мультимедиа хэрэглэгдэхүүн

мультимедиа хэрэглэгдэхүүн

2016-03-07

Сэтгэл судлалын хөгжлийн түүхэн тойм

Сэтгэл судлалын үүсэл хөгжлийн түүхэн тойм


Эх сурвалж:  Одгэрэл.П. Сэтгэц судлалын түүх. –УБ., 2003
           Ярошевский.М.Г. История психологии. – Москва., 1976

Эртний ба дундад зууны үеийн
сэтгэл судлалын хөгжил

Эртний сэтгэгчид хүн хэдий оюун ухаанаар дээд зэргийн хөгжилтэй ч ертөнцийн болон байгалийн хуульд захирагддаг гэдгийг нээжээ.
МЭӨ олон мянган жилийн тэртээ Энэтхэг, Хятад, Египед, Грек зэрэг орнуудад орчин үеийн шинжлэх ухаантай төстэй онол урсгалууд гарч ирж байсан. Энэ үед бие махбодийг орхих чадвартай сэтгэлийн үхэшгүй мөнхийн тухай домог ноёрхож байсан.



Дорно.

Дорно дахины орнуудад хүний амьдрал нь цус, агаар гэсэн 2 үндэстэй гэж тайлбарлаж байсан. Өөрөөр хэлбэл цус, агаар хоёрын эх үүслээр хүн амьд явж үйл ажиллагаа явуулдаг гэж тодорхойлсон. Эртний хятадын сурвалж бичигт (МЭӨ VIII зууны үед бичигдсэн “Хүний дотоод байдлын тухай судар”) хүний бие махбодын хаан нь зүрх гэж тэмдэглээд энэ зүрх нь “Ци[1]”-гээс эхтэй гэж үзсэн. “Ци” гэдэг нь амьдралыг тэтгэгч агаар хэлбэртэй зүйл юм. Энэ нь бие махбодод бусад зүйлүүдтэй нэгдэж физиологийн үйл ажиллагааг явуулдаг бөгөөд хэл яриаг үүсгэж оюун санааг бий болгодог. Хүний оюун санаа нь зүрхэнд, мэдрэмж нь элгэнд хамаардаг гэж үзсэн.

Эртний Энэтхэгт мөн сэтгэцийн гол эрхтнийг зүрх хэмээн үздэг байсан. “Зүрх төвт” тогтолцооноос хожим “тархи төвтэй” схем рүү шилжсэн байдаг.
Эртний Энэтхэг, Хятадад хувь хүний бодгаль ялгааг (темпераментын тухай ойлголт) махбодын ялгаатай байдал дээр тулгуурлан тогтоож байсан. Эртний эмч нар хувь хүний авир араншинг тогтоохын тулд гурван элементийг голлон авч үзэж байсан. Үүнд, хий (хятадаар Ци), цөс (заримдаа цус), салс. Эдгээрээс аль элемент нь илүү давамгайлж байгаагаас тухайн хүний авир араншин шалтгаална гэж үзсэн.
Жишээ нь хятадын эмч нар хүнийг гурван бүлэгт хувааж үздэг байв. Үүнд:

Цөс (эсвэл цус) давамгайлсан хүн. Хүчтэй, зоригтой, бар мэт
Ци зонхилсон хүн. Тогтворгүй, хөдөлгөөнтэй, сармагчин мэт
Салс давамгайлсан хүн. Удаан, тогтуун

Эртний Энэтхэгийн Вед (МЭӨ 2000 жил) болон Упанишад (МЭӨ 1000 жил) зэрэг судруудад хүний сэтгэлийн асуудлыг зан үйлийн ёс суртахууны талаас нь болон бие хүний төгөлдөржилт, аз жаргалд хүрэх арга замуудтай холбон авч үзэж байсан. Мөн сэтгэлийн шилжилт (дахин төрөх) болон чөлөөлөлтийн тухай уламжлалт сургаалиудаа голлож байв.


МЭӨ VI зуунд үүссэн джайнизм болон буддизмын сургаалд мөн энэ асуудлыг ёс суртахуун болон сэтгэл, бие махбодын холбоо харилцааны талаас авч үзэж байсан. Джайнизмд бие махбод бол сэтгэлийн эрх чөлөөгүй болохын үндэс мөн хэмээн үздэг. Харин буддизмд сэтгэлийг онцгой зүйл гэж үздэггүй бөгөөд энэ нь нэг байдлаас нөгөө рүү шилжсэн дахин давтагдашгүй мөчүүдийн урсгал хэмээн төсөөлдөг.
Санкхья, Веданта, Йога, Миманса, Ньяя, Вайшешика зэрэг философийн чиглэлүүд ч мөн сэтгэлийг метафизик, ёс зүйн талаас нь хөндөж байсан.
Веданта нь Упанишадын субъектив идеалист чиглэлийг хөгжүүлж байсан. Жинхэнэ Би бол мөнх бусын бие бус, сэрүүн болон нойрны үеийн сэтгэгдлийг дамжуулагч субъект бус, харин онцгой ухамсар юм. Түүнд субъект, объект хоёр, дотоод ба гадаад үл ялгагдана. Энэ бол ертөнцийн үндэс, төгсөшгүй орчлонгийн ухамсар болох брахманы нэг хэсэг болсон Атман юм. Түүний бурханлаг мөн чанар нь бие махбодын хүсэл хэрэгцээ болон мэдрэх хүртэхүйн давалгайнд хучигдсан байдаг. Танин мэдэхүйн болон хатуу чанд ёс суртахууны тусламжтайгаар Атман нь дээрх бүхнээс чөлөөлөгдөж Брахман болж болно гэсэн байдаг.
Йога нь үнэн мэдлэгт хүрэхийн тулд түүнийг харанхуйлж буй сэтгэцийн бүх үйл ажиллагаанаас татгалзах хэрэгтэй гэж үздэг. Йога нь бие махбодын үйл ажиллагаанд (амьсгал, байрлал г.м.), дараа нь анхаарал, сэтгэхүйд тулгуурласан цогц аргуудыг боловсруулсан. Ёс суртахуун, сэтгэл зүйн асуудлыг хувь хүний сэтгэл зүйн онцлогт тулгуурлан шийдвэрлэхийг эрмэлзэж байв. Мөн сэтгэцийн байдлыг хэсэгчлэн хуваах болон түүнийг удирдах тусгай арга барилыг боловсруулжээ.  

МЭӨ мянгаад жилийн дунд үеэс Хятадад ёс зүйн чиглэлээрээ ялгаатай сургуулиуд гарч ирсэн. Тухайлбал, Лао – Цзы, Конфүци, Мо – Цзы г.м.

Лао-Цзы (МЭӨ IV зууны төгсгөл V зууны эхлэл) “Дао дэ цзин” хэмээх бүтээлдээ ахуйн асуудалд натурфилософийн талаас хандаж Дао[2] хэмээх эртний ойлголтыг оруулж ирэн түүнтэй харьцах зан байдлын тодорхой арга барил болох у-вэй[3] буюу эс үйлдэхүйг зааж өгсөн.

Конфүци (МЭӨ 551-479) хүмүүсийн ёс заншил, зуршил зэргийг авч үзэж байсан. Үүндээ төр улсын түүх, хүмүүсийн тухай, тэдний ёс зүйн харилцааны асуудлыг хөндсөн. Тэрээр үзэхдээ хүний мэдлэг сэтгэцийн чанар нь төрөлхийн байдаг, хүн байгалиас заяахдаа өгөөмөр нинжин сэтгэлтэй төрдөг боловч түүнийг гадаад хүчин зүйлс эвддэг. Иймээс хүнийг дотроосоо хөгжих, өөринхөөрөө байх чадвартай болгож хөгжүүлэх, гадны нөлөөллөөс хамгаалах нь чухал гэж үзсэн. Өөрийн төрөлхийн чанараа алдахгүй, гадны сөрөг хүчин зүйлд автахгүй байх чадварыг бий болгоход Конфүци сургадаг байсан. Энэ үзлийг түүний шавь Мэн-Цзы (МЭӨ 372-289) хүлээн зөвшөөрч байв.


Харин Сюнь – Цзы (МЭӨ298-238) хүний энгийн даруу байдал, бие биесээ ойлгох, санаа зовох зэрэг энгийн байдлуудын төрөлх шинжийг үгүйсгэж “Хүн бол байгалиас муу чанаруудтай төрдөг. Харин хүний сайн чанарууд хүмүүжлийн үр дүнд бий болдог. Хэрэв үүний эсрэг байсан бол хүнийг хүмүүжүүлнэ гэж ярихын ч хэрэггүй” гэж үзсэн.

Эртний хятадын сургаалиуд нь хүнийг удирдан жолооодох, өөрийн сэтгэцийн шинж байдалд нөлөөлөх гэсэн сэтгэл судлалын анхны алхам байв.

Оюун ухааны үйл ажиллагааны тухай Энэтхэгчүүдийн онолоор танин мэдэхүйн объект болон мэдрэхүйн эрхтний хоорондын салшгүй холбооны талаар авч үздэг. Энэ онолоор объект болон мэдрэхүйн эрхтний янз бүрийн холбоог тайлбарласан байна. Тухайлбал, Ньяя сургаалийг баримтлагчид а) тухайн ангийн бүхий л объекттой нэг бүрчлэн харилцах, б) тухайн объектын ой ухаан дахь дүрээр нь дамжуулан харилцах, в) гүнзгийрүүлэн бясалгах замаар өнгөрсөн ба ирээдүйн объекттой харилцах гэсэн гурван замыг ялгаж авч үзсэн. Эхний зам нь ерөнхийдөө төвлөрөл, хоёр дахь зам нь нийлэмж (ассоциаци), гурав дахь зам нь йогийн хүртэхүй юм.
Танин мэдэхүйн үйлийг тайлбарласан байдлыг харвал энэ нь ямар нэгэн объектив зүйл рүү чиглэж буй бус харин түүнтэй салшгүй холбоотой зүйлийн талаар өгүүлдэг. Өөрөөр хэлбэл, танин мэдэгч субъект болон түүний объект хоёрын нэгдмэл чанарын тухай яригддаг байна.

Эртний Энэтхэгийн сурвалж бичгүүдэд хүний хүртэхүйн асуудлыг анхаарч байсан. Тухайн үеийн сэтгэгчид хоёр янзын хүртэхүй байдаг гэж үзсэн. Үүнд Нирвикалпа, Савикалпа хүртэхүй. Нирвикалпа нь тодорхой бус, шууд бус хүртэхүй. Тодорхой бус гэдэг нь цэвэр мэдрэхүй, өөрөөр хэлбэл мэдрэх эрхтнээс юмсад шууд нөлөөлөх замаар хүртэх явдал юм. Савикалпа нь тодорхой, шууд хүртэхүй. Энэ нь хэл ярианы тусламжтайгаар тодорхой хүртэх хүртэхүй юм. Ведантын чиглэлийнхэн тодорхой бус хүртэхүйг эмх замбараагүй  мэдрэхүйн сэтгэгдлүүд хэмээн үзсэн. Ойлголтын тусламжтайгаар хүртэхүй нь тодорхой болдог гэсэн. Ведантын нэгэн гол номлогч Шанкарын (VIII зууны төгсгөл IX зууны эхлэл) үзлээр ойлголт бол мэдрэхүйн ертөнцийг хуулбарласан дүрслэл болох архетип юм гэжээ.


