байдлыг тэмдэглэдэг 2 дахь аргыг яаралтай хэмжилт гэж нэрэлдэг. Үйлдэл ба нөлөөллийн хооронд тодорхой хугацаа байдаг ба үүний үргэлжлэх хугацаа нь — үр дагавар нь шалтгаанаас алслагдсан хугацаагаар тогтоогддог. Жишээ нь: мансууруулах бодисын хэмжээ мэдрэхүйн хариу үйлдлийг тэр даруйд нэмэгдүүлдэггүй харин тодорхой хугацаа өнгөрсний дараа энэ нь илэрдэг. Мөн: гадаад хэлний тодорхой тооны үгийг сурсны дараа текстийг орчуулах амжилт нь тэр даруйдаа илэрдэггүй.


Хувьсагчдын хоорондын харьцаа

            Орчин үеийн туршилтын сэтгэл судлалд К.Левины томьёо хэрэглэгддэг ба энэ нь — зан байдал гэдэг нь бие хүн ба нөхцөл байдлын функц юм гэсэн утгатай:
B = f (P, S);
            Необихевиористууд дээрх томьёоны Р /бие хүн/—ийн оронд О /организм/—г тавьдаг, ба учир нь туршигдагч гэдэгт зөвхөн хүн бус харин амьтан байж болох, харин бие хүн гэдэг нь организмыг балархай болгодог.
            Сэтгэл судлалын туршилтын онолын олонхи мэргэжилтнүүд, тухайлбал Ф.Г.МакГиганы үзлээр сэтгэл судлалд 2 хэлбэрийн хууль байдаг: 1. “цочроол — хариу” 2. “организм—зан үйл”.
            Эхний хууль нь туршилтын судалгааны явцад илэрдэг ба цочроол /зорилт, бодлого, нөхцөл байдал/ — үл хамаарах хувьсагч, харин хамаарах хувьсагч нь — туршигдагчийн хариулт юм.
            2 дахь хууль нь системтэй ажиглалт ба хэмжилтийн аргын үр бүтээл байдаг учир организмын шинж чанарыг /араншин/ сэтгэл зүйн аргын тусламжтайгаар удирдаж болдоггүй.
            Зан байдлын сонгодог сэтгэл зүйн туршилт нь R = f( S ) —ийн функциональ хамаарал дээр үндэслэн явагддаг ба үүнд R — хариу, S — нөхцөл /цочроол, бодлого/. S хувьсагч тогтмол өөрчлөгдөж байдаг, харин түүнээс шалтгаалан өөрчлөгдөх туршигдагчийн хариу үйлдэл нь тэмдэглэгддэг. Судалгааны явцад туршигдагч өөрийгөө аль нэг байдлаар авч явах нөхцлүүд бий болдог. Үр дүн нь шугаман ба шугаман бус хамаарлын хэлбэрээр тэмдэглэгддэг.
            Хамаарлын өөр хэлбэр бол зан байдал нь бие хүний шинж чанар, эсвэл туршигдагчийн организмын байдлаас хамаарах байдал юм.
R = f (O ); R = f ( P);
            Туршигдагчийн зан байдал нь организмын байдал /өвчин, ядралт, идэвхжлийн түвшин, фрустраци г.м./ , эсвэл бие хүний шинж чанар /түгшүүр, сэдэлжүүлэлт г.м./—аас хамаардаг. Судалгаа нь тухайн шинж чанар, эсвэл тухайн байдал зэрэг шинж тэмдгээр ялгагдсан бүлэг хүмүүсийн оролцоотойгоор явагддаг.
            Хамаарах хувьсагчдын хоорондын харьцааны үндсэн хувилбаруудыг авч үзэе. Хамгийн багаар бодоход хувьсагчдын 6 янзын холбоо байдаг.
·   Хамгийн энгийн — хамаарлыг үгүйсгэсэн хэлбэр. Графикт энэ нь шулуун хэлбэрээр илэрхийлэгдэх бөгөөд абсцисс/ хэвтээ (Х) тэнхлэгийн дагуу үл хамаарах хувьсагчийн түвшинг илэрхийлж байхад энэ нь уг тэнхлэгтэй параллель байрлалтай байна. Хамаарах хувьсагч үл хамаарах хувьсагчийн өөрчлөлтөнд мэдрэмжгүй байна гэсэн үг. /1-р график/
·         Нэг янзаар өсөх хамаарал нь үл хамаарах хувьсагчийн утгын өсөлт хамаарах хувьсагчийн өөрчлөлттэй нийцэж буй үед ажиглагддаг. / 2-р график/
·         Нэг янзаар багасах хамаарал нь хэрвээ үл хамаарах хувьсагчийн утгын өсөлт үл хамаарах хувьсагчийн түвшин багасах байдалтай нийцэж буй үед ажиглагддаг. / 3-р график/
·  Шугаман бус хамаарал буюу U хэлбэрийн хамаарал нь зан байдлын сэтгэцийн зохицуулгын өвөрмөц онцлогийг илрүүлэх ихэнх туршилт судалгаанд ажиглагддаг. / 4-р график/
·    Тонгоруу U хэлбэрийн хамаарал нь бие хүний сэтгэл зүй, сэдэлжүүлэлтийн туршилт судалгаанаас эхлээд нийгэм сэтгэл зүйн туршилт судалгаанд хүртэл олон тооны туршилтын болоод корреляцийн судалгааны дүнд бий болдог. / 5-р график/
·       Хамаарлын хамгийн сүүлчийн хэлбэр нь өмнөхтэйгээ адил тийм ч элбэг тохиолддоггүй ба энэ нь хамаарах хувьсагчийн түвшин үл хамаарах хувьсагчийн түвшнээс хамаарах нарийн түвэгтэй хамаарлын үед ажиглагддаг. / 6-р график/



Гадаад хувьсагчдыг тодорхойлох асуудал
           
Туршилтын үр дүнд гадаад хувьсагчдын нөлөөлөлд хяналт таих хэд хэдэн арга бий:
  1. Гадаад хувьсагчдыг зайлуулах /элиминация/
  2. Нөхцлийг тогтмол байлгах /константность/
  3. Тэнцүүлэх /балансировка/
  4. Контрбалансировка
  5. Рандомизаци
        1. Элиминация. Энэ тохиолдолд туршилтын нөхцөл байдал нь гадаад хувьсагчийн нөлөөллийг зайлуулах байдлаар бий болдог. Жишээ нь психофизикийн лабораторт туршигдагчийг гадаад дуу, чимээ, шуугиан, чичиргээний нөлөөлөл болон цахилгаан соронзон талбайгаас бүрэн тусгаарласан /изоляци/ туршилтын камерт туршилт судалгаа явагддаг. Гэхдээ гадаад хувьсагчийн нөлөөллийг олонтаа зайлуулах ямарч боломжгүй юм. Тухайлбал нас, хүйс, оюун ухааны түвшин зэрэг хувьсагчийн нөлөөллийг арилгах ямарч боломжгүй.
            
       2. Тогтмол нөхцлийг бий болгох. Хэрвээ гадаад хувьсагчийг туршилтын нөхцөл байдлаас арилгах /зайлуулах/ боломжгүй байвал судлаач тэдгээрийг өөрчлөгдөхгүй /тогтмол/ байлгах тал дээр анхаарах хэрэгтэй. Тэгэхдээ гадаад хувьсагчийн нөлөөлөл бүхийл туршигдагчдад, үл хамаарах хувьсагчийн бүхийл утгад, мөн туршилтын бүхийл хугацаанд тогтмол /үл өөрчлөгдөх/ хэвээр байх хэрэгтэй. Энэхүү стратеги нь төөрч будилах нөлөөллөөс бүрэн зайлсхийх боломж олгодоггүй ба гадаад хувьсагчийн тогтмол утгад олж авсан баримтууд нь зөвхөн гадаад хувьсагчийн утга тухайн туршилтанд ямар байсан яг л тийм бодит нөхцөл байдалд л тохирдог байна. Судлаач туршилт явагдах гадаад орон зай — цаг хугацааны үл өөрчлөгдөх /тогтмол/ нөхцлийг бий болгохыг эрмэлздэг. Заримдаа туршилтын сорил, эсвэл зан байдлыг ажиглах ажиглалт нь бүх туршигдагчдад 7 хоногийн 1 л өдөр, 1 л тогтмол цагт, тухайлбал 1 дэхь өдөр бүрийн өглөөний 9 цагт явагддаг. Гэхдээ энэ нь төөрч будилах нөлөөллөөс зугатах баталгаа болохгүй. Мөн туршилтын өрөө тасалгаа /дуу авиа, үнэр, хананы өнгө, тавилгын хэлбэр, мебелийн байрлал г.м./ болон судалгааны явагдах техникийг стандартчилах асуудал байдаг.
            Судлаач нэмэлт хувьсагчдыг  тогтмолжуулах /нэгэн хэвийн байлгах/-ыг эрмэлздэг ба туршигдагчдын бүлгийг туршилтанд онцгой ач холбогдолтой бодгаль шинж чанараар /нас, хүйс, боловсролын түвшин/ тэгшлэхийг оролддог.
            Туршигч туршилтын зааврыг бүх туршигдагчдад нэгэн ижил байдлаар хэлж өгөх хэрэгтэй. Тэрээр дуу хоолойныхоо хүч ба эрчмийг нэгэн хэвийн байдлаар хадгалахыг эрмэлзэх хэрэгтэй. Болж өгвөл зааврыг магнитафон дээр бичлэг хийн ашиглавал илүү сайн.
            