Харин Буддистууд тодорхой хүртэх нь хүртэхүйн хэлбэр биш гэж үзсэн. Учир нь оюун ухааны нөлөөллөөр хүртэхүйн чадвар мууддаг. Гадаад хэлэхүйгээр бус дотоод сэтгэлээр хүртэх хэрэгтэй гэж сургадаг. Өөрөөр хэлбэл буддизм гадаад хэлэхүйн нөлөөг багасгаж дотоод бясалгал чухал нөлөөтэй гэж үзсэн.

Миманса чиглэлийн төлөөлөгчид Веданта болон Буддистуудыг шүүмжилж тодорхой бус хүртэхүйг ерөнхий ба тусгай гэж ангилсан. Ерөнхий шинж чанарууд нь бүх зүйлд нийтлэг байдаг бол тусгай шинж нь зөвхөн тухайн зүйлд л байдаг шинжүүд юм. Тодорхой бус хүртэхүйгээр объект өөрийн дан шинжээр ухамсарлагдахгүй учир түүнийг бусдаас ялгах хэрэгтэй байдаг. Гэхдээ энэ нь ерөнхий шинжээсээ тусгаар хүртэгдэх боломжгүй учраас бусадтайгаа нэгдэх хэрэгтэй ба үүнийг зөвхөн хэл ярианы тусламжтайгаар задлан шинжлэх ба ерөнхийлөн дүгнэх байдлаар хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн.
Эртний сэтгэл судлалд сэрэл мэдрэхүйгээс сэтгэхүй рүү үсрэлт хийсэн. Гэхдээ энэхүү задлан шинжлэлийн төвд дүрслэл, өөрөөр хэлбэл, аливаа юмс үзэгдэл мэдрэхүйн эрхтэнд нөлөөлсний дүнд хадгалагдсан дүрслэлүүд байдаг. Энэтхэгийн сэтгэл судлалд хүртэхүйг мэдрэхүйн дүрслэлийг янз бүрээр өөрчлөн хувиргасан үр дүн гэдэг талаас нь авч үзэж байсан.
Энэтхэгийн сэтгэл судлаачид, тухайлбал Йогчид хуурмаг хүртэхүй (иллюзи), хий үзэгдэл (галлюцинаци), зүүд болон гоц мэдрэхүйн асуудлыг судалж байсан. Өөрөөр хэлбэл, йогийн сургаалд мэдрэхүйгээс илүү хүртэхүйн асуудлыг авч үзсэн. Харин Буддистууд сэтгэл догдлолын дүрслэлүүдээс өөр юу ч оршихгүй хэмээн үзэж байв.
Энэ үеийн Энэтхэгийн сэтгэгчид галлюцинаци нь хүний ухамсрын хэвийн бус нөхцөлд, өөрөөр хэлбэл сэтгэцэд өөрчлөлт гарсан үед үүсдэг болохыг тэмдэглэсэн. Мөн зүүд бол зориудын бус зохион бодохуйн хэлбэр хэмээн үзэж байсан. Мөн “Би” болон түүний янз бүрийн хэлбэрийг сонирхож байв. Энэ нь тэдний шашин болон метафизик эрүүл хайгуултай холбоотой байсан. Тэд илүү бодитой асуудлыг, тухайлбал, субъект өөрийн оюун ухааны үйл ажиллагааг хэрхэн танин мэдэх, хүртэхүйн үйл явцад объект, эсвэл сэтгэцийн үйлдэл ухамсарлагдах эсэх, ухамсар, өөрийн ухамсар хоёр ижил төстэй эсэх, “Би” дангаараа эсвэл сэтгэхүй, сэрэл мэдрэмжээр дамжин илрэх эсэх зэрэг асуудлыг авч үзэж байв. Харин Энэтхэгийн Локаята сургаал “Би”-ийн мөн чанарыг үгүйсгэж байсан.




Өрнө.

МЭӨ V зуунд Грек Персийн дайны дараа улс төр эдийн засгийн харилцаа эрчимтэй хөгжиж эхэлсэн ба Демокритын атомын онол шинжлэх ухааны хөгжилд шинэ эрин үеийг нээсэн юм. МЭӨ V зууны Афин нь философийн төв болж, мэргэн ухааны багш софистууд зонхилох байр суурийг эзлэх болжээ. Софистууд нь уран үгээр ямар нэг зүйлийг батлах, нотлох, няцаах, замаар суралцагсдын оюун ухаан мэдрэмжид нөлөөлж мөн дээрх чадвартаа сургадаг байсан нь тэмдэглэгдэн үлдсэн байдаг.
МЭӨ IV зууны агуу хоёр сэтгэгч Платон, Аристотель нар философийн болон сэтгэл судлалын шинжлэх ухааны хөгжилд олон зуун жилийн туршид гүн гүнзгий нөлөө үзүүлсэн системийг боловсруулсан ажээ.



Сэтгэцийн мөн чанарыг тайлбарласан
өрнөдийн зарим үзэл баримтлалууд

Анимизм[4]. Овгийн байгууллын үед сүнсний тухай домгийн үзэл хүчтэй байсан. Хүртэгдэн мэдрэгдэж буй бүхэн сүнс (эсвэл олон сүнс) хэмээх дээд ер бусын зүйлтэй холбоотой хэмээх үзлийг анимизм гэнэ. Сүнс нь далд хэлбэрээр оршин байдаг.

Гилозоизм[5]. Энэ онолоор сэтгэл санаа буюу сүнс нь юмсын дотор оршин байдаг гэж үзсэн. Байгалийн бүх зүйлс амьд хэмээх үзэл. Энэ нь ертөнцийн нэгэн нэгдмэл сүнстэй холбоотой.


Гераклит. Сэтгэл санаа бол “Логосын оч” мөн. МЭӨ IV зууны сүүл V зууны эхэн үед Гераклит сансар ертөнцийг “мөнхийн амьд гал мэтээр төсөөлж, харин сэтгэл санаа нь  Логос[6]ын оч” хэмээн үзжээ. Гераклит орчлонгийн эхлэл нь гал бөгөөд байгаль дэлхийн олон янзын байдал, тэр ч байтугай хүний сэтгэл оюуныг хүртэл галын элдэв хувирал гэж үзсэн. Мөн мэдрэмжийн эрхтний үйл ажиллагааг оюун ухаанаас ялган авч үзээд, хүний танин мэдэх идэвхийг тайлбарлажээ. Тэрээр мэдрэхүйн үр дүнд үүсч буй мэдлэг нь хүнд “бараан” мэдрэмжийг төрүүлдэг бол сэтгэхүйн үйлийн үр дүнд “гэгээн” буюу тодорхой мэдлэг бий болдог гэжээ. Гэхдээ мэдрэхүйн болон сэтгэхүйн үйлдлүүд нь бие биентэйгээ сөргөлддөггүй бөгөөд харин ч харилцан тэнцвэртэйгээр “тал бүрийн мэдлэг” ба “ухаан”-ыг бий болгодог. Танин мэдэхүйн янз бүрийн талууд нь эсрэг тэсрэг талуудын харилцан тэнцвэртэй холбоог үүсгэх байдлаар Логосын гүн рүү нэвтрэхэд тусалдаг гэж үзсэн.
Мөн тэрээр хүүхдийн болон том хүмүүсийн сэтгэл санааны ялгааг тодорхойлохдоо том хүмүүсийн сэтгэл санаа (сүнс) илүү “хуурай ба халуун” байдаг гэсэн. Сүнсний чийгшилтийн түвшин нь түүний танин мэдэхүйн чадварыг тодорхойлдог. “Хуурай гэгээлэг байх нь залуу бөгөөд илүү сайн сүнс” юм гэжээ.



“Логос” хэмээх ухагдахууныг Гераклит аливаа зүйлийн бие биеээ халан солих буюу “бүх зүйл урсах” хууль хэмээн ойлгож байсан. Тэрээр бүх юм урсан өнгөрч, нэг нь нөгөөгөөр солигддог” болохыг нээж бүх юм урсан өнгөрч бүх юм хувьсан өөрчлөгдөнө иймд Нэг голын усанд хоёр дахин орох боломжгүй” гэжээ.
Түүний сэтгэл судлалд оруулсан гол үзэл нь: 1. Бие организм дахь бие бие рүүгээ харилцан шилжих оюун санаа ба сэтгэцийн өмнөх төлөвийг ялгаж өгсөн. 2. Хүний танин мэдэхүйн хоёр түвшин болох мэдэрч танин мэдэх, сэтгэж танин мэдэх хоёрыг ялгаж өгсөн. 


Демокрит. Сэтгэл санаа бол галын атомуудын урсгал мөн. МЭӨ (460-370) Демокритийн гол гавъяа бол атомын тухай онолыг анх боловсруулсан явдал юм. Түүний үзлээр бол матери гэдэг нь орон зай дотор мөнх хувьсан хөдөлж байдаг атомууд мөн. Атом нь үл хуваагдах, хувиршгүй зүйл бөгөөд оршин буй бүхний эхлэл юм. Атомууд хоорондоо хэлбэр, хэмжигдэхүүн, байрлалаараа ялгаатай. Атомын тоо, хэлбэр хоёр хязгааргүй юм. Атом бол мөнхийн бөгөөд хэн ч бүтээгээгүй, хэзээ ч үгүй болохгүй бөгөөд хүн ч өөрөө атомаас тогтдог гэж Демокрит үзжээ. Мөн сэтгэц нь хүний бие эрхтний идэвхтэй үйл ажиллагааны эх булаг бөгөөд хүн үхэхэд бие, сэтгэл санаа, сэтгэц хамт үгүй болно. Хүний тархи түүний бүтээгдэхүүн болох сэтгэц нь бусад материйн нэгэн адил атомаас, тэр дундаа хөдөлгөөнтэй хөнгөн бөмбөлөг хэлбэрийн галын атомаас бүтнэ гэжээ. Демокрит “Хүний сэтгэц ухаан нь толгойд, зоригийн хэсэг цээжинд, дур тачаал нь элэг, мэдрэхүйн эрхтэнд байрлах агаад мэдрэхүйн эрхтэн, сэтгэцийн атомууд нь өөр хоорондоо ойрхон оршдог. Харааны, сонорын гэх мэт сэрлүүд нь хоорондоо холбоотой бөгөөд хэд хэдэн мэдрэхүйн эрхтний үйл ажиллагааны тусламжтай хүн ертөнцийг нээдэг гэж үзжээ.
 Үүнээс гадна Демокрит танин мэдэх процессуудыг сэрэл ба сэтгэхүй гэсэн 2 түвшинд хуваажээ. Сэтгэхүй сэрлийг бодвол илүү их мэдлэгийг бидэнд өгдөг гэв. Тэрээр танин мэдэхүйн хоёр хэлбэрийн хоорондын диалектик холбоог илрүүлж чадаагүй байна.
            

Гиппократ. Темпераментын сургаал. МЭӨ-460-377 өөрийн гэсэн сургуультай, анагаах ухааны эцэг хэмээн нэрлэгддэг, эмч, байгаль шинжээч юм. Тэрээр хүний тархи, оюуны хооронд холбоо сэтгэлзүйн функцийг тодорхойлох оролдлого хийж хүний зан төлөв темперамент нь хүний биеэс ялгаруулж буй цус, салс, шар цөс, хар цөс гэсэн дөрвөн янзын шингэний харьцаанаас шалтгаална гэжээ. Дээрх дөрвөн шингэн хүний биед харилцан адилгүй ялгарах бөгөөд давамгайлж буй шингэн нь тухайн хүнийг тодорхойлогч болж чадна гэж үзээд темпераментийн 4 хэв шинжийг бичжээ. Үүнд: Зүрхнээс ялгарах цус ихтэй хүн сэргэлэн цовоо сангвиник, тархинаас ялгардаг салс ихтэй хүн сэтгэлийн хөдөлгөөн багатай удаан флегматик, элэгнээс ялгарах шар цөс ихтэй хүн шаралхуу ууртай холерик: цөсний уутнаас ялгарах хар цөс ихтэй хүмүүс гунигтай өлбөгөр, сул, хартай меланхолик гэж үзжээ.

Алкмеон. Тархи бол сэтгэцийн эрхтэн мөн. МЭӨ 6 зуунд амьдарч байсан эртний Грекийн эмч. Тэрээр өөрийн ажиглалт, мэс ажилбарын үр дүнд тархи нь сэтгэцийн эрхтэн гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тархины тал бөмбөлөгөөс нүдний ухархай хүртэл хоёр нарийн зам байна, мөн мэдрэхүйн эрхтэн тархи хоёр нь шууд холбоотой. Тархинд үнэрийн, харааны, сонсголын сэрэл үүсэх ба үүний үр дүнд ой тогтоолт, төсөөлөл үүсэж, улмаар мэдлэг бий болно гэж үзжээ.


Платон. Сүнс ба санаа. МЭӨ 428-348 онд: Афинд баян айлын гэр бүлд төрсөн. Афины сургуулийн төлөөлөгч, объектив идеализмыг үндэслэгч. Тэрээр хүрээлэн буй ертөнцөд биегүй ахуй гэдэг зүйл гаргаж ирсэн. Сэтгэл санааг биетэй зүйл гэж үзсэн ба үүнийгээ 3 хэсэгт хуваасан:
  1. Оюун ухаан
  2. Эр зориг
  3. Мэдрэмж
Оюун ухаан нь хүний толгойн хэсэгт байрладаг, эр зориг нь цээжинд, мэдрэмж нь хэвлийн хэсэгт байралдаг гэсэн. Платон Сэтгэц бол бодол санааны хаан” юм гэж үзжээ.
                        Сэтгэл гэдэг нь хүний сэтгэцийн үйл ажиллагааны ундрага болно. Энэ нь материаллаг бус, үхэшгүй мөнхийн зүйл юм. Харин хүний бие махбодь нь сэтгэлийг барьж байдаг “шорон” гэж үзсэн.  

Аристотель. Сэтгэл бол биеийн зохион байгуулалтын арга. МЭӨ 384-322. Тэрээр сэтгэлийн үүрэг, сэтгэцийн үзэгдлийн тухай, бие ба сэтгэлийн хоорондын харьцааны тухай зэрэг асуудлыг материалист, идеалист диалектик хэлбэрээр гаргаж ирсэн. Тэрээр үзэл санаа ба юмсын мөн чанар хоёр нь холбоотой, нэг эх үүсвэртэй, хамтдаа байдаг гэж үзсэн. Мөн тэрээр зүрх төвт схемийг авч үзсэн. Аристотелийн ерөнхий мэдрэхүйн тухай ойлголт нь 19-р зууныг хүртэл физиологи, анагаах ухаанд ноёрхож байсан. Юмсын мэдрэхүйгээр хүртсэн дүрийг идэвхжүүлэхэд бие махбод нь хоёр тустай хэсэгтэй байх хэрэгтэй гэж үзсэн: 1. Мэдрэх эрхтэн, 2. Төв эрхтэн.


Түүний гол онол нь нийлэмжийн  (ассоциаци) онол юм. Нийлэмжийн физиологийн механизмыг тайлбарласан. Ингэснээр тогтоох ойн үйл явцыг тайлбарлахад хувь нэмрээ оруулсан. Тэрээр сэтгэл нь төв эрхтний тусламжтайгаар мэдрэх эрхтнүүдэд урьд өмнө хүртэгдсэн хөдөлгөөн төсөөллийг яаж, ямар дарааллаар гадаад объектоос хүлээж авснаа хураангуйлсан ба багасгасан хэлбэрээр ул мөр үлдээдэг. Энэ ул мөр нь эргээд дахин илэрч байгаа нь таниж байна гэсэн үг юм.
Түүний үзэл санааны дэвшилттэй тал нь: 1. Танин мэдэхүйн процесс нь сэрэл хүртэхүйгээс эхэлдэг гэсэн дүгнэлт 2. Шинжлэх ухаанд анх удаа сэтгэцийн гол эрхтний тухай, ерөнхий мэдрэхүйн тухай санааг гаргасан. Гэхдээ ерөнхий мэдрэхүйн эрхтэн нь зүрх (энд сэтгэл хөдлөл мэдрэмж үүсдэг) гэж алдсан. 3. Уран зөгнөл, төсөөллийн процессуудыг тайлбарлахыг оролдсон. Бүхий л юмс үзэгдлийн хэлбэрээс үлдэж буй ул мөр нь ой тогтоолт болон төсөөлөл хоёроор илэрхийлэгдэж байдаг. Гэхдээ энэ хоёр нь зүрхэнд оршдог гэж үзсэн. 4. Ассоциацийн онолын үндсийг гаргаж ирсэн. Тэрээр төсөөллийг чухалчилж энэ нь дүрийн дагуу нэгддэг гэсэн таамаглал дэвшүүлсэн. Мөн нийлэмжийн гурван хэлбэр болох ижил төсөө, эсрэг тэсрэг, зэрэгцээ нийлэмжийг ялган гаргаж ирсэн.
Эртний сэтгэл судлалын хөгжлийг дүгнэж үзвэл эртний Грекийн гүн ухаантнууд өнөөгийн сэтгэл судлалын гол гол чиглэл болсон шийдвэрлэвэл зохих асуудлуудыг нээж өгсөн юм. Мөн сэтгэцийг материаллаг ертөнцийн хөгжил хөдөлгөөний хуульд захируулан тайлбарлахыг оролдож байлаа.
 Эртний сэтгэл судлалын гол амжилт нь сэтгэц” гэсэн нэр томъёог тэмдэглэсэн явдал юм. Энэ үед анх хүний сэтгэц, оюун санаа бие бялдар, сэтгэхүй, нийгэм соёлын болон бие хүний харилцаа хүний ахуйн хэрэгцээтэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэхийг оролдож байсан юм.



Дундад зуун


Араб хэлтний шинжлэх ухаан дахь
сэтгэл судлалын үзэл санаа

VII зуунд арабын олон олон омгууд нэгдэж исламын шашинт улс болох Халифат бий болсон. Энэхүү улсын хэл нь араб, соёл нь Эллины соёл байв. Энэ үед дэлхийн өнцөг булан бүрээс шинжлэх ухааны аль дэвшилттэй гэсэн бүтээлүүдийг олж авчран араб хэл рүү орчуулж байв.
Энэ үед Ибн-Сина, Ибн-Рошд гэсэн хоёр эрдэмтэн гарч ирсэн. Тэд байгалийн шинжлэл болон мэдлэгийн бусад салбарт ихээхэн амжилттай байсан агаад европод ч нэртэй байв. Тэдний үзлээр байгаль ертөнц нь мөнх бөгөөд түүний хууль нь тогтмол өөрчлөгдөшгүй, хүний сэтгэл санаа нь бие махбодын үйл ажиллагаагаар оршин байдаг аж. 
Анагаах ухаан, математик, одон орон, цаг уур, гүн ухаан, эмчилгээний сэтгэл судлал, нас зүйн сэтгэл судлалд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн бол Арабын эрдэмтэн Ибн-Сина (Авиценна) юм. Ибн-Сина (980-1037) Бухарын Афман тосгонд төржээ. Тэрээр хүний сэтгэцийн хөгжил ба бие бялдрын хөгжил хоёрыг холбон авч үзжээ. Насны үеүүдийг тогтоож хүмүүжлийн ач холбогдлыг мөн тодорхойлжээ. Мөн Ибн-Сина сэтгэлийн хөдлөл түүний амьдралын хүчин чадлыг нээхийн тулд сонирхолтой туршилт хийсэн байдаг. Хоёр хонийг тус тусад нь байранд ижил тэжээлээр хооллож байжээ. Харин нэгнийх хажууд чоно уяж, нөгөөг нь ганцааранг нь байлгахад, ганцаараа байгаа хонь нь таргалж, чонотой цуг уясан хонь нь турж эцэн үхжээ. Ибн-Сина үүнээсамьтан ч мөн адил сэтгэлийн хөдөлгөөнтэй байдаг” гэсэн дүгнэлт хийжээ. Энэ туршилт нь туршилтын сэтгэл судлалын эхлэл байсан гэж тооцогддог.

Ибн-Рошд (1126-1198)-ыг латинаар Аверроэс гэдэг бөгөөд түүний үзэл баримтлалыг дагагчдыг аверроизм гэх нь бий. Тэрээр Аристотелийн сэтгэлийн тухай сургаалаас ялгаатай сэтгэлийн дээд чадвар болох оюун ухааны тухай асуудлыг авч үзсэн. Ибн- Рошд Аристотелийн бүтээлийг тайлбарлахдаа бие махбод, сэтгэцийн харьцаанд материалист тайлбар хийсэн. Тэрээр бодгал сэтгэц нь Аристотелийн тэрхүү бурханлаг оюун ухааныг хүлээн авах чадвар бүхий мэдрэхүйд тулгуурласан өөрийн гэсэн онцлог шинжүүдтэй байдаг гэж үзсэн. Нар өөрийн гэрлээрээ хараанд нөлөө үзүүлдэгийн адил бурханлаг оюун ухаан нь бодгал сэтгэцийг гэгээрүүлэн гийгүүлдэг. Ингэснээр бодгалд идэвхтэй оюун ухаан илэрдэг. Бие махбод нь доод түвшний чадваруудын хамтаар устаж үгүй болоход бурханлаг оюун ухаан тухайн бодгалийг идэвхжүүлж өгсний үр дүнд бий болсон тэр бүх зүйл нь оргүй устдагггүй. Харин бүхий л хүн төрөлхтний түгээмэл оюун ухааны хэлбэрээр оршин байдаг. Түүний үзэл нь Исламын болон Христийн шашины үзэлтэй нийцэхгүй байсан. Учир нь: 1. Тэрээр бодгал сэтгэц устаж үгүй болдог, 2. Хүнийг бурхантай адилтгаж үзсэн байна.
Аверроистууд бие махбодын хамтаар устаж үгүй болдог сэтгэцийн хэсгүүдээс гадна бүх хүнд түгээмэл байдаг оюун ухааныг гаргаж ирсэн. Иймээс хүмүүс тэгш эрхтэй гэсэн дүгнэлт хийж байсан.