     3. Балансировка /тэнцүүлэх/. Туршилтыг явуулах тогтмол нөхцлийг бий болгох боломжгүй, эсвэл энэ нь хангалтгүй бол гадаад хувьсагчдын үйлдлээс бий болох нөлөөллийг тэнцүүлэх техникийг хэрэглэдэг. Дараах 2 нөхцөлд тэнцүүлэх аргыг хэрэглэдэг: 1. хэрвээ гадаад хувьсагчдыг адилтгах боломжгүй тохиолдолд, 2. хэрвээ түүнийг адилтгаж болох ба энэхүү хувьсагчийг хянахын тулд тусгай алгоритмыг / 2-оос 1-ийг сонгох / ашиглах тохиолдолд.
            Өвөрмөц бус /энгийн/ гадаад хувьсагчийн нөлөөллийг тэнцүүлэх аргыг авч үзэе. Энэ нь туршилтын төлөвлөгөөн дэхь туршилтын бүлэгт нэмэлт байдлаар хяналтын бүлгийг оруулж ирнэ. Хяналтын бүлэгт явагдаж буй туршилтын судалгаа нь туршилтын бүлэгт явагдахтай нэгэн ижил явагдана. Ялгаатай нь туршилтын үйлдэл нь зөвхөн туршилтын бүлгийн туршигдагчдад л хэрэгждэг /биелдэг/. Хяналтын бүлгийн хамаарах хувьсагчийн өөрчлөлт нь гадаад хувьсагчаар л нөхцөлддөг, харин туршилтын бүлгийн хувьд энэ нь гадаад болон үл хамаарах хувьсагчдын хамтын үйлдэл байдаг.

            Тэгэхдээ гадаад хувьсагч бүрийн өвөрмөц нөлөөллийг, ялангуяа хувьсагчдын харилцан үйлдлийн нөлөөллөөс үүдэлтэй үл хамаарах хувьсагчийн нөлөөллийг ялгаж болохгүй.
1.      Хяналтын бүлгийг хэрэглэн тэнцүүлэх арга / 1-р зураг/
2.      Гадаад хувьсагчийн үйлдлийг ялгах байдлаар тэнцүүлэх арга / 2-р зураг/


   Аль нэг гадаад хувьсагч хамаарах хувьсагчид ямар байдлаар нөлөөлж байгааг тодорхойлохын тулд нэгээс илүү хяналтын бүлэгтэй төлөвлөгөөг ашигладаг. Туршилтын төлөвлөгөөн дэхь хяналтын бүлгийн тоо нь N = n + 1; байдаг, үүнд n — гадаад хувьсагчдын тоо. Туршилтын болоод 1-р хяналтын бүлгийн хамаарах хувьсагчид нөлөөлөх гадаад хувьсагчдаас нэгийнх нь үйлдлийг зайлуулсан туршилтын нөхцөлд 2-р хяналтын бүлгийг ашигладаг. 1, 2-р хяналтын бүлгүүдийн үр дүнгийн ялгаатай байдлаас гадаад хувьсагчдын нэгийнх нь өвөрмөц онцлогийг илрүүлж болно.
            Тэнцүүлэх үйл ажиллагаа нь тодорхой гадаад хувьсагчийг хянахад гол ялгаа нь оршиж байдаг. Иймэрхүү хувьсагчийн жишээ нь — туршилтын үр дүнд тухайн туршигдагчийн хүйсийн байдал нөлөөлдөг нь илэрсэн бөгөөд эрэгтэй түүврээс авсан баримтууд нь эмэгтэй түүвэрт тохирдоггүй. Хүйс бол нэмэлт хувьсагч, иймээс туршилтыг төлөвлөхдөө энэхүү 2 бүлгийн алинд ч үл хамаарах хувьсагчийн хамаарах хувьсагчид нөлөөлөл үзүүлэх үр нөлөөг илрүүлэх байдалтай байх хэрэгтэй.
            Илүү нарийн түвэгтэй туршилтанд хэд хэдэн хувьсагчдыг нэгэн зэрэг тэнцүүлэх аргыг хэрэглэдэг. Тухайлбал оюун ухааны хөгжлийн түвшнийг сорих үед туршигдагчийн зан байдалд туршигчийн хүйс хэрхэн нөлөөлж болох тухай асуудал юм. Энд эмэгтэй ба эрэгтэй 2 бүлэг болоод эрэгтэй, эмэгтэй 2 туршигч байна гэж бодоё. Энэ тохиолдолд туршилтын төлөвлөгөө нь дараах хэлбэртэй байж болно:
            Бүлэг 1 / туршилтын /                               Бүлэг 2 / хяналтын /
  1. Эрэгтэйчүүд — туршигч эрэгтэй            Эрэгтэйчүүд — туршигч эрэгтэй
  2. Эрэгтэйчүүд — туршигч эмэгтэй           Эрэгтэйчүүд — туршигч эмэгтэй
  3. Эмэгтэйчүүд — туршигч эрэгтэй           Эмэгтэйчүүд — туршигч эрэгтэй
  4. Эмэгтэйчүүд — туршигч эмэгтэй          Эмэгтэйчүүд — туршигч эмэгтэй

            4. Контрбалансировка /эсрэг тэнцүүлэх/. Нэмэлт хувьсагчийг хянах энэхүү аргыг туршилт хэд хэдэн цуврал туршилтуудаас бүрдэж буй тохиолдолд хэрэглэдэг. Туршигдагч янз бүрийн нөхцөлд дараалан орох ба эхний нөхцөл нь дараагийн нөхцлийн үйлдлийн нөлөөг өөрчилдөг. Өөрөөр хэлбэл дарааллын нөлөөллүүд ба үр дагаварын нөлөө зэргийг арилгахын тулд контрбалансировкийн аргыг хэрэглэдэг. 1 бүлэгт тавьсан янз бүрийн зорилт, цочроол, нөлөөллийн дараалал нь /журам/ нөгөө бүлэгт өөр байдлаар тавигддаг.
            2 нөхцөлд гадаад хувьсагчийг хянах төлөвлөгөөг жишээ болгон авч үзэе.
Бүлэг
Туршилтын цуврал /дэс дараа/
1-рт
2-рт
1-р
Чанга дуу авиа
Сул дуу авиа
2-р
Сул дуу авиа
Чанга дуу авиа

           
Үл хамаарах 3 хувьсагчид контрбалансировкийн төлөвлөгөөг доорх байдлаар ашиглаж болно, тухайлбал: улаан, шар, ногоон 3 өнгийг үзүүлэхэд:
Бүлэг
Туршилтын цуврал /дэс дараа/
1-рт
2-рт
3-рт
1-р
Улаан
Шар
Ногоон
2-р
Улаан
Ногоон
Шар
3-р
Шар
Улаан
Ногоон
4-р
Шар
Ногоон
Улаан
5-р
Ногоон
Улаан
Шар
6-р
Ногоон
Шар
Улаан
   Энэхүү арга нь туршилтын хэд хэдэн цувралыг явуулах боломжтой үед хэрэглэгддэг. Гэхдээ туршилтын цувралын тоо хэмжээ олон байх тусам туршигдагчийг ядрааж болзошгүйг анхаарах хэрэгтэй.
            Энэхүү төлөвлөгөө нь дарааллын нөлөөг хянахад тустай. Контрбалансировкийн техник нь — туршигдагч бүр нөлөөллийн нэгээс илүү /АВ, эсвэл ВА/ хувилбарыг хүлээж авах ба дэс дарааллын нөлөө нь туршилтын бүхийл нөхцөлд зорилго чиглэлтэйгээр хуваарилагддаг.
            5. Рандомизаци /тохиолдлын сонголт/. Энэ нь хамрагдах боломжтой хүмүүс бүрт туршилтанд оролцогч болох ижил тэнцүү боломжийг бий болгодог. Түүврийн бүх төлөөлөгчдөд дэс дараалсан дугаар олгоно, харин туршилтын болоод хяналтын бүлэгт орох туршигдагчдыг сонгохдоо “санамсаргүй” тооны хүснэгтийн тусламжтайгаар явагдана. Рандомизаци нь туршилтын үр дүнд туршигдагчийн бодгаль хувийн онцлог нөлөөлөх нөлөөллийг арилгадаг арга юм.
            Рандомизацийг 2 нөхцөлд хэрэглэдэг: 1. туршилтын нөхцөлд гадаад хувьсагчдыг хэрхэн удирдах нь тодорхой боловч хяналтын өмнөх техникуудээс аль нэгийг нь ашиглах боломжгүй байх үед, 2. туршилтын нөхцөлд ямар нэгэн гадаад хувьсагчийн илэрч явагдах байдлыг багцаалах боловч түүний өвөрмөц онцлогийг тодорхойлон жагсаах ба бусад техникуудыг хэрэглэх боломжгүй байх үед.
            Хэрвээ нэмэлт хувьсагчийн /хувьсагчдын/ утга магадлалын хуульд /жишээ нь: хэвийн хуваарилалтыг тодорхойлон бичих/ захирагдаж байна гэж үзвэл туршилтын ба хяналтын бүлгийн бүрдэлд тухайн нэмэлт хувьсагчийн түвшин дэхь ерөнхий бүрэлдэхүүний түүвэр орно. 



Туршилтын төлөвлөгөө


Үл хамаарах нэг хувьсагчид зориулсан төлөвлөгөө
           
“Бодит” туршилт судалгааны төлөвлөгөө нь бусдаас ялгагдах дараах шинж тэмдгүүдтэй байдаг:
1)      Ижил /эквивалент/ бүлэг үүсгэх стратегуудын аль нэгийг хэрэглэх, голдуу рандомизацийг хэрэглэдэг.
2)      Туршилтын бүлгээс гадна дор хаяж /доод тал нь/ 1 хяналтын бүлэг байдаг.
3)      Туршилтын үйлдэл нөлөөг хүлээж авсан (Х1) болон хүлээж аваагүй (Х0) бүлгүүдийн зан байдлыг сорих ба харьцуулах байдлаар туршилт дуусгавар /төгсдөг/ болдог.    
Сонгодог хэлбэрийн төлөвлөгөө нь үл хамаарах 2 бүлэгт зориулагдсан байдаг. Сэтгэл судлалд туршилтыг төлөвлөх байдал нь 20-р зууны эхний 10 жилд хэрэглэгдэж эхэлсэн.
            Энэхүү төлөвлөгөөний үндсэн 3 хувилбар байдаг. Эдгээрийг тэмдэглэн бичихэд Кэмпбеллийн санал болгосон тэмдэглэгээнүүдийг ашилая.
            
   1. Туршилтын үйлдэл нөлөө үзүүлсний дараа сорилд оруулсан тохиолдлын сонголт бүхий 2 бүлэгт зориулсан төлөвлөгөө.     
    
            Зохиогч нь нэрт биологич, статистикч Р.А.Фишер бөгөөд төлөвлөгөөний бүтэц нь:
Туршилтын бүлэг
R X O1
Хяналтын бүлэг
R     O2
            Үүнд:   R — рандомизаци /тохиолдлын сонголт хийсэн бүлэг/, X — үйлдэл нөлөө, O1 — 1-р бүлгийн сорил, O2 — 2-р бүлгийн сорил
            Туршилтын ба хяналтын бүлгийн ерийн байдал нь энэхүү төлөвлөгөөг хэрэглэхэд зайлшгүй чухал нөхцөл нь юм. Бүлгийн ижил байдлыг /эквивалент/ бий болгохын тулд гол төлөв рандомизацийн үйл ажиллагааг хэрэглэдэг. Энэхүү төлөвлөгөөг туршигдагчдыг урьдчилсан сорилгод оруулах боломжгүй юмуу, эсвэл шаардлаггүй үед ашиглахыг зөвлөдөг. Хэрвээ рандомизаци чанарын хэлбэрээр явагдсан бол энэхүү төлөвлөгөө нь илүү сайн бөгөөд туршилтын үед илрэх зан үйлийн өөрчлөлтийн ихэнх эх сурвалжийг хянахад чухал бөгөөд үүнд мөн дисперсийн анлизын янз бүрийн хувилбаруудыг хэрэглэдэг.
            Рандомизаци, эсвэл бүлгийг тэнцвэржүүлэх бусад аргуудыг хэрэглэсний дараа туршилтын үйлдэл нөлөөлөл хийгдэж эхэлнэ. Хамгийн энгийн хувилбар нь үл хамаарах хувьсагчийн 2 шатлал ашигладаг: үйлдэл нөлөө байна, үйлдэл нөлөө байхгүй гэсэн.
            Хэрвээ үйлдлийн хэд хэдэн хэмжээг ашиглах шаардлагатай бол туршилтын хэд хэдэн бүлэг /үйлдлийн хэмжээний тоотой ижил тооны/, хяналтын нэг бүлэг бүхий төлөвлөгөөг хэрэглэнэ.

            Нэмэлт хувьсагчдаас аль нэгнийх нь нөлөөллийг хянах хэрэгтэй болбол хяналтын 2 бүлэг ба туршилтын 1 бүлэг бүхий төлөвлөгөөг хэрэглэдэг. Зан байдлын хэмжилт нь 2 бүлгийг харьцуулсан материалыг өгдөг. Баримтуудыг боловсруулахдаа математик статистикийн үнэлэлтийг хэрэглэдэг.
            Үйлдэл нөлөө үзүүлсний дараа сорилд оруулсан тохиолдлын сонголт хийсэн 2 бүлэгт зориулсан төлөвлөгөөг хэрэглэхэд дотоод тохироц бус чанарын үндсэн эх сурвалжийг хянахад тустай. Урьдчилсан сорилго байхгүй учраас сорилын үйл явцын харилцан үйлдэл ба туршилтын үйлдлийн агуулгын нөлөө болоод сорилын өөрийн нөлөө бүрэн арилсан байдаг. Энэхүү төлөвлөгөө нь бүлгийн бүрдлийн нөлөөлөл, хөгжлийн суурь ба ердийн нөлөөлөл, бүлгийн бүрдэл бусад хүчин зүйлүүдтэй харилцах харилцан үйлдэл зэргийг хянахад тустай байхын зэрэгцээ рандомизацийн дүнд үүсэх бууралтын нөлөөг болон туршилтын ба хяналтын бүлгийн баримтуудыг харьцуулах үед бий болсон нөлөөг арилгадаг. Сурган хүмүүжүүлэх ба нийгэм сэтгэл зүйн ихэнх туршилтыг явуулахад хамаарах хувьсагчийн илрэх түвшинг /энэ нь интеллект, түгшүүр, мэдлэг ба бие хүний бүлэгт эзлэх байр суурь байсан ч/ хатуу хянах шаардлагатай. Рандомизаци бол хамгийн боломжийн болоод шилдэг үйл ажиллагаа боловч энэ нь түүврийг туйлын зөв хийх баталгаа өгдөггүй. Хэрвээ рандомизацийн үр дүнд эргэлзэж буй бол урьдчилсан сорилго бүхий төлөвлөгөөг хэрэглэх хэрэгтэй.
            
   2. Урьдчилсан ба дүнгийн сорилд оруулсан тохиолдлын сонголт бүхий 2 бүлэгт зориулсан төлөвлөгөө.    