Дундад зууны Европ дахь 
сэтгэл судлалын хөгжил

Европын католик сүм хийд Аристотелийн үзэл бодлыг залгамжлагчдыг хавчин гадуурхаж байснаа сурч эзэмшихийг шаардаж эхэлсэн байна. Энэ зорилгыг хамгийн амархан хэрэгжүүлсэн хүн бол Фома Аквинский (1225-1274) байлаа. Тэрээр католикийн философийг хөгжүүлсэн ба хожим нь түүний үзэл томизмын урсгал хэмээн алдаршсан юм. Тэрээр оюун ухаан, сэтгэл санаа хоёрыг салангид зүйл гэж үзэж байсан. Сэтгэл санаа бол ухамсарлах чадвараас өөр юу ч үгүй хоосон субъект гэсэн. Мэдрэхүйн дүр зураг нь юмс хуурамчаар биежих цэвэр оюун санааны үзэгдэл юм гэж үзсэн.
Мөн оюун ухаан нь доороос дээшлэх шатны гишгүүртэй адил бөгөөд гишгүүр бүр нь өөрийн онцлогтой байдаг гэж үзээд түүний янз бүрийн хэлбэрийг тодорхойлжээ. Фома шашны нэг үнэнийг нээж, оюун санаа бол шашны мэдрэмжтэй холбогдон үйлчлэх ёстой гэж үзжээ. Фома оюун санааны амьдралыг тодорхойлохын хамт сэтгэцийн үзэгдэл бүр өөрийн гэсэн байр суурьтай байдаг. Сэтгэцийн үзэгдэл (сэрэл хүртэхүй) бүрт юу юу хамрагдах хязгаарыг тогтоож, ургамлын, хүний, амьтдын сэтгэц гэх мэт энгийн чиглэлийг бий болгожээ. Хүний оюун санаа биедээ буцаж ирдэг гэж үзжээ.
Томизмын урсгалын эсрэг Англид номинализмын урсгал үүссэн юм. (nomina - нэр гэсэн латин үгнээс гаралтай.) Үндэслэгч нь Английн Оксфордын их сургуулийн профессор Роберт Гроссетест (1170-1253), түүний шавь Роджерс Бэкон (1214-1292) нар. Эдгээр сэтгэгчид хоосон хэвшлийн эсрэг туршилт явуулах, математик нь бүх шинжлэх ухааны үндэс болох ёстой гэж үзэж байсан.

Р.Бэконы үзэл санаа нь Аристотелийн үзэл дээр тулгуурлаж байв. Түүний гол онол нь “хэтийн төлөвийн онол” бөгөөд энэ нь байгалийн шинжлэх ухааны мэдлэгийг хамарч байснаараа илүү өргөн агуулгатай юм. Бодит байдлын үндэс нь түгээмэл зүйл ба хувийн үзэгдлээс хамаарахгүй оршино гэж үзэж байв. “Хэтийн төлөв” буюу перспектив нь танин мэдэхүйн төсөөллийн үүднээс бүх шинжлэх ухааны тэргүүнд тавигдах ёстой. Учир нь харааны сэрэл нь юмсын шинж ялгааны тухай мэдээлдэг. Харин үүн дээр ертөнцийн юмс үзэгдлийн тухай бидний мэдлэг тулгуурладаг гэсэн. Тэрээр Ибн-Аль-Хайсоны адил сэтгэцийн үзэгдлүүдийг биологийн бус физик математикийн ойлголтын үүднээс тайлбарлах оролдлого хийж байсан.
Номиналистууд Платоны үзэл санаанаас гарч ирсэн универсалууд[7] нь бодгал хувийн санаанаас үл хамааран орших бөгөөд бодит байдлын уг мөн чанар нь мөн гэсэн үзлийг няцаасан. Тэд сургахдаа ахуйн бодгал үзэгдлүүдээс үл хамаарах ерөнхий ойлголт гэж байхгүй, эдгээр ойлголтууд нэр дуудлагын хүрээнд хамаарахаас бус бодит байдалд хамаарахгүй гэж үзсэн.

Номинализмын дараагийн үед Дунс Скотт (1266-1308), Уильям Окком (1285-1347) нар гарч ирсэн. Окком хоёрдмол үнэний тухай томизмыг үгүйсгэж, шашны таамаглал нь оюун ухаанд түшиглэхгүй, энэ нь хүний мэдрэмжид (сэрэлд) үндэслэдэг гэж үзсэн. Тэрээр тэмдэгтийг эхэлж судлах ёстой гэсэн. Сэрэхүй бол өвөрмөц хэлбэртэй тэмдэгт юм. Шууд мэдрэхүйн танин мэдэхүйд тэмдэгтийн тухай санааг дэлгэрүүлсэн нь субъективизмд аюул учруулж байсан. Тэмдэгтэд нөхцөлт агшин байдаг бөгөөд мэдрэхүйн дүр нь хүмүүсийн хоорондын харилцаа холбооноос шалтгаалахгүйгээр агуулгад шилжин гэж үзсэн. Дундад зууны европод тэмдэгтийн системд хандах хандлага нь интроспекцээс (өөрийн сэтгэцийн үзэгдлийг дотоод талаас нь ажиглах) экстроспекцэд (гадаад ертөнцийн объектод чиглэх ухамсрын чиглэл) шилжих шилжилт болсон. Тэмдэгт гэдэг нь гадаад хэлбэр, дохио зангаа юм.


Окком: Сэрэл гэдэг нь гадаад юмсын тэмдэглэгдэж байгаа тэмдэг гэсэн. Мөн чанар бол хамгийн бага тоогоор илэрхийлж болох зүйл юм. Бага тооны тусламжтайгаар хийж болох зүйлийг их тооны тусламжтайгаар хийх шаардлагагүй гэсэн.
Скотт: Мөн чанар гэдэг нь матери юм. Тэрээр тухайн үедээ матери нь сэтгэх чадвартай юу гэж асууж байсан. Тухайн үед матери нь физик бүтэц бүхий махбод гэж байсан бол Скотт анх удаа сэтгэхүй нь материйн шинж чанар мөн үү? гэсэн асуулт тавьсан.   
Номинализм нь хүний танин мэдэх боломжид тулгуурлан байгаль шинжлэлийн ухааныг хөгжүүлсэн юм. Мөн энэхүү урсгал чиглэлийнхэн амьтдын зан үйлийг судлаад, хүний оюун ухааны хөгжлөөс тусгайд нь авч үзэх хэрэгтэй гэж үзжээ. Энэ шинэ санаа үзэл бодлууд нь сэргэн мандалтын үеийн болон дараах үеийн сэтгэцийн шинжлэх ухааны хөгжилд хүчтэй нөлөөлжээ.


Сэргэн мандалтын үе.


Умарт Европын худалдааны хотууд цэцэглэн хөгжив. Ялангуяа Балти ба Умард тэнгисийн эргийн боомт хотуудад шинэ шинэ гоёмсог барилга олноор баригдаж, шашны нөхөрлөлүүд олноор бий болж хүмүүс сүм хийдэд уран зураг, баримал зэрэг урлагийн бүтээл, хээнцэр гоё мөргөлийн ном зэргийг бэлэглэсээр байжээ. Мөн ертөнцийг үзэх шинэ үзэл үүсч байв. Шинэ үзэл санаа Италид дэлгэрч, удалгүй бүх Европын  зураач эрдэмтэд сонирхон дуурайх болсон байна. Сэргэн мандалтын үеийн зураач, эрдэмтэд, сэтгэгчид эртний Грек, Ромын соёлыг сонирхож байсан боловч, түүнээс илүү цоо шинэ зүйл бий болгох гэж тэмүүлж байсан юм. Шинжлэх ухааны ололтын дагуу ертөнцийг дүрслэх болсон байна. Хүн ба амьтдыг судлан, уран зурагт жинхэнэ хүнийг дүрслэх арга замыг хайж эхэлсэн байна.

Сэргэн мандалтын үеийн үзэл санаа умард Италийн хотуудад их дэлгэрсэн. Ялангуяа Флоренц хотыг сэргэн мандалтын эхэн үеийн эх орон гэж нэрэлдэг. Флоренц нь санхүүгийн томоохон хот байв. Сэргэн мандалтын философи, сэтгэл судлалын үзэл санаа нь Аристотелийн сэтгэлийн тухай сургаалд үндэслэгдэж байсан. Өөрөөр хэлбэл Аристотелийн үзэл санаа нь чөлөөт сэтгэлгээний бэлгэ тэмдэг болж байв. Энэ үед дуализм, иерархизмын эсрэг ертөнцийг материалист байр сууринаас тайлбарлах, Аристотелийн үзэл санааг бодит байдалд нийцүүлэх гэсэн пантеизмийн үзэл санаа дэлгэрсэн. Энэ нь хүн байгал хоёрын нэгдмэл чанарын тухай үзэл юм. Энэ үзэл нь Италид орж ирэхдээ Ибн-Рошдын сургаалиар дамжин орж ирсэн. Ибн-Рошдын сургаалийг баримтлагчид шашины хавчлагаас зугтан XIII-XIV зууны үед чөлөөт сэтгэлгээний төв гэж нэрлэгдэх Падуаны их сургуульд ирж суурьшсан.

Пантеизм нь огторгуй бурханлаг зүйлтэй нэгдэн нийлдэг. Харин хүн огторгуйтай нэгэн зүйл болж нэгддэг. Ертөнц нь амьд организмуудаас бүрддэг ба хүний бие махбод сэтгэцийн шинж чанарууд нь түүний нэгэн адил амьд хэсгүүд юм. Хэсгүүд нь (бодгал зан үйл) байгалийн түгээмэл ерөнхий хуульд захирагдаж байдаг гэсэн таамаглалыг дэвшүүлж байсан.

Падуаны их сургууль нь Римийн хөрөнгө чинээгээр ялгаварлан гадуурхах үзэлтэй хүчтэй тэмцэл явуулж ирсэн. Үүний тод илрэл нь арабын философийн талыг баримтлагчдын “зүүнтэн” хэмээх довтолгоо байв. Энэ довтолгоо нь Пьетро Помпонаццийн “Үхэшгүй мөнхийн сэтгэлийн тухай” (1516) хэмээх шастираас эхэлсэн.

               
Помпонацци (1462-1525) –ийн үзлийг баримтлагчдыг Александрынхан гэж нэрэлдэг. Тэрээр Аристотелийн сэтгэлийн тухай сургаалийг тайлбарласан Ибн-Рошдын сургаалийг эсэргүйцдэг. Тухайн үед Александр Афродизийн сургаал гарч ирсэн. Александрын сургаалиар хүний сэтгэл санаа, оюун ухаан нь бие организмтайгаа хамт дахин сэргэхгүйгээр устаж үгүй болдог гэж үзсэн. Мөн хүний сэтгэл бол материаллаг зүйл гэж үзэж байв.
            Сэтгэхүйд мэдрэмжийн сэтгэгдлүүд, харин хүсэл зоригт бие махбодын эд зүйлс зайлшгүй хэрэгтэй. Помпонацци: “Аристотель хэзээ ч утга учиргүй дэмий зүйлийн талаар эргэцүүлж (сэтгэлийг бие махбодоос салангид авч үзсэн) байгаагүй. Материаллаг хэлбэрүүдээс хамгийн төгс төгөлдөр бөгөөд дээд хэлбэр болох хүний сэтгэц нь өөрийн оршин байх байдлаар бие махбодтой хамт эхлээд хамт дуусах ба энэ нь хэзээ ч, ямарч байдал, хэлбэрээр бие махбодгүйгээр орших, аль эсвэл үйл хөдлөл хийж чадахгүй.” гэж бичиж байв.
            Энэ үед гарч ирсэн бас нэг чухал чиглэл бол эмпирик натуралист чиглэл бөгөөд гол үндэслэгч нь Бернардино Телезио (1509-1588) юм. Энэхүү чиглэл нь бодит байдлыг эмпирик туршлагаар буюу мэдрэхүйгээр танин мэдэх, байгаль нийгмийн хуулийг адилтгаж, гадаад дүр дүрслэлд нь голлож, дотоод мөн чанарыг нь үл харгалздаг үзэл юм.