            Доорх бүтцийг харая.
1. Туршилтын бүлэг
R     O1    X    O2
2. Хяналтын бүлэг
R      O3          O4

            Урьдчилсан сорилго бүхий төлөвлөгөө нь сэтгэл зүйчдэд ихээхэн хэрэглэгддэг. Харин биологчид рандомизацийг ихээхэн хэрэглэдэг. Сэтгэл зүйчид хүн бүр өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой бөгөөд бие биенээсээ ялгагдах шинжтэй бөгөөд тестийн тусламжтайгаар энэхүү ялгаагаа ойлгож мэдэхийг ухамсаргүйгээр эрмэлздэг ба рандомизацийн механик үйл явцад итгэдэггүй гэдгийг сайн мэддэг. Сэтгэл судлалын ихэнх судалгааны таамаглал, ялангуяа хөгжлийн сэтгэл зүйн салбар дахь таамаглалууд нь гадаад хүчин зүйлсийн нөлөөн доор бодгалийн шинж чанарын тодорхой өөрчлөлтийг урьдчилан тааварлах /прогноз/ шинжтэй байдаг. Иймээс рандомизаци ба хяналтын бүлгийг хэрэглэсэн “тест /сорил/— үйлдэл — ретест  /дахин сорил/” төлөвлөгөө нь нэлээд өргөн дэлгэрсэн.
            Бүлгийг тэнцүүлэх үйл явц байхгүй тохиолдолд энэхүү төлөвлөгөө нь квазитуршилтын болж хувирдаг. /Үүнийг дээрх хүснэгтээс харж болно./
            Үйл явцын гадаад тохироц чанарыг алдагдуулдаг гол эх сурвалж нь туршилтын үйлдлийг сорих сорилын харилцан үйлдэлтэй холбоотой байдаг. Жишээ нь тодорхой зүйлийг тогтоосны  дараа туршилт явуулахаас өмнө тухайн зүйлийн тухай мэдлэгийн түвшинг сорих үйл явц нь уг мэдлэгийн чухал байдал ба тогтоолтын үр ашгийг дээшлүүлэх байдалд хүргэдэг. Энэ нь ой тогтоолтын чадвар чадвар /арга/ ба тогтоох чиглэлийг бий болгох үйл явцын үр дүнд хүрдэг.
            Энэхүү төлөвлөгөөний тусламжтайгаар бусад гадаад хувьсагчдыг хянаж болно. “Түүхийн” хүчин зүйлийг хянаж болох ба учир нь аль аль бүлгийг сорих 1 ба 2-р сорилын хооронд 1 үйлдэл нөлөөнд ордог. Үүнээс гадна Кемпбелл “бүлгийн доторх үйл явдлыг” хянахын чухлыг, мөн аль аль бүлгийг нэгэн зэрэг сорих сорилын үр нөлөөг хянах нь чухал болохыг тэмдэглэсэн. Бодит байдал дээр сорих ба дахин сорих /тест ба ретест/ үйл явц тэдгээр бүлэгт нэгэн зэрэг явагдах боломж байхгүй. Доорх тохиолдолд энэхүү төлөвлөгөө нь квазитуршилтынх болдог. Жишээ нь:
            R         O1                    X         O2
            R                     O3                    O4                 
2 бүлэгт нэгэн зэрэг сорил явуулах 2 туршигчтай тохиолдолд сорилын нэгэн зэрэг явагдах байдалд хяналт тавих боломжтой. Сорилын дэс дарааллын рандомизацийн үйл явцыг оновчтой тооцдог ба энэ нь туршилтын ба хяналтын бүлгийн гишүүдийг сорих сорилын үйл явц нь тохиолдлын дэс дарааллаар явагддаг. Мөн туршилтын үйлдэл нөлөөг үзүүлэх — эс үзүүлэх үйл явцад хамаатай. Гэхдээ энэхүү үйл явцад туршилтын ба хяналтын түүврийн туршигдагч нэлээдгүй их /тус бүрт 30 – 35 хүн/ байхыг шаарддаг.
            “Тест — үйлдэл нөлөө — ретест” төлөвлөгөөг хэрэглэх үр дүнг доорх хүснэгтээс харж болно:
1-р хүснэгт
Бүлэг
Сорил
1
2
1
О1
О2
2
О3
О4
2-р хүснэгт
Бүлэг
Түвшин
Туршилт
1
2
О1
О2
Хяналт
Оn+1
О4
 
            Баримтыг боловсруулахад t ба F /интерваль хэмжүүрийн баримтын хувьд / үзүүлэлтийн жишгийг ашигладаг. t —ийн 3 утгыг тооцож гаргадаг: 1. О1 ба О2 , 2. О3 ба О4 , 3. О2 ба Охарьцуулах байдлаар. Хамаарах хувьсагчид нөлөөлөх үл хамаарах хувьсагчийн утга бүхий нөлөөллийн тухай таамаглалыг дараах 2 нөхцлийг биелүүлсэн тохиолдолд гаргадаг ба үүнд: 1. О1 ба О2 утга бүхий нөлөөллийн хоорондын, эсвэл О3 ба О4 —ийн утгын бус нөлөөллийн хоорондын ялгаа, 2. О2 ба О4 утга бүхий нөлөөллийн хоорондын ялгаа,
            Ялгааны утга бүхий тохиолдолд хамаарах хувьсагчид нөлөөлөх үл хамаарах хувьсагчийн нөлөөллийн тухай туршилтын таамаглалыг хэрэглэдэг. /1-р хүснэгт/
            Үүнээс гадна Р.А. Фишерийн ковариацийн задлан шинжилгээг хэрэглэхийг санал болгодог. Энэ тохиолдолд урьдчилсан сорилын үзүүлэлтүүд нь нэмэлт хувьсагчийн хувиар хэрэглэгддэг, харин туршигдагчид урьдчилсан сорилын үзүүлэлтээс хамаарч дэд бүлгүүдэд хуваагддаг. Эндээс MANOVA аргаар баримтыг боловсруулахад 2-р хүснэгтийг ашигладаг.
            “Тест — үйлдэл нөлөө — ретест” төлөвлөгөө нь туршилтын дотоод тохироц чанарыг алдагдуулдаг “хажуугийн дагалдсан” хувьсагчдыг хянахад зориулагдсан юм.

3.      Соломоны төлөвлөгөөг 4 бүлгийн тусламжтай явагдах туршилтын үед ашигладаг.
            1. Туршилт 1:             R         O1        X         O2
            2. Хяналт 1:                R         O3                    O4
            3. Туршилт 2:             R                     Х         O5
            4. Хяналт 2:                R                                 O6
            Төлөвлөгөө нь туршилтын болоод хяналтын тус бүр хоёр хоёр бүлэгт явуулах судалгааг багтаадаг ба үүнийг олон бүлэгт туршилтын төлөвлөгөө / 2х2 хэлбэрийн / -нд хамруулдаг.
            Соломоны төлөвлөгөө нь өөртөө урьдын хоёр төлөвлөгөөг нэгтгэдэг: 1-рт. Урьдчилсан сорил явагдахгүй тохиолдол, 2-рт. “Тест — үйлдэл нөлөө — ретест”. Төлөвлөгөөний “1-р хэсгийн” тусламжтайгаар анхны сорил ба туршилтын үйлдлийн харилцан үйлдлийн үр нөлөөг хянаж болно. Өөрийн төлөвлөгөөний тусламжтайгаар Р.Л.Соломон туршилтын үйлдлийн үр нөлөөг 1. О2 — О1, 2. О2 — О4, 3. О5 — О6, 4. О5 — О3 тус тус харьцуулах 4 янзын аргаар олж илрүүлсэн.
            Хэрвээ О6-г О1 ба О3 – тай харьцуулбал хамаарах хувьсагчид “түүхийн” /фоны үйлдэл/ ба хэвийн хөгжлийн үр нөлөөний хамтын үйлдлийг илрүүлэх боломжтой.
            Соломоны санал болгосон баримтыг боловсруулах схемийг Кемпбелл шүүмжилж: урьдчилсан сорилгод анхаарах хэрэггүй ба дисперсийн анализыг хэрэглэхэд тохиромжтойгоор баримтуудыг 2х2 схемд нэгтгэн оруулах хэрэгтэй гэжээ. /Доорх хүснэгтээс харна уу /

  
Урьдчилсан сорилт
Үйлдэл нөлөө
Тийм
Үгүй
Байна
О2
О4
Байхгүй
О5
О6

            Зарим тохиолдолд хамаарах хувьсагчид үл хамаарах хувьсагчийн үйлдлийн нөлөө хадгалагдах байдлыг шалгах зайлшгүй шаардлага гардаг. Жишээ нь: аливаа зүйлийг удаан хугацаагаар тогтооход сургалтын шинэ арга бий болж буй эсэхийг илрүүлэхийн тулд доорх төлөвлөгөөг ашигладаг.
            1. Туршилт 1:             R         O1        X         O2
            2. Хяналт 1:                R         O3                    O4
            3. Туршилт 2:             R         O5        Х                     O6
            4. Хяналт 2:                R         O7                                O8


Үл хамаарах 1 хувьсагч ба хэд хэдэн
бүлэгт зориулсан төлөвлөгөө
            Заримдаа туршилтын таамаглалыг батлах юмуу няцаахад 2 бүлгийг харьцуулах нь хангалтгүй байдаг. Иймэрхүү асуудал дараах 2 нөхцөлд үүсдэг: а. Гадаад хувьсагчийг хянах зайлшгүй шаардлагатай үед, б. 2 хувьсагчийн хоорондын тоон хамаарлыг илрүүлэх зайлшгүй шаардлагатай үед,
            Гадаад хувьсагчдыг хянахын тулд хүчин зүйлийн туршилтын төлөвлөгөөний янз бүрийн хувилбаруудыг ашигладаг. 2 хувьсагчийн хоорондын тоон хамаарлыг илрүүлэх нь туршилтын “нарийн” таамаглалыг шалгах үед хэрэглэх шаардлагатай болдог. 2 бүлгийн оролцоотой туршилтын үед үл хамаарах ба хамаарах хувьсагчийн хоорондын шалтгаант холбооны баримтыг тогтоох боломжтой бол илүү сайн байдаг. Гэхдээ 2 цэгийг хязгааргүй олон тооны муруй шугамаар холбож болно. Харин 2 хувьсагчийн хоорондын шугаман хамаарлыг харуулхын тулд үл хамаарах хувьсагчийн 3 түвшинд зохицсон 3 цэг байх ёстой. Үүнээс, туршигч тохиолдлын сонголт хийсэн хэд хэдэн бүлгийг ялгаж, тэдэнд туршилтын янз бүрийн нөхцлийг тавьдаг гэж үзэж болно. Хамгийн энгийн хувилбар нь 3 бүлэг ба үл хамаарах хувьсагчийн 3 түвшинд зориулсан төлөвлөгөө юм.
            1. Туршилт 1:             R         X1        O1
            2. Туршилт 2:             R         Х2        O2
            3. Хяналт:                   R                     O3
            Тухайн тохиолдолд хяналтын бүлэг нь хувьсагчийн түвшин Х = 0 байдаг туршилтын 3 дахь бүлэг юм.
            Энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд бүлэг бүрт үл хамаарах хувьсагчийн зөвхөн 1 л түвшинг үзүүлдэг /тодорхойлдог/. Мөн үл хамаарах хувьсагчийн хэмжээг ихэсгэхтэй зэрэгцүүлэн туршилтын бүлгийн тоог өсгөж болно.

Хүчин зүйлийн төлөвлөгөө

            Хувьсагчдын хоорондын харилцан холбооны талаарх нарийн түвэгтэй таамаглалыг шалгах зайлшгүй шаардлагатай үед хүчин зүйлийн туршилтыг хийдэг. Иймэрхүү таамаглалын үндсэн хэлбэр: “Хэрвээ А1, А2, А3, . . . , Аn бол В байна”. Иймэрхүү таамаглалыг иж бүрэн, хосолсон г.м.-ээр нэрэлдэг. Энд үл хамаарах хувьсагчдын хооронд янз бүрийн харьцаа байж болох ба тухайлбал: хам болон хоёрдмол, эсвэл шугаман үл хамаарал, аддитив ба мультипликатив г.м. Хүчин зүйлийн туршилт нь хэд хэдэн үл хамаарах ба хэд хэдэн хамаарах хувьсагчдын хоорондын харьцааг тогтоохыг эрмэлзэх явцад олон талын судалгаа болдог. Хүчин зүйлийн туршилтанд 2 хэлбэрийн таамаглалыг нэгэн зэрэг шалгадаг: 1. үл хамаарах хувьсагч бүрийн тусгаар нөлөөллүүдийн тухай таамаглал, 2. хувьсагчдын харилцан үйлдлийн тухай таамаглал, өөрөөр хэлбэл, 1 үл хамаарах хувьсагч нөгөөгийнхээ үйлдлийн нөлөөнд хэрхэн нөлөөлж байгааг тусгасан таамаглал.
            Хүчин зүйлийн туршилт нь хүчин зүйлийн төлөвлөгөөний дагуу хийгддэг. Туршилтын хүчин зүйлийн төлөвлөлт нь үл хамаарах хувьсагчийн бүхий л түвшин бие биентэйгээ зохицох /нийцэх/ байдалд үндэслэдэг. Туршилтын бүлгийн тоо нь бүхий л үл хамаарах хувьсагчийн түвшинтэй нийцсэн тоотой тэнцүү байна.
            Хүчин зүйлийн төлөвлөгөөний олон хувилбар байдаг. 2х2 хэлбэрийн 2 үл хамаарах хувьсагч ба 2 түвшинд зориулсан хүчин зүйлийн төлөвлөгөө ихэнхдээ хэрэглэгддэг Төлөвлөгөөг боловсруулахдаа тэнцүүлэх /балансировка/ зарчмыг хэрэглэдэг. 2х2 төлөвлөгөө нь 1 хамаарах хувьсагчид 2 үл хамаарах хувьсагчийн үйлдлийн нөлөөг илрүүлэхэд ашигладаг. Туршигч хувьсагчид ба түвшингүүдийн боломжит нийцэлд /зохицолд/ нарийн түвэгтэй үйлчлэл хийдэг. Баримтуудыг доорх энгийн хүснэгтэнд оруулдаг.
  
2-р хувьсагч
1-р хувьсагч
Байна
Байхгүй
Байна
1
2
Байхгүй
3
4
           
            Хаяа тохиолдлын сонголт/рандомизаци/  хийсэн үл хамаарах 4 бүлгийг ашигладаг. Үр дүнгийн боловсруулалтыг хийхдээ Фишерийн дисперсийн анализыг хэрэглэдэг.
            Заримдаа хүчин зүйлийн төлөвлөгөөний өөр хувилбаруудыг, тухайлбал, 3х2, эсвэл 3х3 төлөвлөгөөг ашигладаг. 3х2 төлөвлөгөө нь 1 хамаарах хувьсагч 1 үл хамаарах хувьсагчаас хамаарах хэлбэрийг тогтоохын тулд хэрэглэдэг ба эндээс үл хамаарах хувьсагчдын 1 нь дихотомик /2 талт/ үзүүлэлтийг төлөөлдөг. Иймэрхүү төлөвлөгөөний жишээ нь: - оюун ухааны бодлогыг бодох /зорилтыг шийдвэрлэх/ амжилтанд гадаад ажиглалтын нөлөөг илрүүлэх туршилт орж болно. 1-р үл хамаарах хувьсагч нь энгийн байдлаар өөрчлөгддөг: ажиглагч байна, байхгүй гэсэн. 2-р үл хамаарах хувьсагч нь бодлогын /зорилтын/ хүндрэлтэй байдлыг өөрчилдөг. Энэ тохиолдолд 3х2 төлөвлөгөө нь:

1-р хувьсагч
2-р хувьсагч
Хөнгөн
Дунд зэрэг
Хүнд
Ажиглагч байна
1
2
3
Ажиглагч байхгүй
4
5
6


            3х3 хэлбэрийн төлөвлөгөө нь хэрвээ үл хамаарах хувьсагч бүр хэд хэдэн түвшинтэй ба үл хамаарах хувьсагчаас хамаарах хувьсагчийн холбооны хэлбэрийг илрүүлэх боломжтой тохиолдолд хэрэглэгддэг. Энэхүү төлөвлөгөө нь янз бүрийн хүндрэлтэй байдал дахь даалгаварын гүйцэтгэлд дэмжлэг үзүүлэх нөлөөллийг илрүүлэхэд боломжтой.