Телезио Италийн бусад хотуудад байгуулагдсан шинжлэх ухааны нийгэмлэгүүдийн жишгээр Неапол хотод судлаачдын нийгэмлэг байгуулсан. Тэрээр хүний бүх мэдлэг нь сэтгэл санаанд нөлөөлсөн гадаад үйлдлийн тухай сэтгэгдэл, түүнийг сэргээн санах үйл явц юм гэсэн. Танин мэдэхүйн бүх мэдлэг нь гадаад үйлдэл нөлөөллийн сэтгэцийн нарийн материйн дүр дүрслэл болон хуулбар дээр үндэслэж байдаг бөгөөд мэдрэхүйн сэтгэгдлүүдийн хоорондын харьцуулалт холбоо хамаарлаас оюун ухаан бүрэлдэн тогтдог гэжээ. Зөвхөн геометрийн шинжлэх ухаан мэдрэмжин дээр тулгуурлдаггүй, харин туршилтан дээр тулгуурладаг. Энэхүү туршилт нь баримтуудыг хооронд нь харьцуулах, тэдгээрт онолын дүгнэлт өгөх замаар үнэнд тооцогддог. Матери бол хөдөлгөөнт хүчээ хуримтлуулах ба сарниулах байдлаар нэгэнт олж авсан байдлаа хадгалах цорын ганц зорилготой байдаг. Сэтгэц нь материйн тодорхой нэг байдал мөн тул оюун ухаан, мэдрэмж мэдрэхүй бүхэн нь өөрөө өөрийгөө хадгалах, хамгаалах хуулинд захирагддаг байна. Үүнээс үндэслэн Телезио аффектын онолыг боловсруулжээ. Аффект нь эерэг, сөрөг байдаг. Эерэг аффектын үед сэтгэл санааг хамгаалах хүч илэрдэг бол, сөрөг аффектын үед (уур, гуниг болон түүнтэй төстэй мэдрэмж) өөрийгөө хамгаалах хүч сул илэрдэг. Сэтгэл санаа үхэшгүй мөнх гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэж тэрээр үзэж байсан. Түүний үзэл бол байгалийн шинжлэх ухааны хөгжлийн эхэн үеийн хэвшмэл нийтлэг үзэл юм.
Сэргэн мандалтын үеийн эрдэмтэд, уран бүтээлчдийн дотроос Италийн алдарт зураач Леонардо Да Винчи (1452-1519), барималч Рафаэль Сантын (1483-1520) бүтээл онцгой байр суурийг эзэлдэг.  Леонардо Да Винчийн гайхамшигт бүтээлүүд нь хүний дүрслэн бодохуйн чадварыг илтгэн харуулсан юм.

Леонардо Да Винчи өөрийнхөө уран бүтээлд мэдрэхүйн бясалгал, онолын нэгтгэн дүгнэлт болон практик үйл хөдлөлийг бүгдийг нь нэгтгэж бодит байдалд хандах хандлагын шинэ хэв шинжийг гаргаж ирсэн. Тэрээр энэхүү шинэ хандлагаа өөрийн уран бүтээлдээ болон шинжлэх ухааны үзэл санаа, инженерийн төслүүд, загварууддаа дүрслэн үзүүлээд зогсохгүй үүнийгээ нэгдмэл нэгэн бүхэл арга зүйн үзэл санаанд оруулахыг эрмэлзэж байв. Ийнхүү Леонардогийн хүний танин мэдэхүйн болон үйл хөдлөлийн янз бүрийн тодорхой хэлбэрүүдийн илрэлүүд бүхий өвөрмөц нэгэн бүхэл шинжлэх ухааны тухай санаа үүссэн юм. Тэрээр үүнийг уран зургийн шинжлэх ухаан гэсэн. “Уран зураг” гэдэг үг нь Леонардогийн хувьд зөвхөн зураачийн ажил болон бүтээл бус хүн гар, нүд хоёрынхоо тусламжтайгаар бүтээж буй тэр бүхнийг илэрхийлж байсан.
Түүнээс төрөн гарч буй бүтээлүүд нь дүр дүрслэлийн, логикийн болон практикийн хуваагдашгүй бүхлийг багтаасан байдаг.
Уран зураг гэдэг нь зөвхөн хараагаар шууд хүртсэн натуралист хуулбар бус харин “ертөнцийн дүр төрх” буюу ертөнцийг бүхэлд нь судалж буулгасан зүйлийг хэлнэ гэжээ. Түүнийхээр нүд нь байгалиас давж гарсан зүйл бөгөөд учир нь байгалийн юмс бол төгсгөлөг, харин нүдэнд захирагдаж гараар бүтээгдэж буй бүтээлүүд бол төгсгөлгүй юм. Уран зургийн бүтээлүүд нь хүний өөрийгөө танин мэдэх, тэр тусмаа зөвхөн гадаад мэдрэмжээр хүртэгдсэн дүрийг бус харин дотоод мөн чанарыг танин мэдэх хэрэглүүр болж өгдөг. Леонардогийн анатоми физиологийн судалгаа нь “хүний нийтлэг дөрвөн ерөнхий байдлын” бүтцийг тодорхойлоход чиглэсэн байна. Үүнд: баяр баясгалан, уйтгар гуниг, сэтгэл санааны хямрал, бие махбодын хүч.
Тэрээр хүн, амьтны хөдөлгөөний аппаратын бүтэц, шинж чанар, түүний био механикт онцгой ач холбогдол өгч байсан. Ялангуяа нүдийг ихэд сонирхон судалж байсан.


Сэтгэл судлалын хөгжилд 
философийн нөлөө


Сэтгэл судлалын шинжлэх ухаан бие даан хөгжихөд тухайн үеийн нийгмийн болон шинжлэх ухааны салбаруудад гарсан ололт амжилтууд чухал түлхэц болсон юм. 

Фрэнсис Бэкон (1561- 1626): Тэрээр байгаль, байгаль орчныг тайлбарлахыг оролдож байв. Хүний бодит үндэс нь байгаль байдаг. Байгаль нь өөрөө танин мэдэхүйн гол объект юм гэж үзсэн. Танин мэдэхүйн хэрэгсэл нь туршилт болон хүний сэрэл мэдрэх чадвар гэж үзсэн. Хийсвэрээс бодит байдалд шилжих нь хүний мэдлэг юм.
Байгаль бол асар том, хязгааргүй нээлттэй механизм юм. Иймээс туршилтын янз бүрийн аргаар, багаж төхөөрөмжийн тусламжтайгаар байгалийг танин мэдэж болно гэж үзсэн. Энэ үеийн шинжлэх ухаанд механик детерминист үзэл тэргүүлж байсан. Энэ нь тухайн үеийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай холбоотой байсан бөгөөд судлаачид үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад туршилтаар тодорхой юмсын учир шалтгаант холбоон дээр шалгаж үзэж болно гэсэн үзлийг баримталж байсан. Мөн энэ үед рационализм бий болсон. Энэ нь байгал бол аугаа их механизм бөгөөд түүний бүх хэсгүүд нь физикийн өөрчлөгдөшгүй хуулиар явагддаг гэж үздэг. Ф.Бэкон “Шинжлэх ухааны аугаа их нээлт” гэсэн өөрийн бүтээлдээ нэгдүгээрт, шинжлэх ухааныг ангилах, хоёрдугаарт, байгалийн тухай сургаал, гуравдугаарт, бурханы тухай сургааль гэсэн үндсэн бүлгүүдийг оруулж ирсэн.
Хүний сэтгэцийн чанар нь гурван зүйлийн үндэслэлтэй. Үүнд:
   1. Тогтоох ой. Энэ нь сэтгэцийн гол үндэс болдог,
            2. Зохион бодохуй.
            3. Оюун ухааны үйлдэл. Энэ нь философийн үндэс болдог.
Тэрээр философийг байгалийн тухай сургаал, бурханы тухай сургаал гэсэн хоёр хэлбэртэй гэж үзсэн.
Байгалийн тухай сургаал нь натур философитой холбоотой. Байгалийн тухай сургаалийг туршилт болон ажиглалтаар баяжуулж болно. Харин бурханы тухай сургааль нь сүсэг бишрэл, итгэл үнэмшлийг нээн илрүүлнэ гэж үзсэн. Үүний дараагаар хүний тухай сургаалийг авч үзэх ёстой. Тэрээр хүн өөрөө өөрийнхөө тусламжтайгаар юмсыг танин мэддэг гэж үзсэн. Бэконы үзэл баримтлал дээр тулгуурлаад бурханы болон байгалийн сургаалийг танин мэдэхэд туршилтын аргыг өндөрт авч үзсэн. Тэрээр бурхан тэнгэр бол өөрийн гэсэн аргуудтай. Байгалийг танин мэдэхэд туршилт шийдвэрлэх үүрэгтэй гэж үзсэн.
Ф.Бэкон сүм хийдийн философиос жинхэнэ шинжлэх ухааныг салгах гэж оролдож байсан. Хүний тухай сургаалыг 1. Бие махбодын шинжлэх ухаан, 2. Сэтгэлийн тухай шинжлэх ухаан хэмээн ялгасан. Бие махбодын шинжлэх ухаанд анагаах ухаан, гоо сайхан, гимнастик зэргийг хамруулсан. Хүний бие махбод эрүүл бөгөөд сайхан байх ёстой гэж үзсэн. Харин сэтгэлийн тухай шинжлэх ухаанд философи зэрэг сэтгэлгээ үзэл баримтлалуудыг оруулсан. Хүний сэтгэл ухаалаг, мэдрэмжтэй байх ёстой. Хүний сэтгэлийн ухаалаг байдал нь бурхан тэнгэрийн амьсгалаас эхтэй гэж үзсэн. Ухаалаг байдлаас хүний үхэшгүй мөнхийн байдал шалтгаална. Хүний бие махбод материаллаг байдаг. Харин сэтгэл санаа нь материаллаг бус, үзэгддэггүй, хүний бүхий л биеэр тархан хөдөлж байдаг гэсэн.




Ф.Бэкон хүний сэрэл мэдрэх чадвар мэдрэмжээс ялгаатай, зөвхөн хүн, амьтан хоёрт байдаг гэж үзсэн. Мөн амьд бие махбодын гол эрхтэн нь сэтгэцийн эрхтэн гэж үзсэн. Тэрээр байгалийг танин мэдэх индуктив аргыг олж нээсэн.
Энэ нь оюун ухаан болон мэдрэмжинд тулгуурласан байгаль дээрх баримтууд дээр онолын дүгнэлт хийх замаар байгаль ертөнцийг танин мэдэх эмпирик арга юм.