Бодлого даалгаварын хүндрэлтэй байдлын түвшин
Цочроолын эрчим
Доод
Дундаж
Дээд /өндөр/
Доод
1
2
3
Дундаж
4
5
6
Дээд /өндөр/
7
8
9

            Үл хамаарах 2 хувьсагчид зориулсан төлөвлөгөө нь ерөнхийдөө N x M хэлбэртэй байдаг. Иймэрхүү төлөвлөгөөг хэрэглэх байдал нь тохиолдлын сонголт хийсэн олон тооны бүлгийн иж бүрдэл зайлшгүй байх шаардлагаар хязгаарлагддаг. Туршилтын ажлын цар хүрээ нь дурын үл хамаарах хувьсагчийн түвшин бүрийг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор өсөж байдаг.
            2-оос илүүгүй үл хамаарах хувьсагчийн нөлөөллийг судлах судалгаанд зориулсан төлөвлөгөөг ховорхон хэрэглэдэг. 3 хувьсагчтай тохиолдолд энэ нь L x M x N гэсэн ерөнхий хэлбэртэй болно.
            2 х 2 х 2 төлөвлөгөө буюу “3 үл хамаарах хувьсагч — 2 түвшин” бүхий төлөвлөгөө нэлээд хэрэглэгддэг. Шинэ хувьсагчийг нэмэх бүрийд бүлгийн тоо нэмэгддэг. Эрчимшлийн 2 түвшин бүхий тохиолдолд хувьсагчийн тоо — n байх ба К түвшний эрчимшилтэй тохиолдолд К байх / үл хамаарах бүхийл хувьсагчид түвшингийн тоо ижил байна гэж үзэе/ үед тэдний ерөнхий тоо 2 байна. Туршилтын цуврал даалгаваруудыг гүйцэтгэх амжилттай байдлын ерөнхий сэдэлжүүлэлтийг зөвхөн шийтгэлийн буюу цахилгаанаар цохиулах хэлбэрээр бус бас урамшуулалт ба шийтгэлийг хослуулах байдлаар хийх тохиолдолд 3 х 3 х 3 төлөвлөгөөг хэрэглэдэг.
            L x M x N хэлбэрийн 3 үл хамаарах хувьсагч бүхий төлөвлөгөөг хялбаршуулахдаа “латин квадрат” аргаар төлөвлөдөг. “Латин квадратыг” 2 болон түүнээс дээш түвшин бүхий 3 хувьсагчийн нөлөөг нэгэн зэрэг судлах үед хэрэглэдэг. “Латин квадрат” зарчим нь янз бүрийн хувьсагчийн 2 түвшин туршилтын төлөвлөгөөнд зөвхөн ганцхан удаа л тохиолдох байдалд үндэслэдэг.
            Бидэнд тус бүр нь 3 түвшинтэй 3 үл хамаарах хувьсагч байна гэж бодоё.
1.      L1, L2, L3
2.      M1, M2, M3
3.      A, B, C
“Латин квадрат” аргаар төлөвлөгөө боловсруулахад

L1
L2
L3
M1
A1
B2
C3
M2
B2
C3
A1
M3
C3
A1
B2

            Ийм арга нь гадаад хувьсагчдыг /контрбалансировка/ хянахад ашигладаг. 3 дахь хувьсагч N (A,B,C) бүх мөр болоод баганд 1 л удаа тохиолдож байна. Үр дүнгүүдийг мөр, багана ба түвшингээр нь хослуулахад үл хамаарах хувьсагч бүр хамаарах хувьсагчид нөлөөлөх нөлөөг илрүүлж болохоос гадна хувьсагчдын хос хосоороо харилцан үйлчлэлцэх түвшинг илрүүлж болно.
            “Латин квадрат” бүлгийн тоог нэлээд цомхтгодог /багасгадаг/ 2 х 2 х 2  төлөвлөгөөг доорх энгийн хүснэгтээр харуулахад:


2-р хувьсагч
1-р хувьсагч
Байна
Байхгүй
Байна
А
В
Байхгүй
В
А

            3-р хувьсагчийн түвшинг /А — байна, В — байхгүй/ тэмдэглэхэд латин үсгийг хүснэгтэнд оруулан хэрэглэх нь уламжлал болсон учраас энэхүү аргыг “латин квадрат” гэж нэрэлсэн.
            “Грек — латин квадрат” аргаар илүү нарийн төлөвлөгөөг маш ховор хэрэглэдэг. Үүний тусламжтайгаар 4 үл хамаарах хувьсагч хамаарах хувьсагчид нөлөөлөх нөлөөллийг судалдаг. Үүний үндэс нь: 3 хувьсагч бүхий төлөвлөгөөний латин бүлэг бүр 4 дэхь хувьсагчийн түвшинг тэмдэглэсэн грек үсэгтэй холбогддог.
            Тухайлбал бидэнд тус бүр нь эрчимшлийн 3 түвшин бүхий 4 хувьсагч байна гэж бодоё. Тэгвэл “грек — латин квадрат” аргаар бий болсон төлөвлөгөө нь дараах хэлбэртэй байна.


L1
L2
L3
M1
Aα
Bβ
Cγ
M2
Bβ
Cγ
Aα
M3
Cγ
Aα
Bβ
 
1 туршигдагчид зориулсан туршилтын
төлөвлөгөө

            1 туршигдагчтай судалгааны арга зүйг 1970 – 1980 онд боловсруулсан ба үүнд гол хувь нэмрээ оруулсан эрдэмтэд бол А.Кездан, Т.Кратохвилл, Б.Ф.Скиннер, Ф.Дж. МакГиган нар юм.
            Туршилтын явцад артефакт /хуурмаг баримт/-ын 2 эх сурвалж ажиглагддаг: а. Төлөвлөлтийн стратеги ба судалгаа явуулахад гарах алдаа, б. Бодгаль хувийн ялгаа.
            Хэрвээ 1 туршигдагчтай туршилтыг “зөв” стратегийн дагуу явуулбал үлдсэн бүх асуудал нь бодгаль хувийн ялгаатай холбоотой байна. 1 туршигдагчтай туршилт нь дараах нөхцөлд боломжтой:
   Бодгаль хувийн ялгаа нь туршилтаар судлагддаг хувьсагчдын тухайд хайхрахгүй байж болох ба бүх туршигдагчид тэнцүү чанартай учраас баримтуудыг туршилтанд хамрагдах боломжтой бүх гишүүнд бүгдэнд нь зөөн шилжүүлэх боломжтой тохиолдол
   Туршигдагч цорын ганц, баримтуудыг шууд зөөн шилжүүлэх асуудал чухал биш тохиолдол
            1 туршигдагчтай туршилтын стратегийг сургалтын процессыг судлах зориулалтаар Скиннер боловсруулсан.
            “1 туршигдагч” (single – subject research)  схемээр туршилт явуулахыг мөн түр зуурын туршилтын цувралын төлөвлөлт гэж нэрэлдэг. Иймэрхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хамаарах хувьсагчид нөлөөлөх үл хамаарах хувьсагчийн нөлөөллийн үндсэн үзүүлэлт нь тухайн үеийн туршилтын нөхцлийн өөрчлөлтөөс бий болох туршигдагчийн хариултын шинж чанарын өөрчлөлт юм. Энэхүү үзүүлэлтийг хэрэглэх хэд хэдэн үндсэн схем байдаг. Хамгийн энгийн стратеги нь А — В схем юм. Туршигдагч эхлээд А нөхцөлд үйл ажиллагааг гүйцэтгээд дараа нь В нөхцөлд үйл ажиллагааг гүйцэтгэнэ. /график.01/ Гэхдээ энэхүү схем нь Плацебогийн эффектийг хянадаггүй. Мөн түүнчлэн нөлөөлөлд /эффект/ юу хүргэсэн нь тодорхой биш, магадгүй үйлдэл нөлөөнд В хувьсагч биш, харин туршилтанд мэдэгдээгүй өөр хувьсагч хүргэсэн байж болно.
               