Томас Гоббс (1588-1679): Т.Гоббс Ф.Бэконы үзэл санааг хөгжүүлсэн. Тэрээр хүн сэтгэцийн идэвхтэй байдлыг өөртөө бий болгодог хэмээн үүнийгээ тайлбарлахыг оролдсон. Сэтгэхүй нь сэтгэцийн үйл ажиллагаанд чухал хувь нэмэр оруулдаг болохыг тайлбарлаад Ф.Бэконоос ялгаатайгаар: 1-рт. Бүх хууль нь механикийн хууль дээр үндэслэгддэг. 2-рт. Хүмүүсийн хоорондын харилцааг авч үзсэн.
Тэрээр танин мэдэхүй нь бурхан шашины үзлийг бус харин хүмүүсийн оюун санаанд түшиглэх ёстой гэсэн. Түүнийхээр сэтгэхүй зөвхөн хүнд л байдаг. Матери нь зөвхөн объектив байдлаар оршиж байдаг гэж үзээд түүний үндсэн дөрвөн шинжийг тогтоосон: 1. Хүнээс огт хамааралгүй, 2. Мөнхийн, 3. Хөдөлгөөнд байдаг, 4. Хэлбэр хэмжээтэй.
Материйн хэлбэр хэмжээ нь үргэлж устаж байдаг. Харин хүний сэтгэц нь байнга оршин тогтнож байдаг. Хүний сэтгэцийг бий болгогч гол эрхтэн нь зүрх болон тархи юм гэж үзсэн.
Т.Гоббс тухайн үедээ дэвшилтэд үзэл санааг гаргаж байсан боловч сэтгэц, бие махбодын олон талын ялгааг олж харж чадаагүй. Тэрээр бүхий л зүйлийг баримт дээр тулгуурлан тайлбарлаж байсан. Мөн хүний мэдэрч танин мэдэхүйг үгүйсгээгүй ба хэлэхүйд зохих үүргийг өгч байсан. Хүмүүс өөр хоорондоо мэдээллийг солилцоход үг нь тэмдгийн үүргийг гүйцэтгэнэ. Энэ нь мэдэрч танин мэдэхүйд чухал үүрэгтэй.
Тэрээр сэтгэхүй болон сэтгэхүйн процессууд нь механик хуульд захирагдана гэсэн. Мөн сэтгэл санааг хуваагдашгүй гэж үзээд ассоциацизмыг сэтгэхүйн амьдралын ерөнхий эхлэл гэж үзсэн. Энэ нь эцэстээ өөрчлөгдөж санаа сэтгэлийг бий болгоно.
Т.Гоббс хүн бол байгалиас өөрийгөө хамгаалах, өөрийн ашиг тусын төлөө гэсэн эрмэлзэлтэй төрдөг. Хүн өөрийн эрх ашигт бүхнийг зохицуулдаг. Хүний эр зориг нь хоёр үндсэн сэдэлтэй бөгөөд хүсэл тэмүүлэл, жигшил зэвүүцлээс үүсдэг гэж үзсэн. Хүний оюун санаа таашаал, шаналал гэсэн хоёр сэдэл байнга оршин байдаг гэжээ. Мөн тэрээр сэтгэлийг өвөрмөц мөн чанар гэдгийг үгүйсгэж байсан. Ертөнцөд механик үйлчлэлээр хөдөлж байдаг материаллаг зүйлээс өөр зүйл байхгүй. Иймээс бүх сэтгэцийн процессууд механик хуульд захирагддаг. Материаллаг зүйлс бие махбодод үйлчлэл үзүүлэхэд сэрэхүй үүснэ. Инерцийн хуулиар сэрэхүйгээс хүчгүй сул ул мөрийн хэлбэрээр төсөөлөл үүснэ. Эдгээр нь ухаан бодлын холбоог үүсгэдэг гэж үзсэн. Энэ нь хожим ассоциацийн онолын сургаал байсан. Түүний энэхүү онолыг Б.Спиноза улам боловсронгуй болгосон. Тэрээр хүн нэгэн зэрэг хоёр буюу хэд хэдэн биеийн үйлдэлд орж байвал тэдний аль нэгийг бодон цаашилбал нөгөөг нь бодсоор зохион бодож дүрслэнэ гэж үзсэн. Гэвч эдгээр эрдэмтэд ассоциацид тухайн үед тохирсон нэр томъёо өгч чадаагүй. 


Рене Декарт (1596-1650). Нэрт физикч, математикч, физиологич, философич, Рене Декарт Францын хөдөө тосгонд 1596 оны 3 сарын 31-нд төржээ. Тэрээр физик, математик зэрэг тодорхой шинжлэх ухаануудыг сонирхож байсан.
Тэрээр дуалист байсан бөгөөд ертөнцөд матери ба сэтгэл гэсэн хоёр субстанци[8] бий гэсэн. Бие махбод бол удаан хугацаанд орших субстанци, харин сэтгэл бол түүнээс ялгаатай онцгой субстанци юм. Декарт сэтгэлийг урьдын адил хязгаарлагдмал байдлаар авч үзэж байсан.
Декарт бие махбод, сэтгэл хоёрын ялгааг тодорхойлж, сэтгэл нь хийсвэр, бие нь материаллаг, иймд материаллаг ертөнц хийсвэр ертөнц хоёрын хоорондын ялгааг тодорхойлох нь чухал гээд сэтгэл нь ухаан, сэтгэхүй, сүнс зэргээс хамаарна гэсэн. Сэтгэл, бие хоёр нь огт өөр өөр ертөнцүүд бөгөөд хоорондоо харилцан холбоотой. Сэтгэл, ухаан хоёр нь биед бодит нөлөөлөл үзүүлж байдаг. Мөн бие ч сэтгэлд нөлөөлж байдаг. Сэтгэл, бие махбод хоёр нь бие даасан хоёр субстанци юм.
Тэрээр ухамсрын асуудлыг шашины үзэл санаанаас ялган салгаж хүний ухамсарлан сэтгэх нь хүний өөрийнх нь үйл ажиллагаа гэж үзсэн. Мөн сэтгэл санааны үйл ажиллагааны ухамсаргүй хэлбэр гэж байхгүй бөгөөд аливаа юмыг төсөөлж мэдэрч байна гэдэг нь хүн бүхий л зүйлийг ухамсарлаж байна гэсэн үг гэж үзсэн.
Сэтгэл нь байнга сэтгэж байдаг бөгөөд сэтгэхүй нь сэтгэлийн ганц өвөрмөц шинж юм. Декарт “Сэтгэлийн хүсэл” зохиолдоо хүний сэтгэлийн шинж чанарыг хоёр хэсэгт авч үзсэн. Үүнд: 1-рт: идэвхтэй үйл ажиллагааны байдал, 2-рт: шаналгаат буюу хүний зовлонт байдал. “Хүсэлд бидний бүхий л хүртэхүй ба мэдлэгийг авч үзэж болох ба учир нь бидний сэтгэл ийн тэдгээрийг буй болгох бус харин тэдний төсөөллийн юмсаас хүлээж авдаг юм” хэмээн бичиж байв.
Хүний сэтгэлийг Декарт хүсэл ба бачимдал гэсэн хоёр бүлэгт хуваасан. Сэтгэлийн үйл ажиллагаа явагдахад бачимдал, хүсэл үүснэ гэж үзсэн. Хэрэв үүсэхгүй бол сэтгэл гадаад үйлдлийн нөлөөгөөр ухамсарлаж эхэлдэг. Цаашлаад тэрээр өөрийн онолдоо ухамсарласан ба ухамсарлаагүй гэсэн хоёр ойлголтыг гаргаж ирсэн.
Декарт хүний булчин бие махбод сэтгэл оролцохгүйгээр гадаад үйлдэлд хариу өгөх чадваргүйг батлаад сэтгэцийн рефлексийн зарчмын тухай онолыг гаргасан. Гадаад импульсын долгион тархинд очиж тэндээс хариу үйлдэл булчинд очиж агших сунах хөдөлгөөнд оруулна. Булчингийн хариу үйлдэл зан байдлын нэгэн элемент, бие зөвхөн хөдөлж, сэтгэц зөвхөн сэтгэн боддог гэсэн. Ийнхүү тэрээр бие эрхтэн болоод сэтгэцийн ажиллах зарчим нь рефлекс гэж үзэв. Гэвч энэ онол нь сэтгэц ухамсрын үйл ажиллагааны мөн чанар, түүний зүй тогтлыг шинжлэх ухааны үүднээс бүрэн дүүрэн баталж чадаагүй. Өөрөөр хэлбэл, бүх үйл ажиллагааг нэг загварт л оруулах гэсэн хандлагатай байсан.


Жон Локк (1632-1704). Түүний сэтгэл судлалын чиглэлтэй гол бүтээл нь 1690 онд бичсэн Хүний оюун ухааны тухай туршлага” гэсэн ном юм. Уг бүтээлд хүмүүс оюун ухааны хувьд адилхан чадвартай төрөх бөгөөд гадаад ертөнцийн бодис үзэгдлийн тухай хүний бүх мэдлэг, үзэл санаа нь төрөлхийн биш харин шинээр олж авсан зүйл гэсэн санааг дэвшүүлж, үзэл санаа төрөлхийн гэдэг Декартын онолд цохилт өгсөн билээ.
Хүүхдийг уншиж, бичиж сургах хэцүү байдаг ч нэг материалыг эзэмших хурд хүүхэд бүрт харилцан адилгүй байдаг. Иймд хүүхдийн сэтгэц нь “цэвэр самбартай” адил бөгөөд хүмүүжлийн үр дүнд мэдлэг, чадвар дадал бий болно гэж үзсэн нь тухайн үедээ шинэлэг санаа байсан боловч өнөөдөр цагийн эрхээр өөр шийдлийг хүлээх болсон юм. Танин мэдэхүйн хөгжил хүүхдийн төрөлхийн сониуч занд тулгуурлана.  Мөн сургалтын явцад хүүхдийг өөдрөг сэтгэлтэй байлгавал мэдлэгийг хурдан эзэмшүүлж болно гэж тодорхойлжээ.

Жорж Беркли (1686-1753). Тэрээр Ирландад төрж тэндээ боловсрол эзэмшжээ. Беркли Бидний бүх л мэдлэг дотоод ертөнц дэх туршлагын үр дүнд бий болдог” гэсэн санааг дэмжиж байсан ч бүх шинж чанар хоёрдогч, оршин байна гэдэг бол хүртэгдэнэ гэсэн үг хэмээн үзжээ.

Тэрээр 1878 онд бичсэн “Харааны шинэ онол” номондоо геометрийн орон зайг орон зайн харьцааны талаарх шууд мэдлэгт сөргүүлэн тавьсан. Ийм шууд мэдлэг нь харааны болон булчингийн, мөн тэмтрэх сэрлүүдэд үүсдэг сэрэл юм. Эдгээр сэрлүүдийн хоорондын зай нь орон зайн хүртэхүйг үүсгэдэг гэж үзсэн.  

Давид Юм (1711-1776). Шотландын нэрт философич, түүхч Эдинбургийн их сургуульд боловсрол эзэмшсэн. Тэрээр “Хүний танин мэдэхүйн судалгаа” бүтээлдээ бид өөрсдийнхөө дотоод ертөнцийг шууд ажиглан харвал бие биенээ ээлжлэн солигдох цогц перцепцыг олж харна гэсэн. Туршлага нь: 1. Сэтгэгдлээс болон сэрэл, сэтгэл хөдлөлөөс, 2. Санаа буюу идея, сэтгэгдлийн хуулбар зэргээс бүрдэнэ гэсэн.  
Бидний дотоод ертөнцийн тухай мэдлэг нь зөвхөн төсөөлөлтэй холбоотой” гээд сэтгэгдэл, санаа  хоёрын хоорондын элементүүдийн бааз болдог гэж үзсэн байна. Дээрх хоёр томъёоллыг орчин үеийн сэтгэл судлалын нэр томъёотой харьцуулбал сэрэл, хүртэхүй хоёр юм.
Санаа нь бидэнд урьд өмнө байсан сэрлүүдийн тусламжтай ямар нэг гадны түлхэцгүй бий болдог. Сэтгэгдэл нь эх үүсвэрээсээ бус, холбоосын хүчээрээ санаанаас ялгардаг. Энгийн санаа нь энгийн сэтгэгдэлтэй ижил байна. Харин нарийн нийлмэл санаа нь энгийн сэтгэгдэлтэй холбоотой байх албагүй, харин хэд хэдэн энгийн нийлмэл холбоосуудаас шинэ нарийн хувилбарууд бий болдог. Үүнтэй уялдан Юм холбоосын хоёр онолыг тодорхойлжээ.
1.      Ижилслийн хууль. Өөр хоорондоо ижил төстэй санаанууд тэдгээрийн холбоосын тухай юм.
2.      Зэрэгцэх холбоосын хууль. Орон зай, цаг хугацаанаас шалтгаалан үүсч тэдгээрийн хооронд холбоос тогтдог.
Юм ухамсар бол дотроо хоёр үзэгдэлтэй. Тухайлбал, санаа бол ухамсрын өөрийн баримт, сэтгэгдэл нь ухамсрын бусад баримт юм гэж үзсэн. Түүнийхээр ассоциаци буюу нийлэмж гэдэг нь юмсын хоорондын шалтгаант холбооны үр дүн бус харин иймэрхүү холбоо нь нийлэмжийн үр дүн гэсэн. Ингэснээр бодит ертөнц ба идэвхтэй субъектын аль алиныг нь үгүйсгэж сэтгэцийг бүрэлдүүлэгч динамик талуудыг авч үзсэн.


Давид Гартли (1705-1757). Д.Гартли анагаах ухааныг сонирхон судалж 1749 онд Хүний сэтгэхүйн тухай, түүний бүтэц үүрэг” гэсэн бүтээлээ хэвлүүлжээ.
Тэрээр мэдрэхүйн үйлдлийн чичиргээний тухай “Чичиргээ” гэсэн сургааль онолыг дэвшүүлсэн нь ассоциацийн онолын үндэс болсон. Мэдрэлийн тогтолцоо бол физикийн хуульд захирагддаг систем учир түүнд гадны механик ертөнцтэй адилхан учир шалтгаанууд оршдог гэж үзсэн. Мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагаа гадны ертөнцийн чичиргээ доргилтыг хүртэхийн зэрэгцээ булчин шөрмөсний чичиргээ үүсгэх хүртэл организмыг бүхэлд нь хамарч байдаг. Тэрээр чичиргээг их, бага гэж ангилж авч үзсэн.
Их чичиргээ – гавлын ясны болон нугасны мэдрэлүүдэд үүсдэг,
Бага чичиргээ – тэдгээрийн бичил хуулбар, ул мөр байдлаар тархины цагаан эдэн дотор үүсдэг.
Гадаад ертөнцийн цочроолын нөлөөгөөр бие организмд эхлээд их чичиргээ үүсэх ба организм, гадаад ертөнц хоёрын хоорондын бодит хариу үйлдлийн хуулбар болох бага чичиргээнүүд нь дараагийн шатанд үүсэж дотоод ертөнцийг бүрдүүлдэг гэж үзсэн. Нэгэнт үүссэн бага чичиргээ нь хадгалагдан хуримтлагдсаар дараагийн үйлдлийг гадны шинэ нөлөөтэй холбож өгөх нөхцлийг бүрдүүлдэг гэж үзсэн. Ийнхүү организмыг шат дараалсан үйлдэл гүйцэтгэх чадвартай объект юм гэсэн. Үүгээрээ физикийн бусад объектоос ялгаатай гэв.
Мөн тэрээр тогтоох ойн процессыг тайлбарлаж байсан. Ой тогтоолт нь өмнөх үйлдлийн үр дүнг хоногшуулан тогтоох сэргээн санах чадварын үндэс юм. Ойн энэ чадварыг мэдрэлийн зохион байгуулалтын суурь шинж гэж үзсэн.
Гартлийн төсөөллийн шинэлэг тал нь сэтгэцийн ухамсарт бус үйлийг материалист байр сууринаас тайлбарласан. Өөрөөр хэлбэл хүний ухамсарт бус үйлийн учир шалтгаан нь үйлдлийн давтамж, цаг хугацааны зэрэгцсэн байдал гэж үзсэн. Мэдрэхүйн эрхтнүүдэд үүссэн материаллаг үйлчлэлийн нөлөө нь тархинд чичиргээ буюу хэлбэлзлэлийг үүсгэснээр хязгаарлагдахгүй харин Нъютоны механик хуулийн дагуу эд эрхтнүүдээр дамжиж тэдгээрийн дотор чичиргээг үүсгэдэг. Цаашилбал хөөрлийн үед булчингуудад чичиргээ үүсэж байгаа нь мэдрэгдэхгүй байж болно. Энэ нь тэдний хүчтэй холбоотой гэж үзсэн. Ингэснээр орчин үеийн сэтгэц физиологийн нэн чухал хоёр асуудлыг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. 1. Мэдрэхүйн эрхтнүүд нь бие даасан салангид зүйл бус булчингийн тодорхой цэнэг түлхэц бүхий төв рүү тэмүүлэгч байгууламжийг өөртөө агуулсан бүхэл бүтэн системийн нэг бүрэлдэхүүн хэсэг болох тухай үзэлд нөлөөлсөн. 2. Мэдрэхүйн эрхтнийг цочроосны дараа үүсэх булчингийн хөдөлгөөн нь үл ажиглагдам бичил хөдөлгөөний хэлбэрээр явагдаж болно гэсэн үзэлд нөлөөлсөн. Мөн хөөрөл мэдрэлийн төвөөр дамжин булчинг хэрхэн хөдөлгөх вэ гэдгийг тайлбарлахыг оролдсон.
Гартлийн онолоор мэдрэхүйн үйлдлүүд нь (шууд хүртэх мэдрэх хөдөлгөөн) хэл яриатай холбогдсоны үндсэн дээр хүний зоригийн үйлдлүүдийг үүсгэж тухайн процесс явагддаг гэж үзсэн. Үг бол чичиргээг үүсгэх үндэс болдог гэж үзсэн. Иймээс үг ассоциацийн тусламжтайгаар шууд төрж байгаа сэтгэгдэлтэй холбогдоно гэсэн. Энэ нь цаашдаа булчингийн үйл хөдлөлийг бий болгоно. Үг, зоригийн үйл хоёр нь хийсвэр сэтгэлгээтэй салшгүй холбоотой. Хэрэггүй зүйлүүд нь ассоциацийн нөлөөгөөр устаж алга болох замаар ерөнхий ойлголтууд үүснэ. Ийнхүү зоригийн хяналтыг зохицуулах болон хийсвэр сэтгэхүйг хөгжүүлэхэд хэл ярианы гүйцэтгэх үүргийг судалсан.  
    
Сэтгэл судлалын хөгжилд физиологийн нөлөө



XIX зууны сүүл үеэр физиологийн судалгаанууд эрчимтэй хийгдэж эхэлсэн юм. Берлиний их сургуулийн профессор  Иоганнес Мюллер (1801- 1858)  тухайн үед физиологийн чиглэлээр хийгдсэн бүх судалгаануудыг нэгтгэн боловсруулж, өөрийн судалгаатай  нэгтгэн хоёр боть бүтээлийг хэвлүүлжээ. Энэ үеэс хүний тархины бүтцийг судалж эхэлсэний нэг нь Шотландын эмч Маршал Холл (1790-1857) рефлекст үйлийг судлан тархи болон мэдрэлийн системийг тусгайлан авч үзээд рефлексийн үйл нь нугасанд, ухамсаргүйн үйл булчинд, амьсгалын үйлийн төв нь чөмгөнд байдаг гэж үзжээ. Тэрээр рефлексийг тууштай судлан тайлбарлахыг оролдож байсан боловч сэтгэцийн бус шинж чанартай үзэгдлийг зөвхөн рефлекст харьяалуулж байсан. Сэрлийн тусламжтайгаар үүссэн хөдөлгөөнийг рефлексээс ялгаж үзэхийн тулд нугасны арын ёзоор нь 1-рт мэдрэхүйн, 2-рт экситомотор гэсэн эрс ялгаатай хоёр мэдрэлийг агуулж байдаг гэсэн. Рефлекс нь мэдрэлийн эсүүдийг цочроосны үр дүнд бус харин тэднээс үл хамаарах экситомотор мэдрэлийн эсүүдийг цочроосны үр дүнд үүсдэг гэж үзсэн. Тэрээр сэтгэцийн үзэгдлийг рефлекстэй холбон тайлбарлаж байв. Зарим нэг асуудал дээр Мюллер, Холл нарын үзэл зөрөөтэй байсан ч үндсэндээ тохирч байсан байна.



Хожим Францын эрдэмтэн Пьер Флоранс (1794-1867) амьтны /тагтаа/ тархи, нугасанд судалгаа хийсний үр дүнд сэтгэцийн процессыг удирдан зохицуулагч нь тархи гээд, дунд тархи хараа сонсголын рефлексийг, бага тархи тэгш хэмт хөдөлгөөнийг, нугас зүрхны цохилт, амьсгалын үйл ажиллагааг удирдан зохицуулдаг гэж үзжээ.       

   XIX зуунд мэдрэлийн системийн анатоми бүтцийг нээх судалгаа идэвхтэй хийгдсэн бөгөөд хамгийн сонирхолтой туршилтыг Герман фон Гельмгольц, Эрнст Вебер, Густав Теодор Фехнер, В.Вундт нар хийсэн байдаг.
Тухайн үедээ сэтгэл судлалын шинжлэх ухааны хөгжил Англи, Франц, Германд төвлөрч байсан гэж хэлж болох юм. Гэвч Германд харьцангуй олон их дээд сургууль байсантай холбогдон туршилтын сэтгэл судлалын салбар үүсэж хөгжих үндэс суурь нь тавигджээ.


Герман фон Гельмгольц (1821-1894)XIX зууны томоохон эрдэмтдийн нэг нэрт физикч, физиологич Гельмгольц Германы Подстам хотод 1821 онд төржээ. Тэрээр харааны физиологийн салбарт хийсэн судалгаа шинжилгээний ажлын үндсэн дээр нүдний торлог бүрхэвчийг судлан офтальмоскопийн багаж бүтээсэн. Түүний гол зохиол нь “Физиологийн хараа” гэсэн гурван боть ном юм.

Гельмгольц мэдрэлийн ширхэгээр дамжих долгионы хурдыг хамгийн анх эмпирик аргаар судалсан байна. Тухайн үед мэдрэлийн агшин зуурын хурдтай эсвэл зах хэсгээр нь хэмжих боломжгүй их хурдтай байдаг гэж үзэж байсан. Тэрээр мэлхийн хөдөлгөөний мэдрэл булчингийн ширхэгээр дамжих сэрлийн хурдыг туршин судалж үр дүнг нь тооцон, дунджаар секундэд 90 фут[9] хурдтай гэсэн дүгнэлт хийжээ. Гельмгольц мэдрэлийн долгион /импульс/ тодорхой хурдтай явагддаг гэдгийг туршилтаар нотлохыг оролдсон бөгөөд тархинд явагдах процесс, булчингийн үйл ажиллагаа хоёр нь зэрэг үүсдэггүй, харин хэсэг хугацааны дараа тодорхой эрэмбэ дараатай үүсдэг гэсэн дүгнэлт хийсэн юм.
Гельмгольцын судалгааны нөлөөгөөр физиологийн чиглэлээр нилээд хэд хэдэн судалгаа хийгдсэний нэг нь Эрнст Вебер, Густав Теодар Фехнер нарын бүтээлүүд гэж хэлж болно.


Эрнст Вебер (1795-1878). Германы Виттенберг хотод шашны номлогчийн гэр бүлд төржээ. Э.Вебер арьсны болон булчингийн мэдрэх чадварыг тодорхойлох туршилтыг хийсэн юм. Туршигдагчийн арьсанд мэдэгдэхгүйгээр хоёр цочроогчийг нэгэн зэрэг хүргэж юу мэдэрч байгааг асуух байдлаар арьсны мэдрэх чанарыг тодорхойлсон. Ингэхэд туршигдагч хоёр цочроогч өөр хоорондоо ойрхон байхад нэг цочроогч мэт, харин нэлээд зайтай байхад хоёр өөр цочроогч мэт хүртэж байсан. Энэхүү туршилтыг тэрээр “хоёр цэгийн зааг” хэмээн нэрлэж байв. Ийнхүү нэгэн зэрэг өгөгдөж буй өөр хоорондоо үл шалтгаалах хоёр цочроогчийг мэдрэх чадварыг хоёр цэгийн зааг хэмээн тодорхойлсон.  