            Иймээс А — В — А схемийг ашигладаг. Эхлээд А нөхцөл дэхь туршигдагчийн зан байдлыг бүртгэж авдаг, дараа нь нөхцөл В болж өөрчлөгддөг, харин 3 дахь үедээ урьдын А нөхцөл рүүгээ эргэж шилждэг. Ингэхэд үл хамаарах ба хамаарах хувьсагчийн хоорондын функциональ холбооны өөрчлөлтийг судалдаг. Хэрвээ 3 дахь үеийн нөхцлийн өөрчлөлтөнд үл хамаарах ба хамаарах хувьсагчдын хоорондын функциональ хамаарал урьдын хэлбэртэй байвал үл хамаарах хувьсагчийг туршигдагчийн зан байдлыг өөрчлөх шалтгаан гэж тооцож болно. /график.02/
            
           
Тухайн туршилтын нөлөөллийг дахин хоёр дахь удаагаа бий болгохын тулд А — В — А — В схем бүхий төлөвлөгөөг хэрэглэдэг. Хэрвээ А нөхцлөөс В нөхцөл рүү 2 дахь удаагаа шилжвэл туршигдагчийн хариулт хугацаанаас хамаарах функциональ хамаарлын өөрчлөлтийг дахин бий болгох ба тэгвэл энэ нь туршигдагчийн зан байдалд үл хамаарах хувьсагч нөлөөлөх тухай туршилтын таамаглалыг баталсан явдал болно. /график.03/




Жишээ: У-шу дасгал оюутны сэтгэцийн ерөнхий байдалд тааламжтай нөлөөлж ой тогтоолт сайжрахад дөхөм болдог.
                
            А — В — А — В схемийн боловсронгуй хэлбэр нь А — В — А — В — А схем, эсвэл бүр урт удаан хугацааны А — В — А — В — А — В — А схем юм.


Сэтгэл зүйн хэмжилт түүний бүрдэл хэсгүүд


Хэмжилт судалгааны бие даасан арга байж болно. Бас туршилтын нэг бүрэлдэхүүн хэсэг болж болно. Дангаараа хэрэглэгдэх үед хүний зан үйлийн хувийн ялгааг илрүүлэх, эргэн тойрны хүрээллийг нь тодорхойлох, хувийн туршлагыг бүтцийн талаас нь судлах гэх мэт зорилгод чиглэнэ.  Энэ үед:

      §  Объектийн байдлыг бүртгэх
§  Туршилтын нөлөөллийн дараа гарсан өөрчлөлтийг тодорхойлох  гэсэн хоёр үндсэн зорилтыг шийдэж байдаг.

Хэрэв хэмжилт тандалтын туршилтын хэлбэрээр хийгдэж байгаа бол янз бүрийн цаг хугацаанд туршилтанд оролцогчдын зан үйл хэрхэн илэрч байгааг бүртгэн судлахад чиглэнэ. Энэ үед цаг хугацаа объектийн зан үйлд нөлөөлж байгаа ганцхан хэмжигдэхүүн хэмээн үздэг.
Хэмжилтийн онол дээр суурилж сэтгэл зүйн сорил зохиогдоно. Сорил бол цаг хугацааны хувьд багасгаж, сэтгэл зүйн хэмжилтийн энгийн хялбарчилсан хувилбар бөгөөд гол төлөв практик зорилтыг шийдэхэд чиглэнэ. Бас зарим үед судалгааны зориулалтаар ашиглагдана.
Сэтгэл судлалд сэтгэл зүйн туршилтын гурван үндсэн арга зүйг ашиглана. Тэдгээрийг ялгаж ангилах үндэс нь судалгааны объект байдаг.
Нэгд, сэтгэл зүйч хүмүүсийн зан үйлийн онцлогийг нэг хүн нөгөөгөөсөө зан чанарын илрэл, сэтгэл санааны байдлын хувьд хэрхэн ялгагдаж байгааг тодорхойлж, бие хүний аль нэг хэв шинжид хамааруулахын тулд хэмжилт явуулж байдаг. Сэтгэл зүйч зан үйлийн онцлогийг хэмжих явцдаа хүмүүсийн ижил ба ялгаатай талыг тодорхойлно. Сэтгэл зүйн хэмжилт энэ үед туршилтанд оролцогчдыг хэмжих үүрэгтэй байдаг.
Хоёрт, туршигч туршилтанд оролцогчдын нэрийн өмнөөс тэдний зорилго талаас хэмжилтийг зохион байгуулж болно. Энэ үед ангилал, зэрэглэл, үнэлгээ хийгдэнэ. Туршилтанд оролцогч энэ үед гадаад юмс, бусад хүмүүс, цочроол, гаднын нөлөөлөл, өөрсдийн сэтгэл санааны байдал зэргийг хэмжиж болно. Гол төлөв энэ бүхэн цочроолыг хэмжихэд чиглэнэ. Цочроол гэдэг нь зан үйлийн болон физик ойлголтын хүрээнээс хальж, зэрэглэж болох бүхий л зүйлсийг хамааруулж ойлгоно.
Гуравт, хамтын хэмжилт хийгдэнэ. Энэ нь цочроол болон хүмүүсийг нэг адил хамтад нь ангилж зэрэглэх хэрэгтэй гэсэн үг. Энэ үед туршилтанд оролцогч ба цочроол хоёр нэг шугамд байрлаж байж болно. Туршилтанд оролцогчдын зан үйл бие хүн ба нөхцөл байдлын харилцан үйлчлэл хэлбэрээр илэрч гарна.
Сэтгэл зүйн хэмжилтийн гадаад үйлдлүүд туршилттай яг адил байдаг. Сэтгэл зүйн судалгааны практикт “хэмжилт” ба “туршилт” гэдэг ойлголтууд нь гол төлөв ижил байдлаар хэрэглэгддэг. Гэхдээ сэтгэл зүйн туршилтыг явуулахад хувьсагчдын хоорондын шалтгаант холбоо илүү их сонирхол татдаг бол сэтгэл зүйн хэмжилтийн үр дүнд туршигдагч, эсвэл үнэлж буй объектыг аль нэг ангид тооцон оруулдаг.
Сэтгэл зүйн хэмжилтийг туршигдагчийн зан байдлыг хэмжих явдал гэж хэлж болно.
Объектын гэх тоонд үндэслэсэн дүрмийг хэмжилтийн шкал тодорхойлдог.

Хэмжилтийн шкал — Сэтгэл судлалд 1950 оноос хэрэглэгдэж эхэлсэн үндсэн ойлголт бөгөөд С.С.Стивенсийн бүтээлд гарч ирсэн.
Объектын тоон бүртгэл нь шкалыг бий болгодог. Шкалыг бий болгоход хэдийгээр хэлбэрийн систем ба үйлдлийн системийн адил хэлбэр байдагч бодит объектууд дээр бүтээгддэг.
Тоон систем гэдэг нь өөр хоорондоо харилцаа холбоо бүхий олон тооны элементүүд бөгөөд хэмжилтийн олон тооны объектод зориулсан загварт үйлчилдэг систем юм.
Иймэрхүү системийн хэд хэдэн хэв шинж байдаг ба мөн үүнтэй зэрэгцэн хэд хэдэн хэв шинжийн шкал байдаг. Ажилбар буюу өрөөр хэлбэл объектуудыг хэмжих аргууд нь шкалын хэв шинжийг тодорхойлдог. Шкал нь хэмжилтийн үр дүнг тооцож болох боловсруулалтын хэлбэрийг тодорхойлдог.
Мөн шкалын хэв шинж нь хэмжилтийн баримтуудыг боловсруулахад хэрэглэгддэг статистик аргуудын цогц гэж тодорхойлдог.
Шкал /лат. scala — шат/ — хэмжилтийн хэрэгсэл юм. П.Суппес ба Дж.Зинес нар шкалын сонгодог тодорхойлолтыг өгсөн: << А — харьцаа холбооны эмпирик систем, R — харьцаа холбооны бүрэн тоон систем, f — R дэд системд A-г ижил бүтээврээр /гомоморфизм/ дүрслэн үзүүлэх (хэрвээ энэ хүрээнд нэгэн адил хэмжээ бүхий 2 өөр объект байхгүй бол адил хэлбэрээр /изоморфизм/ дүрслэн үзүүлдэг) функц гэж үзэе. Тэгвэл дээрх гурвыг эмхтгэсэн <A;R;f> байдлыг шкал гэнэ. >>
R тоон системд бодит тоон, эсвэл түүний дэд системийг авч үздэг. А олонлог — энэхүү олонлогийг тодорхойлох харьцаа холбооны системийн хэмжих объектуудын бүрдэл /цогц/. Харин f дүрслэл — объект бүрийг тодорхой тоонд оруулах дүрэм.
Дараах үндсэн хэв шинжийн шкалууд байдаг: нэрлэсэн, журамласан, интервалын, харьцааны. Зарим мэргэжилтнүүд мөн туйлын шкал болон ялгаатай байдлын шкалыг авч үздэг. Ингээд шкалуудыг дээрх хэв шинж тус бүрээр авч үзэе.