Мөн тэрээр сэтгэл судлалын туршилтанд математик аргыг хэрэглэж, хүний жин мэдрэх чадварыг тодорхойлсон байна. Туршигдагчид хоёр ачааны аль нь хүнд байгааг ялгах даалгавар өгсөн. Ингэхдээ туршилтын явцад нэг ачааны жинг бага хэмжээгээр тогтмол өөрчилж байв. Энэ тохиолдол туршигдагч жингийн өөрчлөлтийг огт мэдрээгүй бөгөөд жинг мэдэгдэхүйц өөрчлөхөд л сая жин ихэссэн болохыг мэдэрч байсан. Эндээс өгөгдөж буй жингийн харьцаа 1/40 (сонорын сэрлийн хувьд энэ харьцаа нь 1/160 байх жишээтэй) байх тохиолдолд хүн ялгах чадвартай болохыг нээжээ. Жишээ нь, нэг гарт 80 гр ачаа байвал нөгөө гарт 82 гр байж сая жингийн ялгааг мэдрэнэ гэсэн үг юм.
Тэрээр хараагаар юмсын хэмжээг тогтоох туршилт явуулж булчингийн сэрлийг бодвол харааны сэрэл зөрөө бага байдаг гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Энэ бүгдээс Э.Вебер мэдрэхүйн эрхтэн бүрийн мэдрэх чадвар харилцан адилгүй байдгийг тогтоожээ.


Густав Теодор Фехнер (1801-1887). Фехнер бие махбод, тархи хоёрын хоорондын холбоог тодорхойлж, сэрэл цочроогч хоёрын хамаарлыг судалсан юм. Судалгааны үр дүнд сэрлийн хэмжээ өөрөөр хэлбэл сэтгэцийн чанар нь цочроогчийн хэмжээ болон бие бялдрын чанараас хамаарна гэсэн дүгнэлт хийжээ. Тэрээр сэрлийн үүсэж явагдах хэмжээг тогтоохдоо цочроогчийн хүчийг тогтоох хэрэгтэй ба ийм аргаар сэтгэц бие махбодын хоорондын хамаарлыг тогтоож болно гэсэн. Үүнийгээ батлах зорилгоор олон тооны судалгаа явуулсны дүнд сэрлийг хэмжих хоёр аргыг тодорхойлсон. 1-рт: цочроогч байгаа, эсвэл байхгүйг тодорхойлох, 2-рт: үнэмлэхүй заагийг хэмжих- сэрэл дөнгөж үүсэх буюу цочроогчийн хамгийн доод хэмжээг тодорхойлох.

Үнэмлэхүй зааг хэмээх ойлголт нь зайлшгүй байх хэрэгтэй боловч сэрлийн зөвхөн нэг талыг авч үздэг, мөн сэрэл, цочроогч хоёрын холбоог тогтоохын тулд нарийн ангилал шаарддаг учир хангалттай бус юм. Үүнийг олж харсан Фехнер ялгаварт заагийг хэмжих хэрэгтэй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, энэ нь өгөгдсөн хоёр цочроогчийг мэдрэх үед үүсэх сэрлийн ялгааг хэмжинэ гэсэн үг юм.
Фехнер өөрийн судалгааны үр дүнд түшиглэн цочроогч, сэрэл хоёрын хамаарлыг тодорхойлсон томьёололыг гаргасан нь Вебер – Фехнерийн хууль хэмээн алдаршсан юм. Энэ нь цочроогчийн хүч геометр прогрессоор өсөхөд сэрлийн хүч арифметик прогрессоор өснө гэсэн утгатай хууль юм.


- сэрлийн хүч нь   - цочроогчийн эрчимийн утгатай пропорциональ хамааралтай. Цочроогчийн эрчимийн доод зааг   -аас цочроогчийн эрчимийн утга   бага байх тохиолдолд буюу  тохиолдолд цочроогч мэдрэгдэхгүй.   – сэрлийн субъектээс шалтгаалах тогтмол.  


Фехнерийн сэрлийн заагийг тодорхойлсон судалгааг психофизик хэмээн нэрэлдэг.



Германы сэтгэл зүйч, физиологич, философич В.Вундт (1832-1920) Тюбингений анагаах ухааны факультетийг төгсөж, 1879 онд Германы Лейпциг хотод дэлхийд анхны туршилтын лабораторийг байгуулсан юм.
Вундт хувь хүний ухамсарт туршилтын тусламжтай анализ хийх, ард түмний сэтгэл зүй (хэл соёл, ёс заншил г.м.) гэсэн хоёр үндсэн чиглэлээр судалгаа хийжээ. Түүний онол нь структурализмын урсгал чиглэл үүсэх үндэс суурь болсон. Тэрээр ухамсрын бүтцийг судалсан ба ухамсрын элемент нь мэдрэмж, сэтгэлийн хөдөлгөөний байдалтай холбоотой гэсэн. Тэрээр ухамсрыг авч үзэхдээ “Ухамсар нь маш нарийн нийлмэл бүтэцтэй учир түүнийг илүү сайн судалхын тулд анализ, эсвэл редукционизмын аргыг хэрэглэх хэрэгтэй” гэсэн. Ухамсар нь маш идэвхтэй үүрэг гүйцэтгэдэг, өөрийн гэсэн бүтэцтэй учраас ухамсрын зөвхөн агуулгыг бус бүтцийг ч мөн судлах шаардлагатай гэж үзсэн.
Тэрээр сэтгэл судлалын шинжлэх ухаан нь туршилтын шинжлэх ухаан гээд интроспекцийн аргыг өөрийн судалгаандаа хэрэглэсэн.
Бие организмд гаднаас ямар нэгэн цочроол үзүүлэхэд үүссэн импульсууд нь тархинд очиж сэрлийг үүсгэнэ. Сэрлийг эрчим, үргэлжлэл, загварчлал гэж гурав хуваасан. Сэрлүүд нийлж шинэ шинж чанар бүхий шинэ мэдрэмж үүсгэдэг гэж үзээд Вундт мэдрэмжийн гурван хэмжүүрийг гаргаж ирсэн. 1. Ханамжтай ба ханамжгүй, 2. Хүчлэл ба сулрал, 3. Хөөрөл ба тайвшрал. Мэдрэмж нь сэтгэцийн элементийн адил өөрийн чанар, эрчмээ өөрчлөн хувиргадаг ч дээрх гурван төлөвт оршиж байдаг гэж үзсэн.
Түүний бодлоор сэтгэл судлалын зорилго нь бусад шинжлэх ухааны нэгэн адил 1. Анализын аргаар ижил элементүүдийг ялгах, 2. Тэдгээрийн хоорондын холбоог тогтоох, 3. Дээрх холбооны хуулийг олж нээх явдал юм. Туршилтын аргаар субъектэд анализ хийж интроспекцийн аргаар л ажмжилтанд хүрнэ. Интроспекци нь жирийн ажиглалттай адилгүй тусгай бэлтгэл шаарддаг ба хүний хүртэхүйг урьдчилан тодорхойлох боломжгүй гэж үзсэн.
Вундтын хийсэн нэгэн томоохон ажил бол янз бүрийн ард түмний соёлыг сэтгэл судлалын үүднээс авч үзэн, угсаатны зүй, хэлний түүхэн хөгжил, хүн судлалын асуудлыг багтаасан “Ард түмний сэтгэл судлал” хэмээх 10 боть бүтээл (1900) юм.   

Г.Эббенгауз (1850-1909). Тэрээр ой тогтоолт ба сурах үйл явцыг туршин судалж байсан бөгөөд туршилтанд оролцогч нь өөрөө байсан. Эббенгауз сургалтын процессыг үндсэн шалгуур болгож ассоциатив сэтгэл зүйн аргыг зээлдэж авсан бөгөөд тэр нь ассоциацийн бүрдлийн давтамж, цээжлэх явцын чанар хоёрын хоорондох холбоон дээр тулгуурласан байдаг.
Г.Эббенгауз хүмүүс мэдээллийг хэрхэн хадгалдаг, баримтыг хэрхэн сэргээн санадаг, тэдгээрийн хоорондын холбоос яаж үүсэж байгааг судалж, ой тогтоолтын хуулийг нээхийн тулд онцгой материал ашигласан. Энэ нь ердийн нэг үг бус гийгүүлэгч, эгшиг, гийгүүлэгч гэсэн дараалалтай төгс бус утгатай үгс байсан. Тэрээр иймэрхүү үгийн 2300 орчим жагсаалт гарган таван жил судалгаа хийсний дүнд судалгааны үр дүнгээ нэгтгэн “Ой тогтоолтын тухай” гэсэн номоо хэвлүүлсэн. Мөн марталтын зүй тогтлыг илрүүлж, “марталтын муруй”-г гаргажээ. Тэрээр тодорхой материалыг цээжлүүлж 30 минут, 2 цаг, 24 цаг, 2 хоног, 14 хоног, 21 хоног, нэг сарын дараа уг мэдээллийн хичнээн хувийг санаж байгааг нь тодорхойлох замаар судалгаа явуулсан. Эхний үед марталтын хэмжээ бага байдаг бол хэдэн хоногийн дараа марталтын хэмжээ нэмэгддэг болохыг тогтоосон. Мөн жижиг хэмжээний өгүүлбэр болон утгын холбоогүй үгсийн цээжлэлтийг хооронд нь харьцуулж үзсэн. Ингэхэд хоёр даалгаварын хэмжээ ижил байхад үйл явдал бүхий өгүүлбэрийг утгын холбоогүй үгсээс 10 дахин илүү хурдтай цээжилснээс гадна марталт нь удаан байсан. Харин марталтын муруй нь дээрх хоёр тохиолдолд ижил хэлбэртэйгээр гарч байсан байна.




[1] Ци буюу Чи (氣), (япон. буюу Ки). Энэ нь “амьсгал”, “эфир”, “агаар”, “эрчим хүч”, “амьдралын хүч” гэсэн утгатай эртний хятад болон японы анагаах ухааны ойлголт.
[2] Дао – хятадаар ( ) зам гэсэн утгатай ойлголт.
[3] У-вэй (эртний хятад 無為) – төвлөрсөн идэвхгүй төлөв. “Эс үйлдэхүй”, “сэдэл үгүй”, “аяар байх” гэсэн утгатай. Үүний хамгийн гол чанар нь үйлийн шалтгааныг үгүй болгох юм. Эргэцүүлэл үгүй, тооцоо үгүй, хүсэл мөрөөдөл үгүй, ямар нэгэн “алхам” үгүй байх.
[4] Anima, animus - лат. “Сэтгэл”, “Сүнс” гэсэн утгатай.
[5] ὕλη — грек. бодис буюу матери,  ζωή — грек. амьдрал
[6] λόγος — грек. үг, утга, санаа, ойлголт гэсэн утгатай үг.  
[7] universalis — лат. ерөнхий, түгээмэл гэсэн утгатай. Платоны хувьд энэ нь эйдосын (санаа) бие даасан оршихуй хэмээн бодит ахуйн талаас үзсэн.
[8] Substantia – латины “үндэс” гэсэн утгатай үг. Аливаа юмсын мөн чанарыг бий болгож буй үндэс.
[9] 1 фут 30,48 сантиметртэй тэнцүү.