1. Нэрлэсэн шкал

Нэрлэсэн шкал нь объектод “нэр” олгох замаар бий болдог. Энэ тохиолдолд олон тооны объектыг үл соливцох олон талаас нь ялгах шаардлагатай.
Өөрөөр хэлбэл объектууд бие биентэйгээ харьцуулагдаж, мөн тэдний ижил тэнцүү ба тэнцүү бус чанараар тодорхойлогддог. Тухайн үйл ажиллагааны үр дүнд тэнцүү чанарын цогц анги бүрэлддэг. 1 ангид харьяалагдаж буй объект бие биентэйгээ тэнцүү чанартай ба өөр ангид хамаарагдах объектоос ялгаатай байна. Тэнцүү чанар бүхий объектуудад нэгэн ижил нэр олгодог.
Харьцуулах ажиллагаа нь аль ч шкалыг байгуулахад анхлан явагддаг. Иймэрхүү шкалыг байгуулахын тулд юуны түрүүнд объект өөрөө өөртэйгээ тэнцүү, эсвэл адил байх хэрэгтэй / х-ийн бүхий л утгын хувьд х=х / ба өөрөөр хэлбэл объектуудын олонхи нь рефлекслэг чанарын харьцааг хэрэгжүүлэх ёстой. Сэтгэл зүйн объектын хувьд жишээ нь туршигдагчийн, эсвэл сэтгэцийн дүрийн хувьд энэхүү харьцаа нь хэрэгжих боломжтой. Гэхдээ, хэдийгээр олонхи объектуудыг хос хосоор нь харьцуулах ажиллагаа нь туршилтын хувьд нэгэн зэрэг хэрэгжих боломжтой бол эмпирик хэмжилтийн үед энэхүү энгийн нөхцөл хэрэгжих боломжгүй юм.
Нэг зүйлийг анхаарах хэрэгтэй: дурын шкал /нэрлэсэн шкал мэтийн энгийн байсан ч/ бол бодит байдлын загвар буюу санааны зүйл юм.


2. Журамласан шкал    

Энэ нь хэрвээ олонлогт 1 л махчилсан харьцаа буюу журмыг /”ихгүй” ба “бага” харьцаа/ хэрэгжүүлэхэд бий болдог. Журамласан шкалд объект 2 объектын хооронд оршиж болох ба тухайлбал a > b; b > c бол a > c байна.
Журамласан шкалын тусламжтайгаар ялгагдсан тэнцүү чанарын анги нь хэд хэдэн үндсэн аргаар эмхлэгддэг. Шкалыг хатуу журамласан /хатуу эмхлэгдсэн/, ба сул журамлагдсан /сул эмхлэгдсэн/ гэж ангилдаг. Эхний тохиолдолд олонлогийн элементэд “ихгүй” ба “багагүй”, харин 2 дахь тохиолдолд “ихгүй эсвэл тэнцүү” ба “багагүй эсвэл тэнцүү” гэсэн харьцаа тус тус хэрэгждэг.
Журамласан шкал нь ерөнхий сэтгэл судлалд, туршилтын психосемантикт /сэтгэц утга зүй/, нийгмийн сэтгэл зүйд өргөн ашиглагддаг, мөн сурган хүмүүжүүлэх сэтгэл зүйд ашиглагддаг. Энэхүү шкалын сонгодог жишээ нь бие хүний шинж чанар ба чадварын сорилд ашиглагддаг. Оюун ухааны хөгжлийн түвшинг сорих салбарын ихэнх мэргэжилтнүүд — энэхүү шинж чанарыг хэмжих процессд интервалын ба харьцаа холбооны шкалыг ашиглахыг зөвлөдөг.
Журамласан шкалд объектуудыг шинж тэмдгийн зарим нэг тэнхлэгт шугаман байдлаар эмхэлдэг. Үүнд чухал ойлголтууд — хэмжигдэж буй шинж, эсвэл шугаман шинж, тэгвэл нэрлэсэн шкалд “шинж” гэдэг ойлголтыг тайлбарлах “буурах” хувилбарыг ашигладаг : “яг тухайн агшны” / ”цэгийн”/ шинж. (шинж байна — шинж байхгүй)
Харин журамласан шкалд дихотомик ангиллыг тооцож үздэг, өөрөөр хэлбэл энэ нь 1>0 үед “шинж байна — шинж байхгүй” (1; 0) зарчмыг авч үздэг.


3. Интервалын шкал

Интервалын шкал бол анхны хэмжил зүйн шкал юм. Интервалын шкал нь шинж чанарын илрэх байдалд объектуудын хоорондын ялгааны хэмжээг тодорхойлдог. Энэхүү шкалын тусламжтайгаар 2 объектыг харьцуулж болно. Энэ тохиолдолд 1 объектын тодорхой шинж нөгөөгөөсөө хэр зэрэг их, эсвэл бага илэрч буйг тогтоодог.
Интервалын шкал судлаачдад ихэнхдээ ашиглагддаг. Энэхүү шкалыг хэрэглэдэг сонгодог жишээ нь Цельсийн температурыг хэмжихэд физикт хэрэглэгддэг. Интервалын шкалд хураангуй хэмжээний /машстаб/ нэгж байдаг ба гэхдээ тэгийн (0) утга түүнд зориудаар тавигддаг.
Интервалын шкалын хувьд туршигч шкалын хураангуй хэмжээг /машстабыг/ өөрчлөх бололцоотой бөгөөд түүний утга бүрийг тогтмол тоогоор /констант/ үржүүлэх ба түүнийг баруун эсвэл зүүн /тогтмол тоонд ойртуулах эсвэл холдуулах/ дурын зайнд харьцангуй зориудаар сонгосон цэгт шилжүүдэг.
Интервалын шкалыг түүний тусламжтайгаар олж авсан баримтуудад анализ хийхийн тулд бараг бүх үзүүлэлтийн статистикт хэрэглэдэг.


4. Харьцааны шкал 

Харьцааны шкал — физикт түлхүү хэрэглэгддэг шкал. Хэмжилтийн үйл явцад 1 объект нөгөөгөөсөө хэдий хэмжээгээр их эсвэл бага байна гэдгийг хэлж болохуйц объектуудын илрэх шинжийн тухай баримтууд гарч ирдэг байна.


 
Ашигласан материал, ном зүй


1.      Дружинин В.Н. Экспериментальная психология. Санкт-Петербург., 2000
2.      Жадамба.Б, Чимэдлхам. Ц. Судалгааны арга зүй. УБ.,2001
3.      Лодой. Г. Философи ба шинжлэх ухааны арга зүй. УБ., 2002
4.  Түмэндэмбэрэл.Д, Гита Штейнер Хамси, Оюун.Ц, Дуламрагчаа.Т. Судалгаа хийх арга зүй. УБ., 2009







[1] Лодой. Г. Философи ба шинжлэх ухааны арга зүй. УБ., 2002. 4-р.х.
[2] Жадамба.Б, Чимэдлхам. Ц. Судалгааны арга зүй. УБ.,2001. 10-р.х.
[3] Жадамба.Б, Чимэдлхам. Ц. Судалгааны арга зүй. УБ.,2001. 21-р.х.
[4] Жадамба.Б, Чимэдлхам. Ц. Судалгааны арга зүй. УБ.,2001. 22-р.х.
[5] Лодой. Г. Философи ба шинжлэх ухааны арга зүй. УБ., 2002. 6-р.х.
[6] Жадамба.Б, Чимэдлхам. Ц. Судалгааны арга зүй. УБ.,2001. 39-р.х.
[7] Лодой. Г. Философи ба шинжлэх ухааны арга зүй. УБ., 2002. 74-р.х.
[8] Жадамба.Б, Чимэдлхам. Ц. Судалгааны арга зүй. УБ.,2001. 94-р.х.
[9] Жадамба.Б, Чимэдлхам. Ц. Судалгааны арга зүй. УБ.,2001. 106-р.х.
[10]  Жадамба.Б, Чимэдлхам. Ц. Судалгааны арга зүй. УБ.,2001. 99-р.х.
[11] Жадамба.Б, Чимэдлхам. Ц. Судалгааны арга зүй. УБ.,2001. 101-р.х.
[12] Жадамба.Б, Чимэдлхам. Ц. Судалгааны арга зүй. УБ.,2001. 117-р.х.